Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Сувдаа, хохирогч Ж.Мөнхзул, шүүгдэгч П.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогийн П Т*******өд холбогдох эрүүгийн 1715001620055 дугаартай, 132/2017/0152/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Булган аймгийн ХутагӨндөр сумын ** дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П Т******* 

Холбогдсон хэргийн талаар:

П.Т******* нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт гэртээ эхнэр Ж.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т*******ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Төөгөө, Золоо хоёртой архи уусан. Тэгээд бид хэд унтах гэж байтал гэрэл мааслаад байхаар нь би цаашаа болж бай гээд эхнэрээ түлхсэн. Өглөө босоход нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мөнхзулын өгсөн: Тэр өдөр нийт 6 хүн нийлж архи уусан. Бид хэд жоохон халсан байсан. Унтах гэтэл гэрэл мааслаад байсан. Т******* хажуугаас орж ирээд түлхээд унагасан.

Тэгээд хүүхдүүдээ дагуулаад урьд айлдаа очиж хоносон. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, 1715001620055 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Гэрч Т.О өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Т*******, эхнэр Мөнхзул хоёр нь хоёр хүүхэдтэйгээ хамт өдрийн 14 цагийн үед манайд ирсэн ба Сэрүүн нэртэй 2.5 литрийн пивтой ирсэн ба манайд манай эхнэр О бид хоёрын хамт дөрвүүлээ хуваан ууссан ба дуусаад гүүр буюу хүйтний гүүр лүү очиж Нараа гэх хүнээс Т******* нь 3 ширхэг сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво аваад эргээд манайд ирж 3 ширхэг пивоо хувааж уугаад би хүйтний гүүр лүү явсан ба маргааш өглөө нь гэртэй ирэхэд Т******* нь эхнэрээ хүнтэй хардаад Мөнхзулыг зодсон талаар манай эхнэр О надад хэлсэн би өөр юм мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, Гэрч Д.Оийн өгсөн: ...манай нөхөр Отгонбаатар нь хүйтний гүүр лүү явсан тэр үед цаг 21 цаг өнгөрсөн байсан ба Т*******, Мөнхзул хоёр хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явсан тэдний гэр нь манай гэрийн ертөнцийн зүгээр хойд зүгт 1 км зайд байдаг байсан ба явсныхаа дараа 2 цагийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 29- нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 30 минут үед манайд 2 хүүхэдтэйгээ ирж Т******* намайг зодчихлоо гээд манайд хоноод өглөө нь явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн дүгнэлтэнд: Ж.Мөнхзулын биед хамар, хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 3 хуудас/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 28-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Т*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Т******* нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Булган аймгийн ХутагӨндөр сумын нутагт гэртээ эхнэр Ж.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Т*******өд холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч П.Т******* нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Т*******өд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт П Т*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т*******өд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т******* нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН