| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03686/И |
| Дугаар | 3333 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 3333
| 2017 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/03333 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянголдүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:К.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Д.М-д холбогдох
Хүүхдийн сургалтын төлбөрийн 1 731 800 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч К.Г, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Д.Мтой гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр охин Түшиглэн, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү Хүслэн, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Оргилон нар төрсөн бөгөөд хамтран амьдрах хугацаанд Д.М гэр бүлээс гадуур амьдралтай болсны улмаас бид 2015 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах болж 2016 оны 6 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан ба би хүүхдүүдээ өөрийн асрамжид авч өнөөдрийг хүртэл Д.Моос тусламж, дэмжлэг, хүүхдийн тэтгэлэг аваагүй амьдарч байна.Би 3 настай хүүхдээ харж байгаад хувийн төлбөртэй цэцэрлэгт хамруулсан ба цэцэрлэгийн төлбөрт 651 800 төгрөг төлсөн бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сар хүртэл шаардлагатай байгаа 1 080 000 төгрөг нийт 1 731 800 төгрөгийг Д.Моос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч К.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.М 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Оргилонг улсын цэцэрлэгт явуулж өгнө гэж байгаа тул би шүүхэд гаргасан 1 080 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна, харин төлчихсөн байгаа 651 000 төгрөг Д.Моос гаргуулна, Д.М шүүхийн шийдвэрт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг цаг хугацаанд өгөхгүй байгаа гэв.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Надад хэлсэн бол би хүүхдээ улсын цэцэрлэг олоод оруулаад өгөх байсан боловч надад хэлээгүй хувийн цэцэрлэгт өгсөн байна.Би Оргилонг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын цэцэрлэгт явуулж өгнө, 1 080 000 төгрөгийг төлсөн баримтгүй байх тул зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Г нь хариуцагч Д.Мод холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 1 731 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр 1 080 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасган 651 800 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2016/04929 дугаар шийдвэрээр К.Г, Д.М нарын гэрлэлтийг цуцалж, М.Түшиглэн, М.Хүслэн, М.Оргилон нарыг эх К.Гийнх нь асрамжид байлгаж, Д.Моос хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн байна.
К.Г нь гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авч хүмүүжүүлж байгаа бөгөөд бага хүү Оргилонгоо 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Сэргэлэн Багачууд цэцэрлэгт явуулж, төлбөрт нь 651 800 төгрөг төлсөн болох нь мөнгө төлсөн баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийнхээ боловсрол болон хүмүүжилд анхаарч хүү Оргилонгоо хувийн цэцэрлэгт оруулж суралцуулсан байгааг буруутгах боломжгүй бөгөөд Д.М хуульд заасан үүргийнхээ дагуу хүүгийнхээ дээрх цэцэрлэгийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 325 900 төгрөгийг төлөх үндэстэй байна гэж үзэв.
Иймд Д.Моос 325 900 төгрөгийг гаргуулан К.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Д.М хүү Оргилонгоо 2018 оны 1 дүгээр сараас эхлэн улсын цэцэрлэгт оруулж өгнө гэснийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан Д.М-с 325 900 /гурван зуун хорин таван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан К.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 325 900 /гурван зуун хорин таван мянга есөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч К.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Моос 10 427 /арван мянга дөрвөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан К.Гт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН