| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00436/И |
| Дугаар | 0129 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 0129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.С
Хариуцагч: Р.Б /РД:/-д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Г.А нь нэг гэр бүлийн хоёр болох С.С, Р.Б нартай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 286 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Уг зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Миний хүү зээлийг эргүүлэн төлөх талаар зээлдэгч нараас удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийг төлнө гэж амалсаар ирсэн ч төлөөгүй, улмаар миний хүү Г.А2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдсан. Хүүгээ нас барснаас хойш уг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 286 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр зээлдүүлэгчийн аав С.Г миний бие авсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна. С.Гын талийгаач хүү Г.А нь хариуцагч С.С болон Р.Б нарт 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 286 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг зээлсэн. 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэхэд хариуцагч нар зээлээ бүрэн төлж барагдуулахаар Г.А тохирсон боловч огт буцааж төлөөгүй. Ингэж явсаар бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г бусдын гарт амь насаа алдсан. С.Г нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан. Иймд С.Год гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 286 тоот зээлийн гэрээ нь бодит байдал дээр худалдах-худалдан авах гэрээ байсан гэж байна. 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Баян өндөр сан” ХЗХ-ны захирал С.С болон “Б” ХЗХ-ны менежер Р.Б нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, “Баян өндөр сан” ХЗХ-ны эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, “Гашуун хар уул” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийн гэрчилгээтэй лицензийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг албадан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон хохирогч нарын хохирлыг барагдуулахаар болсон. Албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрийн өр барагдуулах албанаас явуулсан ба уг дуудлага худалдаанд “Дэвшил майнинг” ХХК ялсан. Тухайн үед талийгаач Г.А нь “Дэвшил майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрээр хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаанд оролцож ялагч болсон. Нийт 412,578,015 төгрөгийн үнийн саналыг талийгаач нь дуудлага худалдаанд ялсны үндсэн дээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд 9 дүгээр сарын 04-ний өдөр 41,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Түүнээс биш Г.А нь “Баян өндөр сан” ХЗХ эсхүл уг хоршооны захирал С.Сээс тусгай зөвшөөрлийг худалдаж аваагүй билээ. Тэгээд ч нэг тусгай зөвшөөрлийг 2 удаа өөр өөр байдлаар худалдан борлуулах ямар ч боломжгүй юм. Иймд талуудын хооронд ямар нэг худалдах-худалдан авах гэрээний харилцаа өмнө нь огт байгаагүй. Харин ч талийгаач Г.А нь өөрийн эхнэрийн ээжийн төрсөн ах болох С.Ст хүнд үед нь туслах зорилгоор 100,000,000 төгрөг зээлдүүлсэн. Талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээний харилцаа байсан юм. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр энэ хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан. Иргэний хуулийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Г.А 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдсан. С.Г нь хүүгээ нас барснаас хойш уг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 286 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлөж авсан байдаг. Ийм учраас Г.А болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймд зээлийн гэрээний дагуу Р.Б, С.С нараас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Гын гаргасан нэхэмжлэлийн талаар юу ч мэдэхгүй. 2013 оны 4 дүгээр сард Г.А над руу утасдаад “...Баярмаа эгчээ та Баянголын шүүхийн баруун талд хүрээд ирээч, нотариатын бичиг үйлдчихээд Самбаа ах руу эргэлтээр очих гэсэн юм” гэж хэлсэн. Намайг очтол 100,000,000 төгрөгийн гэрээ үйлдчихсэн, “...гарын үсгээ зур” гэж хэлсэн. Би ямар ч гарын үсэг зурахгүй гэсэн боловч хамтдаа хорих 0441 дүгээр анги руу нотариатч дагуулж очсон. Очсоны дараа талийгаач Г.А нь Самбаатай уулзаад манай нөхөр намайг “...гарын үсгээ зурчих” гэж хэлснээр би гарын үсгээ зурсан. Өөр надад мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Гын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 100,000,000 төгрөг нэхэмжилсэн өргөдөлтэй танилцан хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасны дагуу 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлэн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болно. “Баян өндөр сан” ХЗХ-ны захирлын албыг хашиж байгаад шийтгүүлсэн надад 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.А гаргасан захирамжийн дагуу миний өмчлөлд байх Төв аймаг, Заамар сум, Галтын нутагт орших “А” лицензийг, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Гашуун Хар ууланд орших “Х” алтны лицензүүдийг буцаан олгож сэргээж өгсөн билээ. Энэ бүхнийг телевиз, сонин хэвлэлүүдээр нээлттэй цацсаны улмаас талийгаач Г.А нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн миний эзэмшлийн Бөмбөгөр сум дахь “Х” лицензыг худалдан авах санал тавьж, удаа дараа ярилцсаны эцэст бид тохиролцон 420,000,000 төгрөгт худалдан борлуулахад хүрсэн билээ. Иймээс тус уурхайд өрөмдлөг явуулах шаардлагатай буюу уг өрмийн хайгуулд 100,000,000 төгрөгийг зарцуулж дээрх 100,000,000 төгрөгийг үндсэн үнэлгээ болох 420,000,000 төгрөгөөс хасч тооцон үлдэгдэл 320,000,000 төгрөгийг талийгаач Г.Аийн эзэмшилд уурхайн бичиг баримт шилжсэний дараа өгч авалцахаар тохирсон болно. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу уг 100,000,000 төгрөгийг өгч өрөмдлөгийн ажил явуулж буйг баталгаажуулахын тулд 100,000,000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээ үйлдэж бидний хооронд худалдааны ажил эхэлсэн юм. Уг уурхайн борлуулалтын ажил эхэлсний дараа талийгаач нь 2013 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Парадокс” салоны өмнө ирж надтай уулзсан. Тэр үед би ялтны хувиар хөдөлмөр эрхэлж албан хаагдын автобусыг жолооддог байсан. Тэрээр “...За, Самбаа ахаа, дүү нь таны уурхайг худалдан авахаар боллоо. Ярьж тохирсноороо бүгдийг хийлээ. Та надад худалдаж буй зөвшөөрлөө бичээд өгчих, би танд бас албан бичгүүд үйлдээд ирлээ. Таныг яасан ч хуурахгүй ээ” гэсээр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №05, №06 тоот “Дэвшилмайнинг” ХХК-ийн албан ёсны бичиг баримтыг биечлэн авчирч өгсөн юм. Энэ нь:
1/ 2013 оны 4 дүгээр сарын 26-ны №05 тоот бичиг нь Баянхонгор Бөмбөгөр сум дахь “Х” лиценз бүхий уурхайг нийт 420,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа өрөмдлөгийн 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 320,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд авч, уурхайг олгох тухай;
2/ 2013 оны 4 дүгээр сарын 26-нд №06 тоот баримт нь бидний хооронд үйлдэгдсэн өрөмдлөгийн хөлс болох урьдчилгаа 100,000,000 төгрөгийн зээлийг гэрээг /хүүгүй/ хүчингүй болгон төлбөрийг тэгэлсэнд тооцсон албан баримтууд байсан болно. Үүнээс хойш миний бие бүтэн 1 жилийн дараа буюу 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусан суллагдаж талийгаач Г.Атэй уулзах гэсэн боловч надаас зугатаж, утасны дугаар зэргээ сольж уулзалдаж чадахүй явсан. Гэхдээ би өөрийн уурхайн бичиг баримтуудыг “Ашигт малтмал хэрэг эрхлэх газар”-аас шүүлгэхэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь уурхайн маань талийгаачийн нэр дээр шилжсэн байсан. Тиймээс миний бие үлдэгдэл болох 320,000,000 төгрөгийг өнөөг хүртэл нэхэмжлэх гээд явж байна. Миний эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан эзэн нь нас барсан бөгөөд би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад н.Амарбатад уг асуудлаар өргөдлөө гаргаад өнөөг хүртэл хүлээж байна. Иймд талийгаачийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч С.Гоос өөрийн хүүгийн эхлүүлэн хийсэн миний уурхайг нэр дээрээ шилжүүлсэн худалдан авсан байдлыг нотлох баримт дээр үндэслэн үлдэгдэл болох 320,000,000 төгрөгийг надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.С, Р.Б нарыг хорих ялаар шийтгэсэн. С.С нь ялаа эдэлж байх хугацаандаа талийгаачтай харилцан тохиролцсон байдаг. С.Сийн удирдаж байсан “Баян өндөр” хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гашуун хар уул нэртэй газарт байрлах ашигт малтмалын ордын хайгуулын лицензийг 420,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Урьдчилгаа зардалд 100,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Талууд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нотариатч дээр зээлийн гэрээ байгуулахаар очсон. Р.Бгийн хувьд мөнгө зээлүүлсэн гэх баримт дээр гарын үсэг зураагүй, 100,000,000 төгрөгийг хүлээж авч ашигласан зүйл байхгүй. Гэрээний агуулга бол талууд зээл өгөх хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний хэлбэрийн шаардлага хангасан боловч, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь эх хувиараа хэрэгт авагдсан. Хариуцагч Баярмаагийн хувьд мөнгийг хүлээж аваагүй учраас зээлийн гэрээний үүргийг хүлээх нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн байдаг ба нэхэмжлэгч нь шаардах эрхийг шилжүүлж авсан гэж байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өвлөдөг харин шаардах эрх өвлөгддөггүй, мөн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Иргэний хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлбэл 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82.1 Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг, хөөн хэлэлцэх хугацаа нь хэргийн оролцогчдын эрхийг нь хамгаалж байдаг, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэл гаргах эрхгүй, зээлийн гэрээний үүрэг хуульд заасны дагуу дууссан. Иргэний хуулийн 240.1.3. үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болох үндэслэл болно. Талийгаач нас барснаар үүрэг дуусгавар болж байна. Хуульд заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Б нь зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан боловч мөнгө хүлээж авсан баримт хэрэгт байхгүй, С.С яг ямар байдлаар мөнгийг хүлээж авсан баримт ч байхгүй, мөнгө хүлээж авсан дээр хариуцагч нарын гарын үсэг байхгүй. Иргэний хуулийн 281.1-т заасны дагуу эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсан гэж үздэг, гэрээ бодитоор байгуулсан эсэх нь тодорхой бус, зээлийн гэрээний зорилго нь юу байсан эсэхийг шүүх анхаарч үзээсэй. Гэрээ байгуулсан зорилго нь “Баян өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны эзэмшилд байсан хайгуулын лицензийг худалдаж авах юм. 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач нь С.Стэй уулзаж, зээлийн гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан зорилго нь лицензийг худалдан авах байсан. Эхний ээлжинд урьдчилгаа болгож 100,000,000 төгрөгийг өгөхдөө зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг нь хэрэгт байгаа. 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Хэрэгт байгаа баримтаас алтны шороон ордны лицензийг шилжүүлсэн гэдэг нь харагддаг. Талуудын хооронд гэрээ бодитоор хийгдээгүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Хэрэгт авагдсан “Дэвшил майнинг” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №06, мөн өдрийн №05 тоот албан бичгүүдээс үзэхэд талийгаач Г.А нь гэрээг дуусгавар болсноо илтгэж уг бичгүүдийг хариуцагчид өгсөн байдаг. Эдгээр 5, 6 тоот албан бичгүүд, мөн дуудлага худалдаанд оролцсон үйл баримтаас харвал талийгаач нь алтны шороон ордыг өөрийн нэр дээр шилжүүлж авах зорилготой байсан. Гэрээний зорилго нь өөр учраас хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь С.С болон Р.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Баян өндөр сан” ХЗХ-ны захирал С.С болон “Баян өндөр сан” ХЗХ-ны менежер Р.Б нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, “Баян өндөр сан” ХЗХ-ны эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, “Гашуун хар уул” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийн гэрчилгээтэй лицензийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу дээр дурдсан тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдааг эрх бүхий байгууллагаас явуулсан ба уг дуудлага худалдаанд Г.Аийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан “Дэвшил майнинг” ХХК ялжээ. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, “Гашуун хар уул” нэртэй талбай бүхий ХҮ-017324Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийг “Дэвшил майнинг” ХХК-д шилжүүлжээ.
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэг талаас Г.А нөгөө талаас С.С, Р.Б нар зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч Г.А нь 100,000,000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хариуцагч С.С болон Р.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...миний хүү Г.А 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдсан бөгөөд би хуульд заасны дагуу талийгаачийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өвлөж авсан”, “...талуудын хооронд ямар нэг худалдах-худалдан авах гэрээний харилцаа өмнө нь байгаагүй, талийгаач хүү маань өөрийн эхнэрийн ээжийн төрсөн ах болох С.Ст туслах зорилгоор мөнгө зээлдүүлсэн. Зөвхөн зээлийн гэрээний харилцаа талуудын дунд байсан” гэж,
харин хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...талуудын хооронд бодит байдал дээр зээлийн биш харин хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах гэрээний харилцаа байсан, талийгаач Г.А нь зээлийн гэрээг дуусгавар болсон тухай бичгийг С.Ст хүргүүлсэн ба үүгээр зээлийн гэх гэрээний үүрэг дууссан” гэж тайлбарлав.
Тодруулбал, зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Г.А болон С.С, Р.Б нарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний талаар дээр дурдсан байдлаар зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байна.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбаруудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд аливаа этгээдүүдийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба мөн зүйлийн 240.1.5 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл” гэжээ.
Хэрэгт авагдсан “Дэвшил майнинг” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №06 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй С.Ст” гэсэн албан бичиг, “Дэвшил майнинг” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №05 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй С.Ст баримт үйлдэх нь” гэсэн албан бичгүүдийг хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Иймд С.С болон Р.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай С.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул С.С болон Р.Б нараас 100,000,000 төгрөг гаргуулах тухай С.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.