Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/1549

 

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/1549

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Солонго талст ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Солонго талст ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, Улаангом сумын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонго талст ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас зарласан Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх УГХА02/15 дугаар бүхий цахим тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д заасныг үндэслэн уг тендер шалгаруулалтад шалгараагүй тухай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 444 тоот албан бичгээр мэдэгдсэн. Уг тендер шалгаруулалтад Таваг чулуу ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрт Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан ба Сангийн яамны зүгээс манай компанийн гомдлыг хянаж үзээд Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2/н/-д тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувийг гүйцэтгүүлж болно. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба ТОӨЗ-д дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагыг Таваг чулуу ХХК-ийн ирүүлсэн санал хангахгүй байна. Үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүгээр мэдэгдье гэх хариуг өгсөн байдаг. Улаангом сумын Засаг даргаас манай компанид ...тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авсаныг үндэслэн үнэлгээ хийлээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасныг үндэслэн шалгаруулах боломжгүй байна гэж 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 530 тоот албан бичгээр мэдэгдсэн. Таваг чулуу ХХК нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан шаардлага хангаагүй нь Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгээр нотлогдож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн атал албан бичгийг эс хүлээн зөвшөөрч, шаардлагыг хангаагүй буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага-ыг хангаагүй аж ахуйн нэгжийг тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авсан гэх хуульд үл нийцэх тайлбараар тендерт шалгаруулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Бид тендерт Малчин сумын тендерт оролцсон нүүр хуудсыг солихгүй илгээж алдаа гаргасан. Нүүр хуудас солисноор хүчингүй болгох хуулийн заалтыг олж хараагүй. Таваг чулуу ХХК-д үнэлгээ хийгээд бусад компанид үнэлгээ хийгээгүй учир шүүхэд хандсан. Иймд тендер шалгаруулалт болон захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгож, уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга болон Үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартааТендерийн үнэлгээний хороог Улаангом сумын Засаг даргын 2015 оны А/71 дүгээр захирамжаар байгуулан Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил цахимаар зарлагдсан байдаг. Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 12 минутад нээж Мөнхийн алтан гадас ХХК, ХЦЭЖА ХХК, Таваг чулуу ХХК, Хос гурван хороо уул ХХК, Солонго талст ХХК гэсэн 5 компани материалаа ирүүлснээс Таваг чулуу ХХК шалгарсан байна. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яаманд Солонго талст ХХК тендер шалгаруулалтын талаар гомдол гаргасны дагуу Улаангом сумын тендерийн үнэлгээний хороонд Сангийн яамнаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6/2816 дугаар албан бичгээр гомдлыг хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу Таваг чулуу ХХК тодруулга ирүүлж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийж, гишүүдийн саналыг нэгтгэн, Таваг чулуу ХХК шалгарсан байдаг. Солонго талст ХХК тендерт шалгараагүй үндэслэл нь Улаангом сумын ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил, гүйцэтгэх тендерт Увс аймгийн Малчин сумын нутаг Могойн гол-д ойн зурвас байгуулах ажил хийж гүйцэтгэх тендерийн баримт бичиг ирүүлсэн нь зарлагдсан тендерийн техникийн нөхцөл шаардлагад нийцэхгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтуудыг хангаагүй байдаг. Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, шалгаруулалт хийснээс хойш ажлын 5 хоногт ямар нэгэн гомдол ирүүлээгүй тул гүйцэтгэгчээр Таваг чулуу ХХК-тай гэрээ байгуулсан. Иймд дахин үнэлгээг хууль тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Солонго талст ХХК-ийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх УГХА-02/15 тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгож, уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Солонго талст ХХК-ийн захирал Ш.Хорлоо болон түүний өмгөөлөгч Б.Гансүх нар давж заалдах гомдолдоо: ...Таваг чулуу ХХК-ийн Бижийн булаг хоршоотой байгуулсан гэрээ нь үнийн дүнгийн 10 хувиас доош үнэлгээтэй туслан гүйцэтгэх гэрээ гэдгийг үнэлгээний хороо, захиалагч, гуравдагч этгээд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн, нэгдсэн ойлголттой, гуравдагч этгээд ч шүүх хуралдаан дээр 5.040.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан гэдгээ илэрхийлж байхад шүүх түншлэлийн гэрээ гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Таваг чулуу ХХК-ийн төсөвт тусгасан байдлаас харахад ойролцоогоор 22.738.601 төгрөгийн ажлыг Бижийн булаг хоршоогоор гүйцэтгүүлэхээр харагдаж байна. Гэтэл уг хоёр аж ахуйн нэгж ТОӨЗ-ний 6.2 /н/-д заасан түншлэлийн гэрээ байгуулаагүй, мөн тендерийн баримт бичигт түншлэлийн талаар заасан тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 6.2 /н/, 6.4, 14.1, 19.4 болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.2 /н/ болон 3.9-д заасан шаардлагуудыг Таваг чулуу ХХК болон Бижийн булаг хоршоо хангахгүй, нотлох баримт бичиг байхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар уг тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байсан. Таваг чулуу ХХК-тай санал солилцож байгаа явдал нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Дээрх заалтыг зөрчсөн явдал нь тендер сонгон шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлсөн учраас хуулийн 42.1.3-т зааснаар Таваг чулуу ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн бичиг баримтын нүүр хуудас өөр нэртэй байгаа явдал нь техникийн шинжтэй алдаа юм. Иймд Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатнышүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Солонго талст ХХК нь Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх УГХА-02/15 тендерийн сонгон шалгаруулалт болон захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгож, уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тендерт Таваг чулуу ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3, 27.4, 28.1, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2/н/-д заасныг зөрчсөн, Сангийн яамны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6/2816 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн боловч тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авсан гэх хуульд үл нийцэх тайлбараар дахин Таваг чулуу ХХК-ийг сонгон шалгаруулсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тендер хууль, журмын дагуу явагдсан, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авч дахин үнэлгээ хийхэд Таваг чулуу ХХК шалгарсан, гомдол гараагүй тул уг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж маргасан.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2/н/-д Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба ТОӨЗ-д дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагатай гэж заажээ.

Шүүх Таваг чулуу ХХК-ийн тендерийн төсөвт зааснаар Бижийн булаг хоршоогоор гүйцэтгүүлэх ажлын хэмжээг 15.232.703 төгрөгөөр /шууд зардал/ тооцож тендерийн үнийн дүнгийн 10 хувиас илүү ажлыг Бижийн булаг хоршоогоор гүйцэтгүүлэхээр тохиролцсон талаар зөв дүгнэсэн атлаа уг тохиролцоо нь хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлага хангасан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-аас зарласан ногоон байгууламжийн тендерт мод суулгац нийлүүлэх хамтран ажиллах гэрээ гэх гарчиглал бүхий бичгийн баримтад гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй, өөрөөр хэлбэл гэрээний зүйл /ямар суулгац, мод, зүлэгний үр нийлүүлэх эсэх/, гэрээний үнэ /ямар үнээр нийлүүлэх эсэх/ зэрэг нь тодорхойгүй байх ба энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2, 195.3-д заасныг зөрчсөн тул гэрээ байгуулах санал гэж үзэх боломжгүй, 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй тул гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

Гэтэл Сангийн яамны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6/2816 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсээр атал хариуцагч Улаангом сумын Тендерийн үнэлгээний хороо нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Таваг чулуу ХХК-ийн ирүүлсэн Тодруулга гэх баримтыг үндэслэн дахин үнэлгээ хийж уг компанийг шалгаруулсан нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2/н/-д заасныг зөрчсөн, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэстэй.

Гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн Тодруулга гэх баримтыг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэх боломжгүй билээ.

Зүй нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2/н/-д зааснаар Таваг чулуу ХХК нь Бижийн булаг хоршоотой түншлэлийн гэрээ байгуулаагүй, ТОӨЗ-д дурдсан бусад шалгуурыг Бижийн булаг хоршоо хангасан талаар холбогдох баримтуудаа ирүүлээгүй зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж заасныг хангаагүй байх тул мөн хуулийн 27.4-т зааснаар захиалагч нь Таваг чулуу ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах байжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Солонго Талст ХХК-ийн Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх УГХА-02/15 тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба энэ талаар болон хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Харин Улаангом сумын Засаг даргаас Таваг чулуу ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг компани гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин явуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд үг үсгийн алдаа ихтэй, тэмдэглэлийн дугаар шийдвэрийн дугаараас зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Солонго талст ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улаангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх УГХА-02/15 тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгон уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Солонго Талст ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН