| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2016/0112/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2016-09-16 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Д.Мөнхтуяа
хохирогчийн өмгөөлөгч А.Ариунтуул
шүүгдэгч Д.Ариунбат, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 4-нд Говь-Алтай аймгийн Есөн-булаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1 дүгээр гудамжны 18 тоотод одоо оршин сууж байгаа, Говь-Алтай аймгийн Есөн-Булаг сум 4 дүгээр баг, Харзат, 15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй,
2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ДК93040418/ Бажаалинхан овогт Даваадоржийн Ариунбатад холбогдох 201626021383 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оын 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Д.Ариунбат нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” гэх нэртэй зочид буудлын гадна найз Э.Эрхэмчухалыг “чи намайг 10 жилд дарамталж зоддог байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Э.Эрхэмчухалын эрүүн тус газар гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Ариунбат шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед 9 дүгээр ангийн найзуудтайгаа уулзаад “Зэт” гэх зочид буудалд орсон. Зочид буудалд бид 1 шил архи хувааж уучихаад тэндээсээ гарч хорооллын Москва их дэлгүүрийн хажууд байх “Энжое” гэх бааранд орсон. Тэр баарнаас шөнийн 01:00 цагийн үед гараад буцаад Зэт зочид буудалдаа очсон. Тэгээд тэр буудлаасаа шөнийн 03:00 цагийн үед гэртээ харих гээд Билгүүн, Эрхэмчухал, Даваасүрэн бид дөрөв гарч явсан. Гэтэл Эрхэмчухал намайг дээрэлхэж дарамталдаг байсан талаараа яриад одоо хоёулаа зодолдъё гэж хэлээд миний тархи толгой цээж рүү жичлээд намайг хоёр гараараа зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би тавиулах гэсэн чинь намайг цохиж авсан. Тэгэхээр нь буцаагаад нэг удаа цохисон. Тэгсэн чинь Эрхэмчухал газар унасан. Удалгүй босч ирээд салаад гэр гэр рүүгээ явцгаасан. Газар унасан байхад нь би цохиж зодсон зүйл байхгүй. Тэгэхэд Даваасүрэн тасарчихсан байсан. Билгүүн бид хоёр гэрт нь хүргэж өгсөн гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Ариунбатын ял шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суух сумын тодорхойлолт /хх-ийн 36/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-39/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 42-45/, цэргийн жинхэнэ албан хаагчийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46/, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-52/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ариунбат согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” зочид буудлын гадна найз Э.Эрхэмчухалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчоор Э.Эрхэмчухалын:..”2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай 10 жилийн найз Даваасүрэнгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр манай найзууд Модны 2-ын “Зэт” гэх нэртэй зочид буудалд байна гэж хэлсэн. Тэгээд би 22 цагийн үед тэр буудалд очиход Даваасүрэн, Адъяатөмөр, Билгүүн, Ариунбат, ДБ нар байсан бөгөөд тэд нар архи ууж байсан. Тэгээд би тэд нартай хамт жоохон ууж сууж байгаад бид нар Москва их дэлгүүрийн хажууд байдаг “Энжое” гэх нэртэй бааранд ороод бид нар тэнд архи, пиво авч уугаад буцаад нөгөө буудалдаа шөнийн 3 цагийн үед ирсэн. Бид нар өрөөндөө ороод хэсэг сууж байгаад одоо гэр гэртээ харьцгаая гээд Ариунбат, Билгүүн, Даваасүрэн бид дөрөв гараад явсан. ДБ, Адъяабаяр хоёр буудлын өрөөндөө үлдсэн. Бид дөрөв гарч яваад буудлаасаа холгүй зам дээр Ариунбат хоорондоо юм ярьж байгаад муудалцсан бөгөөд Ариунбат миний зүүн шанаа руу 2-3 удаа цохисон бөгөөд бид хоёр барьцалдаж аваад ноцолдоод би газар унасан бөгөөд Ариунбат миний дээр гараад нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Билгүүн, Даваасүрэн хоёр намайг салгаад би такси бариад гэртээ харьсан. Маргааш өглөө нь босч ирээд миний эрүү хөндүүртэй өвдөөд байсан. Тэгээд Сонгдо эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү 2 хэсэгт хугаралтай байна гэж хэлсэн. Тэр өдөр бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд хоорондоо ярьж байсан зүйлээсээ маргалдсан. Миний эрүү үүдэн шүдний доод хэсэгт, зүүн шанаа хэсэгт хугаралтай. Эмчилгээ болон гарсан бусад зардлууд нь нийлээд 10.784.712 төгрөгийн зардал болсон энэ мөнгийг нэхэмжилж байна. /хх-ийн 6/ гэсэн,
гэрчээр Б.Даваасүрэнгийн:..”2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10 жилийн найзуудаараа модны 2-ын Зэт нэртэй зочид буудалд 21 цагийн үед уулзсан. Тэнд Эрхэмчухал, Билгүүн, Ариунбат, Даваасүрэн, Адъяатөмөр нар ирсэн. Бид нар зочид буудалдаа 1 шил архи хувааж уугаад тэндээсээ гараад хорооллын Москва их дэлгүүрийн хажуу талын бааранд орж 1 шил архи хувааж уугаад тэндээсээ гараад буудал руугаа явсан. Тэр үед Эрхэмчухал согтчихоод бид нар руу үгээр өдөөд чаддаг юм бол зодчих гээд хүн болгонтой маргалдаад байсан. Тэгээд Эрхэмчухал, Ариунбат, Билгүүн бид дөрөв гэррүүгээ явъя гээд буудлаасаа гараад буудлын үүдэнд байж байхад Эрхэмчухал нь Билгүүн Ариунбат хоёр руу багадаа байнга дээрэлхдэг байсан гэх зэрэг зүйл яриад Ариунбаттай муудалцаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь Билгүүн бид хоёр тэр хоёрыг салгаад буудлаас жоохон холдоод би Ариунбатыг тайвшруулаад тамхи татаад байж байхад Ариунбат би одоо зүгээр зодоон хийхгүй очиж уулзчихаад хүрээд ирье гэсэн. Тэгээд Эрхэмчухалын байгаа газар руу явсан би тамхиа татчихаад араас нь очсон чинь Ариунбат Эрхэмчухалын дээр нь гарчихсан нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэр өдөр Эрхэмчухал согтчихоод хүн болгон руу дайраад байсан. Уг нь тэгдэггүй юм тэгээд Ариунбат руу дайраад өдөөд янз бүр болоод байсан тэгээд маргалдсан байх. ...Эрхэмчухал Ариунбатыг өдөөд цээж рүү нь цохьсон тэгээд Ариунбат уурлаад тэр хоёр барьцалдаад авсан /хх-ийн 7-8/ гэсэн,
гэрчээр У.Билгүүний:..”2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой ...бид буудлын үүдэн дээр зогсож байтал Эрхэмчухал, Ариунбат нар хоорондоо маргалдаад унасан. Тэгж байгаад Эрхэмчухал нь Ариунбатын шанаа руу нэг удаа цохисон. Ариунбат зөрүүлээд нэг удаа шанаа руу нь цохисон чинь Эрхэмчухал хойшоогоо уначихсан. Маргааш Эрхэмчухал надруу яриад “миний эрүү хугарчихсан байна” гэж хэлсэн. /хх-ийн 11/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5837 дугаартай шинжээчийн: Эрхэмчухалын биед эрүүний ясны зүүн булан болон оочны хэсгийн хоёрлосон далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт, эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикризийн хуулбар /хх-ийн 100-108/, хохирогч Э.Эрхэмчухалын өвчний картын хуулбар /хх-ийн 62-63/, хохиролын тооцоо /хх-ийн 64/, хохиролын баримтууд /хх-ийн 65-86/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн сэжигтэн, яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Д.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд:
...”2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн 10 жилийн найзууд болох Даваасүрэн, Адъяатөмөр, Хишиг-ундрал, Эрхэмчухал, Билгүүн нартай Баянгол дүүргийн 19 дүгээр хороо “Зэт” нэртэй буудалд уулзаж ойр уулзаагүй гээд тэндээ архи ууцгаасан юм. Тэр үед бүгдээрээ архинаас уусан бөгөөд би нар 10 жилдээ байсан талаар ярилцаж байгаад Эрхэмчухал гэнэт согтчихсон юм шиг над руу хандаж чи 10 жилд байхад намайг дээрэлхдэг зоддог байсан одоо би бие хаатай болчихсон байна хоёулаа зодолдъё гээд надтай маргалдаад зодоон хийх гээд байсан. Тэгхээр нь би нээх маргалдахгүй байж байгаад бид нар тэндээсээ гараад хорооллын Энжоё гэх нэртэй бааранд орсон тэндээ хэсэг пиво ууцгааж байгаад буцаж буудалдаа очоод Адъяатөмөр, Хишиг-ундрал нар буудалдаа орсон бөгөөд Даваасүрэн, Билгүүн, Эрхэмчухал бид дөрөв буудлын гаднаас гэртээ харих гээд зогсож байтал Эрхэмчухал над дээр ирээд хэл амаар доромжлоод намайг цохиод эхэлсэн тэгэхээр нь миний дургүй хүрээд зөрүүлээд эрүү рүү нь нэг удаа цохисон. /хх-ийн 31/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрхи бичгийн баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон болно.
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар гэмт хэрэг гарахад хохирогч Э.Эрхэмчухалын зүй бус ажиллагаа нөлөөлсөн байх тул
прокуророос Д.Ариунбатад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Бажаалинхан овогт Даваадоржийн Ариунбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ариунбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзав.
Шүүх хуралдааны явцад, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс...”Д.Ариунбатаас 1054000 төгрөгийг хохирогч Э.Эрхэмчухалын дансанд шилжүүлсэн” банкны мөнгөн шилжүүлгийн хуулбарыг,
хохирогчийн өмгөөлөгчөөс...”миний бие нь Ариунбатад ямар нэг гомдолгүй байх бөгөөд түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...хохирогч Эрхэмчухал миний бие Ариунбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй учраас миний өмгөөлөгч А.Ариунтуул оролцоно”...гэсэн нотариатын баталгаатай бичгийн хүсэлтийг тус тус шүүхэд гаргалаа.
Шүүх шүүгдэгч Д.Ариунбатыг энэ тогтоолоор бусдад төлбөргүйд тооцож, хохирогч Э.Эрхэмчухал цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.