| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2018/0829/Э |
| Дугаар | 2019/ДШМ/237 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/237
З.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Байгалмаа,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1723000210004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хатигин овгийн З.М, 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хадат хороолол, 5 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй,
- З.Ч нэрээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;
З.М нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум, Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханжаргалант” худалдааны төвд байрлах Б.О-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуунаас 750.000 төгрөгийн үнэ бүхий “Ай Фоне 6 эс голд” загварын гар утас,
2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богд гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-д байрлах нийтийн бие засах газрын үүдэнд А.Н-гийн ширээний шургуулганд байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Жэй 5” загварын гар утас,
2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвд байрлах Ч.Г-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 109 дүгээр лангуунаас 430.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А-7” загварын гар утас,
2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моби шоп” худалдааны төвийн Е заал, 03 дугаартай лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Ч.О-ын лангуунаас 620.000 төгрөгийн үнэ бүхий “Ай Фоне 6” загварын гар утсыг тус тус хулгайлсан гэмт хэрэгт,
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулж байсан Л.Л-г “Ай Фоне 6 плас” загварын гар утсыг худалдаж авна” гэж хуурч, ижил төрлийн ашиглах боломжгүй гар утсаар сольж, 580.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Завхан аймгийн прокурорын газраас: З.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан З.М-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М-ийн эдлэх 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.М-ийн цагдан хоригдсон нийт 454 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.М-ээс нийт 1.560.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Г-т 430.000 төгрөг, П.Л-д 580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Г-т 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 450.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.О, А.Н, Ч.О нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Хяналтын прокурор Б.Төрболд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй. Мөн учруулсан хохирлоо төлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч татгалзсан. Шүүх хурал болох хүртэл 454 хоног цагдан хоригдох хугацаанд ар гэр рүү холбогдох нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Прокурор Б.Төрболд нь учруулсан хохирлоо нөхөн төлөх бололцоогоор хангаагүй. Шүүгдэгч З.М миний хэргийн шүүн таслах ажиллагааг хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.
Прокурор Б.Төрболд тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Хатигин овогтой З.М-д холбогдох 1723000210004 дугаартай эрүүгийн хэргийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч З.М-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч З.М нь давж заалдсан гомдолдоо: "... Хяналтын прокурор Б.Төрболд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй, хохирол нөхөн төлөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч татгалзсан, шүүх хурал болох хүртэл 454 хоног цагдан хорих хугацаанд ар гэр рүү холбогдох зөвшөөрөл өгөөгүй. ..." гэжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.М-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаагүй байх бөгөөд харин прокурорын шийдвэр үйл ажиллагааны талаар гомдол гаргасан байна. Дээрх гомдолд тайлбар гаргах нь: 1. Шүүгдэгч З.М-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд миний бие Завхан аймгийн прокурорын газраас дээрх шүүх хуралдаанд орохоор очих бололцоогүй, мөн нөгөө талаас Улсын Ерөнхий прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмааг шүүгдэгч З.М-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд "Улсын яллагч"-аар томилон оролцуулахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд дээрх албан бичиг хэрэгт хавсаргагдсан болно.
2. Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөөр удаа дараа хүсэлт гаргасан талаар гомдол гаргажээ. Шүүгдэгч З.М хэргийн мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх талаар хүсэлт гаргаж байсан. Гэхдээ хохирлоо нөхөн төлөхийн тулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авч өгсний дараа төлнө гэсэн байдлаар хүсэлт гаргаж байсан. Гэвч шүүгдэгч З.М оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орон нутаг болон Нийслэл дамжин хулгайлсан, залилсан гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэгдэж байсан, хувьд оногдох эд хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан түүнд цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан. Гэхдээ түүний эх Т.З-тэй Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгчөөр дамжуулан холбоо барьж байсан, зарим тохиолдолд түүний эх нь холбогдох утасгүй байсан талаарх тэмдэглэлүүд хэрэгт хавсаргагдсан байгаа.
3. Шүүгдэгч З.М-д холбогдох хэргийг хүлээн авч, Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх үед шүүгдэгч нь нийт 288 хоног цагдан хоригдсон байсан. Үүнээс эрүүгийн 1725000000162 дугаартай хэрэгт сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 30-наас 2017 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл 1 хоног, яллагдагчаар 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 21 хоног, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12 хүртэл 83 хоног буюу нийт 105 хоног нь миний хяналтанд бус өөр хэрэгт хоригдож байсан тул шүүгдэгчийн гомдолд дурдагдсан 454 хоног цагдан хорьсон тухай асуудал үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч З.М-ээс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. ...” гэжээ.
Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх З.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан хохирол төлөх боломжоор хангаагүй тухайд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор дахин хулгайн үйлдэл хийхээс сэргийлж, мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сонгож хэрэглэсэн. Шүүгдэгч хоригдож байх хугацаандаа хохирлоо төлөх боломжтой гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч З.М-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
Шүүгдэгч З.М нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум, Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханжаргалант” худалдааны төвд байрлах Б.Оюун-Эрдэнийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуунаас 750.000 төгрөгийн үнэ бүхий “Ай Фоне 6 эс голд” загварын гар утас,
2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богд гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-д байрлах нийтийн бие засах газрын үүдэнд А.Н-ийн ширээний шургуулганд байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Жэй-5” загварын гар утас,
2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвд байрлах Ч.Г-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 109 дүгээр лангуунаас 430.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А-7” загварын гар утас,
2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моби шоп” худалдааны төвийн Е заал, 03 дугаартай лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Ч.О-ын лангуунаас 620.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 6” загварын гар утсыг тус тус хулгайлсан гэмт хэрэг,
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулж байсан Л.Л-г “Ай фоне 6 плас” загварын гар утсыг худалдаж авна” гэж хуурч, ижил төрлийн ашиглах боломжгүй гар утсаар сольж, 580.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч З.М-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр зөв амьдарч, эхийгээ асрахыг хүсч байна. Хорихоос өөрөөр шийтгэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /1 хх 211-212, 213-214, 215-216, 219, 220, 221, 224-225, 226-227, 228-229, 3 хх 2/;
Хохирогч Б.О-ийн “...2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр манай дэлгүүрийн худалдагч М утсаар залгаад нэг хүн лангуун дээрээс утас үзэж байгаад аваад явсан байна гэж хэлээд камерийн бичлэгт гарсан зургийг явуулсан. ... тухайн утас нь “Ай фоне 6 плас” загварын ... 800.000 төгрөгөөр авсан утас байсан. ...“ гэх мэдүүлэг /1 хх 107, 113/,
хохирогч А.Н-ийн “...2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн үед байх ажил дээрээ өөрийн гар утсаа цэнэглэж орхичхоод, бэлэн мөнгөний машин орж мөнгө хийчихээд ирсэн чинь миний ширээний шургуулганд байсан гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудчихаад хяналтын камерт бичлэг шүүсэн чинь хөх өнгийн футболктой хар цүнх үүрсэн залуу гараад явж байсан. ...Миний алдсан утас "Самсунг Галакси Жэй 5" загварын шаргал өнгийн утас байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 110, 114/,
хохирогч Ч.Г-ийн “... Шар царай, саарал футболктой, бараан өмдтэй залуу ирээд гар утас үзье гээд 2 цаг орчим манай лангуун дээр зогсож байгаад 2 утас сонгоод нэг гар утсыг нь найз охиндоо өгнө, нөгөө утсыг өөрөө авах гэж байгаа юм шиг юм яриад 9911... дугаартай утас руу залгуулаад юм ярьж байгаад миний дансны дугаарыг аваад өгөөд байсан. Нөгөө залуу мөнгө шилжиж орж иртэл хүлээж байя гээд лангууны тэнд “Самсунг Галакси А7” гар утсыг хайрцагт нь хийлгүүлээд бэлдүүлээд лангуун дээр тавиулаад мөнгө шилжүүлэх хооронд цэнэглэж байя гээд цэнэглэж байсан. Манай лангуун дээр бараг 2 цаг орчим болсон, авах гэж байгаа утсандаа наалт наалгуулсан. Тэгээд би өөр хүнд утас үзүүлж байтал би бие засаад ирье гэж хэлэхээр нь би 4 давхарт бие засах газар байгаа гэж хэлэхэд тэр залууг явсны дараа хайрцагтай утсаа доошоо хийх гэтэл хөнгөн байхаар нь онгойлгоод үзтэл дотор нь байсан утсыг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 42, 116, 117/,
хохирогч Ч.О-ын “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Моби Шоп” худалдааны төвийн Е заалны миний түрээсэлдэг 03 дугаартай лангуунаас "Ай фоне 6" загварын, саарал өнгөтэй шинэ гар утсыг үл таних, 20-22 орчим насны, хөх жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, хар цүнх үүрсэн, 165 см орчим өндөртэй, бордуу палбигар царайтай залуу хулгайлан авсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-122, 123/,
хохирогч П.Л-ийн “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Скайтел” төвийн 2 давхрын лангуун дээр борлуулалтын ажил хийгээд сууж байтал 20 гаруй насны, үс нь жижигхэн ургасан халзан толгойтой, 160 см орчим өндөртэй, маажиг хөлтэй, шар царайтай, аажуухан яриатай залуу ээждээ заавал “Ай фоне 6 плас” загварын гар утас авч өгөх гэсэн юм. Одоо манай ах ирж үзээд энэ гар утсыг худалдаж авна гэж хэлээд дахин дахин үзэж, миний зарах гэж байсан утсанд өөрийнхөө 89530102 гэсэн дугаарын сим картаар миний 8830... дугаарын гар утас руу залгаж, надтай холбогдож ярьсан. Ингээд нөгөө залуу гаднаас орж ирээд гар утсан дээрээ нэмж заавал саатай утасны хатуу гэр авна гээд миний гар утсыг давхар барьж байснаа гэнэтхэн манай ах ирчихлээ би гараад ахыгаа дагуулаад ороод ирье гэж хэлээд их хурдан гарч гүйж яваад дахин орж ирээгүй. Би хэсэг хугацаанд хүлээж ядаад саатай резинин гэрэнд байгаа утсыг гаргатал миний залилуулсан гар утастай яг адилхан загварын гар утас солиод хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 128-130/,
иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн “... 2017 оны 8 дугаар сарын 10-ны үед байх дэлгүүртээ сууж байсан чинь манай дэлгүүрт танихгүй, намхан шар залуу орж ирээд эгчээ би Цахир сумын хүн байгаа юм. Сум руугаа буцах гэсэн чинь буцах унааны мөнгөгүй болчихлоо. Та миний энэ утсыг авчихаач гэж нэг мэдрэгчтэй утас харуулсан. Тэгээд хэд гэж байгаа юм гэж асуусан чинь 150.000 төгрөг гэхээр нь эгчид нь 150.000 төгрөг байхгүй, 100.000 төгрөг байна гэхэд 100.000 төгрөгөөр утсаа зарсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 111/,
иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цасан бороо” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 359302063506825 имей кодтой, мөнгөлөг өнгийн “Ай фоне 6” загварын гар утас 450.000 төгрөгөөр худалдан авсан. Би фейсбүүк хаяг дээрээс гар утас зарна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож уг ломбарднаас гар утсыг худалдан авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 125/,
гэрч Б.С-ын: “...Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай худалдааны төвийн 109 тоот лангууг түрээсэлдэг Г гэх эмэгтэй, өдөр 14-15 цагийн хооронд лангуун дээрээсээ гар утсаа алдсан. Та камер шүүгээд өгөөч гэхээр нь би Г-ийн лангууны давхрын камеруудыг шүүхэд намхан нуруутай, шар футболк өмсөж, цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд шат руу буусан. Г тэр залууг хараад энэ залуу надаас гар утас худалдаж авна гээд үзэж, тавиулж байгаад хулгайлаад авсан хүн мөн байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 139/,
гэрч Г.Н-ын: “...2017 оны 9 дүгээр сарын 18-нд 17 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Моби Шоп” худалдааны төвийн Е заалны 03 дугаартай лангуун дээр ажлаа хийгээд зогсож байтал саравчтай малгайтай, шил зүүсэн, цэнхэр жинсэн өмдтэй, хар хөх өнгийн цамц өмссөн 20 гаруй насны залуу гар утас худалдаж авна гээд их удаан зогсож байгаад “Ай фоне 6” загварын гар утас надаас нууцаар хулгайлаад аваад явчихсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 148-149/,
эд зүйлийн үнэлгээ /1 хх 171-172/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
1. Шүүгдэгч З.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг залилан авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
2. Шүүгдэгч З.М-ийн бусдын хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
3. Шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар тус шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч З.М давж заалдах гомдолдоо “...Шүүх хурал болох хүртэл 454 хоног цагдан хоригдох хугацаанд ар гэр рүү холбогдох нэг ч зөвшөөрөл өгөөгүй. ...Шүүгдэгч З.М миний хэргийн шүүн таслах ажиллагааг хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч З.М нь Улаанбаатар хот, Орхон аймаг, Завхан аймгийн нутаг дэвсгэр дамжин бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн, оршин суух тодорхой хаяггүй /Сүхбаатар аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ар гэрт нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Цогтсайханаар дамжуулан мэдэгдсэн нь /2 хх 22/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.М-ээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Т.Анхцэцэгийг оролцуулан өмгөөлөх эрхээр хангасан /1 хх 224-225, 226-227, 228-229/, түүний мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд тухай бүрт нь шийдвэрлэж байсан бөгөөд ялтны “...шүүгдэгч З.М миний хэргийн шүүн таслах ажиллагааг хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй. ...” гэх давж заалдах гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан түүний ямар эрхийг зөрчсөн талаар тодорхой заагаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 832 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ