Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2122000000192 дугаартай  хэргийг 2022 оны  02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..оны 7 сарын 06-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-д машинист ажилтай, ам бүл 6, ээж, дүү нарын хамт .. аймгийн ... сумын 6-р баг Сүрьеэгийн байрны зүүн талд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Х овогт Э-ы БРД:/ЗК00270615/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Б нь ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Б-тэй өөрийн найз охин Е.М-ийг танилцъя гэж өдөж хоргоосон байна гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

                 Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

          Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Манай найз охин Маргад-Эрдэнэ таксинд явдаг “Тоёота Приус-30” маркийн машинтай хүн миний дугаарыг асуугаад орой шөнө уулзаж байж болно шүү дээ гээд байсан гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа нөгөө таксины жолооч нь хүрээд ирсэн байсан. Маргад-Эрдэнэ надад миний дугаарыг асуудаг такси тэр байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би ах та манай найз охины дугаарыг асуусан байна лээ ш дээ гэсэн чинь миний өөдөөс уурлаад янз бүрийн үг хэлээд байхаар нь баруун гараараа нэг удаа цохисон. Дахиж цохиогүй, тэр залуу надтай заамдалцсан чинь найз Мөнхбат, бэр эгч Ууганцэцэг хоёр салгаад машинаас нь буугаад өөр машинд суугаад явах гэсэн чинь урдуур машинаараа хаачихаад явуулахгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

 

            Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэлгэрхангай плазагийн үүдэнд нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь би очоод суулгатал Ундрам дэлгүүрийн үүднээс дахиад 3 хүн суулгах гэсэн юм гэхээр нь Ундрам руу явсан. Ундрамын үүдэнд очтол 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Тэнд байсан 1 эрэгтэй нь миний хажууд урд суудалд суутал арынх нь хүний гар утас дуугарч “бид нарыг авах машин ирчихлээ” гээд анхны ард суусан хүн буусан. Тэгтэл урд суусан эрэгтэй нь “чи муу яагаад байна аа намайг ...д мэдэх үү” гээд байхаар нь “би яасан юм, би чамайг яаж мэддэг юм” гэтэл чи манай найз охиныг дугаараа өгчих гэсэн байна лээ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би яаж мэдэх юм бэ? хэзээ гэж хэлтэл 4-5 хоногийн өмнө гэхээр нь би ямар хүн юм гээд өөдөөс нь хартал баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр хүн буугаад араас ирсэн саарал өнгийн Приус-30 маркийн машинд суугаад явах гэхээр нь би зодуулсан болохоороо замыг нь хаагаад явуулахгүй гээд зогссон. Гэтэл намайг цохисон эрэгтэй болон 2 эмэгтэй бууж ирээд “цагдаа дуудчихсан” гэсэн. Цохиулснаас болж миний зүүн хөхөрч хавдсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, эм тариа авч хэрэглээгүй. Хохирлын баримт гаргаж өгөхгүй. Миний бие зүгээр байгаа учир гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/

 

Гэрч Е.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би төрсөн эгч Ууганцэцэг, хүргэн ах Мөнхбат, найз залуу Б нарын хамт .... суманд нэг айлаар орчихоод буцаад явж байсан ба Мандал плазагийн хавиас хүргэн ах такси зогсоосон. Тухайн үед Б надаас энэ нөгөө чамайг танилцах уу? гээд байсан такси мөн үү гэхээр нь би ойртож очоод жолоочийг нь хартал мөн байхаар нь мөн байна гэж хэлсэн. Гэтэл Б тэр таксины жолоочтой уулзаад байсан. Б таксины жолоочийг нэг цохисон юм шиг байна лээ. Манай хүргэн ах Мөнхбат тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар таньдаг хүнийхээ машинд суугаад байж байтал такси машины урдуур хөндлөн зогсоод байхаар нь цагдаа дуудсан юм. Өмнө нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр тухайн таксины жолоочоор үйлчлүүлж айлд хүргүүлэхэд “ахдаа утасны дугаараа өгчих, хааяа ярьж байя гээд байсан” Тухайн асуудлыг би Базардарьд ярьж байснаас болж цохисон байх, би цохихыг нь хараагүй. Таксины жолооч Б-ийг цохиогүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр эхнэр Ууганцэцэг, дүү нь Маргад-Эрдэнэ, түүний найз залуу Ббид дөрөв 23 цагийн үед караокед орчихоод гэр лүү гээ явахаар такси барих гээд би Мандал худалдааны төвийн хажуу зам дээр нэг такси зогсоосон. Тэгтэл манай нэг таньдаг эгч машинтайгаа хүрээд ирсэн. Тэр үед Б миний зогсоосон таксинд ороод суучихсан байсан. Тэгэхээр нь би Б-ийг тэр такси руу яах гэж орчихвоо гээд араас нь буугаад очтол таксины жолооч Б-ийг намайг цохичихлоо гээд байсан. Тэгээд таньдаг эгчийнхээ машинд суугаад явах гэтэл таксины жолооч та нар байж бай, би хүн дуудчихсан гэхээр нь Б миний гар утсаар цагдаа дуудсан. Базардарийн найз охин Маргад-Эрдэнийг өмнө нь тэр таксины жолооч “дугаараа өгчих, уулзаж байя” гэж байсан гээд цохисон гэсэн. Таксины жолооч Б-ийг цохисон үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 278 дугаартай:

1,2. Э.Б-ийнбиед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/

 

          Хохирогч Э.Б-ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 01/

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  3-5/

           Эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 41/

           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/

           Хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

           Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шүүгдэгч Э.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар,  

              Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 01/205 дугаартай Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б нь 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 650.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байгаа тухай албан бичиг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ... аймгийн --- сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ундрам дэлгүүрийн үүдэнд хохирогч Э.Б-тэй өөрийн найз охин Е.М-ийг танилцъя гэж өдөж хоргоосон байна гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ундрам дэлгүүрийн үүдэнд хохирогч Э.Б-тэй өөрийн найз охин Е.М-ийг танилцъя гэж өдөж хоргоосон байна гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг,

      хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэлгэрхангай плазагийн үүдэнд нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь би очоод суулгатал Ундрам дэлгүүрийн үүднээс дахиад 3 хүн суулгах гэсэн юм гэхээр нь Ундрам руу явсан.  ... урд суусан байсан эрэгтэй нь “чи муу яагаад байна аа намайг Дундговьд мэдэх үү” гээд байхаар нь “би яасан юм, би чамайг яаж мэддэг юм” гэтэл чи манай найз охиныг дугаараа өгчих гэсэн байна лээ гээд над руу дайраад байхаар нь би яаж мэдэх юм бэ? хэзээ гэж хэлтэл 4-5 хоногийн өмнө гэхээр нь би ямар хүн юм гээд өөдөөс нь хартал баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...би зодуулсан болохоороо замыг нь хаагаад явуулахгүй гээд зогстол намайг цохисон эрэгтэй болон 2 эмэгтэй нар бууж ирээд цагдаа дуудчихсан” гэх

Гэрч Е..М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б надаас энэ нөгөө чамайг танилцах уу гээд байсан такси мөн үү гэхээр нь би ойртож очоод жолоочийг нь хартал мөн байхаар нь мөн байна гэж хэлтэл Б тэр таксины жолоочтой уулзаад байсан. Б таксины жолоочийг нэг цохисон юм шиг байна лээ. ....бид нар таньдаг хүнийхээ машинд суугаад байж байтал такси машины урдуур хөндлөн зогсоод байхаар нь цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг

         Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Б-ийг тэр такси руу яах гэж орчихвоо гээд араас нь буугаад очтол таксины жолооч Б-ийг намайг цохичихлоо гээд байсан. Тэгээд танидаг эгчийнхээ машинд суугаад явах гэтэл таксины жолооч та нар байж бай, би хүн дуудчихсан гэхээр нь Б миний гар утсаар цагдаа дуудсан” гэх мэдүүлгүүд

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн “1,2. Э.Б-ийн биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

      

           Эрүүгийн хариуцлагын талаар:

                                                             

         Шүүгдэгч Э.Б нь урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,  650.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байгаа болох нь шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 01/205 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна.

 

          Шүүх шүүгдэгч Э.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Б-ийн эдлэх нийт ялыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Э.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ийн биед зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Э.Бэнэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Х овогт Э-ы Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Х овогт Э-ы Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Б-ийн эдлэх нийт ялыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.100.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

           5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У