Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00450

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00450

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Д.Бэ-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б- холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:     Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгч Д.Бэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 11 сард Д.Ба-тай гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах байхдаа 2004 оны 10-р сарын 14-нд охин Б.Э төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүй зөрчлийн улмаас 2007 оны 11 сараас салж тусдаа амьдарсан. Одоо 10 гаруй жил болж, энэ хугацаанд тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Д.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд гэрлэсэн, 2004 онд охин Э төрсөн. 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа, одоо өөр өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Бэ нь Д.Ба- т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  Д.Бэ, Д.Ба нар нь 2003 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2004 оны 10-р сарын 14-нд охин  Б.Э төрүүлж өсгөжээ.

 

  Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

  Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байсны улмаас 2007 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хамт амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

  Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 1-р сарын 30-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ба, Д.Бэ нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 10-р сарын 14-ний төрсөн охин  Б.Эг эх Д.Бэ-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Ба-гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА