| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Н.Нэгдэл нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Нэгдэлд холбогдох 2132000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 50а тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2005 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар
- 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар
- 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нэргүй Нэгдэл. /РД:МЗ82121670/
Шүүгдэгч Н.Нэгдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд иргэн Б.Тогтохбаяртай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нэгдэлийн өгсөн …... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед Тогтохбаяр бид хоёр раман дээр ажиллачихаад бууж яваад 0.75 граммын Хараа архийг шарын голын гудамжинд Тогтохбаярын машин дотор хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Тогтохбаяр муудчихаар нь би машиныг чинь барья гэсэн чинь би хүнээр машинаа жолоодуулдаггүй гэдгээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд би Тогтохбаярын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиход машинаа налаад суухаар нь зүүн талын хавирга орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би яваад өгсөн. Би Тогтохбаярын эмчилгээнд зориулж нийт 700 гаран мянган төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Тогтохбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед би ажлаасаа буучихаад хамт ажилладаг Нэгдэл гэх залуутай 0.75 литрийн хараа архи дүү Ням-Очирын гэрийн гадаа хувааж уусан. Нэгдэл бид хоёр ууж байсан архи дуусгачихаад сууж байхад нэгдэл архи уучихаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах гэхээр нь би Нэгдэлд машинаа өгч явуулахгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Нэгдэл нь шууд гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо дараад доошоо суутал миний нуруу хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь босч зугатаагаад дүү Ням-Очирын гэрт очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.....Эмчилгээ хийлгүүлсэн зардлаа гаргуулж авна гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/
Гэрч С.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон сая гадаа намайг нэгдэл зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Нүүр нь нэлэнхүйдээ хавдаад цус болчихсон байсан. Гадуураа өмссөн байсан цамц нь урагдчихсан хоёр гараараа нүүрхээ дарчихсан байдалтай, хавирга нь өвдөөд амьсгалж болохгүй байна гэж хэлж орж ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 66 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 241 ...... Дүгнэлт:
1.Б.Тогтохбаярын биед уушгины няцрал, шингэн хуримтлал, зүүн 9, 11, 12-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн нүдний зовхи, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Б.Тогтохбаярын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 11-13 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Нэгдэлийн иргэний үнэмлэхний хуулбар/Хх-н 42 дугаар хуудас/
Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 62-63 дугаар хуудас/
Хохирогч Б.Тогтохбаярын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Н.Нэгдэлээс хохиролд 550000 төгрөгийг хүлээн авсан тул гомдолгүй гэх тодорхойлолт /Хх-н 64 дүгээр хуудас/
Хохирогч Б.Тогтохбаярын Сэлэнгэ аймаг мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан миний хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 70 дугаар хуудас/
Яллагдагч Н.Нэгдэлийн Сэлэнгэ аймаг мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа ухаарч ийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 71 дүгээр хуудас/
Н.Нэгдэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /Хх-н 72 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Нэгдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд иргэн Б.Тогтохбаяртай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Н.Нэгдэлийн хохирогч Б.Тогтохбаярын нүүр орчимд 2-3 удаа гараараа цохих, нуруу бөөр орчимд нь өшиглөх зэргээр цохиж зодсон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгслээ жолоодуулсангүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Б.Тогтохбаярын биед уушгины няцрал, шингэн хуримтлал, зүүн 9, 11, 12-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн нүдний зовхи, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэн прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Нэгдэлийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гарган прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болох 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 жилийн хугацаанд буюу 36 хувааж сард 277,777.8 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, хохирогч Б.Тогтохбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Тогтохбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Нэгдэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Нэгдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Нэгдэлийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нэгдэл нь 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд 36 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Нэгдэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Нэгдэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч Б.Тогтохбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нэгдэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.