Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/402

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0385/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт  М.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2018000000430 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт  М.Г, 1972 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан төрсөн, эрэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, малын бага эмч, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны  өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн  Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны урд талын асфальтан зам дээр ..... улсын дугаартай хюьндэй HD2700 маркын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Э жолоодож явсан приус 30 маркын..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Б.Э эрүүл мэндэд “тархи доргилт, сээрний 1, 2, хүзүүний 7 дугаар нугалмын сэртэнгийн хугарал” бүхий  хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 9 Дүгээр сарын 18 өдөр Сэлэнгэ аймаг руу яваад буцаж явах замдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Хас” банкны урд зам дээр 2 дугаар эгнээнд зорчиж явсан. Урд нэг хүн 1 дүгээр эгнээнд жижиг улаан машин хүн буулгаж байсан. Тэгээд урьд нэг приус машин 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжээд жаахан явахад нь би араас нь очоод мөргөсөн. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Биржээс хөдлөөд нааш Алтны уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхад 4 машины ард зогсож байсан. Би яг харж байсан. Гэрлэн дохио гараад зам чөлөөтэй байсан учир 2 дугаар эгнээгээр яваад “Хас” банкны урд талын гарц дээр зогсоод хүүхэд буулгасан. Хүүхэд буугаад гарцаар гараад явсан. Миний урд талаар хоёр хүн гарцаар гараад явсан. Гарц дээр нэлээд удаан зогссон бөгөөд тэр хоёр хүн гарцаар гараад өнгөрсөн чинь араас машин ирээд мөргөсөн. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Би цааш 20 метр орчим явсан байж зогссон байсан, яаж зогссоноо мэдээгүй, ямар ч гэсэн зогсоосон байсан. Ингээд эмнэлэг явж, эмч миний даралтыг үзээд “даралт чинь нэлээд их байна.” гээд надад даралт буулгах эм уулгахаар нь би гадаа сууж байгаад явсан. Маргааш нь хагас бүтэн сайн өдөр таараад 1 дэх өдөр би толгойны зургаа авхуултал “нуруу цууралттай, хугаралтай, толгой доргилттой хавантай байна.” гэсэн.  Би 4 хоног Нэгдсэн эмнэлэгт хэвтэж голдуу толгойны тариа хийсэн бөгөөд нурууг хэвтрийн дэглэмтэй бай хүнд юм өргөж болохгүй гэсэн бөгөөд би эмнэлэгт удаан хэвтэж чадахгүй юм байна гээд гэртээ л голдуу байсан. Сүүлийн үед удаан сууж чадахгүй толгой их өвддөг болсон, мөн шат өөд алхаж чадахгүй байгаа. Би маргааш дахин толгойн зураг авхуулна. Эмч намайг бүтэн MRI зураг авхуул гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. гэх мэдүүлэг, -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/, -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7/,

-“...жолооч М.Г нь зам тээврийн осол гаргасан гэсэн үзлээ.” гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 8/, -Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,

 

-Хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 10/, -Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цаашдаа нуруундаа эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/, -Иргэний нэхэмжлэгч О.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/, -Насанд хүрээгүй хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн машины урд буюу жолоочийн хажуу талын суудалд сууж явсан....миний нуруу руу цохиж байгаа юм шиг араас их хүчтэй мөргөсөн бөгөөд одоо миний толгой болон нуруу өвдөж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,-“....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3000000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 36-39/, -“...Б.Э биед тархи доргилт, сээрний 1, 2, хүзүүний 7 дугаар нугалмын сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Э биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Э учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46/, -“...Б.С биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51/,

-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 52-53, 59-60, 67-68, 74-75/,-“...Н.Э биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ....дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/,

 

-“...С.Т биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66/,

 

-“...С.Б биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73/,

 

-“...осол үйлдэгдэх үед тухайн тээврийн хэрэгслийн тоормосны эд анги бүрэн, хойд талын тэнхлэгийн тоормосны цан жийрэг баруун, зүүн 2 талдаа цоорсноос ажлын тоормос барихгүй, хийн битүүмжлэл алдагдсан, бүрэн биш байсан байна....осол үйлдэгдсэн шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах зориулалттай ажлын тоормосны цан жийрэг цоорхой байсан, үүнээс шалтгаалан хийн битүүмжлэл алдагдаж осол гарсан байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 79-82/,-“Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны  өдөр 14 цагийн орчим хюьндэй HD2700 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Г нь замын хөдөлгөөнд оролцож яваад:

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

-12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

-3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, гэх заалтуудыг тус тус зөрчсөн.” гэх  2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 96-97/,

 

-Жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хавтаст хэргийн 119-120/,

 

-Хохирогч Б.Э эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдаж авсан талаарх баримтууд /хавтаст хэргийн 122-123/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны  өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн  Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны урд талын асфальтан зам дээр ..... улсын дугаартай хюьндэй HD2700 маркын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Э жолоодож явсан приус 30 маркын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Б.Э эрүүл мэндэд “тархи доргилт, сээрний 1, 2, хүзүүний 7 дугаар нугалмын сэртэнгийн хугарал” бүхий  хүндэвтэр хохирол  учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М.Г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э биед “...тархи доргилт, сээрний 1, 2, хүзүүний 7 дугаар нугалмын сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Э нь хохирол төлбөрт 4 сая төгрөг авсан гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч М.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Б.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.Г нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Г үүрэг болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт  М.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт  М.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Г-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Б.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ