Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

 

2021.11.24          2021/ШЦТ/106            149/2021/0108/Э

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Отгонбаатард холбогдох 2132000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймаг Дашинчилэн суманд 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 10-05А тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2260 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 17940000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Дэмбэрэлхүүгийн Отгонбаатар. /РД:НМ77110918/

 

           Шүүгдэгч Д.Отгонбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Очир нэртэй авто засварын газарт иргэн Э.Оюунболдтой маргалдан түүний толгойн хэсэгт тээврийн хэрэгслийн данхраадаар 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын өгсөн …. ... 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Очир нэртэй авто засварын газарт Занданбат, Оргил нарын хамт очоод байж байтал гаднаас Оюунболд гэх залуу согтуу орж ирсэн. Тэгээд маргалдаад толгойн тус газарт нь машины данхраадаар 2-3 удаа цохисон. Тэгээд би тэндээс гарч явсан. Тэгээд би Оюунболдод санаа зовоод буцаад орж ирсэн чинь Оюунболд гараад явчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг  болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Э.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим найз Ундрахын хамт Төгс ану гэх нэртэй караоке бааранд ороод 1 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Удалгүй Бабина гэх залуу бааранд орж ирээд надад 1 шил 0.5 литрийн Соёрхол архи авч өгөөд тэр архиа уугаад баарнаас гарснаа санаж байна тэрнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд 5 давхар байрны 4 давхарт сэрэхэд тэр хавиар нил цус болсон байсан. Намайг байрнаас гарахад дөнгөж гэгээ орж байсан. Би Нямкагийн гэрт очиж нүүр гараа хальт угаагаад Мөөгий, Отгонмөнх нар ирж намайг Баянгол сумын эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан.... Одоо миний толгой 3 хагарсан, нүд хавдаж хөхөрсөн, эгэм хавдаж хөхөрсөн. Тэгээд толгой байнга эргэж даралт ихэсч байна. Алхахаар нүд бүрэлзээд сайн юм харж чадахгүй байна. Гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг отгонбаатар тухай бүр төлж байгаа гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Г.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Оюунболд гэх залуу над руу алнаа гэж орилоод намайг цохих гэж оролдохоор нь нэг түлхсэн. Тэр үед Отгонбаатар ах босч ирээд маргалдаад байхаар нь Занданбат ах салгаад байж байхад Оюунболд нь грашид байсан машины гупер авч шидсэн. Тэгээд Оюунболд нь Отгонбаатар ах руу орилоод очтол Отгонбаатар ах Оюунболдыг цохиод орон дээр дараад дээрээс нь нилээн хэдэн упаа цохиж байснаа ногоон шаазан аяга аваад толгой руу нь нэг удаа цохисон. Дараа нь буйдангийн хажууд байсан машины данхраад аваад Оюунболдыг олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 218 ...... Дүгнэлт:

1.Э.Оюунболдын биед баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны зүүн урд хэсэгт зөрүү багатай богино шугаман хугарал, хамрын таславч зүүн тийш муруй, зүүн чамархайд шарх, дагзанд язралт, хүзүүнд зулгаралт, баруун нүдэнд цус хуралт, зулай, зүүн чамархай, баруун нүдэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын хянга ясны зүүн урд хэсэгт зөрүү багатай богино шугаман хугарал, хамрын таславч зүүн тийш муруйсан гэмтэл нь хуучин гэмтэл байх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 32-33 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Отгонбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 48 дугаар хуудас/

Д.Отгонбаатар нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хараа 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 10-5А тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн гэсэн Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 49 дүгээр хуудас/

Яллагдагч Д.Отгонбаатарын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 66 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Очир нэртэй авто засварын газарт иргэн Э.Оюунболдтой маргалдан түүний толгойн хэсэгт тээврийн хэрэгслийн данхраадаар 3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Отгонбаатарын хохирогч Э.Оюунболдын толгойн тус газарт тээврийн хэрэгслийн данхраадаар 3 удаа цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Оюунболд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн данхраад 1 ширхэг, алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхгийг сидиг хавтаст хэрэгт нь хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Хиад боржигон  овогт Дэмбэрэлхүүгийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Отгонбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаатар нь 600000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Отгонбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, тээврийн хэрэгслийн данхраад 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Отгонбаатард өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.