| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0632/З |
| Дугаар | 128/ШШ2020/0514 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2020/0514
2020 оны 8 сарын 19-ний өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Ц нарыг оролцуулан Ш.С-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн НДХ, улсын байцаагч Б.Ц эрэнчимэдэд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Ш.С. /РД:УС00000000/.
Хариуцагч: БГД-ийн НДХ.
Нэхэмжлэлийн шаардлага: “БГД-ийн ЭМ, НДХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 009325 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие 68 настай улсад 30 жил үүнээс 10 жил нь хортой нөхцөлд ажилласан учраас 2004 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авч байтал БГД-ийн НДХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000325 дугаар актаар тэтгэвэр өгөхөө больсон. Уг актаар ХНХ-ын сайдын 2016 оны А/319 дугаар тушаал, ЭМ, НДЕГ-ын даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн аян зохион байгуулах тухай А/11 дүгээр тушаалын дагуу тэтгэвэр авагч иргэдийн хувийн хэргийг тэтгэврийн олголтыг мэдээллийн нэгдсэн баазтай тулган шалгав. Шалгалтаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх сарын цалингууд зөрүүтэй, 1987 оны 04 сар, 1988 оны оны 9, 10, 11, 12 дугаар сарын, 1989 оны 02 дугаар сарын цалингууд тус тус гарч ирээгүй зөрчил илэрсэн тул 2005 оны 02 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд илүү төлсөн 8.401.626 төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлсүгэй. Илүү төлсөн 8.401.626 төгрөгийг БГД-ийн ЭМ, НДХ-ийн төрийн банкны дансанд 14 хоногийн дотор төлүүлж тэтгэврийн санг хохиролгүй болгохыг даалгасан болно.
Миний бие НД-ын УБ-ийн актыг хүлээж аваагүй бөгөөд энэхүү тушаал гарсныг 2018 оны 10 сард мэдсэн. Яагаад гэвэл энэ хугацаанд өвчтэй босож чадахгүй, эмчилгээ хийлгэж байсан ба 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр таяг дээрээ боссон, энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “уг актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу таны сар бүр төлөх олгох тэтгэврийн дүнгээс 50 хувиар суутгал хийгдэж байгаа нь үндэслэлтэй байна” гэх хариуг өгсөн. Миний бие тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан, гарын үсэг зураагүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу Төрийн байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргасан бол иргэнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байтал надад огт мэдэгдэлгүйгээр Үндсэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхийг минь хязгаарласан тул 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000325 дугаар актыг хүчингүй болгох хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Шүүх шинжээч томилох тухай захирамж гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 1989 онд нэхэмжлэгч ажиллаж байгаагүй талаар дүгнэлт гаргасан. 1989 оны цалин сольж мэдээллийн баазад хайнга хандсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн нийгмийн даатгалын байцаагчийн буруу. Тэтгэвэр авагч Ш.Г-аас мөнгийг суутгах нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байгаа учраас хариуцлага тооцох зүйтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэврээ бүрэн бүтэн авч чадахгүй байна. Нэхэмжлэгч нь 340.000 /гурван зуун дөчин мянга/-н төгрөг авах ёстойгоос 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг авдаг. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 009325 дугаар акт хууль бус учраас хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтэд цалинг сольж мэдээллийн баазад бүртгэж, ажилдаа хайнга хандсан гэхээр Ш.С хуурамч нотлох баримт бүрдүүлээгүй, харин нийгмийн даатгалын байцаагч бүртгэл хийхдээ буруу хийсэн юм. Тэтгэвэр тэглэсэн асуудал нь 2019 онд болсон. Энэ акт бол 2017 оны 11 дүгээр сар бөгөөд Ш.С 1 жил гаруй нь хугацаанд тэтгэврийн зээлээ төлсөн. Нийгмийн даатгалын хэлтэс 8 сая төгрөгөө авч, үлдсэн төгрөгийг “КБ” ХХК авдаг байсан. 8 сая төгрөгийг Ш.С-аар төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан...” гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ш.С нь 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд ХНХ-ын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаал, ЭМ, НДЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай" А/11 тоот тушаалын дагуу тэтгэвэр авагчдын хувийн хэрэг тэтгэврийн олголтыг тулган шалгасан юм. Ш.С-ийн өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргагдсан Улаанбаатар хотын хүнсний үйлдвэрийн мэргэжлийн сургуульд мастер багшаар ажиллаж байсан 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны цалингийн тодорхойлолтыг магадлан шалгахад Өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт иргэн Ш.С-ийн бүрдүүлэн өгсөн цалингийн тодорхойлолт нь сканердсан /хуурамч/ бичиг баримтын шаардлага хангахгүй, 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны цалингууд зөрүүтэй 1987 оны 4 дүгээр сар, 1988 оны 9-12 дугаар сар, 1989 оны 02 дугаар сарууд нийт 6 сарын цалин гарч ирээгүй зөрчил илэрсэн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 “Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг үндэслэлгүй, илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй, илүү авсан тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг нөхөн төлүүлэх” гэж заасны дагуу 2005 оны 02 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 8.401.626 төгрөгийг нөхөн төлүүлэхээр НД-ын УБ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 000325 дугаар акт тогтоосон юм.
Дээрх актыг тогтоохоос өмнө цалингийн тодорхойлолтыг магадлан шалгах явцад Ш.С-тай утсаар холбогдсоны дагуу түүний хүү Улаанбаатар хотын хүнсний үйлдвэрийн мэргэжлийн сургууль одоогоор ХТПК-ийн 2017оны 7 дугаар сарын 05-ний өдөр Ерөнхий захирал Б.Б-ийн гарын үсэг тамга тэмдэгтэй 1985-1988, 1990, 1994-1996 оны цалингийн түүврийг албан бичгийн хамт авчирсан юм. Эдгээр онуудын цалингийн түүврийг өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт Ш.С-ийн бүрдүүлэн өгсөн цалингийн тодорхойлолттой тулган шалгахад зөрүүтэй байсан тул БГД-ийн НДХ-ийн НД-ын УБ Д.Б, тэтгэврийн байцаагч Д.М нар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр санхүүгийн анхан шатны баримттай дахин магадлан шалгахад дээр дурдсанаар нийт 6 сарын цалин гарч ирээгүй зөрчил илэрсэн юм.
Дээр дурдсан зөрчил илэрсэн тул Ш.С-ийн хүүтэй холбогдон асуудлыг танилцуулж Ш.С-г өөрийн биеэр ирэх шаардлагатай гэхэд хөл муутай ирж чадахгүй гэсэн хариу өгсөн тул асуудлыг танилцуулахаар түүний хүүд улсын байцаагчийн актыг өгч явуулахад шалгалтаар тогтоосон дундаж цалингийн дагуу тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрсөн, дундаж цалинг өөрчлүүлэх хүсэлтэй байгаа. Шалгалтаар тогтоосон дундаж цалингийн дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхэд татгалзах зүйлгүй. Улсын байцаагчийн акттай танилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ингэхдээ “Улсын байцаагчийн акттай танилцлаа, Уг мөнгөн дүнгээр тэтгэврийг олгож цаашид 50%-р тэтгэврээ авч, үлдсэн 50% ийг актын төлбөрт суутгуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж, улсын байцаагчийн актад Ш.С нь гарын үсэг зурсан.
Иймд Ш.С-ийн нэхэмжлэлдээ дурдсан улсын байцаагчийн актыг хянаж аваагүй, зөвшөөрөөгүй гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн Ш.С нь дээр дурдсан асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт удаа дараа хандахад, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6/2530 дугаар албан бичиг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/153 дугаар албан бичгүүдээр түүнд тогтоосон улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн байна.
Ш.С нь өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт материал бүрдүүлэн өгөхдөө цалингийн тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж, Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж тэтгэврийг илүү тогтоолгон авсан тул хуулийн дагуу хариуцлага хүлээж илүү авсан тэтгэврийг нөхөн төлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох нь хуульд нийцэж байгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хангах боломжгүй байна.
Шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий акт үндэслэлтэй байгаа талаар дурдсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх юм бол хариуцлагыг өөрөө хүлээх заалт байдаг. Уг заалтыг шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Тиймээс үүнийг аль аль талаас нь харгалзаж үзээрэй.
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн дагуу Ш.С-ийн тэтгэврийн зээл тэглэгдэж, тэтгэврийн зээлгүй болсон байх. Иргэний тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу иргэн үнэн, зөв баримт, бичгээ бүрдүүлж өгөх ёстой.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасныг үндэслэж акт гарсан байгааг анхаарч үзнэ үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэл гаргагчаас шүүхэд хандан “БГД-ийн ЭМ, НДХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 009325 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгснөөр уг БГД-ийн ЭМ, НДХ-ийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 009325 дугаар актыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Үйл баримтын хувьд, БГД-ийн НДХ-ийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 000325 дугаар актаар “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ш.С-ийн “Улаанбаатар хотын Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль”-д мастер багшаар ажиллаж байсан 1985-1989 онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах цалингийн лавлагааг дахин магадлахад 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны сарын цалингууд зөрүүтэй, 1987 оны 04 дүгээр сар, 1988 оны 09, 10, 11, 12 дугаар сар, 1989 оны 02 дугаар сарын цалингууд тус тус гарч ирээгүй зөрчил илэрсэн тул Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ш.С-аар 2005 оны 02 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд илүү олгосон 8.401.626 /найман сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун хорин зургаа/-н төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх”-ээр тогтоожээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/153 дугаар өргөдлийн хариуд “... ЭМ, НДЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/11 дүгээр тушаалын дагуу тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгаж улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр 23-ны өдрийн 000325 дугаар актаар 8.401.626 /найман сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун хорин зургаа/-н төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу сар бүр олгох тэтгэврийн дүнгээс 50 хувиар суутгал хийж байгаа нь үндэслэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх улсын байцаагчийн актыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “... захиргааны акт гаргасан талаар мэдэгдээгүй, Үндсэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхийг хязгаарласан, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байхад тэтгэврээс суутгаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн маргасан бол хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “... нэхэмжлэгч Ш.С нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, шалгалтаар тогтоосон дундаж цалингийн дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхэд татгалзах зүйлгүй, уг мөнгөн дүнгээр тэтгэврийг олгож, цаашид 50%-р тэтгэврээ авч байх хүсэлтэй байгаа талаар бичгээр хандаж байсан, цалингийн түүврийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Шүүх хэргийг нэг мөр, эргэлзээгүй талаас нь хянан шийдвэрлэхийн тулд маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг тодруулахаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/48 тоот шинжээчийн дүгнэлтэд: “... НД-ын УБ Б.Ц нь тус дүүргийн НДХ-Т-ийн ХБ Д.Б, Д. Мөнхзаяа нараар Ш.С-ийн тэтгэвэр анх тогтоолгохоор ирүүлсэн /1985, 1986, 1987, 1988, 1990/ оны цалингийн лавлагааг шалгуулж “Хүнс, технологийн политехник коллеж”-ийн архиваас гаргуулан, тулган баталгаажуулж авсан ба шинээр ирүүлсэн лавлагаа нь тэтгэвэр тогтоосон лавлагаанаас зөрүүтэй байсан тул тэтгэврийг шинэчлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сараас эхлэн сард олгох тэтгэврийг 105480 төгрөгөөр бууруулж, 294453 төгрөгөөр олгосон нь үндэслэлтэй байна. Харин Нийгмийн даатгалын сангаас 2005 оны 02 дугаар сараас хойших хугацаанд илүү олгосон 8401626 төгрөгийн тооцооллыг зөв хийсэн боловч Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтыг буруу хэрэглэн илүү олгосон төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дугаар зүйлийг үндэслэн тэтгэвэр авагч Ш.С-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улмаар тэтгэвэр авагч Ш.С нь тэтгэвэр анх тогтоолгохоор ирүүлсэн цалингийн лавлагааг ажиллаж байсан байгууллагын архивын үндсэн баримттай тулгахад 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сар дуустал цалин зөрүүтэй, 1987 оны 4-р сар, 1988 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 1989 оны 2 дугаар сард цалин байхгүй байхад цалинтай болгож хуурамчаар сканердсан байгаа нь төрийн байгууллагад хүндрэл учруулж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ.
Эндээс үзэхэд, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд шимтгэл төлж ажилласан дараалсан таван жилийнхээ дагуу материал бүрдүүлж өгөхдөө дутуу материал өгсөн, хуурамчаар үйлдсэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Тодруулбал, Хүнс, технологийн политехник коллежийн захирлаас БГД-ийн НДХ-т “Шархүү овогтой Сарантуяа нь тус сургуульд 1985-1988, 1994-1996 онуудад ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “тодорхойлолт хүргүүлэх тухай” 226 дугаар албан бичгээр, “...тэтгэвэр авагч Ш.С нь тэтгэвэр анх тогтоолгохоор ирүүлсэн цалингийн лавлагаа ирүүлснийг ажиллаж байсан байгууллагын архивын үндсэн баримттай тулгахад 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сар дуустал цалин зөрүүтэй, 1987 оны 4-р сар, 1988 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 1989 оны 2 дугаар сард цалин байхгүй байхад цалинтай болгож хуурамчаар сканердсан байгаа нь төрийн байгууллагад хүндрэл учруулж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлтээр, хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэгт 1989 оны цалин огт байхгүй цалингийн түүвэр, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Энэ байдал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д: “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл, болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, лавлагаа гаргуулж авах”, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д: “тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих”, 4.1.4-д: “... зөрчил дутагдлыг арилгах...”, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ... тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих ... бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... улсын байцаагчийн акт үйлдэнэ”, 3.5-д: “... илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж ... шийдвэрлэхээр акт үйлдэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий асуудлаар гарсан улсын байцаагчийн актыг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1-д: “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож ... тодорхойлно” гээд даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол ...нийт сарын тоонд хувааж, даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол ... нийлбэрийг 60-д хувааж гаргахаар хуульчилсан байна. Түүнчлэн мөн хууль, зүйлийн 3-д: “тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны ... харьцуулж гаргасан индексээр ... өөрчлөн тооцно” гэх зэргээр хуульчилж зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн анх тэтгэвэр тогтоолгохоор гаргасан цалингийн лавлагаа нь хяналт шалгалтын үед авагдсан эх баримттай тулгасан лавлагаанаас зөрүүтэй байгааг тогтоосон нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 1-д: “тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно” гээд “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж, нийгмийн даатгалын байгууллагад холбогдох материал бүрдүүлж өгөхдөө бүрэн гүйцэд бус, ажиллаагүй хугацаагаа /сараа/ ажилласнаар гаргаж өгсөн нь дээрх байдлаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... цалинг сольж мэдээллийн баазад бүртгэж, ажилдаа хайнга хандсан нийгмийн даатгалын байцаагчийн буруу, Ш.С хуурамч нотлох баримт бүрдүүлээгүй” гэх тайлбар няцаагдаж байна.
Нэхэмжлэгчийн ажилласан байдал болон таван жил дараалан тасралтгүй шимтгэл төлж ажилласан баримт нь хяналт шалгалтаар зөрүүгүй, үндсэн баримттай таарч байгаа тохиолдолд нэхэмжлэл хангагдах боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэснийг хэрэглэхийн тулд нийгмийн даатгалын байгууллагын ажилтан тэтгэвэр тогтоох албан үүрэгтээ хайнга хандсан, илтэд зөрүүтэй алдаа гаргаснаас шалтгаалан тэтгэвэр үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон байхыг ойлгохоор байна. Шүүх, нийгмийн даатгалын байгууллагын ажилтан ажилдаа хайнга хандсан, цалингийн түүвэрт шимтгэл төлөгдөөгүй сар байхад анхаараагүй байна гэж үзэхэд учир дутагдалтай тиймээс улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар шаардсаныг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зохицуулсныг хэрэглэж, хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгч иргэн Ш.С-ийн тэтгэвэр тогтоох үед даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын ажилтны хэн нь буруутай байсан талаар дахин судалж үзэх, даатгуулагчийн буруутай үйлдлээс нийгмийн даатгалын холбогдох санд хохирол учирсан эсэх, эсхүл нийгмийн даатгалын ажилтны буруугаас тэтгэвэр авагчид хохирол учирсан эсэх талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу шийдвэр гаргуулах замаар маргаан бүхий асуудлаар дахин шинэ захиргааны акт гаргах шаардлагатай гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан маргаан бүхий БГД-ийн ЭМ, НДХ-ийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 009325 дугаар актыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий БГД-ийн ЭМ, НДХ-ийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 009325 дугаар акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 5435 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН