| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01053/И |
| Дугаар | 00117 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00117
2018 оны 01 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2018/00117 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А СӨХ
Хариуцагч М.Э /-д холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 203 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.СӨХ-ны захирал Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оноос хойш Энхтуяа гуайд очиж удаа дараа хэлдэг байсан. Уг нь сард 4200 төгрөгийг төлдөг байсан, харин 2017 оноос хойш 7200 төгрөг болж нэмэгдсэн. Өмнө нь сар бүр төлдөг байсан боловч сүүлийн жилүүдэд шаардаад сануулаад ч төлөхгүй болсон. Иймээс Төрийн банкны дансны хуулгаар гарч ирсэн тооцоогоор нийтдээ 203 400 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас 53 400 төгрөгийг хасаж үлдэгдэл 150 000 төгрөгөөр эвлэрэх боломжтой гэв.
Хариуцагч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хүү, охин хоёр байгаа. Охин нэг ажил хийдэг. Хүү хамт амьдардаггүй, мөнгө олсон ч гэсэн надад тусалдаггүй. СӨХ-нь ямар ч үйл ажиллагаа хийдэггүй, орц нь бохир цэвэрлэгээ хийдэггүй. Би өөрөө тэтгэвэрт байгаа өөрөө эмчилгээний зардал болон ус, цахилгааны мөнгийг аргагүйн эрхэнд төлж байгаа. Одоо СӨХ-ны төлбөрийг төлөх боломжгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх сууц өмчлөгч М.Эгаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний болон гарсан зардалд 203 400 төгрөг гаргуулахыг хүссэн А.СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул А.СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд тус байрны оршин суугч М.Э нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2014 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч тал төлбөр төлөгдөөгүй хугацаа болон төлбөрийн хэмжээний тухайд маргаагүй, харин “төлөх төлбөрийн чадваргүй” гэжээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 53 400 төгрөгөөр багасгасан тул үлдэх 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар М.Эгаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 150 000 төгрөгийг гаргуулж А.СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 53 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар М.Эгаас 5 149 төгрөг гаргуулж А.СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 752 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ