Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0094

 

2015 оны 2 сарын 25 өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

 

Б.Ү-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Б.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй, Б.Ү-н нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг дарга С.О-д холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд Ц.Э-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргын алба хашиж байхад 2012 оны 02 дугаар сарын 27-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр Эрүүл мэндийн газрын даргаар ажиллах тухай санал тавьж улмаар 2012 оны 03 дугаар сарын 12-ны А/128 тоот Засаг даргын захирамжаар миний бие аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ. Өмнө нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Э Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны 43 тоот тогтоол, Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот шийдвэр гарч Ц.Э Эрүүл мэндийн газрын даргаар эргэн орж аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний А/480 тоот захирамжаар миний бие ажлаас халагдсан.

Энэ үед би захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан учир биелүүлэх ёстой гэж үзэн ямар ч асуудал тавилгүй ажлаа шууд хүлээлгэн өгсөн. Ц.Э 2012 оны 10 дугаар сард ажилдаа эргэн орж ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдан ажлаас халагдсан учир намайг мөн өдрийн А/619 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын даргаар томилон ажиллуулсан.

Энэ өдрөөс хойш миний бие үүрэгт ажлаа Засаг дарга С.О-н захирамж гартал хугацаанд хийж ирсэн. Ажлаас буруу халагдсан тухайгаа Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл болон Монгол Улсын Төрийн албаны салбар зөвлөлд хандаж хариу авсан болно. Миний өргөдлийг шалгаад Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 972 тоотоор ирүүлсэн албан бичигт ... Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолын биелэлтийг хангаж Ц.Э-г эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон аймгийн Засаг дарга Д.Ч-н захирамж гарсан байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг давхардуулан гаргаж байгаа нь тус аймгийн Засаг дарга болон Тамгын газрын хүний нөөцийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 дүгээр захирамж нь Захиргааны хэргийн шүүхээр болон Төрийн албаны зөвлөлөөс 2012 онд гаргасан шийдвэрүүдийн үндэслэл байх тул тус зөвлөл энэхүү маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах боломжгүй тул та энэхүү асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн учир нэхэмжлэл гаргаж байна.

Мөн тухайн үед Я эмчийн материалыг миний материалтай хамт явуулж байсан учраас удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдсан гэж үзэж байна.

Иймээс Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 6712894 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... аймгийн Засаг даргын 2012 оны А/120 дугаар захирамжаар Ц.Э-г аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажлаас халсныг Ц.Э үл зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хянан шалгаж уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолыг биелүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг.

Аймгийн Засаг дарга асан Д.Ч биелүүлээгүй тул иргэн Ц.Э захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Ц.Э-г өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан байна. Д.Ч мөн шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шаардсанаар Ц.Э-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/480 дугаар захирамжаар эгүүлэн томилсон. Эргүүлэн томилогдсоноос хойш 20 хоногийн /ажлын/ дараа түүнийг дахин 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 дугаар захирамжаар ажлаас нь халсан байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд иргэн Ц.Э гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд аймгийн Засаг даргын 2012 оны А/618 тоот захирамжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, мөн салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоол гарсны дараа болон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх явцад дээрх захирамжийн үндэслэл болгосон албан бичгүүдийг боловсруулан, нөхөж гаргасныг дурдаад аймгийн ёс зүйн хороо болон салбар зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байна гэсэн хариуг Ц.Э аймгийн Засаг дарга нарт өгсөн байна.

Иргэн Ц.Э хууль бусаар ажлаасаа халагдсаныг шат шатны байгууллагууд тогтоогоод байхад тухайн үед ажиллаж байсан Засаг дарга ажилд нь эгүүлэн томилоогүй байсан, нөгөөтээгүүр Ц.Э ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлт аймгийн Засаг даргад гаргасны дагуу би хууль тогтоомжид нийцсэн эсэхийг судалж, хянаж үзээд аймгийн Засаг даргын 2014 оны Б/451 дүгээр захирамжаар Ц.Э-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилж, хууль зүйн үндэслэлгүй аймгийн Засаг даргын 2012 оны А/618 тоот захирамжийг хүчингүй болгосон юм. Учир нь, Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ү Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд Ц.Э-тэй холбоотой асуудлыг дахин хянан шийдвэрлэх боломжгүй, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын 2012 оны А/618 захирамжийг гаргахдаа түрүүчийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг давтсан нөхөн гаргасан, аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороогоор шийдвэрлэхгүй асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээ өөрт нь танилцуулаагүй хуйвалдан буруу гаргасан зэрэг асуудлууд байгаа учир урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй юм гэсэн хариуг Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 972 тоотоор надад ирүүлсэн.

Иймд, аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 дүгээр захирамж нь Захиргааны хэргийн шүүхийн болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолын үндэслэл байгаа учраас Б.Ү-г аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар эргүүлэн томилж, цалинг нөхөх боломжгүй тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллах хугацаандаа аймгийн Эрүүл мэндийн салбарт дэд бүтцийг сайжруулж, эмнэлгийн барилгын 50 хувийг шинэ барилгатай болгож, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг 85-аас дээш хувьтай болгож, эм, эмнэлгийн мэргэжилтний хангалтыг 90 хувиас дээш болгон эрүүл мэндийн үзүүлэлтийг жилээс жилд сайжруулан ажилласан. Ажиллах хугацаандаа аймгийн Эрүүл мэндийн салбарын ажил улсын хэмжээнд 2 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар байранд шалгарч байсан. Аймгийн хэмжээнд олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсний дотор 2008-2014 онд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж 2.5 тэрбум төгрөгийн дэд бүтэц сайжруулах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эм, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах төслийг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ хийн үр дүнгийн гэрээг жил бүр А-В үнэлгээтэй дүгнүүлэн ажиллаж, иргэд байгууллагаас санал гомдол ирж байгаагүй, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

Анх аймгийн Засаг дарга Д.Ч өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн намайг 2012 оны 03 дугаар сарын 02-нд ажлаас халах шийдвэр гаргахдаа ямар ч баримт нотолгоогүй ажил үүргээ хангалттай, сайн биелүүлэн ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ямар ч хуулийн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Засаг даргын зөвлөлийн гишүүд нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлийг ногдуулж, Засаг даргын зөвлөлийн гишүүд нь үндэслэлгүй ажлаас халах боломжгүй гэсэн санал зөвлөгөө өгөөд байхад би өөрөө санаачилгаараа Ц.Э-г халж байна, би буруу шийдвэр гаргавал цалингаа өгнө, чи надаас илүү цалин авдаггүй юм байгаа биз дээ, та нар үндэслэл ол, эрүүл мэндийн хууль сайн унш гэсэн үүргийг Засаг даргын зөвлөлийн хурлаасаа үүрэг өгч хурал өндөрлөж байсан. Албан үүргээ хангалттай сайн гүйцэтгэж, албан байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ сайн биелүүлэн ажиллаж байсан намайг ажлаас халсан.

Хууль бус шийдвэр гаргасан тул би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Ажлаас халах тухай 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/120 захирамжийг хүчингүй болгосон. Д.Ч Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс биелүүлсэн тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тогтоолоор намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан.

Д.Ч мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж ажиллагаа явуулсны хүчинд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 2012 оны 10 дугаар сарын 09-ний А/480 дугаар захирамжаар эгүүлэн томилсон боловч ажлын 20 хоногийн дараа дахин 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 дугаар захирамжаар түрүүчийн гаргасан шийдвэрийг үндэслэн ажлаас халсан байсан. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2012 оны А/618 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэл болгосон Төрийн албаны салбар зөвлөлийн 52 дугаар тогтоолыг надад өгөөгүй. Учрыг ёс зүйн хорооны даргаас дараа тодруулахад Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо нь холбогдох дүрэм журмаа зөрчиж хамааралгүй субъект өөр байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн талаарх ёс зүйн дүгнэлт гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж ёс зүйн хорооны дарга Н.Э хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэх боловч салбар хорооноос надаас ямар нэгэн тодруулга, асуулга аваагүй байдаг.

Энэ шийдвэрээ 7 хоногийн өмнө гаргасныг надад мэдэгдээгүй миний ажлыг шийдвэрээ хүргүүлсний дараа 10 минутын дараа ирж авсан. Тиймээс захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар тогтоол болон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний 02 дугаар шийдвэр хүчин төгөлдөр хэвээр гэсэн өргөдлийн хариуг 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар албан тоотоор өгсөн.

Иймээс би ажилд эгүүлэн томилохыг хүлээж албан бичгийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэн хүндэтгэлтэй хандан хүлээсэн. Дундговь аймгийн Засаг даргаар 2013 оны 02 дугаар сарын 22-нд шинээр томилогдсон С.С-тэй уулзан ажилд эгүүлэн томилох тухай холбогдох дээд байгууллагын шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ тавьсан боловч түрүүчийн Засаг даргын шийдвэрийг би өөрчилж чадахгүй бас төрийн албаны залгамж чанар гэж байдаг тул чамайг ажилд чинь эгүүлэн томилох боломжгүй гэсэн хариулт өгсөн.

Харин шинээр томилогдсон аймгийн Засаг дарга С.О-д ажилдаа эгүүлэн томилуулах тухай өргөдөл гаргаж, дээд байгууллагуудын шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавихад судалж, хууль зүйн үндэслэлтэй байна гэж хянан шийдвэрлэж эгүүлэн томилсон юм.

Би заасан энэ ажилд орохгүй намайг ямар нэгэн ажилд оруулж өгөөч гэсэн хүсэлтийг С.С даргад тавьсан. Би хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдах үедээ Б.Ү-г Эрүүл мэндийн газрын даргаар томилуулах санал болгож энэ албан тушаалд томилуулж байсан. Гэтэл энэ хүн намайг ажилтай болгож өгнө үү гэсэн хүсэлтийг өөрт нь тавихад биелүүлэх битгий хэл Мэргэжлийн хяналтын газарт өөрийн хийж байсан ажилд томил гэсэн үүргийг Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатар өгөхөд Мэргэжлийн хяналтын газрын даргад хэлж томилуулаагүй. Эрүүл мэндийн яамнаас олон жил удирдах ажил хийсэн манай туршлагатай бэлтгэгдсэн боловсон хүчний нэг тул Зоонозын төвийн даргын ажилд томил гэсэн яамны саналыг үл ойшоон мэргэжлийн хяналтын газарт хамт ажиллаж байсан найзаа хуйвалдан томилсон нь одоо ажиллаж байна. Хууль дүрмээс гадна бас хүний чанар байдаг гэдгийг Б.Ү гэдэг хүн ойлгоосой гэж би бодож байна.

Шат шатны байгууллагын хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан байхад Б.Ү аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан тушаал нь өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа хэлтсийн дарга эрүүл мэндийн улсын байцаагчийн ажлаа хийж болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Би ажилдаа эгүүлэн томилогдож ажил хүлээлцэх үед таныг хүсэлт гаргавал боломжтой ажилд томилно гэхэд Б.Ү та нараас ажил гуйхгүй гэж байсан.

Хүчин төгөлдөр шийдвэр, хууль тогтоомжийг биелүүлдэггүй, эс тооцдог, өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хуйвалдан дур зорго, үзэмжээрээ хүнийг ажлаас халдаг албан тушаалтнуудын шийдвэрүүдийг нягтлан шалгаж тусална уу.

Миний хувьд шүүхэд хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэхээр хандаж байсан. Гэвч миний нурууны өвчнийг үгүйсгэж хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр сэргээгээгүй. Би нурууны өвчтэй нь үнэн. Одоо хүртэл эмчлүүлдэг. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан Н.Э 2012 онд ёс зүйн дүгнэлт гаргах ёсгүй байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Энэ аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 тоот захирамж, Төрийн албаны зөвлөлийн 10, 980 тоот тогтоолууд бүгд хоорондоо уялдаа холбоотой юм.

Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг судлан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд Ү-г эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Үт ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 3563847 төгрөгийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, үлдэх хэсгийг 3149047 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.Э давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Ү-н 2014 оны 08 дугаар сарын 25-нд гаргасан нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Энэ хэргийг Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүх дээр хэт нэг талыг баримтлан, нотлох баримтад тулгуурлалгүй, гуравдагч этгээдийн хуульд заасан эрхийг хангалгүйгээр нэхэмжлэгчийн талд шийдсэн. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Энэхүү хэрэг нь 2012 оны 03 дугаар сарын 02-нд аймгийн Засаг даргын А/120 тоот захирамжаар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ч Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халснаар эхэлсэн. Энэ захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, аймгийн Засаг даргын Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шалгаж танилцах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байсан. Энэ үед ажлаас халах үндэслэл олдохгүй, ажлын хэсэгтээ та нар заавал алдаа ол, эрүүл мэндийн хууль сайн унш, мөнгө идсэн уусан зөрчил ол гэж үүрэг даалгаврыг миний ажлыг шалгуулах ажлын хэсэгтээ Засаг даргын зөвлөлийн хурал дээр өгсөн. Ажлын хэсэгт байсан Оюун нягтлан нь мөнгө идсэн уусан юм байхгүй юмыг яах вэ гээд шалгалтын дүнгээ танилцуулахдаа уурлаж бухимдан хэлж байсан. Ингээд салбарын ажлыг үзээд болохгүй болохоор нь анх нэргүй захидал зохион эрүүл мэндийн дэд сайдад өгсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд хариуцсан түшмэл С.Я-н үгээр салбарын ажилчидтай зүй бус харьцдаг, дарамтлах зэргээр дутагдал гаргадаг, эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эргүйгээр ажлаас халсан. Энэхүү А/120 тоот захирамжийг миний бие эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөл гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол нь Ц.Э-г албан тушаалаас нь халахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн Маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт зүйтэй гэж үзсүгэй, Ажлаас халах тухай Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгосугай, энэ шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлэхийг аймгийн Засаг дарга Д.Ч-д даалгасан шийдвэр байсан. Намайг Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох тухай Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолыг аймгийн Засаг дарга Д.Ч биелүүлэхгүй байсан тул би аймгийн захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргасан. Гаргасан гомдлын дагуу Дундговь аймгийн Захиргааны хэргийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр Ц.Э миний биеийг Эрүүл мэндийн газрын эгүүлэн тогтоосугай гэсэн шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс гарсан ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг Засаг дарга Д.Ч биелүүлэхгүй явсаар аймгийн Засаг дарга Д.Ч-г гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар удаа дараа албадан шаардсанаар би ажилдаа 2012 оны 10 дугаар сарын 04-нд эргэн орсон. Ажилдаа эргэн орсон боловч сар хүрэхгүй хугацаанд аймгийн Засаг дарга Д.Ч-н 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 тоот сахилгын арга хэмжээ авах тухай захирамжаар 2 дахь удаагаа хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Энэхүү захирамжийн үндэслэл нь Өглөөний сонины 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаарт ажлаас халагдсан талаарх албадан авсан ярилцлагыг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн агуулгатай зүйл ярьсан гэж гүтгэн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороонд дарамт шахалт үзүүлэн улс төр ярьсан гэж 2012 оны 11 дүгээр сарын 02-нд дүгнэлт гаргуулан, мөн аймгийн Төрийн албаны зөвлөлөөр ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсүгэй гэсэн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолыг гаргуулан үүнийгээ үндэслэн маргааш нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 07-нд намайг ажлаас халсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд би дахин гомдол гаргаж надад 2013 оны 01 дүгээр сарын 08-ны 10 тоот албан бичгээр хариу өгөхдөө Таны Төрийн албаны зөвлөлд өмнө нь гаргасан өргөдлийг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцээд Дундговь аймгийн Засаг даргын Ажлаас халах тухай 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/120 тоот захирамжийг тус зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Мөн таны Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж таныг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг гаргажээ.

Гэвч Засаг даргын 2012 оны А/618 тоот захирамжаар таныг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас халахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, мөн Салбар зөвлөлийн мөн оны 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны 43 дугаар тогтоол гарсны дараа болон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захирамжийн үндэслэл болгосон албан бичгүүдийг боловсруулан, нөхөж гаргасан нь Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо болон Салбар зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд бид үүнийг цаашид анхааралдаа авч ажиллах болно. гэсэн хариуг ирүүлсэн.

Миний бие дахин 2014 оны 08 дугаар сарын 05-нд Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон. Гэтэл ажлаас халагдахдаа миний санал болгон томилуулсан Эрүүл мэндийн газрын даргаар 2 жил гаруй ажилласан Б.Ү ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ бол анх намайг Д.Ч ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр халсан хэргийн үргэлжлэл юм. Энэхүү хэргийг үнэн зөв шийдвэрлээхэд болж өнгөрсөн үйл явдлыг бүхэлд нь авч үзэх, ингэхдээ нотлох баримтад тулгуурлах ёстой гэж үзэж байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны 10 тоот албан бичиг ирсний дараа шинээр томилогдсон Засаг дарга Сүхбаатарт Төрийн албаны зөвлөлөөс дээрх хариу ирсэн тул Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн хүсэлтийг тавихад төрийн албаны залгамж чанар байдаг, тиймээс Д.Ч даргынхаа ажлаас халсан хүнийг би томилж чадахгүй гэсэн хариулт өгсөн. Миний ажлаас 2 удаа халагдсан аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны А/120 дугаар захирамжийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны 43 дугаар тогтоол, Дундговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний 02 дугаар шийдвэрээр, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны А/680 дугаар захирамжийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны 10, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны 980 дугаар албан тоотоор хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус захиргааны акт гэдгийг тус тус тогтоосон. Төрийн албаны зөвлөл 2 дахь удаагаа гаргасан гомдолд маргааныг хянан шалгах комисс дахин томилох шаардлагагүй, дахин тогтоол гаргах шаардлагагүй, илт хууль бус акт гэдгийг хэлсэн. Намайг ажлаас халсан энэ хоёр захирамжийн алинд нь ч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3 дугаар зүйлд заасан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг ажлаас халах хуулийн үндэслэл байхгүй. Хэрэв үнэхээр сахилгын зөрчил гаргасан бол хуульд заасан сахилгын шийтгэлийн арга хэмжээг яагаад шат дараалан авахгүй яагаад заавал төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас халж байна вэ, Төрийн албаны тухай хуулийг зөрчин нэг төрлийн сахилгын шийтгэлийг яагаад давхардуулан ноогдуулаад байгаа юм бэ, үүний цаана ажлаас нь заавал хална гэсэн өс хонзон агуулагдаж байгаа нь илэрхий байсан. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны А/680 захирамжийн үндэслэх хэсэгт байгаа ёс зүйн зөрчил гаргасан гээд байгаад дараах тайлбарыг өгч байна. Өглөөний сонины эрэн сурвалжлах албаны дарга Р.С ажлаас халагдсан талаарх ярилцлагыг намайг татгалзаад байхад албадан авсан бөгөөд энэ ярилцлага болсны дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга О.Ч-н өрөөнд сурвалжлагч Р.С-н хамт сууж байхад би өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр энэ албадан ярилцлага авч хүний эрх зөрчсөн ярилцлагыг сонинд гаргуулахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Гэтэл миний үгийг үл ойшоон сонинд ярилцлагыг гаргасан. О.Ч дарга төрийн албаны салбар зөвлөл Ц.Э миний ёс зүйн асуудлыг авч хэлэлцсэн гэдгээ надад огт мэдэгдээгүй, тэр дүгнэлт, тогтоолоо өнөөдрийг хүртэл надад гардуулаагүй байна. Харин энэ хэрэг үүссэний дараа хавтаст хэрэгт хийсэн байхыг би анх удаа 2 жил гаруйн дараа харсан. Энэ бол хуйвалдаан байсан гэдгийн баталгаа юм. Энэ 2012 оны 11 дүгээр сарын 02-ны дүгнэлтийг гаргасан аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтны ёс зүйг авч хэлэлцэх субъект биш байсан учраас дүгнэлт болон төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоол нь хууль бус эрх зүйн акт юм. Иймээс нэгдүгээрт, энэхүү хэргийг шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангалтгүй явуулсан гэж үзэж байна. Учир нь, Ц.Э ажлаасаа хууль зүйн үндэслэлгүйгээр халагдсан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны 43 дугаар тогтоол, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны 10 дугаар албан тоот, 2013 ооны 09 дүгээр сарын 03-ны 980 дугаар албан тоотын хариугаар Ц.Э-г ажлаас халсан захирамжууд нь илт хууль бус захиргааны акт гэсэн байхад үүнийг огт харгалзан үзээгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний 972 албан тоотын хариуг нэхэмжлэгч өөрийн талд ашигтайгаар тайлбарласных нь дагуу шүүх шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт нь, Миний ажилдаа эгүүлэн томилогдоод 2 дахь удаагаа нэг сар хүрэхгүй хугацаанд ажлаасаа халагдсан үндэслэл бол аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоол бөгөөд энэ нь өглөөний сонинд улс төрийн агуулгатай ярилцлага өгсөн, ер нь төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн гэж гүтгэж захирамжийг гарган ажлаас халсан. Иймээс Б.Ү-н нэхэмжлэлтэй энэ хэрэгт нотлох баримт авах зорилгоор захиргааны хэргийн 9 дүгээр шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 11-нд анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад Ц.Э миний бие төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн гэж ажлаас халагдсан, иймд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн эсэхийг тогтоож тодруулж өгөхийг хүссэн, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооноос нотлох баримт гаргуулах хүсэлтийг тавьсан. Гэтэл миний хүсэлтийг энэ хэрэгтэй холбоогүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж энэ хэргийн шүүгч В.Ц 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар захирамж гаргахдаа захирамжид гомдол гаргах эрхгүй гэж хуулийг ноцтой зөрчсөн.

Гуравдугаарт, энэхүү хэргийг өмнө нь анхан шатны журмаар шийдвэрлэхэд шүүгч В.Ц шүүгчээр оролцож байсан тул миний бие хууль заасны дагуу В.Ц шүүгчээс энэ хэргийг шийдвэрлэхээс татгалзсан. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.С хүсэлтийг хангахаас татгалзаж, захирамжид мөн гомдол гаргах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан. Иймд би В.Ц шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 80 дугаар захирамж, Ерөнхий шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 10 дугаар захирамжид гомдол гаргаж болох эсэх талаар Улсын дээд шүүхээс лавлагаа авсан юм. Улсын дээд шүүхээс 2014 оны 12 дугаар 12-ны 4/3107 тоот албан бичгээр хариу өгөхдөө Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн шүүгчийн болон ерөнхий шүүгчийн захирамжид лавлагаа авах тухай таны хүсэлттэй танилцлаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 12.3, 31.7, 31.8, 34.2, 45.1, 48.1, 65.2, 69.2, 74.2, 74.3, 79.3-т заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэжээ. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн Танхимын тэргүүн шүүгчийн захирамжийг хянах эрхгүй юм гэсэн хариу ирүүлсэн. Энэ нь хэргийг шийдвэрлэхдээ миний хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжид хуульд зааснаар гомдол гаргах эрх байхад байхгүй гэж хүний эрхийг хязгаарлан хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дөрөвдүгээрт, миний бие дахин 2014 оны 08 дугаар сарын 05-нд Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон. Гэтэл ажлаас халагдахдаа миний санал болгон томилуулсан Эрүүл мэндийн газрын даргаар 2 жил гаруй ажилласан Б.Ү ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ бол анх намайг Д.Ч ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр халсан хэргийн үргэлжлэл юм. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ч хууль бусаар, өс хонзонгийн шинж чанартайгаар намайг ажлаас халаагүй бол Б.Ү энэ ажил дээр томилогдохгүй байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Э-н урьд өмнө яаж байсан нь огт хамаагүй гэж шийдсэн. Үүний баталгаа нь шүүгч хурал болохоос өмнө шийдвэрээ хэрхэн гаргахаа бодсон байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газраас нотлох баримт гаргуулах хүсэлт тавихад энэ хэрэгтэй холбоогүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргаснаар нотлогдож байгаа юм.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг бүрэн гүйцэт аваагүй, шүүгчийг хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзсан байхад хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргахдаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйгээр захирамж гарган миний хуульд заасан эрхийг хангаагүй, хэргийг шийдвэрлэхдээ бүхэлд нь уялдаа холбоотойгоор авч үзэлгүй шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 10 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох буюу анхан шатанд нь буцаан нотлох баримт авах зэрэг хуулиар олгогдсон эрхийг хангуулж өгнө үү. Хуульд заасан эрхийг хангасны дараа энэ хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, мөн 12.1.3-т захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэж зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх журам буюу дээд шатны байгууллага албан тушаалтанд хандаж гомдлыг хангаж шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд хандах учиртай. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 972 тоот Өргөдлийн хариуд Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 бус 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/461 тоот захирамжид хариу өгсөн мэтээр харагдаж байхад шүүх таамаглалд үндэслэн дээрх хариуг Б/451 тоот захирамжийн хариу мэтээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэмэлт нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох, ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтооно мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчиж Төрийн албаны зөвлөлөөс тодруулалгүйгээр өөр харилцаа зохицуулсан байх магадлалтай хариугаар үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэт хайнга хандсан үйлдэл болж байна.

2.            Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн гарсан.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай А/480 тоот захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот шийдвэр биелэгдсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх А/480 тоот захирамж гарснаас нэг сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/618 тоот захирамж гарч Ц.Э-г дахин ажлаас нь халсан байдаг. Төрийн албаны зөвлөлд иргэн Ц.Э нь Засаг даргын А/618 тоот захирамжид гомдол гаргаснаар 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 тоот хариу ирсэн байдаг. Энэ хариунд ... Гэвч Засаг даргын 2012 оны А/618 тоот захирамжаар таныг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас халахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, мөн салбар зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоол гарсны дараа болон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захирамжийн үндэслэл болгосон албан бичгүүдийг боловсруулан, нөхөж гаргасан нь Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо болон Салбар зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байгааг харуулж байна. гэж тайлбарласан байгаа нь Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй байсан тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх үүднээс дээрх Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 тоот захирамжийг гаргасан.

Гэтэл Монол Улсын шүүхийн шийдвэрийг нэг удаа үйлчлээд хүчингүй болох акт мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан тал үзсэнийг шүүх дэмжин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот шүүхийн шийдвэр биелсэн мэтээр тайлбарлаж, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот шийдвэрийг гаргаж байгаад маш их харамсаж байна.

3.            Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж заасан байгаа тул Засаг дарга хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан шийдвэрт хамааралгүй гаргах ёсгүй байж гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байгааг орхигдуулан хэт нэг талыг барьж хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Засаг даргын захирамжтай хольж эрх хэмжээгүй мэтээр тайлбарлаж байгаагаар нотлогдож байна. Хэт нэг талыг барьж хууль зөрчиж байгаа дараагийн үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй байсан боловч өөрийнхөө шийдсэн шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийж байгаа үйлдлээр илэрч байна.

            Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/451 дүгээр захирамжаар[1] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэр[2], Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолыг[3] тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Ү-ийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, гуравдагч этгээд Ц.Э-ыг томилсон байна.

Нэхэмжлэгчээс “аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.Э-ыг ажилд нь томилсон захирамж гарсан, энэ шийдвэрийг давхардуулан гаргаж байгаа нь хууль бус...” гэж маргаж байна.

Анх Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/120 дугаар захирамжаар[4] Ц.Э-ыг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй зөрчсөн, арга зүйн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, нэхэмжлэгч Б.Ү-ийг уг албан тушаалд томилсон байна.

Ц.Э ажлаас халагдсан А/120 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсанаар Төрийн албаны зөвлөлөөс уг захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, Ц.Э-ыг ажилд нь эргүүлэн томилохыг хариуцагчид даалгасан тухай 43 тоот тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолыг аймгийн Засаг дарга биелүүлээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон 02 дугаар шүүхийн шийдвэр гарсан байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/480 дугаар захирамжаар[5] Ц.Э-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилж Б.Ү-ийг чөлөөлсөн байна.

Улмаар аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/618 дугаар захирамжаар[6] Ц.Э-ыг Төрийн албаны болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрийн А/619 дүгээр захирамжаар[7] Б.Ү-ийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилжээ.

Ц.Э уг захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд дахин хандсан байх ба тус зөвлөлөөс 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар албан бичгээр[8] “Засаг даргын 2012 оны А/618 дугаар захирамжаар таныг ажлаас халахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, мөн салбар зөвлөлийн мөн оны 14 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар тогтоол гарсны дараа болон Захиргааны хэргийн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх явцад дээрх захирамжийн үндэслэл болгосон албан бичгүүдийг боловсруулан, нөхөж гаргасан нь ёс зүйн хороо болон салбар зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна” гэсэн хариуг Ц.Э болон аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.

            Гуравдагч этгээд Ц.Э-аас ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн хүсэлт гаргасныг хариуцагч аймгийн Засаг дарга С.О хүлээн авч, Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар тогтоол, уг тогтоолыг биелүүлэхийг даалгасан аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02 дугаар шийдвэрийг биелүүлж, Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий Б/451 дүгээр захирамжаар Б.Ү-ийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, гуравдагч этгээд Ц.Э-ыг томилсон нь нэхэмжлэгч Б.Ү-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Учир нь тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга Д.Ч аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж Ц.Э-ыг ажилд нь эгүүлэн томилоод 1 сарын дараа түүнийг ажлаас халахдаа өмнө ажлаас халсан үндэслэл зааж, түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй /А/120 дугаар захирамжаар ажлаасаа халагдаад шүүхээр хянагдаж байх үед/ байх хугацаанд буюу 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэж гарсан мөн оны 06 дугаар сарын 04-ний өдрийн салбар зөвлөлийн 14 тоот тогтоол,  Ёс зүйн хорооны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, салбар зөвлөлийн 25 дугаар тогтоол зэргийг үндэслэж Ц.Э-д дахин сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь дараах байдлаар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч аймгийн Засаг дарга Д.Ч-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

            Өөрөөр хэлбэл Ц.Э-ыг дахин ажлаас халах үндэслэл болгосон дээрх дүгнэлт, тогтоолуудаар түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.2, 2.4, 2.5.1, 2.5.2 дахь заалтууд, мөн Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга Н.Э-н мэдүүлэг, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд ёс зүйн зөрчил гаргасныг журамд заасны дагуу шалгаж, тогтоогоогүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх журам зөрчиж гаргасан акт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй юм.

            Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 43 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Ц.Э-ыг ёс зүйн зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, түүнийг ажлаас халсан аймгийн Засаг даргын А/120 дугаар захирамжийг хүчингүй болгож Ц.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоохыг даалгасан, хариуцагч уг тогтоолыг эс биелүүлсэн тул шүүхэд хандсанаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02 дугаар шийдвэрээр Ц.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад, хариуцагч аймгийн Засаг дарга Д.Ч Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар тогтоол болон шүүхийн 02 дугаар шийдвэрийг биелүүлсэн мэтээр Ц.Э-ыг ажилд нь эгүүлэн томилоод дахин ёс зүй зөрчсөн гэх үндэслэл гаргаж, ажлаас халж, нэхэмжлэгч Б.Ү-ийг дахин томилсныг анхан шатны шүүх зөвтгөхдөө шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь ажилд томилсон аймгийн Засаг даргын А/480 дугаар захирамжаар нотлогдож байна гэж, маргааны үйл баримтыг дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Түүнчлэн маргаж буй аймгийн Засаг даргын Б/451 дүгээр захирамж нь хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан шийдвэрийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан учраас уг захирамжаар Ц.Э-ыг ажлаас халсан А/618 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь буруу биш байна.

            Анхан шатны шүүх гуравдагч этгээд Ц.Э-аас захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байсан эсэх талаар гэрч асуулгах, холбогдох нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг уг хэрэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэж, гомдол гаргах эрхээр нь хангалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            Харин гуравдагч этгээд болон хариуцагчийн гомдолд дурдсан шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчиж гомдол гаргах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

            Иймд  дээрх  үндэслэлүүдээр  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож, гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88  дугаар  зүйлийн  88.1.1  дэх  хэсэгт  заасныг  тус  тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ү-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд болон хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

 

 

[1]1 хэргийн 9 дэх хуудас

[2]1 хэргийн 31-36 дахь хуудас

[3]1 хэргийн 49 дэх хуудас

[4]2 хэргийн 7 дахь хуудас

[5]1 хэргийн 6 дахь хуудас

[6]1 хэргийн 7 дахь хуудас

[7]1 хэргийн 8 дахь хуудас

[8]1 хэргийн 23 дахь хуудас