Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 3318

 

 

 

 

 

     2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/03318

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: А.А.Т.Х нэхэмжлэлтэй

 

     Хариуцагч: Ш.К ХХКомпанид холбогдох

 

     Татварын төлбөр 7 375 303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, С.Гэлэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А.Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын ерөнхий газрын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 662 тоот хүсэлтийн дагуу  Ш.К ХХКомпанийн 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтад татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01000600 тоот актаар 4 907 054 төгрөгийн нөхөн татвар, 2 453 527 төгрөгийн торгууль, 14 721 төгрөгийн хүү, нийт 7 375 303 төгрөгийн төлбөр ногдуулсан.Ш.К ХХКомпанийн захирал нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн  01000600 тоот актаар ногдуулсан 7 375 303 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй байна.Тус компани нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр татварны хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А.А.Т.Х дэргэдэх маргаан таслах зөвлөл хуралдаж, маргаан таслах зөвлөлийн 01 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн 01000600 тоот актыг хэвээр баталсан ба маргаан таслал зөвлөлийн тогтоолыг Ш.К ХХКомпанийн захиралд 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдөр танилцуулсан ба татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар 7 375 303 төгрөгийн татварын өрийг Ш.К ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.К ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компанийн 2014.01.01-2015.12.31 хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч 2016 оны 5 дугаар сарын 04 өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийж татварын улсын байцаагчийн 010000600 актыг тавьсан.Уг актыг бид зөвшөөрөхгүй аймгийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд дараах гомдлыг тавьсан.Актыг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 заалт “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий байцаагч энэ хуулийн 17.1 д заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн заалтыг үндэслэн бичсэн байна.Актаар 4’907’054 төгрөгийн нөхөн татвар, 2’453’527 төгрөгийн торгууль, 14’721 төгрөгийн хүү төлөхөөр заажээ.Энэ нь торгууль алданги тооцохдоо тохирсон зүйл заалтыг олж хэрэглээгүй, татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг үл тоож, зөвхөн буруутгах талыг илт баримталсан нь улсын байцаагчийн үзэмжээр хандаж торгууль тавих хязгаарын дээд хэмжээгээр тавьсанаас харагдаж байна.Шалгалтын үед дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгааг үе үе сануулж байсан тул бусдын нөлөөнд автсан байж болзошгүй байгааг анхаарч хууль дүрмийг гажуудуулж татвар төлөгчийн ашиг сонирхолыг илт зөрчсөн байж болзошгүйг анхаарах, Компанийг илт буруутгаж торгууль алдангид унагаж түүнийхээ хэр хэмжээгээр шагнал авах гэж хэт улайрсан байж болзошгүй тул шалгаж өгөх, Шалгалтаар далимдуулж компанийг илт ялгаварлан гадуурхаж, ажиллах боломж нөхцлийг хааж дампууруулах зорилго агуулсан байж магадгүйг анхаарах, маргаан таслах зөвлөл уг асуудлаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж улсын байцаагчийн актыг хэвээр баталсан юм.Бид дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, сүүлийн 3 жилд ямар нэгэн ажил авч чадахгүй байгаа тул орлого олсонгүй.Шалгалтаар илэрсэн энэ зөрчлийг санамсар болгоомжгүйгээс гаргасан нуун дарагдуулах мэт хууль бус зүйл хийсэн гэж үзэхгүй байгаа болно.Татварын акт тавингуутаа торгууль алданги тооцох нь хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.Бид 4’907’ 054.5 төгрөгийн нөхөн татварыг 2017 ондоо багтаан төлбөрийг барагдуулж дуусгая, торгууль, алданги төлөх бололжгүй байх тул чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын албанаас нөхөн татвар тавьсанг мэдэж байгаа, манайх санхүүгийн мэдлэгтэй нягтлан бодогч байхгүй, заримдаа өөрсдөө, заримдаа санхүүгийн мэргэжилтэн авчирч ажиллуулж байх явцад нэг борлуулалт тайланд тусгагдаагүй байсан тул нөхөн татварыг хүлээн зөвшөөрсөн.Нөхөн татвар тавиад зэрэгцээд торгууль, алданги тавьсан байгааг зөвшөөрөхгүй байгаа.Нөхөн татвар тавиад сар болоод торгууль, алданги тавьсан бол маргахгүй.Заавал төлөх ёстой гэж хуульд тусгаагүй байх гэж бодож байна.Нөхөн татвар 4 907 054 төгрөгийг төлнө, хуульд хүү, торгууль, алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрүүлэхгүй гэсэн заалт байдаг тул торгууль, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн татварын хэлтэс хариуцагч Ш.К ХХКомпанид холбогдуулан нөхөн татварын 4 907 054 төгрөг, торгууль 2 453 527 төгрөг, хүү 14 712 төгрөг нийт 7 375 303 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан байна.

 

Хариуцагч Ш.К ХХКомпани 2014 онд 80 650 000 төгрөгийн орлогыг тайландаа тусгаагүй орхигдуулсан зөрчилд нь 4 907 054 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, улмаар 2 453 527 төгрөгийн торгууль, 14 712 төгрөгийн  хүүгийн төлбөр ногдуулсан болох нь татварын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 010000600 дугаартай татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, уг актын хавсралтууд, хариуцагч байгууллагад хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд  татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон байх бөгөөд 18.1.1-т” татвар төлөгч нь татвар ногдох зүйл,  татвараа үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Ш.К ХХКомпани энэхүү хуулиар ногдуулсан үүргээ биелүүлээгүй байна.

 

Архангай аймгийн татварын хэлтсээс хариуцагч Ш.К ХХКомпанид татварын өрийг барагдуулах тухай мэдэгдэлийг удаа дараа хүргүүлсэн байх бөгөөд мөн хариуцагч байгууллагын эрх бүхий хүмүүстэй уулзаж байсан болох нь татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 63, 64, 65 дугаар зүйлд заасны дагуу татварын өр барагдуулах арга хэмжээ авсан болох нь Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь татварын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 010000600 дугаартай татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актад гомдол гаргасныг А.А.Т.Х дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж дээрх актыг хэвээр баталсан байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас татварын өрийн 7 375 303 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан Ш.К ХХКомпаниас 7 375 303 /долоон сая гурван зуун далан таван мянга гурван зуун гурван/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн төсвийн орлогод оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас 132 955 /нэг зуун гучин хоёр мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ                      З.ДОРЖНАМЖИН