Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/236

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,                                                                       

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811026510856 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Халх овгийн Б.Г, 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 7 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 646 тоотод оршин сууж байсан,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаартай зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

            Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгүүлж байсан;

            Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод байрлах “Бидний дэлгүүр” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, 10 настай Я.С-т хүч хэрэглэхээр заналхийлж, архи, тамхи, бэлэн 500.000 төгрөг, гар утас зэргийг дээрэмдэж, 779.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамжны 524 тоотод оршин суух С.М-ийн монгол гэрийн хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Нокиа” загварын гар утас, хар өнгийн сим картгүй “G Mobile” загварын гар утас, шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч, 4 киллограмм орчим бууз, хонины цул мах, энгэрийн зүүлт, асаагуур, 15 граммын цул мөнгө, үзэг зэрэг хөрөнгө хулгайлж, 154.300 төгрөгийн хохирол,

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 25а тоотод оршин суух Д.У-ийн монгол гэрийн үүдний амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч, гутал, дугуйт тавцан зэрэг хөрөнгө хулгайлж, 88.000 төгрөгийн хохирол,

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 811 тоотод оршин суух Л.Д-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “BSB” загварын, 32 инчийн Лед зурагт, “I phone-4” загварын гар утас, түрийвч, бэлэн 15.000 төгрөг зэрэг хөрөнгө хулгайлж, 250.960 төгрөгийн хохирол,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7 дугаар гудамжны 593 тоотод оршин суух А.У-ын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, хонины цул мах, цүнх, бугуйн цаг, зургийн аппарат зэрэг хөрөнгө хулгайлж, 1.540.000 төгрөгийн хохирол,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 43 дугаар гудамжны 706 тоотод оршин суух Ц.С-ын байшингийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, халтар манан хөөрөг, эмэгтэй хүний алтан бөгж, монетон бөгж, эмэгтэй хүүхдийн монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг, гинж, эрэгтэй хүүхдийн хувцас, 10 кг хонины мах, бэлэн 50.000 төгрөг зэрэг хөрөнгө хулгайлж, 1.899.000 төгрөгийн хохирол,

            2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 682 тоотод оршин суух А.Б-ийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, гар утас, цахилгаан хөрөө, уртасгагч залгуур, зурагтын хүлээн авагч, костюм зэрэг хөрөнгө хулгайлж, 299.200 төгрөгийн хохирол тус тус учруулж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Б.Г-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Г-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Г-ийн цагдан хоригдсон 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг труба төмөр, 1 хос ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий ширхэг сиди-г хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-аас 2.526.800 төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д 659.000 төгрөг, С.М-д 58.800 төгрөг, Д.У-т 88.000 төгрөг, Л.Д-д 25.000 төгрөг, А.Уламбаярт 35.000 төгрөг, Ц.С-т 1.399.000 төгрөг, А.Б-д 262.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхэд хандахдаа анхан шатны шүүхээс тогтоосон гэм буруугийн талаар маргаан гаргаагүй болно. Харин зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийн талаар гомдолтой байна. Хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол маань нийт 1.867.000 төгрөг бөгөөд үүнийг амьдралын эх үүсвэр гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, 5 жилийн хорих ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан гэж үзэж байна. Би үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулах болно. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн ар гэрийн хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан зүйл, хэсгийг минь өөрчилж, хорих ял эдлэх хугацааг зохих хэмжээгээр багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч 2018 оны 8 дугаар сарын 6-наас 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 сар 7 хоногийн хугацаанд нийт 5.010.460 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс 2.483.368 төгрөгийн эд зүйлийг буцааж өгсөн. Миний үйлчлүүлэгч хулгайлсан эд зүйлийг амьдралынхаа эс үүсвэр болгож хэрэглээгүй. Учир нь “Эд зүйл хулгайлсан хугацаа бага, хохирлын ихэнх нь төлөгдсөн” гэж ярьдаг. Гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь мөрдөн байцаалтаар батлагдаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Б.Г-д холбогдох хэргийг тал бүрээс нь авч хэлэлцээд, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн шийдвэрлэж, түүнд 7 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Г Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд, Төв аймагт ажил хийж байгаад, Улаанбаатар хотод нийтийн байр түрээслэн суурьшсан. Энэ 1 сарын хугацаанд гэмт хэрэг байнга үйлдсэн байдаг. Хохирогч Я.С-ыг дээрэмдсэн болон “Бидний дэлгүүр”-т үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлж, улмаар Б.Г-ийн гэрт үзлэг хийхэд, хулгайлагдсан эд зүйл гэрээс нь гарч ирсэн. Мөн тэрээр хохирогч нарын гэрээс өөрийн хэрэглэх хүнсний зүйлсийг хулгайлан авч байсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Мөн шүүх ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Иймд үйлдсэн гэмт хэрэг нь хүнд төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа учраас түүнд оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Г нь:

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод байрлах “Бидний дэлгүүр” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, 10 настай Я.С-т хүч хэрэглэхээр заналхийлж, архи, тамхи, бэлэн 500.000 төгрөг, гар утас зэргийг дээрэмдэж, 779.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамжны 524 тоотод оршин суух С.М-ийн монгол гэрийн хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Нокиа” загварын гар утас, хар өнгийн сим картгүй “G Mobile” загварын гар утас, шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч, 4 киллограмм орчим бууз, хонины цул мах, энгэрийн зүүлт, асаагуур, 15 граммын цул мөнгө, үзэг зэрэг хөрөнгө хулгайлж, 154.300 төгрөгийн хохирол,

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 25а тоотод оршин суух Д.У-ийн монгол гэрийн үүдний амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч, гутал, дугуйт тавцан зэрэг хөрөнгө хулгайлж, 88.000 төгрөгийн хохирол,

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 811 тоотод оршин суух Л.Д-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “BSB” загварын, 32 инчийн Лед зурагт, “I phone-4” загварын гар утас, түрийвч, бэлэн 15.000 төгрөг зэрэг хөрөнгө хулгайлж, 250.960 төгрөгийн хохирол,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7 дугаар гудамжны 593 тоотод оршин суух А.У-ын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, хонины цул мах, цүнх, бугуйн цаг, зургийн аппарат зэрэг хөрөнгө хулгайлж, 1.540.000 төгрөгийн хохирол,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 43 дугаар гудамжны 706 тоотод оршин суух Ц.С-ын байшингийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, халтар манан хөөрөг, эмэгтэй хүний алтан бөгж, монетон бөгж, эмэгтэй хүүхдийн монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг, гинж, эрэгтэй хүүхдийн хувцас, 10 кг хонины мах, бэлэн 50.000 төгрөг зэрэг хөрөнгө хулгайлж, 1.899.000 төгрөгийн хохирол,

            2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 682 тоотод оршин суух А.Болормаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, гар утас, цахилгаан хөрөө, уртасгагч залгуур, зурагтын хүлээн авагч, костюм зэрэг хөрөнгө хулгайлж, 299.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 53-56, 2 хх 80-81/

Хохирогч С.Б-ийн “...манай дэлгүүрийн гадна талын бүргэд хаалгыг ломоор хөшиж, дотогш нэвтрэн орж миний хүү болох 10 настай Я.С-ыг айлгаж, “Ай фоне 4” загварын гар утсыг булаан авч, манай дэлгүүр дотроос “Соёрхол” гэх нэртэй 0,75. 1,75 литрийн хэмжээтэй архи, Чингис гэх нэртэй 0,75 литртэй хоёр ширхэг архи, давидоп гэх тамхинаас 20 орчим хайрцаг, 500.000 гаруй төгрөг хулгайлсан. Манай хүү Санжааноровыг зодож, цохиогүй, зүгээр гарт нь байсан гар утсыг нь булаан авч, дүүгээ аваад арын өрөөндөө ор гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх 36-37/,

насанд хүрээгүй хохирогч Я.С-ын “...Дэлгүүрт байж байхад ... төмөр хаалгыг хөшөөд дотор вакум хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Би тэр үед 102 луу залгаад компьютерийн ард сууж байхад, тэр ах над руу ирээд миний гарнаас гар утас булааж аваад намайг арын өрөөндөө ор гээд загнасан. Би дүүгээ аваад арын өрөөнд орсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 39-40/,

Хохирогч С.М-ийн “...Манай гэрийн зурагтын доод тавиураас гоёлын дуураймал бүрмэл шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч болон жижиг хар өнгийн сим картгүй жи мобайлын гар утас, мөн хоёр сим карт хийж болдог, саарал өнгийн “нокиа” загварын гар утас, хөргөгчнөөс хонины махаар хийсэн байсан 4 киллограмм орчим бууз, хонины цул мах 4-өөс 5 киллограмм, харин авдар дотроос шигтгээтэй шинэ үзэг, цагаан мөнгө 15 грамм орчим алдагдсан байсан. Сүүлд алдсан эд зүйлээ нягталж үзэхэд шаргал өнгийн газгүй асаагуур, хуурамч сувдан бугуйвч, хувцсанд зүүдэг гоёлын зүүлт зэрэг эд зүйл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 76-79/,

Хохирогч Д.У-ийн “...гэрийн үүдний амбаарт тавьсан байсан манай нөхрийн гутал, манай хүүхдийн дугуйт тавцан байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 68/,

Хохирогч Л.Д-ын “...гэрийн хаалгаа онгойлгоод харахад гэрийн хойморт байсан зурагт алга болсон байхаар нь гэртээ оролгүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн алба хаагч нар ирсэн. Манай гэрээс 32 инчийн “Би Эс Би” загварын лед зурагт, удирдлагын хамт, манай оюутан дүүгийн хэрэглэж байсан “Ай Фоне 4” загварын шаргал өнгийн кейстэй хар өнгийн гар утас, мөн хуучин хэрэглэж байсан дэлгэж онгойдог арьсан хүрэн өнгийн түрийвч, бэлнээр 15.000 төгрөг, англи хэлний сургалтын эрхийн бичиг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 113-117/,

Хохирогч А.У-ын “...бичиг баримт авахаар иртэл байшингийн хойд талын вакум цонх онгорхой, гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байдалтай, гэрээс хоёр ширхэг хөөрөг, мах бусад эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 154-159/,

Хохирогч Ц.С-ын “...гэртээ ороход манай хөргөгчинд байсан махнуудыг гаргаад тавьчихсан байсан. Цаад талын өрөөнд ороход манай ханын шүүгээний хаалга нь онгорхой, дотор нь байсан 4 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Унтлагын өрөөнд ороход хувцасны шкафан дотор байсан бүх зүйлсийг гаргаад хаячихсан байсан. Би гэрээсээ гараад цагдаа дуудсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, нөхрийн хөөрөг, охины мөнгөн ээмэг 2 хос, хүүхдийн монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кольцо бөгж 1 ширхэг, манай хүүхдийн цүнхтэй хувцаснууд, хөргөгчинд байсан 10 киллограмм хонины мах, манай хүүхдийн түрийвчинд байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон . ...” гэх мэдүүлэг /1 хх 193-199/,

Хохирогч А.Б-ийн “...хүү гэртээ ирэхэд байшингийн хаалгыг эвдсэн, цоожийг нь газар унагаасан байсан гэсэн. Манайхаас хүүгийн өмсдөг байсан костюм, дамартай уртасгагч залгуур, 16 суваг гардаг телевизийн суваг хүлээн авагч, хүүгийн хэрэглэж байсан “Ай фоне 5” загварын хар өнгөтэй гар утас, угаалгын машины хуучин мотор зэрэг эд зүйл алдагдсан байсан. Уртасгагч залгуур дээр нь миний 99792279 гэсэн дугаар бичээстэй байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 221-222/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-11, 63-65, 98-101, 137-142, 174-186/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-17/,

-эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 26-27, 86, 162, 227/,

-эд зүйлийн үнэлгээ /1 хх 35, 200-201, 223-225/,

-хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 83-85, 120-123, 160-161, 2 хх 75-76/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хувийн байдалд тохирсон байна.

            Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу  “... хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. ...” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Учир нь, Б.Г-ийн 2018 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үйлдсэн хулгайлах гэмт хэргүүд нь үйлдсэн хэргийн давтамж, цаг хугацааны хувьд байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг хангахгүй. Өөрөөр хэлбэл, 1 сард үйлдэгдсэн 6 удаагийн гэмт хэргийг “... байнга, тогтвортой шинжтэй, гэмт хэрэг үйлдсэн хүний амьдрал, зан төлөвт нь хэвшсэн. ...” гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. 

            Иймд Б.Г-ийн үйлдсэн 6 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоохоор тус тус өөрчлөлт оруулж, мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон хугацааг буруу тооцсоныг зөвтгөж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлын “...ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж  өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “Прокуророос шүүгдэгч Б.Г-д холбогдох “хулгайлах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

            3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

            4 дахь заалтын “...7 жилийн...” гэснийг “...5 жилийн...” гэж,

            5 дахь заалтын “...115 хоногийг...” гэснийг “...107 хоногийг...” гэж тус тус өөрчилсүгэй.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн давж заалдах гомдлын “...ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ