| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02243/И |
| Дугаар | 102/ШШ2017/02181 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/02181
| 2017 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/02181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... дугаар хороо, ...ын ... тоотод оршин суух, Боржигон овогт Ч.Г /РД: ..../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: .... дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Боржигон овогт Э.Ч /РД: ..../-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ч.Г нь хариуцагч Э.Чтэй 2008 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Ч.Т, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Ч.С нарыг төрүүлсэн. Хариуцагч Э.Ч нь хамт амьдрах үед маш их архи уудаг, гадуур хоноод гэртээ ирхээ больсон. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул Э.Чг охин Ч.Т, Ч.С нарын эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулаагүй гэв.
Хариуцагч Э.Чгийн шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Э.Ч нь 2008 онд Ч.Гтай танилцаж, хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Ч.Т, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Ч.С нарыг төрсэн. Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Ч.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Э.Чд холбогдуулан эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Ч нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг боловч нэхэмжлэгч Ч.Г нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь тус дүүргийн засаг дарга Э.Одонхүүгийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. гэж заасан байх тул шүүхийн харьялал зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Э.Ч нар 2008 онд танилцаж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарсан, тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Ч.Т, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Ч.С нар төрсэн, тэд хоорондын таарамжгүй харьцаанаас улмаас тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 0000715684 Г-3563, 1107004004 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага шүүхэд гаргаагүй, харин нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд охид одоо миний асрамжинд байдаг гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлаар буюу охин Ч.Т, Ч.С нарыг эх Ч.Ггийн асрамжид үлдээхээр тохиролцсон гэж үзлээ.
Хариуцагч Э.Ч нь охин Ч.Т, Ч.С нарыг өөрийн хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Ч.Т РД: ..../, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Ч.С /РД: .../ нарын эцэг нь Э.Ч /РД: ..../ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ч.Т /РД: УО11302009/, охин Ч.С /РД: ..../ нарыг эх Ч.Ггийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан охин Ч.Т, Ч.С нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Э.Чгээс гаргуулан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Чгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР