Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0535

 

 

2020 оны 8 сарын 26-ны өдөр                     Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2020/0535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ө.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, М.У нарыг оролцуулан БНХАУ иргэн О (A)-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харьяатын газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч БНХАУ О (A)

Хариуцагч: ГИХГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

БНХАУ О (A)шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  БНХАУ О (A) би 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд, тус улсад “А” ХХК-ийн хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан билээ. Би тус улсад амьдран суух хугацаанд буюу 2011 онд ******* ******* гэдэг Монгол Улсын иргэнд 1.165.100 ам долларыг залилуулж алдсан. Үүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч одоог хүртэл хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байна. Мөн би 2016 онд Хан-Уул дүүргийн Зайсангийн ******* гудамж 48-1 тоот хаягт байрлах 268.5 м.кв, 48-2 тоот хаягт байрлах 251.8 м.кв байр, Хан-Уул дүүргийн Нисэх гэх газарт байрлах 30-40 м.кв 5 өөр төрлийн байр зэргийг гадаадын иргэнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлүүлдэггүй байдлаас шалтгаалж Д.Бн нэр дээр гэрчилгээ зэргийг нь гаргуулсан боловч эдгээр иргэн нь миний хөрөнгөөр авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар захиран зарцуулж байна. Энэ байдлыг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах чин хүсэлтэй байсан боловч намайг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Монгол Улсаас албадан гаргуулахаар болоод байна. Би уг тушаалд дурдсан шиг тус улсын Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах ямар ч үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад хууль бусаар миний эрхэд халдаж ийм тушаал гаргасанд гомдолтой байна.

Би Монгол улсад амьдрах хугацаандаа хүү Б Л 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрүүлсэн бөгөөд хүүгээ Монгол Улсын иргэн Д.Бнэрээр овоглосон бөгөөд хүү маань Монгол Улсын иргэншилтэй. Намайг тус хууль бус шийдвэрээр Монгол улсаас албадан гаргахаар бол миний хүүгийн амьдрах нөхцөл бүрхэг болж, хүүхдийн иргэншил, сурч боловсрох, нийгэмших бүх эрх хаагдмал байдалд хүрээд байна. Энэ нь өөрөө хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, ялангуяа энх тайван, нэр төр, тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх болон эв санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үздэг 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцын суурь зарчим миний хүүгийн хувьд алдагдах гээд байна.

Намайг яг ямар хууль бус үйлдэл гаргасан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргах, гаргасан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Би эд хөрөнгөө бусдад алдаж, бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлээд зогсохгүй, өөрийн хүүхдээ хүртэл алдах нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс ГИХГ дарга Д.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6- д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасанчлан анхнаасаа гарах ёсгүй эрх зүйн баримт бичиг гэж үзэж байх тул уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал эрх бүхий байгууллага гүйцэтгэх ажиллагааны журмаар ажиллагаа хийсэн гэж үйл баримтын тухай ярьж байна. Хэргийн үйл баримтыг шүүхээс тогтоодог. Албан бичиг дээр залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийгээд Монгол Улсын 16000 иргэний хувийн мэдээлэл авчихсан гэж байгаа. Тэгэхээр үйл баримтыг тогтоох ёстой. Шүүх үүнийг тогтооно гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.2.3-т хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байгаа. Эдгээр хүмүүсийн мэдээлэл гэдэг нь овог нэр, утасны дугаар, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээлэл байгаа. Энэхүү мэдээллийг ямар нэгэн хууль зөрчиж, худлаа хэлж авсан зүйл байхгүй. Өөрсдийн зөвшөөрснөөр тэмдэглэж авсан. Үүнийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гэж байгаа Биткойнд оролцоно гэж өгсөн гэж тайлбарладаг” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаадын иргэний албадан гаргахын тулд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 339 дугаартай Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг эрх зүйн үндэс болгон тушаал гардаг. Журамд зааснаар гадаадын иргэний хяналтын улсын байцаагч уг журмын 2.1-т зааснаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-т заасан зөрчил илрүүлсэн хяналтын улсын байцаагч нь тухайн гадаадын иргэний талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт үйлдэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна гэж байгаа өөрөөр хэлбэл хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх шаардлага журмаар тавигдаж байгаа. Хоёрдугаарт улсын байцаагч нь дүгнэлтийг илрүүлсэн байх шаардлага тавигдаж байгаа. Ингэж байж Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал гарах ёстой. Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал нь дээрх дурдсан хууль, журмыг үндэслэсэн байх ёстой. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.10-т зааснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж холбогдох байгууллагаас үзсэн тохиолдолд гэж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд энэ шийдвэрийг гаргаж байгаа үндэслэл нь Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн санал буюу албан бичиг байгаа. Гэвч хуульд үзэхийг шаардаж байгаа. Үзэх гэдэг маань Тагнуулын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаа буюу үзэж болох эрх байгууллагаас мөрдөгчийн тогтоол эсвэл ямар нэгэн захирамжилсан шинжтэй албан бичиг гарч байж түүнийг үндэслэл болгох нь гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт өөрөө хууль зүйн үндэслэлтэй байх гол шалгуур нь болж байгаа юм. Хариуцагч нь тайлбарлахдаа маш нууцын зэрэглэлтэй албан бичгийг үндэслэсэн гэж тайлбарладаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий байгаа бөгөөд Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал нь илт хууль бус хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэл болгосон, хууль зүйн шаардлагыг хангаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, М.У нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “БНХАУ О (A) г Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж үзэж ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мн/1019 дугаарын “маш нууц” зэрэглэлтэй албан бичгийг үндэслэн ГИХГ даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар түүнийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.10 дахь хэсгийг үндэслэн БНХАУ О (A) ийн Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг 10 жилээр тогтоож шийдвэрлэсэн.

БНХАУ О (A)-г хуульд заасан үндэслэлээр албадан гаргах шийдвэр гаргасан тул тус байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.10-т заасны дагуу Тагнуулын ерөнхий газраас ирсэн маш нууцын зэрэглэлтэй баримтыг үндэслэн гаргасан нь үндэслэл бүхий байгаа юм. Үүнтэй холбоотой хүүхдийн эрх ашиг хөндсөн шийдвэр гаргаагүй байгаа.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт дээр энэхүү фактад оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа иргэнийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд албан гаргахыг эсэргүүцсэн үндэслэл шалтгааныг танилцуулна гэж байгаа. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан гаргаж байгаа тохиолдолд тэр үндэслэл шалтгааныг тайлбарлах үүрэггүй гэдгийг заасан байгаа. Тагнуулын байгууллага манай байгууллагад тодорхой зүйлүүдийг ирүүлдэггүй. Ингэснээр манай байгууллагыг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй. Харин манай байгууллага Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.10 буюу холбогдох байгууллагаас үзсэн албан бичгийг үндэслэн тушаал гаргаснаар илт хууль бус биш гэдгийг тайлбарлаж байна. Хоёрдугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн улс эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг байдаг. Тэгэхээр төрийн байгууллага дээрх дурдсан үүргээ биелүүлж шийдвэр гаргадаг.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1.9 дүгээр зүйлд Гадаадын иргэн харьяатын байгууллага нь үндэсний аюулгүй байдлын талаар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага гэж заасан байгаа. Энэ хуульд зааснаар төрийн болон орон нутгийн байгууллагатай үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа энэ хүрээнд тус байгууллагаас холбогдох журмын дагуу саналаа ирүүлээд түүнийг нь үндэслэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсан талаар БНХАУ О (A)-д албан ёсоор танилцуулсан. Энэ хүн Монгол Улсаас албан гаргана гэдгийг ойлгож байсан. Түүнтэй холбоотой зорчих билетээ авч ирж байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэл гаргагчаас шүүхэд хандан “ГИХГ дарга Д.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч БНХАУ О (A) нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар намайг Монгол Улсаас албадан гаргахаар болсон. Намайг ямар хууль бус үйлдэл гаргасан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргах, гаргасан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв Монгол Улсаас албадан гаргахаар бол миний хүүгийн нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан үзэл санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үздэг Хүүхдийн эрхийн конвенцын суурь зарчим миний хүүгийн хувьд алдагдахад хүрээд байна  хэмээн мэтгэлцэж байв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.10-т Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн бол гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргахаар заасан бөгөөд холбогдох байгууллага болох Тагнуулын ерөнхий газраас бичиг ирүүлсний дагуу хариуцагч байгууллагаас Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн гэжээ.

          Нэхэмжлэгчээс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2020/3124 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба хариуцагчаас гомдол гаргаагүй.

Гадаадын иргэний хяналтын Улсын байцаагчийн О.Э2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн УБ05/014-300 дугаар Гадаады иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлтээр “... БНХАУ О (A)-г Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж үзэж Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мн/1019 дугаартай албан бичгээр санал ирүүлсний дагуу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.10-д заасныг тус тус үндэслэн 10 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргах саналтай байна” гэжээ.

            ГИХГ дарга Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Гадаадын иргэний эрх зүйн байдын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, 37.2, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 2.2, 2.3.4, 2.3.9, 3.10 дахь заалт, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн УБ05/014-300 дугаар дүгнэлтийг үндэслэн” А/******* дугаар “Монгол Улсаас албадан гаргах тухай” тушаалыг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн -д заасныг баримтлан БНХАУ О (A)-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаадын иргэн харьяатын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ О (A) -д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.Б