| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0348/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/365 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0348/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогчийн өмгөөлөгч А.Пүрэвдулам /Ү-710/,
Иргэний нэхэмжлэгч А.А.Ч-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг /Ү-2003/,
Шүүгдэгч Б.Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 2018000000341 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М- 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Б.М- нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Баптист сүмийн урд талын засмал зам дээр улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А, 12 дугаар бүлгийн 12.2, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч О.О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Би Хонгор сумд тарьж байсан ногоо руугаа очих гээд нэг найзтайгаа явсан. Буцаж ирээд гэрийн гадаа машинаа тавиад найзынх руугаа ороод буцаж гарч ирээд найзтайгаа хамт 1 шил 0.500 граммын архи хувааж уусан. Тэгээд буудалд хонохоор болсон. Гэтэл буудалд нь сул өрөө байхгүй байсан болохоор буцаж гарч яваад манай найз дахиад 1 шил архи аваад түүнийг нь бид 2 мөн л хувааж уусан. Тэгтэл манай найз “...намайг хүргээд өг, би гэртээ харимаар байна...” гэхээр нь түүнийг хүргэж өгөх гэж яваад хээтэйн тэнд байдаг Баптист сүмийн хажууд урдаа зогсож байсан машиныг мөргөсөн. Хохирогч тэр машинд суух гээд нэг хөлөө машин тавьсан байхад нь би хойноос нь ороод мөргөхөд саваад унасан гэсэн.” гэв.
-Иргэний нэхэмжлэгч А.А.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шөнийн 00 цаг өнгөрөөд Хээтэйгийн Баптист сүмийн урд талд 4 хүнд вокзал явна гээд зогсож байхаар авах гээд зогссон. Тэгээд хүмүүсээ суулгаж байтал хойноос машин ирээд мөргөсөн. Хохирол 1,040,000 төгрөг болсон. Энэ бол сэлбэгийн мөнгө, ажлын хөлс 1,250,000 төгрөг, нийт 2,240,000 төгрөг. Энэ хүн засварын мөнгө өгсөн, сэлбэгийн мөнгө өгөөгүй, Бид хоёрт ярьсан зүйл байгаа, 800,000 төгрөг өгчихвөл гомдолгүй.” гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13/,
-“...жолооч Б.Б.М- нь 2.79 хувийн согтолттой.“ гэх жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл , ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 15-16/,
-Хохирогч О.О.Б-гийн эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн 20, 154-157, 182-184/,
-Хохирогч О.О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар орох 02 цаг 55 минутын галт тэргэнд суухаар “Дархан Баптист” сүмийн урд талд байх засмал замаас вокзал орохоор Э-, охины найз А-, Х- нарын хамт такси барих гээд байж байтал нэг цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин зогсохоор нь урд талын жолоочийн суудалд суух гээд хаалга онгойлгох гэж байхад цагаан өнгийн Приусын ардаас нэг машин хамаг хурдаараа хүрч ирээд мөргөсөн. Би машин хүрч ирээд мөргөхөд ухаан алдсан тэрнээс хойш юм санахгүй байна. Надтай хамт явсан миний охин, түүний найзууд машинд сууж амжаагүй байсан.
...маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32/,
-Гэрч П. А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 27-нд шөнө 02 цагийн орчимд би өөрийн найз болох Б.М-ын хамтаар Дархан сум 9 дүгээр баг Улан-Үдэ зочид буудлаас улсын дугаартай “Honda Civic” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд бид хоёр байрны дундуур явж байгаад “Аполло төв”-ийн хажуугаар замтай нийлээд явж байгаад хээтэйгийн голын уулзвар өнгөрөөд “Баптист сүмийн” харалдаа зогсож байсан цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/,
-Гэрч О.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би өөрийн ээж болох О.Б-гийн хамт Дархан сум 10 дугаар багт байрлах “Дархан Баптист” сүмийн урдаас төмөр замын вокзал явах зорилгоор замаас такси барих гэхэд улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод би арын суудалд суух гэж байсан. Харин манай ээж жолоочийн хажуугийн суудалд суух зорилгоор машиныг тойроод суух гэтэл араас нь***** улсын дугаартай цэнхэр өнгийн “Honda Civic” маркийн тээврийн хэрэгсэл араас хурдтай орж, бид нарын суух гэж байсан тээврийн хэрэгслийг ирээд мөргөсөн. Тэр үед ээж жолоочийн хажуугийн хаалганд цохигдон шидэгдээд машинаас зайтай унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39/,
-Гэрч Ө.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан сум 09 дүгээр баг Баптист сүмийн урд талаас такси барих гээд О.Б-, Э-, Х- бид нар төмөр замын вокзал орох гээд зогсож байсан. Тэгээд ***** улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд замын хашлага руу тулж зогсоод Э-, Х- бид 3 ард суух гэж байсан. Э- ээж болох О.Б- нь тээврийн хэрэгслийг тойроод жолоочийн урд талд суух гэж байтал цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл араас маш хурдтай орж ирээд мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон маркийг нь мэдэхгүй байна. Тэгээд О.Б- нь машинд сууж амжаагүй болохоор цагаан өнгийн Приус машинд цохигдоод унаад бэртсэн.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,
-Гэрч О.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 27-ны шилжих шөнө 02 цагийн орчим Дархан сум 09 дүгээр баг Баптист сүмийн урд талаас такси барих гээд О.Б-, Э-, А- бид нар төмөр замын вокзал орох гээд зогсож байсан. Тэгээд ***** улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд замын хашлага руу тулж зогсоод Э-, А- бид 3 ард суух гэж байсан. Э- ээж болох О.Б- нь тээврийн хэрэгслийг тойроод жолоочийн урд талд суух гэж байтал цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл араас маш хурдтай орж ирээд мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь***** марк нь “Хонда Сивик” байсан . Тэгээд Энхзулын ээж нь машинд сууж амжаагүй байсан болохоор машинд цохигдоод унаж бэртсэн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
-“...О.О.Б-гийн биед аалзан бүрхүүл доорх цус хуралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. О.О.Б-гийн өвчний түүхийн хуулбараас дүгнэлт гаргаж байгаа учир асуултад хариулах боломжгүй. О.О.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь мөргөгдөх үед үүсэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх, эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46/,
-Хохирогч О.О.Б-д эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай “яаралтай тусламжийн хуудас” /хавтаст хэргийн 47-48/,
-Капитал зууч ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Сэргээн засварлахад шаардлагатай сэлбэг материал, засварын ажлын зардлын нэрст дараах зүйлс хамрагдана. Үүнд: хойд гупер хагарсан /солих/ 1 ширхэг 420.000 төгрөг, хойд тэнхлэг ханзарсан /солих/ 1 ширхэг 150.000 төгрөг, зүүн хойд гэрэл, дохио хагарсан /солих/ 1 ширхэг 160.000 төгрөг, багажны хаалга зүүн хэсгээрээ тахийсан /солих/ 1 ширхэг 260.000 төгрөг, зүүн хойд амортизатор гулзайсан /солих/ 1 ширхэг 50.000 төгрөг. Эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 1040000 /нэг сая дөчин мянган/ төрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60/,
-2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “...Жолооч Б.Б.М- нь***** улсын дугаартай Honda Civic марзийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг “Дархан Баптист” сүмий урд талын засмал зам дээр ***** улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж явган зорчигч Ц.О.Б-г мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэх гомдолд жолооч Б.Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7 дугаар зүйл “а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн хуулийн 12 дугаар бүлэг 12.2 дугаар зүйл “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Мөн хуулийн тус бүлгийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Жолооч А.А.Ч- нь ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдсон.
Явган зорчигч Ц.О.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдсон.” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 65-66/,
-“...1.Honda Civic маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаа шаардлагад үзлэг хийхэд Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №03,
2.Техникийн хувьд бүрэн бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна. Зураг №01-05,
3.Техникийн хувьд бүрэн бүтэн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №01-05,
4.Б.Б.М- н Honda Civic маркийн тээврийн хэрэгсэлд урд талын копут гажсан, гупер хагарсан, баруун гар талын гэрэл дохио, урд салхины шил хагарсан, баруун гар талын крыло, туслах крыло тахийж, гулзайсан, шил арчигчийн сав, гал хамгаалагч хагарсан, амортизатор гулзайсан зэрэг нь ослын дараах гэмтэл байна. Зураг №01,
5.Осол үйлдэгдэх үед дээрх авто машины тоормосны эд ангиуд /систем/ бүрэн бүтэн ажиллагаатай байсан. Зураг №02
6.Осол гарахад техникийн хувьд урд талын тэнхлэгийн дугуйн хэмжээ /размер/ өөр том жижиг дугуй тавьсан, зүүн гар талын дугуйн хээ тал элэгдсэн зэрэг нь осол гарахад нөлөөлсөн байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72/,
-“...О.О.Б-гийн биед дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хараа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зулай, дагз, хуйхны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто машинд мөргөгдөх, цохигдох үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. 2020.08.04-ны өдрийн 624 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1086 дугаартай шинжээчийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-99/,
-Хохирогч О.О.Б-гийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 110-130/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б.М- нь
2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан Баптист” сүмийн урд талын засмал зам дээр***** улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.79 хувийн согтолттойгоор жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А, 12 дугаар бүлгийн 12.2, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас ***** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, О.О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого гэж 17000000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байна.
Хохирогч О.О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бичгийн баримтуудыг судалж, үзэхэд 2529482 төгрөгийг шүүгдэгч хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд бусдын гар утасны төлбөр болох 32800 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.М- нь мөрдөн байцаалтын шатанд бэлнээр болон дансаар нийт 684890 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд шүүх хуралдааныг түр завсарлуулж, үлдэх төлбөрт 1845000 төгрөгийг төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч А.А.Ч- нь машин засварлуулсан ажлын хөлс 800000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэгч А.А.Ч-ийн 800000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Иймд хохирогч О.О.Б-, иргэний нэхэмжлэгч А.А.Ч- нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б.М-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.О.Б-гийн иргэний нэхэмжлэлээс 32800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого болон бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч А.А.Ч- нь автомашин засварлуулсантай холбоотой гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ