| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03341/и |
| Дугаар | 3378 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 3378
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:, Т.Б.К ХХКомпанид холбогдох
Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр болон диплом гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын цалин хөлс, ажиллаж байсан хугацааны илүү цагийн цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах орлого гаргуулах тухай шаардлагатай,
Сургалтын төлбөр болон ажлын хувцасны үнэ 1 011 790 төгрөг гаргуулах тухай Т.Б.К ХХКомпанийн сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, өмгөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Ч 2016 оны 6 дугаар сард Т.Б.К ХХКомпанийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтэний ажилд, ажлын байрны зарын дагуу анкет бөглөж, ярилцлага өгч 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл өдрийн 6000 төгрөгийн цалинтай дагалдангаар ажиллаж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд үндсэн ажилтанаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл L30 гэх салбар буюу Сайн ломбардын 21 дүгээр хороололын салбарын эрхлэгч албан тушаалаар ажиллаж байсан.Б.Ч ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сард жирэмсэн байсан бөгөөд ажлын хүнд нөхцөлд, хатуу шаардлага, ажлын цаг хэтрүүлэн ажилладаг гэх байдлаас болж ураг амьгүй болсон учраас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт мэс ажилбар хийлгэж, ургыг авахуулсан.Гэтэл бие сул, өвчтэй, сайн тэнхэрч эдгэрээгүй байхад хүний нөөцийн ажилтан хагалгаанд орсныг мэдээд L30 буюу 21 дүгээр хороололын салбарт цаашид ажиллахгүй гэсэн тул би эмнэлэгт хэвтэж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүний нөөцийн ажилтан руу ярьж 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс L30 салбар дээр ажилдаа ороод хэвийн ажиллая гэж гуйхад тэрээр чи хэд хоног амарч болно, чиний оронд өөр хүн ажилд орсон байгаа, чамайг амарч байгаад орж ирэхэд чинь өөр салбарт өмнө хийж байсан зээлийн мэргэжилтэний ажлыг хийлгэхээр шийдвэрлэсэн гэж хэлсэн. Б.Ч L30 салбарт эрхлэгчийн ажил албан тушаалд ажиллаж байсан тул ээлжийн ажиллах хуваартай байсан өглөө 08:00-15:00 цаг хүртэл, өдөр 15:00-22:00 цаг хүртэл, мөн 1 өдөр бүтэн буюу өглөө 08:00-22:00 цаг хүртэл 7 хоногийн 6 хоногт ээлжлэн ажиллаад 1 өдөр л амардаг байсан.Гэтэл ажил олгогч түүний санал, хүсэлт, хөдөлмөрийн хуулийг харгалзахгүй үндэслэлгүйгээр ажилладаг салбарыг өөрчлөн, албан тушаал бууруулж ажиллуулахаар шийдвэрлэсэн тул Б.Ч зээлийн мэргэжилтэнээр ажиллах хүсэлгүй байсан.Тэрээр L30 салбартаа үлдээж өгөхийг хүсэхэд хүний нөөцөөс эрхлэгчээр ажиллуулах боломжгүй, зээлийн мэргэжилтэнээр өөр салбар дээр ажилла, эсхүл хүсэлтээрээ ажлаас гарч болно гэж хүсэлт бичиж өгөхийг шаардсан тул Б.Ч хүсэлт өгөхөөс аргагүй байдалд хүрсэн. Б.Ч хуульд зааснаар нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар ажлаас халсан тушаал болон 2017 оны 8 сарын цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом зэргээ авна гэхэд хүний нөөцийн ажилтан нь бодогдсон цалин, ажлын хувцасны мөнгө 315 000 төгрөг, сургалтын мөнгө 550 000 төгрөгийг төлсний дараа ирж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломоо аваарай гэсэн байна.Б.Ч ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн санаачилгаар 6 өдөр ажиллаад 2 өдөр амрах байдлаар, өдөрт 11 цагаар буюу 09:00 цагаас 20:00 цаг хүртэл буюу сард 24 өдөр нийт 264 цагаар буюу хөдөлмөрийн гэрээнд зааснаас 1 сард 88 цаг илүү ажилладаг байсан.Иймд Б.Чг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр болон диплом гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын цалин хөлс, ажиллаж байсан хугацааны илүү цагийн цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах орлогыг Т.Б.К ХХКомпаниас гаргуулахыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Ч хариуцагч байгууллагад 2016 оны 6 дугаар сард зээлийн мэргэжилтэнээр ажилд орохоор анкет бөглөж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зээлийн мэргэжилтэнээр дагалданаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс зээлийн мэргэжилтэн хийхээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн салбарын эрхлэгчээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа жирэмсэн байсан, ажлын нөхцлөөс болж ураг амьгүй болсон тул 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 дүгээр төрөх эмнэлэгт мэс ажилбар хийж ургийг авхуулсан байдаг.Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа очих боломжгүй байтал тул хүний нөөцийн менежертэй утсаар яриад 17-ны өдрөөс эхлэн ажилдаа очно гэхэд Алтантуяа менежер хэд хоног амарч бай чиний оронд салбарын эрхлэгчээр өөр хүн ажиллуулж байгаа, чамайг ирэхээр чинь өөр салбар дээр зээлийн мэргэжилтэнээр ажиллуулна гэж хэлсэн байдаг.Б.Ч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ ирээд хүний нөөцийн менежертэй уулзаж хуучин салбар дээрээ ажилламаар байна гэхэд салбарын эрхлэгчээр ажиллуулах боломжгүй, өөр салбар дээр зээлийн мэргэжилтэнээр ажиллаж болно, хэрэв зөвшөөрөхгүй бол ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгөөд ажлаас чөлөөлөгдөж болно гэж хэлсэн байдаг.Ажлаас халагдсан биш чөлөөлөгдсөн гэвэл дараагийн ажилд ороход саад болохгүй гэж хэлсэн тул 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн байдаг.Тиймээс ажлаас үндэслэлгүй халсан учраас салбарын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан, үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэл бий болсон, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 104 хоногийн цалинг цалин хөлс тооцох аргачилалаар бодоход 2017 оны 6, 7, 8 сарын цалин 881 147 төгрөг байгааг 21,2 хоногт хувааж нэг өдрийн цалин 41 563 төгрөг байна, үүнийг 104 хоногоор үржүүлж 4 322 552 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулна, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ, мөн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 532 336 төгрөгийг гаргуулна, мөн нийгмийн даатгалын дэвтэр болон баклаварын гэрчилгээг авна, 2017 оны 8 дугаар сарын цалингийн үлдэгдэл 462 801 төгрөгийг нэхэмжилж байна.Ажилласан хугацааны илүү цагийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Ажилгүйдлийн тэтгэмж бодох аргачилал нь сүүлийн 3 сарын цалингийн дундаж 2 643 442 төгрөг байгаа бөгөөд нэг сарын дундаж цалин 881 147 төгрөг байх бөгөөд ажилласан жилээс хамаарч 5 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол 45 хувиар бодож авах ёстой байдаг ба 45 хувь нь 396 516 төгрөг байна, үүнийг 21,2 хоногт хуваахад нэг хоногт 18 703 төгрөг байна, ингээд 40 хоногийг 18 703 төгрөгөөр бодоход 748143 төгрөг гаргуулна.Ажлаас чөлөөлсөн тушаал дээр ажил хүлээлцэх, тооцоо нийлэх үүргийг хүний нөөцийн менежер, ерөнхий нягтлан бодогч нарт өгсөн байгаа, Б.Чд үүрэг өгөөгүй байдаг.Сайн дурын даатгалд даатгуулсан хүн ажилгүйдлийн тэтгэмж авдаггүй гэсэн хуулийн заалт байхгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэж заасан байдаг гэв.
Хариуцагч Т.Б.К ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ч манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оноос эхлэн зээлийн мэргэжилтэн, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Ч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч хүсэлтээ өгсөн өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний хүсэлтийг нь үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарсан.Б.Чг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хүртэл хугацаанд түүнийг ажлаас халсан болон ажил албан тушаалыг өөрчилсөн тушаал гаргаагүй бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаагүй байсан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага худал бөгөөд нотлогдохгүй шаардлага байна. Нэхэмжлэгч ямар үндэслэл, нотлох баримтаар ажлаас халсан, албан тушаал бууруулсан гэж байгаа нь тогтоогдохгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хүртлээ цалин болон илүү цагийн хөлсөө авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлсээр ирсэн ба үүнтэй холбоотой баримтыг өгч байна.Манай байгууллага анх ажилд шинээр орж байгаа ажилтантай сургалтын гэрээ байгуулж, 260 цагийн багц сургалт орж мэдлэг, дадлага олгодог.Энэ сургалт нь хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны журмаас гадна санхүүгийн мэдлэг боловсрол олгох сургалт бөгөөд сургалтын гэрээгээр ажилтан нь 550 000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд сургагч талд төлөхөөр зохицуулсан тул Б.Ч манайд 550 000 төгрөгийн төлбөр төлөх ёстой.Иймд Б.Чгийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Ч манайд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн мэргэжилтэнээр ажилд орохоор анкет бөглөж 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэн, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн.Ингээд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж эрүүл мэндийн шалтгаанаас болоод цаашид ажиллаж боломжгүй болсноо байгууллагад мэдэгдэж өргөдлөө өгсөн, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Т.Б.К ХХКомпани ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.Байгууллага тушаал гаргахаасаа өмнө хуульд заасны дагуу 30 хоног хүлээсэн, Б.Ч өргөдөл бичиж өгчихөөд ажил хүлээлцэх баримт үйлдээгүй явсан, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломоо авна гэж ирээгүй, авах эрхтэй байсан, эдгээр баримтыг Т.Б.К ХХКомпани Б.Чд өгөхөд бэлэн байна.Б.Чг өөрийнх нь санаачилгаар ажлаас чөлөөлсөн байгаа,түүнийг ажлаас ажил олгогч халаагүй учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэх асуудал яригдахгүй, ажилтаны санаачилгаар ажлаас чөлөөлсөн учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах боломжгүй юм.Нийгмийн даатгал болон эрүүл мэнийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, үүнээс хойш бичилт хийх боломжгүй.Хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 330 000 төгрөг шилжүүлсэн баримтаар ээлжийн амралтын олговорыг олгосон байгаа.Б.Чтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.3-т ажлаас халагдсны дараа эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учруулсан, санхүүгийн тооцоо нийлээгүй нөхцөлд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг барьцаанд авах буюу санхүү хадгалах ёстой байдаг, үүний дагуу 8 дугаар сарын сүүлийн цалинг барьцаанд авсан байгаа.Ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгодог, хариуцагч түүнтэй адилтгах орлого байгууллагад хамааралгүй.Нийгмийн даатгалын дэвтэрээ өөрөө ирж аваагүйд байгууллага буруугүй.Нэхэмжлэгч өөрөө байгууллагаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, холбогдох бичиг баримтаа авах үүрэгтэй, ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 24 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой байдаг. Б.Ч Т.Б.К ХХКомпанид 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж нийгмийн даатгал төлсөн, манайд орохоосоо өмнө сайн дурын даатгалд даатгуулж байсан, сайн дурын даатгалд хамрагдахад 24 сар хамаарахгүй тул Б.Чд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нээгдэхгүй байна.Нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр, дипломыг буцаан авах шаардлагыг зөвшөөрч байна, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчид өгсөн, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр тушааал гаргасан.Ажилтан ажил олгогчтой ажил хзлээлцэх акт үйлдээд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, холбогдох баримт бичгээ авах ёстой байсан боловч Б.Ч төлбөр тооцоо дуусгах арга хэмжээ аваагүй байдаг.Ажил олгогч ажилтанг дарамтлаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн гэж баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй зүйл ярьж байна.Ажилд эргүүлэн тогтоох шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан тохиолдолд яригдах болно, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд 8 сар дуустал дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн, нийт ажилласан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө бүрэн орсон, 366 800 төгрөгийг төлбөр тооцоогоо дуусгаж, ажлаа хүлээлцсэний дараа Б.Чд олгох мөнгө байгаа.Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом бидэнд байна.Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэж заасан байна, 2016 оны 9 дүгээр сард ажилд орохоосоо өмнө Б.Ч сайн дурын даатгалд хамрагдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан үндэслэлээр ажлаас халагдахад тэтгэмжийн асуудал яригдана. Иймд Б.Чгийн нэхэмжлэлээс 7 шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломыг буцаан олгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Т.Б.К ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай кампани тогтвор суурьшилтай ажиллах чадварлаг боловсон хүчинг бэлтгэхээр барьцаат зээлийн үйлчилгээний үйл ажиллагаанд шууд оролцуулах замаар үйлчилгээний ажлын мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлж, чанартай, соёлтой үйлчилгээнд сургахын тулд шинээр ажилд орж буй ажилчидтайгаа сургалтын гэрээ байгуулан тусгай сургалтад хамруулдаг.Энэ сургалт нь хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны журмаас тусдаа санхүүгийн мэдлэг боловсрол олгох бөгөөд сургалтын зардал нь 550 000 төгрөг байна.Үүний дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 16/32 тоот сургалтын гэрээг Б.Чтай байгуулсан.Б.Ч Т.Б.К ХХКомпанийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтэнээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад салбарын эрхлэгчээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан.Б.Ч Сайн ломбардад зээлийн мэргэжилтэнээр ажилласан хугацаа нь сургалтын гэрээний 4-т заасны дагуу 5 жилээс дээш хугацаанд тогтвортой ажиллаагүй тул сургалтын зардлыг компаниас бүрэн хэмжээгээр даахгүй, Б.Ч сургалтын гэрээнд заасны дагуу сургалтын зардал 550 000 төгрөгийг Т.Б.К ХХКомпанид төлөх үүрэгтэй байна.Т.Б.К ХХКомпани үйлчилгээний байгууллага тул мэргэжилтэн, салбарын эрхлэгч нарыг ажлын дүрэмт хувцасаар хангадаг бөгөөд ажилчдынхаа биеийн хэмжээнд тохируулан дүрэм хувцасыг захиалж хийлгэдэг, үүний дагуу Б.Чг ажилд ороход нь 461 790 төгрөгийн үнэ бүхий ажлын дүрэмт хувцасыг хүлээлгэн өгсөн бөгөөд үнийг төлөөгүй байна.Иймд Б.Чгаас сургалтын зардлын 550 000 төгрөг, ажлын дүрэмт хувцасны 461 790 төгрөг нийт 1 011 790 төгрөгийг гаргуулна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй буюу шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.Учир нь сургалтын гэрээг Тайгын Булаг ХХКомпани болон Б.Ч нарын хооронд байгуулсан байх бөгөөд шүүхэд Т.Б.К ХХКомпани Б.Чд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.Т.Б.К ХХКомпани болон Б.Ч нарын хооронд байгуулсан зээлийн мэргэжилтэн болон салбарын эрхлэгчээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдэд “ажил олгогч нь...ажилтанг үүргээ гүйцэтгэхэд нь зүйлшгүй мэдвэл зохих мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж, зааварчилгаа өгнө”, 2.6-д “ажил олгогч нь ажилтанг тогтвор сууршилтай ажиллуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон эрх зүйн сургалтад хамруулж, сургалт явуулна” гэж заасан байдаг тул мэдлэг олгох, сургалт явуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг байна.Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд “ажил олгогч нь сургалт зохион байгуулах, суралцах нөхцлөөр хангах үүрэгтэй” гэж заасан байна.Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр ажилтаныг сургалтаар хангах үүрэгтэй атлаа сургалтын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.Энэхүү сургалтын гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Зээлийн мэргэжилтэний ажил албан тушаалд анкет бөглөж, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Тайгын Булаг ХХКомпанид зээлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд дагалдан ажилтанаар өдрийн 6000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Т.Б.К ХХКомпанид зээлийн мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Т.Б.К ХХКомпанид салбарын эрхлэгчээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан.Гэтэл анх Тайгын Булаг ХХКомпанид зээлийн мэргэжилтэний албан тушаалд дагалдангаар ажилласан байтал Тайгын Булаг ХХКомпани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж сургалтын гэрээ байгуулсан байна.Т.Б.К ХХКомпани ажилтантай 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, дагалдан эсхүл туршилтын хугацааны аль нь болохыг тодорхой болгож, 3 сараас хэтрүүлэхгүйгээр зааж өгөх ёстой байтал өөр компани болох Тайгын Булаг ХХКомпанитай сургалтын гэрээ байгуулан цалинжуулахын зэрэгцээ сургалтын төлбөр 550 000 төгрөг гэж заан тус компанид тогтвортой 5 жил ажиллах шаардлагатай гэж ажилтаны ажил, хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, хууль зөрчсөн хэлцэл хийж, өдрийн 6000 төгрөгийн цалин өгч байсан нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй, сард 132 000 төгрөгөөр цалинжуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй хууль зөрчсөн байна.Т.Б.К ХХКомпани Б.Чтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “ажил олгоч нь ажилтанг ...хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангах үүрэгтэй” гэж заасан байна.Гэтэл ажил олгоч нь энэ үүргээ биелүүлэх нэрийдлээр зөвхөн тухайн компанид, тухайн албан тушаалыг хийж гүйцэтгэхэд хэрэглэгдэх ажлын хувцас олгож, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх нэрийдлээр ажилтнаас хувцасны мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.Тухайн ажил, албан тушаалд өмсөж хэрэглэгдэх хувцасыг өөр газар өмсөх, цаашид ашиглах боломжгүй тул ажил олгогчоос зайлшгүй хувцас хэрэгслээр хангах үүрэгтэй нь холбоотой юм.Иймд сургалтын төлбөр 550 000 төгрөг, ажлын хувцасны үнэ 461 790 төгрөг нийт 1 011 790 төгрөгийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Т.Б.К ХХКомпанид ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр болон диплом гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын цалин хөлс, ажиллаж байсан хугацааны илүү цагийн цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах орлого гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр ажиллаж байсан хугацааны илүү цагийн цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж байна.
Хариуцагч Т.Б.К ХХКомпани сургалтын төлбөрийн 550 000 төгрөг, ажлын хувцасны үнэ 461 790 төгрөг нийт 1 011 790 төгрөгийг Б.Чгаас гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.
Т.Б.К ХХКомпанийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17/33 дугаар тушаалаар Т.Б.К ХХКомпанийн салбарын эрхлэгч Б.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон түүнийг салбарын эрхлэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн байна.
Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Б.Чгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэсэн гэж дурдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т хөдөлмөрийн гэрээ цуцлахыг ажилтан санаачилсан гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.Ч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т.Б.К ХХКомпанийн захиралд өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөлд-Миний бие Б.Ч нь тус байгууллагад 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн дагалдангаар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс жинхлэн ажилласан.Уг хугацаанд өөрийн чадах бүхнээ дайчлан чин сэтгэлээсээ ажиллаж байсан.Цаашдаа ар гэр, эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаанаас ажиллах боломжгүй болсон тул ажил үүргээс минь чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ч ийнхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичсэн гэдэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй байх бөгөөд хариуцагч байгууллагын шаардлагаар Б.Ч энэхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичсэн гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.
Иймд Б.Чг ажил олгогчийн санаачилгаар, ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох болон эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагуудыг хангах боломжгүй байна.
Б.Чгийн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт 523 946 төгрөг бодогдсон болох нь хэргийн 25 дугаар талд авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн картын хуулгаар нотлогдож байх бөгөөд энэхүү ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгчид олгогоогүй болох нь хэргийн 5, 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулгаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Т.Б.К ХХКомпани нь нэхэмжлэгчид 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 330 837 төгрөгийн цалин олгосон байх бөгөөд үүнээс өөр цалин, олговор олгоогүй байх тул ээлжийн амралтын олговрын 523 946 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Т.Б.К ХХКомпани Б.Ч нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 3-т “ажилтан нэг сараас дээш хугацаагаар ажлаас чөлөөлөгдөхөд хүрвэл сарын цалингийн дундажтай тэнцэх төгрөгийг санхүү хяналтын албанд хадгалуулах ба тооллого дуусмагц буцаан авах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Б.Ч нь ажилдаа эргэж орохгүйгээр чөлөөлөгдөж байгаа учраас дээрх заалт Б.Чд хамааралгүй байна.
Нөгөө талаар Б.Ч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан ямар үндэслэлээр эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсон нь тодорхой бус байх тул хариуцагч байгууллагаас цалингийн үлдэгдэл 366 801 төгрөг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломыг гаргуулан Б.Чд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан байна.
Мөн хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.Ч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй нь ажил олгогч Т.Б.К ХХКомпаниас болсон байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Ч нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тайгын Булаг ХХКомпанитай сургалтын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд “цаашид таван жилээс дээш хугацаанд тогтвортой ажиллах ажилтны сургалтын зардал 550 000 төгрөгийг компани бүрэн хэмжээгээр даана, сургалтын явцад болон цааш ажиллах таван жилийн хугацаанд суралцагч хувийн шалтгаанаар, гэнэтийн асуудлаар, мөн ажлын хариуцлага, ур чадвар, идэвх санаачлага муугаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүрвэл сургалтын зардал 550 000 төгрөгийг бэлэн төлснөөр ажлаас халагдана” гэж заасан байна.
Тэрээр Б.Ч нь Тайгын Булаг ХХКомпанид ажиллаагүй бөгөөд сургалтын төлбөрийн зардлыг суралцагч Т.Б.К ХХКомпанид төлнө, эсхүл Т.Б.К ХХКомпани шаардаж авна гэж талууд тохироогүй байхад энэхүү сургалтын төлбөрийг Б.Чгаас хариуцагч байгууллага шаардах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл Тайгын Булаг ХХКомпани Б.Ч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад Б.Чгийн Тайгын Булаг ХХКомпанитай байгуулсан сургалтын гэрээний үүргийг Б.Чгийн Т.Б.К ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлтэй холбогдуулан түүнээс шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Б.Чгийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Т.Б.К ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “ажил олгогч нь ажилтанг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон эрх зүйн сургалтанд хамруулж, сургалт явуулна” гэж заасан байна.
Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана” гэж заасан байх боловч хариуцагч Т.Б.К ХХКомпани нь Б.Чг сургалтанд хамруулсан эсэх нь тодорхой бус байна.
Мөн хариуцагч байгууллага нь ажлын дүрэмт хувцасны үнэ 461 790 төгрөгийг Б.Чгаас шаардаж байх боловч ажлын хувцасны тооцоо гэх баримтад Б.Ч гарын үсэг зураагүй байна.
Б.Чгийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Т.Б.К ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “ажил олгогч нь ажилтанг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхэд нь тав тухтай ажиллах, эрүүл мэндийн шаардлага хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангана” гэж заасан байна.
Б.Чгийн ажил хүлээлцсэн тухай баримтад ажлын хувцас хүлээлцсэн гэж бичигдсэн байхад Б.Чг ажлын дүрэмт хувцасаа ажил олгогчид хүлээлгэж өгөлгүй өөрөө аваад явсан байна гэж үзэх боломжгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2-т “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцана” гэж заасан байна.
Иймд Т.Б.К ХХКомпанийн Б.Чгаас сургалтын төлбөр болон ажлын дүрэмт хувцасны үнэ 1 011 790 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Б.Чгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Т.Б.К ХХКомпанийн салбарын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмжтэй адилтгах орлого гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Т.Б.К ХХКомпаниас 890 747 /найман зуун ерэн мянга долоон зуун дөчин долоон/ төгрөг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломыг гаргуулан Б.Чд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 45 зүйлийн 45.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Б.Чгаас 1 011 790 /нэг сая арван нэгэн мянга долоон зуун ерөн/ төгрөг гаргуулахыг хүссэн Т.Б.К ХХКомпанийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Б.К ХХКомпаниын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН