Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 3287

 

 

 

 

 

      2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/03287

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Х.Б  цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6 Стадион Оргил-1 өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2693321, Х.Б ны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45-2-22 тоотод  оршин суух, регистрийн дугаар УЕ 85102017, Урианхай овогт Цогтгэрэлийн  Амарсанаад  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 203 477 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Х.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч Х.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.А 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13/426 тоот кредит картын гэрээгээр 30 000 000 төгрөгийг, жилийн бэлэн зарлага 30 хувь, бэлэн бус зарлага 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлийн эрх нээлгэсэн бөгөөд барьцаанд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавьжийн шанд төмс хүнсний ногооны зориулалттай 8014/5546 нэгж талбарын дугаартай 20 000 м.кв газар эзэмших эрхийг барьцаалсан.Зээлдэгч кредит картын гэрээний дагуу үндсэн зээлд 704 000 төгрөг төлсөн, кредит картын хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй байна.Зээлдэгч нь үндсэн зээлд төлөлт хийж байсан бөгөөд төлсөн тухай бүртдахин авах байдлаар зээлийн эрхийг ашиглаж нийт 29 194 574 төгрөгийн зээлийг авсан бөгөөд дээрх зээлээ төлөөгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр муу зээлд бүртгэгдсэн байна.Зээлдэгч 29 194 574 төгрөгийн ашигласан зээлээс 704 000 төгрөгийг төлсөн байна.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 28 490 574 төгрөг, зээлийг бэлэнээр ашигласан тул зээлийн хүү 30 хувиар тооцож 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүү 26 037 903 төгрөг, хугацаа хэтрүүлсэн шимтгэл 875 000 төгрөг бөгөөд нийт 55 403 477 төгрөгийг Ц.Агаас нэхэмжилж байна, энэхүү үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.А 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13/426 тоот кредит картын гэрээгээр 30 000 000 төгрөгийг, жилийн бэлэн зарлагад 30 хувь, бэлэн бус зарлагад 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн эрх нээлгэсэн, барьцаанд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавьжийн шандад байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 8014/5546 нэгж талбарын дугаартай, 20 000 метр квадрат газар эзэмших эрхийг барьцаалсан.Зээлдэгч кредит картны гэрээний дагуу үндсэн зээлд 704 000 төгрөг төлсөн, картын хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй байна.Зээлдэгч нь үндсэн зээлд төлөлт хийж байсан боловч тухай бүрт дахин авч байдлаар зээлийн эрхийг ашиглаж нийт 29 194 575 төгрөгийн зээлийг авсан боловч зээлийг эргэж төлөөгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр муу зээлд бүртгэгдсэн байна.Зээлдэгч 29 194 575 төгрөгийн ашигласан зээлээс 704 000 төгрөгийг төлсөн.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 28 490 574 төгрөг, зээлийг бэлэн зарлагаар авсан тул зээлийн хүүг 30 хувиар тооцож 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26 037 903 төгрөг, хугацаа хэтрүүлсэн шимтгэл 35 сарын 875 000 төгрөг нийт 55 403 477 төгрөгийг Ц.Агаас нэхэмжилж байна, энэ үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна, Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тул Иргэний хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйл нь Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн зээлийн хэсэгт тусгагдсан, банк тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа  явуулдаг хуулийн этгээд тул Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зээлийн хүүг багасгах зохицуулалт байхгүй.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан байгаа, зээлдэгчид нөхцлийг танилцуулсан, үүний дагуу гэрээ байгуулсан, гэрээний 6.1.2-т заасан хэсгийг хэрэгжүүлээгүй байна гээд байна.Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж байсан, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөр хийгдсэн, зээлдэгч 6 сараас дээш хугацаагаар төлбөр хийгээгүй гэх нөхцөл бүрдээгүй, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дууссан учраас хүүгийн төлбөрийн хэмжээ зээлдэгчээс хамаарсан зүйл байхгүй, хэтэрсэн хугацааны шимтгэлийг 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар 25 000 төгрөгөөр тогтоосон байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.А зээлийн талаар тайлбарлахдаа "Х.Б " 5 жилийн хугацаатай зээлийн карт гэж санал болгож байсан боловч зээл авахаар тохиролцож, гэрээ байгуулах үөд манай журманд өөрчлөлт орсон гээд 1 жилийн хугацаатай, 30 000 000 төгрөгийн зээл олгосон, би эгч дүү нарын хамт гэр бүлээрээ тавилгын худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд бизнесээ 5 жилээр төлөвлөсөн байсан тул зээл 1 жилийн хугацаатай болсон нь маш хүнд байдалд оруулсан.Иймээс зээлийн гэрээг хугацааг сунгах, эсхүл зээлийн гэрээний нөхцөлийг бизнесийн зээл рүү шилжүүлж өгөөч гэж, бизнесээ өргөтгөхөөр зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэж банкинд олон удаа дараа янз бүрийн хүсэлт гаргасан боловч банк аль ч хувилбарыг зөвшөөрөөгүй.Банк зээлдэгчээс хүү шимтгэл авч, бид банкнаас зээл авч хэн хэндээ харилцан ашигтай ажиллах ёстой.Гэвч Х.Б  гэрээг сунгаагүй, зээлийг бизнесийн зээл рүү шилжүүлээгүй, нэмж зээл олгоогүй бөгөөд харин ч зээлдэгчийн хөрөнгийг барьцаалсан атлаа зөвхөн зээлдэгчийг хясан боогдуулж маш богино хугацаатаи бага хэмжээний зээл олгочихоод зээл төлөхийгл шаардсан.Энэ үед улс орон эдийн засгийн хүнд байдалд орж, бүхий л худалдаа арилжаа, барилга, уул уурхайн салбар зогсонги байдалд орсны зэрэгцээ бидний тавилгын худалдааны бизнес ч бусдын адил зогсонги байдалд орж орлого эрс буурсан тул бизнесээ зогсоосон.Банк зээлжих эрхийг хааснаас хойш 2 жил 10 сарын хугацааны дараа өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.” гэж тайлбарладаг.Зээлдэгч Ц.А нь 2014 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд банкны нэхэмжлэхийн дагуу тогтмол төлж үүргээ гүйцэтгэж. Нийт 13 160 980 төгрөг төлсөн байна.Дээр дурдсан нийгмийг хамарсан эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гадна ажлын байрны түрээсийн төлбөрт сар бүр 16 сая төгрөг төлөх, ажилчдын цалин хөлс төлөх зэрэг байнгын өндөр зарлагатай байсан зэргээс гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон байна.Банктай байгуулсан Кредит картын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д 6 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх хугацаанд төлбөрийн доод хэмжээг бүрэн төлөөгүй, эсхүл төлбөр төлөх хугацааг   60-с дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлжих эрхийг хүчингүй болгож гэрээг цуцална." гэж заасан байна.Банк гэрээнд заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй.Кредит картын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасны дагуу зээлдэгч нь 2014 оны 9 дүгээр сарын хүүд 767 737 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын хүүд 767 737 төгрөг нийт 1 535 474 төгрөгийн хүү, үндсэн зээлд 28 490 574 төгрөг нийт үүрэгт 30 599 474 төгрөг төлөх үүрэгтэй байна.Гэтэл банк энэ үүргээ хэрэгжүүлээгүй.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ”Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заажээ.Иймд зээлдэгч эдийн засгийн хүнд байдалд орсныг мэдсээр байгаа атлаа банк гэрээнд заасан дээрх үүргийг хэрэгжүүлэхгүй байсаар зээлдэгчий байдлыг улам дордуулсан, мөн зээлдэгчийн төлсөн 13 160 980 төгрөгийг төлөөгүй мэт нуун дарагдуулж, үндэслэлгүйгээр хуулинд байхгүй шимтгэл зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хугацаа хэтрүүлснээс бий болсон гэх төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 24 604 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б  Ц.Ад 5 жилийн хугацаатай зээл олгоно гэж ярьж байснаа дотоод журамд өөрчлөлт орсон гэж 1 жилийн хугацаатай, 30 000 000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээл авснаасаа хойш удаа дараа банкинд хүсэлт тавьж зээлийн төрлийг сольж бизнесийн зээл болгож өгөх, зээлийн хэмжээг ихэсгэж өгөхийг хүсэж байсан боловч бүтээгүй байдаг.Х.Б ны эдийн засагч нар сар болгон дансандаа мөнгө байршуулахыг шаарддаг байсан бөгөөд эхний удаад Ц.Агаас 8 000 000 төгрөг байршуулахыг шаардаж байсан нь дарамтад оруулж байсан.Х.Б ны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн иргэний хүсэл зориг тусгагдаагүй, зээлийн хүү хэт өндөр байна.Ц.А Х.Б инд 13 160 980 төгрөг төлсөн байдаг.Эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын зээлийн хүүгийн жишиг нөхцөл зэрэг байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгаж, 24 604 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.Х.Б ны Ц.Атай байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасныг үндэслэн банк энэ заалтаа хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагч 24 604 000 төгрөг төлөх нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэлийн энэ мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү, барьцаа хөрөнгийн хувьд нэхэмжлэгч байгууллага нь барьцаа хөрөнгөд үзлэг хийсэн баримт байхгүй гэж байна, гуравдагч этгээд өөрийн газрыг өгөхгүй гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б  хариуцагч Ц.Ад холбогдуулан кредит картын гэрээний үлдэгдэл 28 490 574 төгрөг, зээлийн хүү 26 037 903 төгрөг, хугацаа хэтрүүлсэн шимтгэл 875 000 төгрөг нийт 55 403 477 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Ц.А 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Х.Б тай кредит карт эзэмших гэрээ байгуулсан байна.

 

Энэхүү гэрээгээр Ц.А кредит алтан мастер картыг, 30 000 000 төгрөгийн зээлжих эрхтэй, 1 жилийн хугацаатай, бэлэн зарлагын хүү 30 хувь, бэлэн бус зарлагын хүү 24 хувь байх нөхцөлөөр эзэмшсэн байна.

 

Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч нь тухайн 30 000 000 төгрөгийг картнаасаа бэлнээр болон бэлэн бусаар авч ашиглах эрхтэй бөгөөд тухайн сардаа ашигласан зээлийнхээ хэмжээнээс хамаарч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.7-д заасан төлбөрийн доод хэмжээг сар тутамд төлж байх үүрэг хүлээж талууд тохиролцсон байна.

 

Ц.Агийн картны хуулгаас үзэхэд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар бэлэн зарлагаар ашигласан зээл 29 990 000 төгрөг, зээлийн хүү 362 383 төгрөг байх бөгөөд нэхэмжилсэн нийт төлбөр нь 30 352 983 төгрөг байх ба үүнээс төлбөл зохих төлбөрийн доод хэмжээ болох 3 715 966 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх байжээ.

 

Дараагийн сарын хуулгад 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар өмнөх сарын үлдэгдэл 30 352 983 төгрөг, нэхэмжилсэн нийт төлбөр 31 128 390 төгрөг, үүнээс төлбөл зохих төлбөрийн доод хэмжээ 8 266 780  төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлөх байдлаар үргэлжлэхээр байна.

 

Гэтэл Ц.А нь ашигласан зээлийнхээ дүнд ногдох төлбөл зохих төлбөрийн доод хэмжээг сар тутамд төлөөгүйн улмаас зээлийн хүүгийн төлбөр хуримтлагдах нөхцөл бий болсон байх бөгөөд кредит картын гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан байна.

 

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т кредит карт эзэмшигч нь 6 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх хугацаанд төлбөрийн доод хэмжээг бүрэн төлөөгүй, эсхүл төлбөр төлөх хугацааг 60-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд карт эзэмшигчийн зээлжих эрхийн хэмжээг бууруулах, эсхүл зээлжих эрхийг хүчингүй болгож, гэрээг цуцлана” гэж заасан байна.

 

Зээлдэгч Ц.Агийн эргэн төлөлтийн байдлаас харахад түүнтэй байгуулсан кредит картын гэрээний үүрэг эхнээсээ зөрчигдсөн байх бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан, банк уг зээлийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр муу зээлд бүргэсэн зэрэг нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч байгууллага нь гэрээний 6.2.1-т заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас зээлдэгчийн төлөх зээлийн хүүгийн хэмжээ хэт өссөн  байна гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан байна.

 

Нөгөө талаар талуудын хооронд хийгдсэн кредит картын гэрээгээр хугацаа хэтрүүлсэн шимтгэлийг тохирсон гэж үзэх боломжгүй байх тул Ц.Агийн төлсөн 175 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцон, одоо шаардаж байгаа шимтгэлийн 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 26 037 903 төгрөгөөс шимтгэлд тооцож авсан 175 000 төгрөгийг хасч үлдсэн 25 862 903 төгрөгийн 50 хувь болох 12 931 451 төгрөгийг, гэрээний үлдэгдэл төлбөр 28 490 574 төгрөгийн хамт нийт 41 422 025 төгрөгийг Ц.Агаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 781 451 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн нэхэмжлэгч Х.Б  Д.Болдбаатар нарын хооронд 2013 оны  9 дүгээр сарын 18-ны өдөр БГҮ-13/426 дугаартай барьцааны гэрээ хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр дээрх кредит картын гэрээний үүргийг хангах зорилгоор Хан-Уул  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Гавьжийн шандад байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай 20 000 метр квадрат талбай бүхий газрыг барьцаалж Д.Болдбаатар гарын үсэг зурж, уг гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

 

Хэргийн 22 дугаар талд авагдсан 2012  оны 7 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0293658 дугаар гэрчилгээнд Дангаа овогтой Болдбаатарт төмс, хүнсний ногооны зориулалтаар  эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна.

 

Шүүхээс дээрх барьцааны гэрээнд оролцсон Д.Болдбаатарыг дуудаж Х.Б ны нэхэмжлэлтэй Ц.Ад холбогдох гэрээний үүрэг шаардсан, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай хэргийг хэлэлцэхэд таны эрх ашиг хөндөгдөж болзошгүй байдлыг тайлбарласан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд Ц.Агаас гаргуулан шийдвэрлэсэн 41 422 025 төгрөгийн үүргийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Ц.А-аас 41 422 025 /дөчин нэгэн сая дөрвөн зуун хорин хоёр мянга хорин таван/ төгрөгийг гаргуулан Х.Б  ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 781 451 /арван гурван сая долоон зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Д.Б-н эзэмшлийн Хан-Уул  дүүргийн ... дүгээр хорооны нутаг Гавьжийн шандад байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай ... метр квадрат талбай бүхий газрыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Агаас 365 060 төгрөгийг гаргуулан Х.Б  ХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН