| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03712/И |
| Дугаар | 3462 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 3462
| 2017 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/03462 | Улаанбаатар хот | ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ү.Г-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30 900 000 төгрөг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Б нь Ү.Гийн хүсэлтээр 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 25 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.Энэ хугацаанд 5 удаагийн төлөлт хийсэн, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад алдангитай нь буцааж өгнө гэж байсан.Одоо Ү.Гээс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл алданги тооцож нийт 32 400 000 төгрөгөөс 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн 1 500 000 төгрөгийг хасаад нийт 30 900 000 төгрөгийг барьцаагаар хангагдах үүргийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ү.Гтэй 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хийж түүнд 25 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Энэ хугацаанд Ү.Г 5 удаагийн төлөлт хийсэн, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 1 500 000 төгрөг өгсөн.Ү.Г гадад нийт 6 250 000 төгрөгийг өгсөн, энэ нь 5 сарын хүү байгаа юм.Одоо Ү.Гээс үндсэн зээлийн 21 600 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны алдангид 9 300 000 төгрөг нийт 30 900 000 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ү.Гт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 21 600 000 төгрөг, алдангид 9 300 000 төгрөг нийт 30 900 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ү.Г нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Бээс 25 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байх энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Мөн талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ хийгдсэн, уг гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон Москва гудамж 456 дугаар байрны 39 тоотод байршилтай, 44,2 метр квадрат талбайтай бүхий 2 өрөө орон сууцыг дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж талууд тохирсон байна.
Зээлдэгч Ү.Г нь зээлийн гэрээний төлбөрөөс нийт 11 150 000 төгрөгийг Б.Бт төлсөн байх бөгөөд үүнээс зээлийн нэг сарын хүү болох 1 250 000 төгрөгийг хасч, үлдсэн 9 900 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд талууд уг зээлийн гэрээг бичгээр баримт үйлдэж сунгаагүй байхад зээлдэгчээс 5 сарын зээлийн хүү тооцож авах боломжгүй тул зөвхөн гэрээний дагуу 1 сарын зээлийн хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.
Мөн талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож алдангид 7 550 000 төгрөгийг гаргуулж нийт 22 650 000 төгрөгийг хариуцагч Ү.Гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээний дагуу хариуцагч Ү.Г шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Ү.Г шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, тайлбараа 14 хоногийн дотор шүүхэд өгөх үүрэг хүлээсэн боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байна.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3”т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ү.Г-с 22 650 000 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 250 000 /найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341 400 /гурван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Ү.Г шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ... дугаар хороо Өнөр хотхоны /.../ Москва гудамж ... байрны ... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН