| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0428/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/407 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 1734001450112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-5, Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овгийн Б Г гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг "Цагаан уул” гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.Хүдэрбаатарыг хүүхэд өшиглөлөө гэж уурлан зодож, Ц.Хүдэрбаатарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад:
Шүүгдэгч Б.Г "Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг "Цагаан уул” гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.Хүдэрбаатарыг хүүхэд өшиглөлөө гэж уурлан зодож, Ц.Хүдэрбаатарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт: "...би утсаар яриад зогсож байтал манай эхнэр Болор-Эрдэнэ бага охин Одгэрэлийг надад авч ирж өгөөд гарт бариулчихаад бие засна гээд явсан. Би хүүхдээ хөтөлж зогсоод утсаар ярьж байтал гэнэт хүүхэд үсрээд явчихсан эргээд хартал Хүдэрбаатар зогсож байсан тэгэхээр нь би уурлах, сандрах давхцаал Хүдрээг цохиод унагаачихсан. Тэгтэл хүмүүс гэрээс гарч ирээд мөн эхнэр араас ирээд намайг болиулсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
Хохирогч Ц.Хүдэрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2017.07.26-ны орой 19 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Цагаан нуур гэх газарт байх манай гэрт танил Пүүжээтэй 1 шил архи хувааж уугаад саахалт айл Г гэр рүү явсан. Тэгээд би Г гэрт очоод айраг ууж сууж байгаад согтоод тасарчихсан юм. Тэгээд нэг ухаан ороход Лүн сумынхаа эмнэлэгт хүргэгдэн ирсэн байсан ба манай эхнэр Батцагаан чамайг Г зодсон гэж хэлсэн бөгөөд миний эрүү хугарсан, хамрын мөгөөрс цөмөрч, элэг бяцарсан байсан юм. ...би тухайн үед болсон зүйлийг мэдэхгүй байна. Г эхнэр Болор-Эрдэнийн хэлж байгаагаар би хүүхдийг нь өшиглөөд тэгээд Г намайг гараараа зодож цохисон гэсэн. ...миний бодлоор бол намайг зүгээр байхад Г учир зүггүй намайг зодчихоогүй л байх гэж бодож байна. Учир нь Г бид 2 нэгнийгээ аль эртнээс мэддэг нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Намайг бодвол архи дарс ууддаггүй их л даруухан, ажилсаг залуу байгаа юм. Мөн намайг УБ хотод эмчилгээ хийлгэж байхад эргэж тойрч очиж байсан. Тиймээс надад цаашид ямар нэгэн гомдол санал алга байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,
Гэрч Б.Батцагааны мөрдөн байцаалтад өгсөн: "...Б.Г гэрт нь байж байхад манай төрсөн дүү Туяагийн нөхөр Хүдэрбаатар гэрээс гараад явсан. Мөн Хүдэрбаатарын өмнө Г утас нь дуугараад гараад явсан байсан. Тэгээд гэрт дотор байж байтал гэрийн гадаа түс тас гэсэн дуу гарсан. Тэгтэл Тогоо бид хоёр гэрээс гараад харахад Хүдэрбаатар газар уначихсан байсан ба Хүдэрбаатарын хамарнаас цус гарч байсан. Г Хүдэрбаатарын хажууд Хүдэрбаатар хүүхэд өшиглчихлөө гээд байж байсан. ...Хүдэрбаатарын эрүү нь хугарчихсан юм шиг байхаар нь Лүн сумын эмнэлэгт дуудлага өгч, эмнэлэг ирээд Хүдэрбаатарыг аваад явсан. ...хүүхэд өшиглөлөө гээд зодсон юм шиг байна лээ. Г хүүхэд нь нэг нас гарантай." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Ч.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...22 цагийн орчим Б.Г эхнэртэйгээ ирсэн тэгээд бид хэд Г гэрт ороод бид хэдэд 5 литрийн савтай айраг гаргаж өгсөн. Г утас дуугараад утсаа аваад гэрээсээ гарсан араас нь Хүдэрээ гарсан гэсэн би тэр талаар мэдэхгүй. Гэрийн гадаа хүүхэд уйлаад хүн зодолдоод байх шиг болсон. Тэгээд би гэрээс гарахад газар Хүдэрээ дээшээ хараад хэвтэж байсан. Хүдэрээгийн хэвтэж байсан газрын баруун хойд зүгт байх Г охин уйлаад байж байхад нь Г эхнэр Болороо охиноо тэврээл зогсож байсан. Зодоон юунаас болсныг мэдэхгүй. Хүдэрээ охиныг нь өшиглөсөн тэгээд Г уурлаад Хүдэрээг цохьсон гэж Г ярьж байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
оны 09 сарын 12-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Одгэрэлийн биед гэмтэл тогтоодоогүй хх-н 45-р хуудас/
08 сарын 02-ны өдрийн 9673 дугаартай дүгнэлтэд:
Ц.Хүдэрбаатарын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн 7,8-р сегментийн эдийн няцрал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, суурь ясны зүүн талын жигүүртэн сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүү ясны их биеийн зөрүү ихтэй сэлтэрхий үүсгэсэн хугарал, эрүү ясны зүүн талын үений сэртэнгийн суурь хэсгийн зөрүү ихтэй хөндлөн, титэм сэртэнгийн зөрүүтэй хугарал, хоншоор ясны баруун урд хананы зөрүүгүй хугарал, хоншоор ясны зүүн талд түүшинт хэсгээс дээш хатуү^ тагнай дайрч, дээш гайморовын хөндийн урд хана, арын хана, нүдний ухархайн дор ханыг хамарсан олон тооны ясны жижиг сэлтэрхий үүсгэсэн бяцарсан нийлмэл хугарал, хугарлын улмаас зүүн талын гайморовын хөндийн хэлбэр дүрсний алдагдал, зүүн талын хацар ясны баруун хажуу хананы цөмөрсөн, хянга хэсгийн зөрүүгүй, зүүн хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы хоёрлосон зөрүүгүй, доод хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананы хоёрлосон зөрүү багатай, доод, дотор, гадна хананы ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, нүүр, эрүү, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрад, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх,
боломжтой шинэ гэмтлүүд байна. /хх-ийн 42-43-р хуудас/,
баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлсөн байна.
Шүүх шүүгдэчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдууллаа.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Г торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд буюу 2020 оны 12 сарын 11-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Хүдэрбаатарт 1597000 төгрөг төлсөн ба хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 10500 /арван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10500000 /арван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд 2020 оны 12 сарын 11-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг энэ тогтоолын 3 дах хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, Б.Г нь хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ