Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0513

 

2020 оны 8 сарын 18-ны өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2020/0513

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Ч.О, РД:00000000.

Хариуцагч: МХЕГ, СЯ.

Нэхэмжлэлийн шаардлага: “....Ч.О гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 64.000.000 төгрөгөөс үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барихгүй байгаа МХЕГ болон тус зардлыг төсвийн төсөлд суулгаж, олгохгүй байгаа СЯ-ны эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, гадаад улсад эмчлүүлсний зардлын үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсвийн төсөлд тусгуулахаар өргөн барьж, 44.000.000 төгрөгийг МХЕГ-ын төсөвт суулган Ч.ЭМЯ- олгохыг СЯ болон МХЕГ-т тус тус даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, түүний өмгөөлөгч О.Ч, хариуцагч МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Т.Л, хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах байх үедээ элэгний церрози өвчин тусч хүндэрсний улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Гэтэл манай улсад энэ эмчилгээг хийхгүй гэсэн тул Энэтхэг улсын “Аполло" эмнэлэг хамгийн хямдаар хагалгааг хийх санал ирүүлснээр 2013 оны 9 сард элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ба энэ хагалгааг хийлгэхэд өөрийн ах, дүү, найз нөхдөөс нийт 62.300.000 төгрөгийг мөн банкнаас 80 сая төгрөг авсан бөгөөд нийт 142.300.000 төгрөгийг бүрдүүлсэн. Үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаа зүйлийн 27.1.8-д магадлан итгэмжлэгдсэн байгууллагын шийдвэрийг үндэслэн эмчилгээний зардлын 60 хувиас доошгүй хувийг төр хариуцна гэж заасан байдаг. МХЕГ-т өргөдлөө гаргасан. Өргөдлийг МХЕГ ЭМЯ-нд шилжүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-ын 29-д “элэгний вирусийн идэвхжилт өндөртэй өвчтөнд элэг шилжүүлэн” гэсэнд өвчин хамаарч байгаа. Эмчилгээний зардлыг өгч болон гэж МХЕГ-т тухайн үед хариу өгсөн. Миний бие хагалгааны зардалд 107.000.000 төгрөг зарцуулсан.

Эмчлүүлж ирээд эмчилгээний зардлын 60 хувь болох буюу 64.0 сая төгрөгийг олгуулах хүсэлтээ МХЕГ-т гаргасан боловч миний өргөдлийг ЭМЯ-нд шилжүүлж, 2014 онд ЭМЯ надад эмчилгээний зардлын 5 хувь болох 5.000.000 сая төгрөг олгосон.

Миний бие Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангуулахаар эмчилгээний зардлын 60 хувь авах хүсэлт тавьсан учир 5 хувийн зардал олгох нь миний шаардлагыг хангаагүй учир МХЕГ, СЯ, МУИХӨБХ, ХЗБХ зэрэгт өргөдөл гаргаснаар 2015 онд МХЕГ 15.000.000 төгрөгийг олгосон бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй.

2015 онд намайг тэтгэвэрт гаргах тухай асуудал яригдсан бөгөөд МХЕГ-т шаардлагаа хангуулж гарна гэж хэлсэн. Эмчилгээний зардал олгох хүртэл байгууллага дотроо ажиллаж байгаарай гэсэн.

Эмчилгээний зардлыг жил болгон байгууллагын төсөвт суулгаж явдаг бөгөөд СЯ төсвөөс хасаж явдаг. 2016-2017 онд эдийн засаг муу байгаа учраас эмчилгээний зардал өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2018 онд улсын төсөв ашигтай гарсан талаар яригдсан учраас би зардлыг тусгахыг Дундговь аймгийн МХГ-т хүсэлтээ гаргасан. Аймгийн МХГ-ын дарга МХЕГ-ын даргатай харьцаж таны зардал олгогдохгүй юм байна гэж хэлсэн. Би МХЕГ-т хандсан бөгөөд нааштай хариу өгөөгүй учраас Шадар сайдад өргөдлөө гаргасан. Шадар сайд боломжгүй хариу өгсөн учраас шүүхэд хандсан.

Дундговь аймгийн МХГ-ын дарга *******ад эмчилгээний зардлыг 2019 оны төсөвт суулгуулах талаар МХЕГ-тай ярьж өгөх талаар амаар хүсэлт тавьсныг ******* дарга МХЕГ-т уламжлах үед “Тэр зардал олгогдохгүй” гэсэн хариултыг амаар авснаа хэлсэн. Улмаар ямар үндэслэлээр олгогдох боломжгүй талаар бичгээр хариу авахаар Дундговь аймгийн МХГ-ын даргад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Эмчилгээний зардлын тухай” 413 дугаар албан бичгийг МХЕГ-т хүргүүлсэн. Гэтэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй тул Монгол Улсын Шадар сайдад хандан гомдол өргөдөл гаргахад шүүхэд хандах нь зүйтэй” гэж туслах нь утсаар мэдэгдсэн.

Үүнээс үзэхэд МХЕГ Ч.О миний гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 64.000.000 төгрөгөөс үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулах өргөдлийг шийдвэрлэж, өргөн барьж, улмаар олгохгүй эс үйлдэхгүй гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, Төрийн албаны тухайн /2017 оны/ 59 дүгээр зүйлийн 59.1.7-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж төрийн албан хаагчийн баталгааг зааж өгсөн. Хуулийн дээрх заалтаас үзэхэд “Төр” гэдэгт МХЕГ болон СЯ тус тус хамаарч байх бөгөөд эмчилгээний зардлыг олгох асуудлыг тус хоёр байгууллага шийдвэрлэхээр байна.

Миний хувьд гадаадад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах эрх үүссэн тул гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 64.000.000 төгрөгөөс үлдэгдэл 44.000.000 төгрөгийг авах ёстой. Гэтэл уг зардлыг МХЕГ-ын төсөвт суулгаж, олгохгүй гэх эс үйлдэхүйг СЯ гаргаж байна. Мөн Төрийн албаны тухай хуульд тусгайлан заасан гадаад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг МУЗГ-ын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-аар зохицуулсан эрх зүйн харилцаатай адилтган хэрэглэх боломжгүй юм.

СЯ төсөвт тусгаж батлах ёстой байтал яам хасаж байдаг. 2018 оны 04 дүгээр сард Ерөнхий сайд, шадар сайд нар Дундговь аймагт ирэхэд би өргөдөл өгсөн. Надад эргэж ямар нэгэн хариу өгөөгүй. Төсөвт суулгахгүй, хариу өгөхгүй байгаа энэ асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гэж үзэж байгаа бөгөөд СЯ байнга эс үйлдэхүй гаргадаг. Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

МХЕГ миний хүсэлтийг хүлээн асан бөгөөд эмчилгээний зардлыг өгөхгүй гэж хэлээгүй байгаа. Уг газар өөрөө төсвөө баталдаг байгууллага биш бөгөөд СЯ баталж өгөхгүй байдаг. Зардлыг өгөхгүй гэсэн асуудал гарахгүй байгаа бөгөөд СЯ төсөвтөө тусгаж өгөхгүй асуудал юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахгүй байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэснээр нэхэмжлэлээ гаргасан.

Иймд Ч.О миний гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болон 64.0.000 төгрөгөөс үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барихгүй байгаа МХЕГ болон тус зардлыг төсөвт суулгаж, олгохгүй байгаа СЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, гадаад улсад эмчлүүлсний зардлын үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барьж, 44.000.000 төгрөгийг МХЕГ-ын төсөвт суулган Ч.ЭМЯ- олгохыг СЯ болон МХЕГ-т тус тус даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2014 оноос хойш хүсэлтээ гаргаж явсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ЗГ-ын 2011 оны 226 дугаар журмын дагуу манайх хандаагүй. Тухайн үед нарийвчилсан зохицуулалт байхгүй байсан бөгөөд ЭМЯ журмынхаа дагуу 5.000.000 төгрөг олгосон. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хүсэж байсан шаардлагыг хангаагүй учраас дахин хүсэлт гаргаж 15.000.000 төгрөг авсан бөгөөд 20.000.000 төгрөг болсон. Эмчилгээний зардлаас хассан байгаа.

Хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа ЗГ мэднэ гэж хэлсэн. Тухай үед нарийвчилсан журам байхгүй байсан гэж тайлбартаа дурдсан бөгөөд хуулиас давсан журам гэж байхгүй. Нэхэмжлэгч нь төр гэдэгт СЯ болон МХЕГ-ыг тодорхойлж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад төсвийг батал гэсэн шаардлага яваагүй бөгөөд эмчилгээний зардлыг төсөвт суулгаж олгохгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л ******* нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ч.О-ын гаргасан өргөдлийн дагуу эмчилгээний зардлыг шийдвэрлүүлэхээр ЗГ-ын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 1.4-т “...гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана” гэж зааснаар тус газраас 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3788 дугаар албан бичгээр “эмчилгээний зардал” хүссэн өргөдөл, бусад холбогдох баримт бичгийг ЭМЯ-нд хүргүүлсэн.

ЗГ 2011 оны 226 дугаар тогтоолоор СЯ-нд үүрэг болгосон хүрээнд ЭМЯ 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/61-ө дугаар албан бичгээр Ч.О-ын өвчний онош Эрүүл мэндийн сайдын 313 дугаар тушаалд заагдсан өвчний жагсаалтад орсон байгаа тул холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой, талаар иргэнд хариу ирүүлсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч Ч.О холбогдох материалаа бүрдүүлэн ЭМЯ-нд хандсанаар тус яамны сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар эмчилгээний зардлын таван хувь болох 5.000.000 сая төгрөгийн дэмжлэг авсан.

Мөн МХЕГ нэхэмжлэгч Ч.О-д “Тусламж үзүүлэх тухай” газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр тушаалаар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн эмчилгээний зардалд албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж буюу 714590 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 26-нд олгосон.

Нэхэмжлэгч Ч.О-ын “Холбогдох хуульд заасны дагуу эмчилгээний зардлын тодорхой хувийг шийдвэрлүүлэх талаар” гаргасан хүсэлтийг УХБХ хянан үзээд ЗГ-т Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл үүрэг даалгавар өгч, мөн дээд шатны байгууллагадаа хандаж хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн баталгаагаар хангуулахыг зөвлөж УХБХ-ны 2014 оны 3 дугаар тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/9705 дугаар албан бичгийн хамт ирүүлсэн байдаг.

МХЕГ нэхэмжлэгч Ч.О-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн аваад мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийн Дундговь аймгийн МХГ-ын төсөвт 1.500.000 сая, 03 дугаар сарын 02-ны өдөр 13.500.000 сая төгрөгийн гүйлгээг тус тус хийж олгосон байна.

Нэхэмжлэгч Ч.О-ын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр СЯ-нд гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр тус яамнаас ЭМЯ-нд “Төрийн албаны тухай хуулийн дагуу асуудлыг судалж холбогдох арга хэмжээ авч ажиллах тухай” 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 5/6806 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ч.О-ын 44.000.000 сая төгрөгийн тусламж авах хүсэлттэй холбогдуулан МХЕГ-ын даргын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/1584 дүгээр албан бичгээр СЯ-ны Төсвийн бодлогын газарт дээрх албан хаагчийн эмчилгээний зардалд зарцуулсан мөнгийг төсвийн тодотголд тусган шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

СЯ-наас тус эмчилгээний зардлыг зөвхөн ЭМЯ-ны төсөвт жил бүр тусгадаг гэдэг шалтгаанаар мэргэжлийн хяналтын байгууллагын төсөвт эмчилгээний зардлыг тусгахгүй байгаа учраас тэтгэмж олгох боломжгүй байна, тиймээс ЭМЯ болон СЯ-нд дахин хандах талаар нэхэмжлэгч Ч.О-д газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2804 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ч.О нь ЭМЯ-нд дахин хандсан боловч сайдын 2013 оны 313 дугаар тушаалд заасны дагуу зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгодог тул дахин эмчилгээний зардал олгох боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Төсөв хуваарилагч СЯ, хэрэгжүүлэх эрх бүхий субъект болох ЭМЯ 2 нь Төрийн албаны тухай хуулийн /хуучнаар/ 27 дугаар зүйлийн 27.1.8 “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” болон Улсын Их Хурлын Байнгын хорооноос гаргасан “Хуулийн заалтыг хэрэгжүүлэх тухай” тогтоолын заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас нэхэмжлэгч Ч.О МХЕГ-т 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 413 дугаар албан бичгээр Дундговь аймгийн МХГаас “Эмчилгээний зардлыг үлдэгдэл болох 44 сая төгрөгийг шийдвэрлүүлэх” тухай Захиргааны эрсдэлийн удирдлага хэлтсийн дарга Ч.О-ын өргөдлийн хамт ирүүлсэн байдаг.

МХЕГ дээрх нөхцөл байдлуудыг судлан тайлбар тодруулга авахаар ЭМЯ-нд иргэн Ч.О-ын нэхэмжилж буй тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03/3715 дугаар албан бичгээр хүсэлт хүргүүлсэн, гэтэл ЭМЯ 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 5/5133 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн /хуучнаар/ 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлж санхүүжилт олгох эрх зүйн боломжгүй гэсэн хариу ирүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар МХБ батлагдсан төсөвтөө багтаан нэхэмжлэгч Ч.О-д элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсний дараа 2013 онд 0,7 сая төгрөг, 2015 онд 15,0 сая төгрөг, ЭМЯнаас 5,0 сая төгрөг нийт 20,7 сая төгрөгийг тус тус олгосон байна.

Нэхэмжлэгч Ч.О-ын гаргасан хүсэлтийн дагуу МХЕГ-ын даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” 327 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 16,9 сая төгрөгийг олгож мөн оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлсөн байдаг.

Гэхдээ МХБ дээрх эмчилгээний зардал олгогдохгүй байгааг харгалзан үзэж, Дундговь аймгийн МХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлж, ТЗ-7-5 зэрэглэлийн 733863 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байгаа бөгөөд ажил олгогчоос 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 44,606,356 төгрөгийн цалинг олгосон байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу манай байгууллага ирэх оныхоо төсвийн талаарх саналаа зөвхөн СЯ-нд хүргүүлэх эрхтэй, харин манай байгууллагаас хүргүүлсэн саналын дагуу холбогдох зардлыг тусгах эсэх асуудлыг СЯ шийдвэрлэдэг. Улмаар СЯ нь Төсвийн тухай хуулийн 1- дугаар зүйлд тусгагдсанаар “12.1.2 улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв..., тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах” улмаар ЗГ, Улсын Их Хурлын хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй.

Төсвийн тухай хуулиар тухайн байгууллагын төсөвт тусгагдаагүй зардал гаргахыг хориглодог. Нэхэмжлэгч Ч.О-г элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг тогтоож, эрүүл мэндийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулахтай холбогдсон даатгалын болон эрүүл мэндийн байгууллага, төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулж байсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний жагсаалт болон тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн аргыг хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн тогтооно”  гэж заасан байдаг.

Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх”, 7.1.5-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах” гэж тус тус хуульчилжээ.

ЗГ-ын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 2.1-д “Монгол Улсад оношлох,  эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина”, мөн журмын “Иргэний хүлээх үүрэг” гэсэн 3.1-д “Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараах материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад МХЕГ-ыг төрийн албан хаагчийнхаа нийгмийн баталгааг хангахгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ЗГ-ын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтаар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үүргээ МХЕГ биелүүлэхгүй байна гэжээ.

ЗГ-ын тусгай хуулийн 5.1-д “ЗГ-ын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг ЗГ-ын тусгай сан гэнэ гээд 5 дугаар зүйл. Загийн газрын тусгай сан, түүний төрөл: 5.4. Тусгай сан дараах төрөлтэй байна: 5.4.41-д Эрүүл мэндийг дэмжих санг, 2.10-д “Эрүүл мэндийн даатгалын сан гэж тусгагдсан байна. Энэ сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тусгай сангийн хуульд заасан ҮЗ тогтооно гэсэн болохоос биш Эрүүл мэнд яам, СЯ, МХЕГ гэсэн тодотгол байхгүй байна. Мөн 8 дугаар зүйл. ЗГ-ын нөөц сан 8.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан  зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаарх судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхыг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан  арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна: 8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд тус тус зарцуулна гэж заасан байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эмчилгээний зардлыг хууль тогтоомжид нийцүүлэн олгох жинхэнэ хариуцагчийн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эс үйлдэхүй гаргаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч эмчилгээний зардал нэхсэн бөгөөд холбогдох газруудад нь бичиг явуулж байгаа. Жил болгон төсвөө боловсруулж СЯ-нд хүргүүлдэг. Гэтэл СЯ-наас эмчилгээний зардлыг тухайн байгууллагын төсөвт тусгах боломжгүй гэж мэдэгдсэн. ЭМЯ-ны багцад нэгдсэн байдлаар тусгах учраас тэндээс зардлаа авах боломжтой гэсэн байдаг. Энэ талаар бид нар албан бичгээр 2017 онд Ч.О-д хүргүүлсэн байгаа. Дараа нь Дундговь аймгийн МХГаас албан бичиг ирсэн бөгөөд ЭМЯ-нд, СЯ баталж өгөхгүй байна. Танайх өгөх боломжтой юу гэсэн албан бичгийг хүргүүлж байсан. ЭМЯ манайх боломжгүй, 5.000.000 төгрөг олгосон байдаг. 2020-2021 оны төсөвт тусгуулах талаар саналаа явуулсан. Одоогоор төсөвт тусгагдаагүй байгаа” гэв.

Хариуцагч МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М шүүхэд хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө хуучин хуульд ийм зохицуулалт байсан. Нарийвчилсан зохицуулалтын журмыг ЗГ батлах талаар заасан бөгөөд батлаагүй. Үүнээс шалтгаалж төсөв, санхүүг хэн гаргах нь тодорхойгүй, хэн олгох нь тодорхойгүй. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн захирагч батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Эмчилгээний зардлыг тусгаж өгнө үү гэсэн хүсэлтийг СЯ-нд хүргүүлж байсан. Манай байгууллагын хувьд шадар сайдаар дамжуулж СЯ-нд хүргүүлсэн. Хэрвээ манай төсөвт орж ирэх юм бол татгалзах зүйл байхгүй.

Хуучин Төрийн албаны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 27.1.8-д заасан баталгаа нь одоогийн Төрийн албаны тухай шинэ хуульд эдлэхээр заасан байгаа. Ч.О-д эмчилгээний зардал гарсан бөгөөд эрх нь зөрчигдсөн. Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан боловч нарийвчилсан зохицуулалт, журам байхгүй. МХЕГ эмчилгээний зардлын талаар саналаа өгч явсан. ЭМЯ буруу хариу өгсөн байна. Нэхэмжлэгч бол төрийн албан хаагч бөгөөд тэтгэвэрт гараад нөхөн олговор авах ёстой. Иргэний асуудлыг шийдвэрлэх журмаар ЭМЯ хариу өгсөн бөгөөд буруу хариу өгсөн байна. МХЕГ-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл хариуг явуулж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар нөхөн олговрын асуудал шинэчлэн батлагдсан. Энэ журмын дагуу ЭМЯ-нд хандах ёстой. ЭМЯ-ны орон тооны зөвлөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. ЭМЯ-нд хандсан юм байна. Уг яамнаас олгох боломгүй гэсэн байна. Маргаан шинэ эрх зүйн орчинд үүсэж байгаа учраас манай байгууллагатай холбоотой асуудал биш. ЭМЯ шинэ журмаа баримталж хариу өгсөн эсэх дээр маргах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэв.

Хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад “магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, 28.4-д “тухайн журмыг ЗГ тогтооно” гэж тус тус заасан байна. Мөн МУИХӨБХны 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолоор дээрх заалтыг хэрэгжүүлж, холбогдох журмыг баталж мөрдүүлэх, зардлыг жил бүрийн улсын төсвийн тухай хуульд тусган батлуулж байх арга хэмжээ авахыг ЗГт даалгасан байна,

Өөрөөр хэлбэл хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах нь МУЗГ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь МУЗГ гэж үзэхээр байна.

МУЗГ-аас Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан төрийн албан хаагчийн баталгааг хангуулах журмыг баталж, хэрэгжүүлэх үүргийг хуульчилсан байна. Төр хариуцах асуудлыг журмаар зохицуулсан бөгөөд тэр журмыг ЗГ батална. ЗГ тухайн журмыг батлаагүй учраас бусад байгууллага яагаад хариуцагчаар орж байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл ЗГ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ЗГ-ын өмнөөс СЯ болон МХЕГ-ыг татсан үндэслэлгүй байна.

 Харин СЯ МХЕГ-ын төсөвт эмчилгээний зардлыг суулгах эрх, үүрэг хүлээгээгүй тул СЯ хууль бус ямар ч эс үйлдэхүй гаргаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу СЯ нь “улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурал улсын төсвийг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага тул МХЕГ-ын төсөвт суулгах асуудлыг СЯ шийдвэрлэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д заасны дагуу МУЗГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам" батлагдсан. Тус журмын 7 дугаар заалтад Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах бөгөөд тухайн асуудлаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох материалыг бүрдүүлж хандах зохицуулалтыг тусгасан байна. Үүний дагуу төрийн албан хаагчийн эмчилгээний зардалтай холбоотой баталгаа хэвээрээ байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төгрөгийг дээрх журмын дагуу ЭМЯ-нд хандан гаргуулах бүрэн боломжтой байхад СЯ-наас гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүл мэндийн сайдын багцад тодорхой хэмжээний төгрөгийг суулгадаг учраас эмчилгээний зардал гэсэн төсөв ямар ч байгууллагад суудаггүй.

Нэхэмжлэгч эмчилгээний зардлаа төрийн албан хаагчаар авах гээд байгаа юм уу,  иргэнээр авах гээд байгаа юм уу гэдэг тодорхойгүй хольж ярьж байна. Нотлох баримтад байгаа журам бол иргэнд хамааралтай заалт юм. Иргэний журмаар хандаж авсан байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ 60 хувь гэж тодорхойлсон атлаа иргэний журмаар хөөцөлдөж авсан 5 хувиа хасаж тооцсон байна.  Төрийн албан хаагчийн баталгаа эдлэх гэж байгаа бол тэр нь тусдаа ойлголт юм.

Төсвийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.2-т “Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах”, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2-т “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, тэдгээрийн тодотголыг  хэлэлцэж, батлах” гэж тус тус заасан

Иргэнд олгох баталгаа, төрийн албан хаагчдад олгох баталгааг одоо хүртэл салгаж ялгаагүй байна. Иргэнд олгох журмаар авсан төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж, үлдэгдэл төгрөгийг төрийн албан хаагчийн баталгаа гэж шаардаж байгаа нь төрийн албан хаагчийн баталгааг хольж байна. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлд Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөрийн талаар заасан байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс ЗГ-аас 2019 оны 01 дүгээр сард журам баталсан.

Эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайдын багцад тусгадаг учраас үүнтэй холбоотой зардлыг бусад төрийн байгууллагын төсөвт тусгах боломж байдаггүй.

Иймд Эрүүл мэндийн сайдын багцад тусгагдсан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд олгох санхүүжилтийн дэмжлэгт хамааруулан олгох боломжтой тул Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлага болох гадаад улсад эмчилгээний зардлын 60 хувь болох 64.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.О шүүхэд хандан “...Ч.О-ын гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 64.000.000 төгрөгөөс үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барихгүй байгаа МХЕГ болон тус зардлыг төсөвт суулгаж олгохгүй байгаа СЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, гадаад улсад эмчлүүлсний зардлын үлдэгдэл 44.000.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барьж, 44.000.000 төгрөгийг МХЕГ-ын төсөвт суулган Ч.О-д олгохыг СЯ болон МХЕГ-т тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байдаг.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” заалтын дагуу миний эмчилгээний зардал 107 сая төгрөгийн 60 хувь болох 64 сая төгрөгөөс үлдэгдэл 44 сая төгрөгийг МХЕГ-ын төсөвт оруулж өгөхийг СЯ-нд даалгах, МХЕГ-ын төсөвт тусгагдсан эмчилгээний зардал болох 44 сая төгрөгийг олгохыг МХГ-ын даргад даалгах” гэж ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д “эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна” гэж заасны дагуу миний эмчилгээний зардал болох 107 сая төгрөгийн 60 хувь болох 64 сая төгрөгөөс үлдэгдэл 44 сая төгрөгийг олгохыг МХЕГ-т даалгах, ЗГ-ын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7-д заасныг үндэслэн ЗГ-ын нөөц сангаас гаргуулан олгохыг СЯ-нд даалгах” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Миний гадаад улсад эмчлүүлсний зардал болох 64 сая төгрөгөөс үлдэгдэл 44 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барьж улмаар олгохыг МХЕГ-т, гадаад улсад эмчлүүлсний зардлаас 44 сая төгрөгийг төсөвт суулгахыг СЯ-нд тус тус даалгах” гэжээ.

Нэхэмжлэгч Оюундулам нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Ч.О-ын гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 64 сая төгрөгөөс үлдэгдэл 44 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн  барихгүй байгаа МХЕГ болон тус зардлыг төсөвт суулгаж, олгохгүй байгаа СЯ-ны эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, гадаад улсад эмчлүүлсний зардлын үлдэгдэл 44 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барьж 44 сая төгрөгийг МХЕГ-ын төсөвт суулган Ч.О-д олгохыг СЯ болон МХЕГ-т тус тус даалгах” гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байсан ба хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан ба шүүх хуралдаанаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий  үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Ч.О нь Дундговь аймгийн МХГ-ын даргын албан тушаалд ажиллаж байсан, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна. Тэрээр ийнхүү ажиллаж байх үедээ 2013 онд элэгний церроз өвчин нь хүндэрсний улмаас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гадаад улсад хийлгэсэн ба эмчилгээний зардалд 107 сая төгрөгийг зарцуулсан, энэ үйл явдал нь эмнэлгийн баримтууд болон дараах байдлаар нотлогдож байна.

Улсын клиникийн төв эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын хурлын протоколд: “...2011 оноос “В” вирусийн шалтгаант элэгний хатуурал оношлогдон, 2013 хавдар оношлогдсон. 2013 оны 9 дүгээр сарын 9-нд Энэтхэг улсын Аполло эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн” гэх,

Комиссын шийдвэрт: “гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэхээр эмнэлгийн дүгнэлт гаргах журам, өвчний жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 29-д заасны дагуу Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгасан учир гадаад эмчилгээний дүгнэлт гаргав” гэх баримт болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар эмнэлгийн  тодорхойлолтоор нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Энэтхэг улсын “Индрапрасха Аполло” эмнэлэгт эмчлүүлж, 107,042,546.00 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан ЭМЯ-ны архивын гадаад хэл дээрх баримт, төлбөр тооцоотой хэсгийн баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн баримт, нэхэмжлэгч Ч.О-ын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн холбогдох хэсгийн архиваас авсан лавлагаа, банкны баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримттай талууд маргахгүй байна.

Маргаан бүхий харилцаанд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т: “төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана”, 27.1.8-д: “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн  хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, 27.4-т: “энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг ЗГ тогтооно”, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5: “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах”, ЗГ-ын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” 226 дугаар тогтоолын нэг дэх заалтаар “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг хавсралт ёсоор баталж, хоёр дахь заалтаар “Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгайж байхыг Сангийн сайдад үүрэг болгосон”, уг журмын 2 дугаар зүйлийн 2.1-д: “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин эмгэгтэй болохыг улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг ... хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина” эдгээр хууль, журам тус тус зохицуулалтын хувьд хамгийн өндөр эрэмбэтэй үйлчилж байжээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Хуулийн заалтыг хэрэгжүүлэх тухай” 03 дугаар тогтоолоор “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсгийн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэсэн заалтыг  хэрэгжүүлэх талаар ЗГт чиглэл өгч, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх журмыг батлан мөрдөж ажиллах, шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн тухай хуульд тусган батлуулж байх...” хэмээн баталжээ. Энэ нь маргаан бүхий харилцаанд шууд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг нарийвчлан зохицуулсан, журамлаж тогтоосон баримт байхгүй байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч Ч.О нь төрийн албан хаагчийн баталгааг хангахаар зохицуулсан дээрх хуулийн хүрээнд дараах байдлаар хандаж, хүсэлтээ гаргаж байсан байна.

Нэхэмжлэгч Ч.О болон өөрийн ажиллаж байгаа газрын дээд шатны байгууллага болох МХЕГ-аар дамжуулан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3788 дугаар албан бичгээр ЭМЯ-нд хандан “... Дундговь аймгийн МХГ-ын дарга Ч.О Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эмчилгээний зардлыг ЗГ-ын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлан гаргасан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаснаар,

ЭМЯ-ны 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/61-Ө албан бичгээр “...Ч.О-ын өвчний онош Эрүүл мэндийн сайдын 313 дугаар тушаалд заагдсан өвчний жагсаалтад орсон ба Ч.О нь холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой бөгөөд энэ талаар бид иргэнд мэдээлэл өгсөн болно...” хэмээн дээрх албан бичгийн хариуг илгээжээ.

Улмаар Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5/94-Ө дугаар албан бичгээр “... Эрүүл мэндийн сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

МХЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тусламж үзүүлэх тухай”  351 дүгээр тушаалаар “...Ч.О  эмчилгээ хийлгүүлж байгаа тул албан тушаалын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор”, Дундговь аймгийн МХГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Эмчилгээний зардал олгох тухай” А/10 дугаар тушаалаар “...Ч.О-д Энэтхэг улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд төсөвлөсөн 15.000.000 төгрөгийг төсвөөс зарцуулахаар” шийдвэрлэснээр түүнд тус тус олгогджээ.

Нийт зардлын 60 хувь болох 64 сая төгрөгөөс энэхүү 5 сая болон 15 сая төгрөг нийт 20 сая төгрөгийг хасаж тооцон одоо үлдэгдэл 44 сая төгрөгийн дэмжлэгийг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлж, үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд бүхэлд нь /64 саяыг/ олгохгүй байгаа эс үйлдэхүйг үл зөвшөөрч гадаад улсад эмчлүүлсний нийт зардлын 60 хувьд ногдох хэсгийг төрөөс хариуцах ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ удаа дараа холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан байна.

 Тодруулбал, МУИХӨБХны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 7/9705 дугаар албан бичгээр “... өөрийн харьяалагдах дээд шатны байгууллагад хандан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангуулахыг хүсэхийг зөвлөж байна. Хэрэв харьяа дээд шатны байгууллага шийдвэрлээгүй тохиолдолд танд шүүхэд хандан нэхэмжлэх эрх нээлттэй” гэх хариуг,

Монгол Улсын СЯ-ны 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/6806 албан бичгээр “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Төрийн албан хаагч гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсныг магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэж заасан. Иймд дээрх өргөдөлд дурдсан асуудлыг судлан үзэж холбогдох арга хэмжээ авч, хариуг түүгээр хүргүүлэхийг хүсье” гэж хувийг нэхэмжлэгч Ч.О-д хүргүүлж хариуг өгсөн, түүнчлэн уг албан бичгийн  дагуу Эрүүл мэнд, спортын яамны /тухайн үеийн нэршлээр/ 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/94-Ө дугаар албан бичгээр “... Эрүүл мэндийн сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар танд 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн, ... дэмжлэг үзүүлсэн тухай албан бичгийг СЯ-нд 2015 оны 5/13-ө дугаарын албан бичгээр хүргүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалд заасны дагуу зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгодог тул танд дахин эмчилгээний зардал олгох боломжгүй” гэх хариуг,

МХЕГ-ын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/1584 дугаар албан бичгээр “...түүний эмчилгээний зардал 107 сая төгрөг болсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг үндэслэн тусламж хүссэн өргөдлийг тус газарт 2 удаа, ЭМЯ-нд 2 удаа, СЯ-нд 1 удаа гаргасны дүнд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байдаг ...” хэмээн СЯ-ны Төсвийн бодлогын газарт, хувийг нэхэмжлэгч Ч.О-д хүргүүлсэн бол,

МХЕГ-ын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2804 дүгээр албан бичгээр “... Таны нөхцөл байдлыг харгалзан үзэж Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны төсөвт эмчилгээний зардал батлагдаагүй ч гэсэн тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан 15 сая төгрөгийн тэтгэмжийн зардлыг олгосон байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд улсын төсөв хүндрэлтэй байгаатай холбоотойгоор 2016 оноос хойш төрийн албан хаагчийн гэр бүлд олгох тэтгэмжийн зардлаас бусад тэтгэмжийн зардлууд хасагдан тэглэгдэж байгаа болно” гэх хариуг нэхэмжлэгч Ч.О-д тус тус өгч байсан байна.

Эдгээрээс гадна маргаан бүхий асуудлаар:

МХЕГ-аас СЯ-ны Төсвийн бодлогын газарт хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/1584 дүгээр  “Эмчилгээний зардал шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “...Ч.О нь УХБХны 2014 оны 3 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг үндэслэн үлдсэн 44 сая төгрөгийн буцалтгүй тусламж  авах хүсэлтээ тус газарт дахин гаргасан байна. Энэхүү 44 сая төгрөгийг 2015 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх,

МХЕГ-ын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2804 дүгээр албан бичигт “...СЯ-наас тавьж буй шаардлагын дагуу таны гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3788 тоот албан бичгээр ЭМЯ-нд хандахад тус яамнаас 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/61-Ө тоот албан бичгээр уг өвчний онош Эрүүл мэндийн сайдын 313 дугаар тушаалд заагдсан өвчний жагсаалтад орсон тул холбогдох журмын дагуу материалаа ирүүлсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн байна. Иймд СЯ-наас тавьж байгаа шаардлагын дагуу МХЕГ-ын төсөвт эмчилгээний зардлыг нэмж тусгуулах боломжгүй байгаа тул та ЭМЯ-нд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү...” гэх

МХЕГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” 03/3715 дугаар албан бичгээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч *******ад хандан “...Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын дагуу Ч.О-д олгох эмчилгээний зардлыг танай яамнаас олгох боломжтой эсэхийг тодруулж өгнө үү” гэх,

Дундговь аймгийн МХГаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Эмчилгээний зардлын тухай” 413 дугаар албан бичгээр МХЕГ-т хандан “...Ч.О-ын эмчилгээний зардлыг “Төрийн албаны тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх,

Монгол Улсын ЭМЯ-ны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/202-Ө дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/206 дугаар тушаалаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа, эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг олгохоор зохицуулсан байдаг тул танд дахин эмчилгээний зардал олгох боломжгүй юм” гэх,

МХЕГ-ын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/2091 дугаар албан бичгээр “...2021 оны төсвийн төсөлд нэмж тусгуулах урсгал болон хөрөнгө оруулалтын саналын нэгтгэл, дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргав. ...Хавсралтын b-д “...нэхэмжилсэн дүнгээс олгосон тэтгэмжийн дүнг хасаж нийт 44.0 сая төгрөгийг Дундговь аймгийн МХГ-ын 2021 оны эмчилгээний зардалд тусгуулахаар тооцлоо” гэх албан бичгүүд мөн хэрэгт авагдсан байна.

Үйл баримтын хувьд, нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сард гадаад улсад эмчлүүлж, холбогдох зардлыг гаргасан байгаа нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн шинэчилсэн найруулгын 59 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр хэсгийн 59.1.7-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж, мөн зүйлийн 59.2-т: “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг ЗГ тогтооно” гэж зааснаар ЗГ-ын 2019 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ын 7.1-д: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна”, 7.2-т: “Улсын хэмжээнд лавлагаа тусламж үзүүлдэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт бүхий төрийн албан хаагч нөхөх төлбөр хүссэн өргөдлөө дараах материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана” 7.3-д: “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”, 7.4-д: “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсны дагуу уг 2019 оны 6 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай 2002 оны хуульд заасны дагуу ЗГ-аас журам батлаагүй байсан нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн одоо нэхэмжлэгчээс ЗГ-ын 2019 оны 6 дугаар тогтоолын дагуу баримтаа бүрдүүлэх ёстой гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий асуудлаар хариуцагч захиргааны байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч маргаан бүхий асуудлаар шийдвэрлэгдсэн хариу аваагүй нь эс үйлдэхүйгээр хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргах үндэслэл болсон, хариуцагч МХЕГ-ын 2019 оны 01/2533 албан бичгээр СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт “... Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад тусгуулахаар нийт мэргэжлийн хяналтын байгууллагын урсгал болон хөрөнгө оруулалтын саналын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргүүлэхдээ үндсэн үйл ажиллагааны “ажил олгогчоос олгох бусад тэтгэмж урамшуулал” гэсэн ангиллын  “эмчилгээний төлбөр” 80809 гэсэн ангиллаар 44,000.0 төгрөгөөр төсөвлөн хүргүүлсэн байна, харин энэ тохиолдолд СЯан дээр хасагддаг гэх МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үнэлж, хариуцагч СЯ нь Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д: “төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих”, 12.1.13-д: “төв төрийн сангийн чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө, нөөцийн санг байршуулах”, 12.1.14-д: “эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах” гэж заасан бүрэн эрхээ эс үйлдэхүй байдлаар зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.

Хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “СЯ уг захиргааны хэргийн хариуцагч биш” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсний зардал гаргуулах асуудлаар ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхгүй, энэ утгаараа хариуцагч нь ЗГ байх боломжгүй, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаанаар хариуцагчаа тодорхойлсон, хуульд заасан “төр” нь СЯ, нэхэмжлэгчийн ажиллаж байгаа МХЕГ гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Нөгөө талаас төсвийн шууд захирагч нь төсөвлөгдөөгүй хөрөнгийг зарцуулах боломжгүй, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн, СЯ-наас төсвийн төсөлд тусгаагүй тохиолдолд уг хөрөнгө зориулалт нэршлийн дагуу батлагдах боломжгүй, үүгээрээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биелэгдэх боломжтой байхын тулд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.4, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2017 оны/ 59 дүгээр зүйлийн 59.1.7, 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч.О-ын гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувьд хамаарах 44,000.0 /дөчин дөрөв/ сая төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар өргөн барихгүй байгаа МХЕГ болон тус зардлыг төсвийн төсөлд суулгаж өгөхгүй байгаа  СЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.О-ын гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувьд хамаарах 44,000.0 /дөчин дөрөв/ сая төгрөгийг МХЕГ-ын төсвийн төсөлд тусгуулахаар өргөн барихыг, МХЕГ-ын төсвийн төсөлд суутгахыг, улмаар нэхэмжлэгч Ч.О-д олгохыг хариуцагч МХЕГ болон СЯ-нд тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д нийт 70200 төгрөгийг олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               У.Б