Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

                                                              

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.О

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

         Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-т холбогдох эрүүгийн 2122001750146 дугаартай  хэргийг 2021 оны 11  дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны 9 сарын 27-ны өдөр .. аймгийн . төрсөн, бага боловсролтой, малчин, ам бүл 6, хүүхдүүдийн хамт .. аймгийн .. сумын 3 дугаар баг “Хадат хунхуй” гэх газарт оршин суух, урд ял шийтгэлгүй, Х овогт С-ийн О/ЗА79092702/.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч С.О нь ... аймгийн ... сумын 5 дугаар баг “Буруу хавирга” гэх газарт шороон зам дээр 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 80-48 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн хуулийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”, мөн хуулийн 27.2-ийн “г” тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нөхөр болох Ю.Бг мөргөж, түүний биед “их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цусан хураа, аман хүзүүний мултрал, бүсэлхийн 3, 4-р нугалмын диск шахагдсан бяцарсан хугарал, бүсэлхийн 4-р нугалам дээд хэсгээр хөндлөн шахагдсан хугарал, баруун 5, 6, 7, 8-р, зүүн 1, 7, 8-р, хавирганы хугарал, мултрал, хугарлын түвшин дэх булчин болон зөөлөн эдийн цус хуралт, зүүн бөөрний бүрхүүл хальсны урагдал, зүүн чамархай, зүүн хацар, баруун чихний язарсан шарх, чамархай хөмсөг дух хацар эрүү мөр дал бугалга хонго шилбэний зулгаралт” бүхий хавсарсан олон гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

           Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 8 сарын 26-ны өдөр нөхрийн хамт нүүж яваад манай нөхрийг айлын хүмүүс гаргаж өгнө гээд архи уусан. Манай нөхөр согтоод машин барих боломжгүй байсан тул би барьж явсан. Тэгээд согтуу зогс гээд хаалга нээхээр нь би зогсох гэж байгаад хаазан дээр гишгээд ийм зүйл болсон. Би их харамсаж байна. Надад оногдуулах шийтгэлийг жаахан хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. Би болгоомжгүй үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Хэдэн хүүхдээ харж хандах хүнгүй гээд маш их санаа зовж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэв нэхвэл төлнө. Би 100 гаранхан малтай” гэв.

 

          Шүүгдэгч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 8 сарын 26-ны өдөр нөхөр Б, 2 хүүхэд болон Ө Э нарын хамт нүүсэн. Сумын төвд нэгдлийн хашааны хажууд “Нийслэл” нэртэй пиво, 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг Ө Э бид нар хувааж уусан. Би жижиг аягаар нэг удаа пивоноос уусан. Өөр уугаагүй. Архи пиво уугаад дуусч байхад нөхөр ах, эгч хоёрт юм авч өгье гээд дэлгүүрээс хар хөх өнгийн шилтэй архи,  Нийслэл пиво, хүүхдүүдэд хэдэн зайрмаг аваад сумын зүүн хойд талд байдаг “Цацын овоо”-ны зүүн хойд талд очиж Ө Э, талийгаач нар хувааж уусан. Би машин барьж байгаа, гэр орон ачиж байгаа гээд уугаагүй. Тэрийг ууж дууссаны дараа би машинаа бариад талийгаач болон хүүхдүүдийн хамт зүүн хойшоо буух газар руугаа явсан. Замд талийгаач гар, хөл татаад дотор муухайраад байна зогс гэсэн. Тэгээд зогсох завдалгүй талийгаач хаалга онгойлгохоор нь зогсох гээд тоормосоо гишгэх гэтэл хаазаа гишгээд тэгсэн хаалганд савагдах шиг болсон. Буугаад машинд суулгах гээд өргөсөн чинь дийлдээгүй. Сумын төв орж найз Ж-ааг аваад талийгаачийг авах гэсэн боловч харанхуй болсон болохоор хайгаад олоогүй. Иргэж Жаргалмаагийн гэрт ирж хоноод өглөө 06 цагт босоод дахиад хайсан боловч олдоогүй. Тэгээд О гэдэг хүнийг гуйгаад машинтай нь явсан боловч бас олоогүй. Иргэж сумын төвөөс бензин аваад дахиад хайгаад явж байхад машин байхаар нь сурах гээд очсон чинь цагдаа байж байсан. Талийгаачийг тэнд байна гэдгийг дээлээр нь таньсан. Би сумын төвд машин барьдаггүй. Тухайн өдөр нөхөр согтуу байсан болохоор машин барьсан. Ийм үйл явдал болсонд маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 149-150 дахь тал/

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 8 сарын 27-нд талийгаачийн дунд хүү Ц над руу яриад аав өнгөрлөө гэж хэлсэн. Талийгаач уудаг болохоор ууж байгаад ийм зүйл болсон юм болов уу гэж бодсон. Эхнэртэйгээ хотын төв рүү ороод 3 хүүхэдтэй нь холбогдоод сум руу явсан. Гэрийн гадаа 3 хүүхдээс нь аав чинь яасан юм, юу болсон юм гэхэд ээжтэй сум ороод аавын гар хөл нь татаад буцаж очих гээд олоогүй өглөө очсон өнгөрсөн байсан гэж надад хэлсэн. Тэгээд яаж ийгээд түргэн тусламж дуудаад очиж болоогүй юм бол гэж бодоод сумын төв гартал Ц яараад байна хурдан яв, ээж, Болдоо ах, цагдаа нар аав дээр байна гэж хэлсэн. Тэр мэдээллийг аваад айж сандрах зүйл байхгүй гээд 2 машинтай би дагуулаад сумын төв дээр ирсэн. Суманд ирээд бага хүүхдээс нь ээж нь хаана байгаа юм бэ? гэхэд эмнэлэг дээр байгаа юм шиг байна гэсэн. Эмнэлэгт очтол байгаагүй. Тэгээд хөдөө өнгөрсөн гээд моргт оруулсан. Морг руу талийгаачийн дунд хүү, Отгонтогоо бид 3 орсон. Намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, ажиллагаанд оролцож болно гэж хэлсэн. Би хүүхдүүдийн хэлснээр мэдүүлэг өгч байна. Шүүх, цагдаагийн байгууллагын шалгаад ирсэн зүйлд шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Шүүх, цагдаа нар үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүн алаад тэнсэх ял аваад зогсох ёстой юм. Тэнсэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар чамайг хэдэн талаасаа харж хандаж, хүүхдүүдийг чинь бодож ирсэн. Шүүх, цагдаагийн байгууллагын шалгаад ирсэн зүйлд шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой.” гэв.

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод байхад талийгаачийн төрсөн хүү Ц утсаар залгаад аав өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд хотоос гараад Адаацаг суманд ирсэн. Талийгаач Адаацаг суманд эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг байсан юм. Талийгаач маань архи их л уудаг сурагтай байсан. Би талийгаачтай уулзаагүй 1 жил гаран болж байна. Хотод байхад талийгаачийн хүү Цтой уулзаад юу болсон талаар асуухад аавыг хөдөөнөөс олсон гэнэ. Өчигдөр өдөр аав, ээж хоёр хамт явж байгаад аавын гар нь гэнэт татаад машинаас гарсан хамраас нь цус гарсан машинд оруулах гэсэн чинь даагаагүй гэж байна гэж л хэлсэн. Надад гомдол санал гээд байх юм алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

 

Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байсан. Тэгтэл 21 цаг өнгөрч байхад гадаа машин ирээд зогссон ба удалгүй О гэх манай найз орж ирсэн. Араас нь Маралмаа, Отгонцоож гэх хоёр хүүхэд орж ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ?, яаж яваа юм гэтэл зүгээрээ зүгээр хөгшөөн гээд байсан. Тэгээд жаахан сууж байгаад яасан гээд дахиад асуутал манай нөхөр дөрвөн мөч нь татаад байна, яах вэ? гэхээр нь би яах вэ? зүгээр үү, амьд юм уу? гэтэл зүгээр, зүгээр одоо босоод суучихсан байх гэсэн. Тэгэхээр нь одоо яах вэ? гэтэл О чи надад бараа болоод явчих, ирсэн замаа би олно гэхээр нь би өөрийнхөө нэг хүүхдийг дагуулаад О болон түүний хоёр хүүхэдтэй нь хамт тэдний цагаан өнгийн ачаан машинтай сумын төвөөс зүүн хойшоо явж О-ын нөхөр болох Бг хайсан. Хайгаад олдохгүй болохоор нь эргээд гэртээ ирэхэд 23 цаг 30 минут болж байсан. Тэгээд манайд тэд нар унтацгаасан. Маргааш өглөө нь босоод 06 цагийн үед манай гэрээс гараад машинтай нь зүүн хойшоо яваад хайж байтал машиных нь бензин дууссан. Тэгээд сумын төв рүү алхаж ирсэн. Ирээд манайд цай чанаж уучихаад яаж унаа олох вэ? гээд байж байгаад 8 цаг өнгөрч байхад манай сумын О гэх хүн рүү яриад та манайд хүрээд ирээч гэтэл тэр хүн удалгүй ирсэн. Тэгээд Бг хайх хэрэгтэй байна гээд тэр хүнийг машинтай нь гуйгаад сумын төвийн зүүн хойгуур хайгаад олдохгүй болохоор нь Б-ийн бууц руу нь очсон. Б-ийнх нүүж явсан бөгөөд мал нь бууцандаа очсон байсан. Гэр нь машин дээр нь ачаатай байсан. Б-ийн малыг тууж хүргэж өгсөн О-ын ах Б тэнд явган явж байхаар нь машиндаа суулгаад сумын төв дээр ирээд О-ын машинд бензин хийж асаагаад дахиад хойгуур жоохон хайж байгаад олдохгүй болохоор нь буцах гээд явж байтал зүүн хойно нэг цагаан машин зогсож байхаар нь очтол сумын цагдаа байсан. Тэнд Б зам дээр нас барсан байсан юм байна лээ. Хүүхдүүд нь замдаа унтсан бололтой нилээн нойрмог орж ирсэн. Том охин Маралмаагаас нь ээж, аав хоёр чинь хоорондоо зодолдсон уу? гэж асуухад үгүй, ээж аавыг тэврээд орилоод байсан гэж надад хэлсэн. Би тэр үедээ Бг гэртээ үлдээсэн юм байх гэж бодсон. Тэгтэл хөдөө орхисон байсан юм билээ” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 тал/

 

               Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би айлд оччихоод эргээд гэр рүүгээ явж байтал хашааны зүүн талаар хоёр машин эргээд орж байгаа харагдсан. Гэртээ ороод байж байгаад ямар хүмүүс байгаа юм бол гээд очтол манай сумын Э эхнэр Ө Б эхнэр О-ын хамт хэдэн хүүхэд харагдаж байсан. Би гэртээ 15 цагийн үед очсон. Гэртээ орж байж байгаад 16 цагийн үед гарч очиж харсан. Цагаан өнгийн ачааны машин дээр гэр бараа ачсан байсан. Нөгөө машин нь суудлын жижиг цайвар ногоон өнгийн машин зогсож байсан. Тэгээд манай хашааны хавиас 17 цагийн үед тэд нар явсан. Б эхнэрийнхээ хамт дэлгүүр явсан. Э худгаас ус авна гээд байж байсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Орой 21-22 цагийн үед О нөхөр Б-гаа хайгаад манайд ирсэн. Би ирээгүй гэж хэлээд явуулсан. Маргааш өглөө нь О нэг танихгүй хүүхэнтэй бензины мөнгө байна уу? гэж асууж байсан. 9 цагийн үед нэг эрэгтэй хүнтэй машинаа очиж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/

               Гэрч А.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өглөө манай саахалт айл болох Б-ийнх нутаг сэлгэж нүүхээр болоод бид нар гэрийг нь ачилцаж өгсөн. Сумын төв дээр 14 цагийн үед орж ирсэн. Б эхнэр хүүхдийнхээ хамт ачааны цагаан машин дээрээ гэрээ ачсан, нөхөр бид хоёр өөрсдийн жижиг тэрэгтэйгээ суман дээр ирсэн. Суман дээр ирээд нөхөр бид хоёр хүнсний дэлгүүр ороод Б-ийнхныг гаргаж өгөх гээд 1 шил 0.5 литрийн “Хараа” архи болон 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво авсан. Б нүүхээсээ өмнө ах, эгч хоёр гаргаж өгөхгүй юм уу? гээд байсан юм. Тэгээд дэлгүүр орчихоод зүүн талд байх худаг дээр очтол хүн нь байхгүй байсан. Тэгтэл араас Б гэр бүлийнхээ хамт ирсэн. Бид нар хуучин нэгдлийн хашааны зүүн талд очоод авсан архи, пивоо уучихаад байж байтал Б эхнэртээ “миний хөгшин дэлгүүр орчихоод ир, ах эгч хоёрт юм авч өгье” гээд эхнэрээ дэлгүүр явуулсан. Эхнэр Онь дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” архи болон 2.5 литрийн “Нийслэл” пиво авч ирсэн. Авч ирсэн юмыг нь хойшоо гараад Цацын овооны зүүн талд замын хажууд уусан. Тэгээд Б-ийнхныг хойшоо хөдөлгөж өгсөн. Нөхөр бид хоёр сум руу эргээд явсан. Суман дээр ирээд цаг хартал 17 цаг 05 минут болж байсан. Б тухайн үед бөөлжөөд огиулаад гар болон бие нь чичрээд байсан. Яагаад чичрээд байгаа юм гэтэл хоол идээгүй, зуу татчихвал зүгээр болчихдог юм гэж байсан. Б төрсөн ах болох Баянаагийн унага тамганд 3 хоног яваад 25-ны өглөө ирсэн. Манайхаас баруун тийш байх Ангаа гэх айлд ажил явдал болсон байсан бөгөөд тэр өглөө нөхөр бид хоёрыг тэр айлын хөдөөлүүлэх ажилд нь явчихаад ирэхэд тэр айлд Б эхнэрийн хамт ирсэн байсан. Ахынхаасаа өглөө 04 цагт ирсэн гэж байсан. Бид нараас салаад хойшоо нүүх газар руугаа явж байсан. Сумын төвөөр хаагуур явсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

                 Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 26-ны өглөө манай саахалт айл болох Б-ийнх сумын төвөөс зүүн хойшоо нүүхээр болсон юм. Манай хоёр айл сумын төвийн баруунтай 7 километрт “Ар шанд” гэх газар нутаглаж байсан юм. Өглөө нь Б болон түүний эхнэр Отгонбаяр, манай эхнэр Өнөржаргал бид дөрөв гэрийг нь ачаалаад сумын төв дээр 14 цагийн үед хамт ирцгээсэн. Б эхнэр хоёр хүүхдийн хамт өөрийнхөө цагаан өнгийн ачааны машин дээр гэрээ ачаад явсан. Эхнэр бид хоёр өөрийнхөө цагаан өнгийн жижиг машинтай ирсэн юм. Сумын төв дээр ирээд хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн “Нийслэл” пиво авсан. Тэр үед Б “би гэрээрээ орж хүүхдээ авчхаад ирье та хоёр сумын төвөөс гарч бай” гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр сумын зүүн талд байх худаг дээр ус авахаар иртэл хүн нь байхгүй байсан. Нэг их удалгүй араас Б эхнэр хоёр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд бид нар хойшоо хөдлөөд хуучин нэгдлийн хашааны зүүн талд авсан 1 шил архи болон пивоо хувааж ууцгаасан. Гэтэл Б “ах эгч хоёртоо юм авч өгнө” гээд сумын төв орж ирээд бас 1 шил 0.5 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн “Нийслэл” пиво аваад ирсэн. Пиво, архийг нэгдлийн хашааны ард байх “Цацын овооны” зүүн талд хувааж уусан. Тэгээд ууж дуусаад сайн явцгаагаарай, эртхэн очиж гэрээ барь гэж хэлээд Бг гэр бүлийнх нь хамт хойшоо явуулсан ба эхнэр нь машинаа унаад явсан. Тэндээс эхнэр бид хоёр сумын төв дээр ирсэн. Тэгээд төв дээр байх гэрээрээ орсон. Гэрт орж ирэхэд 17 цаг 05 минут болж байсан. Тухайн өдөр Б шартсан байдалтай чичрээд байсан. 2021 оны 8 сарын 22-ны өдөр Б сумын зүүн талд байх ах Баянаагийнх руугаа унага тамганд гэр бүлээрээ яваад 25-ны өглөө ирсэн. Унага тамган дээр хэд хоног архи, айраг хольж уусан юм шиг байна лээ. Ирсэн өдрөө Б бие өвдөөд байна гээд бүтэн өдөр гэртээ хэвтээд байсан. 26-ны өглөө  бие өвдөөд байна, шар тайлаад өгөхгүй юм уу? гээд байсан. Хамар дээр нь жижигхэн 3 ширхэг шархалсан байсан. Яасан юм бэ? гэсэн чинь батга гарахаар нь шахчихсан юм гэж байсан. Архи уусан ч гэсэн биеийнх нь өвчин гарахгүй байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг өнгөрч байхад хөдөө гэрээсээ Адаацаг сумын төв орж бензин авах ажилтай явж байтал сумын төвийн зүүн хойно 3 орчим километрт зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь би зүүн талаар нь ойртож ирээд сигналдахад хөдлөхгүй байсан. Урд талд ойрхон айл байхаар нь хэлэх гээд очтол эзэнгүй, хаалгаа гадна талаас нь уясан байсан. Тэгээд би сумын төв орж хэсгийн цагдаад тухайн хүний талаар мэдэгдсэн. Бор саарал дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай хүн байсан. Дээлээ толгой дээгүүрээ нөмөргөсөн байдалтай толгой нь харагдахгүй байсан болохоор эрэгтэй, эмэгтэйг нь сайн мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/

 

        Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өглөөгүүр төрсөн дүү болох О-ынд очсон. Намайг мал хараад өгөөч, бид нар ажил явдалд оролцох болчихлоо гэж байсан. Тэгээд тэднийд 26-ыг хүртэл байж байгаад 26-ны өглөө тэднийх нүүхээр болсон. Би малыг нь тууж 15-16 километр орчим яваад нүүж очих ёстой “Цагаан худаг” гэх газар нь 13 цаг өнгөрөөгөөд очсон. Би хонио орхичхоод ойрхон байдаг Мөнхсүх гэх айлд очиж цай унд уусан. Тэгээд тэдний арын овоон дээр гарч хонио харчихаад Мөнхсүхийнд хоносон. Маргааш өглөө нь хониндоо явж байтал мотоциклын бензин дуусахаар нь Мөнхсүхийнх рүү явган явж байтал манай сумын О машинтайгаа, дүү Отгонбаяр, Жаргалмаа нарын хамт өөдөөс ирсэн. О надад манай нөхөр хамар нармайнаас нь цус гоожоод, дотор нь муухайраад гээд машинаас буусан. Буцаагаад суулгах гэтэл хөл гар бадайраад байна гээд суучихаад босч чадахгүй байхаар нь өргөөд суулгах гэтэл дийлэхгүй болохоор нь эргэж сум ороод Жаргалмааг аваад хамт хайсан боловч орхисон газраа олохгүй, баахан хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би машинд суугаад суман дээр ирэхэд дүүгийн машин хуучин нэгдлийн хашааны урд талд зогсож байсан. Бид нар машинд нь бензин хийгээд хойшоо замаар хүргэн Бг эрж явтал олоогүй буцаад сум руу явж байтал зүүн хойно цагаан өнгийн машин харагдахаар нь очтол тэнд сумын цагдаа, эмч нар байж байсан. Б тэнд нас барсан байсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 58/

                

... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай: Амь хохирогч Ю.Б-ийн цогцост их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цусан хураа, аман хүзүүний мултрал, бүсэлхийн 3, 4-р нугалмын диск шахагдсан бяцарсан хугарал, бүсэлхийн 4-р нугалам дээд хэсгээр хөндлөн шахагдсан, хугарал, баруун 5, 6, 7, 8-р, зүүн 1, 7, 8-р хавирганы хугарал, мултрал, хугарлын түвшин дэх булчин болон зөөлөн эдийн цус хуралт, зүүн бөөрний бүрхүүл хальсны урагдал, зүүн чамархай, зүүн хацар, баруун чихний язарсан шарх, чамархай хөмсөг дух хацар эрүү мөр дал бугалга хонго шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       -Дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

       -Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна.

       -Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хүний хүчнээс давсан хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Тухайн гэмтлүүд нь амь хохирогчийг босоо буюу зогсож байх үед үүссэн байх боломжтой байна.

     -Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

     -Амь хохирогч нь А(II) бүлгийн цустай байсан байна.

     -Амь хохирогч нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас хавсарсан олон гэмтэл авч нас баржээ” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-85/

       Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-92/

 

       Тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай: ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Онь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. 27.1г. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэх заалтыг зөрчсөн байна.

          .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Онь дээр дурдсан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Зорчигч Ю.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         3.Шинжилгээ хийх явцад шинээр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 118-119/

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-15/

         Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-22/

        Цагаан өнгийн кабинтай, ачааны тэвш нь цагаан ногоон өнгөтэй 8048 УНЭ улсын дугаартай Nissan Vanetta маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26/

        Цагаан өнгийн кабинтай, ачааны тэвш нь цагаан, ногоон өнгөтэй 8048 УНЭ улсын дугаартай Nissan Vanetta маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-138/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152/

       Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153/

       С.О-ын 2020 оны мал тооллогын баримт /хх-ийн 154-155/

       Хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий Сиди болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

         Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

        

Үйл баримтын талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар  2021 оны 8 сарын 26-ны өдөр .. аймгийн .. сумын 5 дугаар багийн нутаг дэвгэр “Буруу хавирга” гэх газарт шороон зам дээр амь хохирогч Ю.Б нь зам тээврийн осолд орж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч С.О нь 2021 оны 8 сарын 26-ны өдөр ... аймгийн .. сумын 5 дугаар багийн нутаг дэвгэр “Буруу хавирга” гэх газарт шороон зам дээр ... улсын дугаартай Nissan Vanetta маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. 27.1г. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэх  заалтуудыг зөрчиж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч буюу амь хохирогч Ю.Б-г мөргөж  биед нь их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цусан хураа, аман хүзүүний мултрал, бүсэлхийн 3, 4-р нугалмын диск шахагдсан бяцарсан хугарал, бүсэлхийн 4-р нугалам дээд хэсгээр хөндлөн шахагдсан, хугарал, баруун 5, 6, 7, 8-р, зүүн 1, 7, 8-р хавирганы хугарал, мултрал, хугарлын түвшин дэх булчин болон зөөлөн эдийн цус хуралт, зүүн бөөрний бүрхүүл хальсны урагдал, зүүн чамархай, зүүн хацар, баруун чихний язарсан шарх, чамархай хөмсөг дух хацар эрүү мөр дал бугалга хонго шилбэний зулгаралт бүхий хавсарсан олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч С.О-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд  холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.О-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

         

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч С.О-ын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч С.О-т 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэнсэх ялыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гаргаж байх бөгөөд С.Онь насанд хүрээгүй 2005 оны 3 сарын 28-нд төрсөн хүү  , 2013 оны 09 сарын 28-нд төрсөн охин Б.Марал, бага насны 2018 оны 5 сарын 18-нд төрсөн хүү Б.Отгонцоож нарын хамт амьдардаг бөгөөд шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулан шийдвэрлэсэн тохиолдолд дээрх хүүхдүүдийн эрх ашигт нөлөөлөхөөр байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болно.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:

 

          Шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас Ю.Б-ийн амь нас хохирсон бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-ээс шүүхэд хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

           

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  хэргийн газрын үзлэг хийсэн сиди 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан цагаан өнгийн амны хаалт 1 ширхэг, Хараа гэх бичиглэл бүхий 0.35 литрийн архины шил 1 ширхэг, Нийслэл нэртэй пивоны сав 1 ширхэг, Хараа нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, таггүй Нийслэл нэртэй пивоны сав 1 ширхэг, Куали /Qualy/ нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, цагаан өнгийн хос жийрэг, хөх өнгийн өмд, саарал өнгийн дотоож, саарал өнгийн дээл, улаан шар өнгийн бүс, саарал өнгийн цамц, суран оосортой хүрэн савтай хөх өнгийн даавуугаар ороосон нэг нүдний дуран 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Б.М-ийн /хх-ийн 51-52 тал/ мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судалсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.М-аас мэдүүлэг авахдаа мөрдөгч Х.Амарзаяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь тайлбарлан өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Х овогт С-ийн   авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

           

          2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.О-ыг2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч С.О-т хүлээлгэсүгэй.

 

       4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Онь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг анхааруулсугай.

 

          5. Шүүгдэгч С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

         

          6. Шүүгдэгч С.Онь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан цагаан өнгийн амны хаалт 1 ширхэг, “Хараа” гэх бичиглэл бүхий 0.35 литрийн архины шил 1 ширхэг, “Нийслэл” нэртэй пивоны сав 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, таггүй “Нийслэл” нэртэй пивоны сав 1 ширхэг, Куали /Qualy/ нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, цагаан өнгийн хос жийрэг, хөх өнгийн өмд,  саарал өнгийн дотоож, саарал өнгийн дээл, улаан шар өнгийн бүс, саарал өнгийн цамц, суран оосортой хүрэн савтай хөх өнгийн даавуугаар ороосон нэг нүдний дуран 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн газрын үзлэг бүхий Сиди 2 ширхгийг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.У