Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 43

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                          С.Оюунцэцэг

                                                                      Г.Давааренчин

 

                                 Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                      Х.Баянцэцэг

                                 Түүний өмгөөлөгч           Л.Доржпүрэв

                                 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд   Ш.Сэлэнгэ,

                             Түүний өмгөөлөгч           С.Оюунцэцэг

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 510 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Х.Баянцэцэгийн нэхэмжлэлтэй, М.Мөнхмаад холбогдох “Хууль бус гэрлэлтийн баталгааг хүчингүй болгуулах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний хүү Рэнцэн овогтой Барбаатар нь Шагдар овогтой Сэлэнгээтэй хамтран амьдарч байсан юм. Ш.Сэлэнгээ нь 2006 онд Дулаанхаан тосгоны Иргэний бүртгэлийн мэдээллийн албан дээр ганцаараа очиж М.Мөнхмаатай уулзаж хүүгийн минь байхгүй үед гэрлэлтийн баталгаа хийлгүүлж тэр үед гэрлэсэн хүмүүст Төр засгийн газраас өгдөг байсан 500.000 төгрөгийг авсан байдаг. Мэргэжилтэн М.Мөнхмаа нь Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан: Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчиж миний хүүг байхгүй үед нь 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 02 тоот гэрлэлтийн баталгаа хийсэн буруутай байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан: хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн байдаг. Мэргэжилтэн М.Мөнхмаа нь өөрөө энэ буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд миний хүүгийн гарын үсэг байхгүй гэдгийг хэлдэг юм.

Миний хүү Р.Барбаатар нь Ш.Сэлэнгээтэй хамтран амьдарч байхдаа хоёр хүүхэдтэй болсон билээ. 2010 оны үеэс эхлэн Ш.Сэлэнгээтэй таарч тохирохгүйн улмаас хамтран амьдрахаа больж тусдаа амьдрах болсон юм. Хүү минь 2015 онд өвчний улмаас нас барсан юм. Миний бие хүүгийнхээ төрүүлсэн эх нь болохоор хууль ёсны төлөөлөгчийн хувьд гэрлэлтийн хууль бус баталгааг хүчингүй болгуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад иргэнийг төлөөлөх тухай заасан байна. Улсын дээд шүүхийн: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай Зөвлөмжийн 2 дахь зүйлийн а/-д заахдаа: Иргэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу төлөөлнө гэсэн байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заахдаа: Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан байна. Иймд би хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгч нь тул энэ нэхэмжлэлийг гаргаж байгааг минь хүлээн авна уу. Миний хүү Р.Барбаатар, хамтран амьдарч байсан Ш.Сэлэнгээ нарын гэр бүлийн баталгаа нь хуульд нийцээгүй, хуулийг зөрчсөн байгаа тул 2006 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот хууль бус гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Баянцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хүү Р.Барбаатар Ш.Сэлэнгэтэй гэр болоод хоёр хүүтэй болсон. Хамт амьдарч байх хугацаанд Р.Батбаатар болон Ш.Сэлэнгэ нарын аль нь ч гэрлэлтээ батлуулах талаар юм ярьдаггүй байсан. Дараа нь гэрлэлтээ батлуулсан талаар би олж сонсоод Р.Барбаатараас асуухад би сайн мэдэхгүй Ш.Сэлэнгэ батлуулчихсан байсан гэж хэлсэн. Тэр үед гэр бүлийг нь баталсан  хүн нь Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан М.Мөнхмаа гэгч байсан. Гэрлэлтийг батлуулахад эхнэр нөхөр хамт байж батлуулдаг баймаар юм. Гэтэл нэг нь байхгүй байхад гэрлэлтийг нь бүртгэсэн асуудлыг хууль бус гэж үзэж байна. Иймээс энэхүү хууль бус гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч өөрөө гэрлэлтийг хүчингүйд тооцуулах эрх бүхий субьект биш. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахад гэрлэгчдийн аль нэг нь эрх нь зөрчигдсөн бусад хүн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хүсэлтээр шүүхэд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож болно гэж заасан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан 5 төрлийн харшлах шалтгаан байхгүй бол гэрлэлтээ бүртгүүлье гээд орж ирэхэд бүртгэхгүй гээд гаргаж болохгүй. Хавтаст хэргийн материалаас харахад Р.Барбаатар болон Ш.Сэлэнгэ нар нь 3 жил хамт амьдарсаны дараа том хүүгээ төрүүлсний дараа гэрлэлтээ бүртгүүлэхээр зохих байгууллагад хандаж уг байгууллага хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн ийм л асуудал яригддаг. Р.Барбаатар Ш.Сэлэнгэ нарын гэрлэлтийг 2006 онд бүртгэсэн ба өнөөдрийг хүртэл 11 жил өнгөрсөн байна. Гэтэл энэ хугацаанд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар асуудал гарч байгаагүй. Энэ гэрлэлтийг хүчингүйд тооцох юм бол хүүхдийн эрх ч зөрчигдөх асуудал гарна. Р.Барбаатарын хоёр хүү тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг энэ асуудал ч зогсох боломжтой. Дээрх бүх нөхцөл байдлуудаас харахад энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох ямар ч үндэслэл алга. Тиймээс энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  Ш.Сэлэнгэ  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгааг ямар нэгэн шунахайн сэдэлт байна гэж үзэж байна. Биднийг шинээр бүртгүүлсэн гэр бүлд олгож байсан 500.000 төгрөгийг авсан гэсэн байсан. Бид огт 500.000 төгрөг аваагүй. Гэрлэлтээ батлуулсан буюу 2006 онд манай гэр бүл Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд ажиллаж амьдарч байсан. Миний нөхөр болох Р.Барбаатар бизнесийн зээл авахаар ХААН банкинд материалаа бүрдүүлж өгөөд Мандал суманд нотариатаар батлуулахаар очиход банкны ажилтан нь та нар манай орон нутгийн харъяа биш болохоор гэрлэлтийн баталгаа шаардлагатай гэсэн хариу өгсөн болохоор гэр бүлээ батлуулахаар Иргэний бүртгэлийн байгууллагын мэргэжилтэн М.Мөнхмаа дээр очиход би ажлаа аваад удаагүй байна бүртгэлийн байгууллагаасаа тодорхой зааварчлагаа авч байж хийх ёстой тийм болохоор одоохондоо гэрлэлтийг чинь бүртгэж авах боломжгүй байна гэж хэлсэн. Бид хоёр 2003 оноос хамт амьдарч эхлээд 2005 онд анхны маань хүүхэд гараад 3 жил хамт амьдарсан байсныг Дулаанхаан тосгоныхон сайн мэднэ. Ингээд яалт ч үгүй миний бие Дулаанхаан тосгонд ирж гэрлэлтээ батлуулсан. Дараа нь би нөхөртэйгөө ч хамт очсон. 2014 оноос Улаанбаатар хотод том хүүгээ сургуульд, бага хүүгээ цэцэрлэгт оруулсан. Р.Барбаатар хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг байсан. Гэтэл нас барсных нь дараа үр хүүхдэд нь өвлөгдсөн хөрөнгийг эмээ нь булааж авчихаад одоо бид нар тодорхой орох оронгүй байна. Том хүү маань спортын сургуульд сурдаг. Өглөө 10 цагт бэлтгэлд гараад 12 цагт тараад 1 цаг хүртэл спортын төв ордон дээр байж байгаад хичээлдээ ороод оройны 19 цаг 40 минутанд тардаг. Автобусанд сууж гэртээ ирэх гэсээр байтал 20 цаг өнгөрчихдөг. Би том хүүгээ асран хамгаалахаас өөр аргагүй нөхцөл байдалд байдаг. Бага хүүгээ хотод сургуульд оруулах гэсэн боловч амьдралын боломж хэцүү болохоор Дулаанхаан тосгонд сургуульд орж миний 68 настай ээжийн асрамжинд байдаг. Талийгаач амьд сэрүүн байхдаа Үнэгүй.mn сайт дээр норд бенз машиныг 2 өрөө байраар солино гэсэн зар тавьж байсан. Солих гэсэн хүмүүс нэлээн олон утсаар залгаж асуудаг байсныг түүний ээж буюу нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Нөхөр маань амьд сэрүүн байхдаа гэр бүлдээ зориулж 61.000.000 төгрөг шилжүүлж байсан. Энэ нь бидний харилцаа хэвийн байсан гэдгийг батлан харуулна гэж ойлгож байна. 2006 онд гэрлэлтээ батлуулсанаас хойш 10 гаран жилийн хугацаанд нөхөр маань гэрлэлтийг цуцлуулах хүчингүй болгуулахаар ямар ч зүйл яриагүй байхад түүний ээж нь ийм зүйл хийгээд яваад байгааг ойлгохгүй байна. Миний том хүү улсын 2 удаагийн аварга. Гадагшаа тэмцээнд явах болохоор л хүн амьтнаас тусламж хандив гуйдаг. Нэг удаа хүүхдийн маань тэмцээнд 200.000 төгрөг хэрэг болоод нөхрийнхөө ээж ах дүү нараас асуухад үгүй гэж хэлсэн байж хүүхдүүдийг маань 18 насанд хүрэхээр 40.000.000 төгрөг өгөх гээд хадгалж байгаа гэдэгт огт итгэхгүй байна. Миний хувьд бидний гэрлэлтийг хуулийн хүчин төгөлдөр гэрлэлт гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 510 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Баянцэцэгийн тус шүүхэд гаргасан ... хүү Р.Барбаатар, Ш.Сэлэнгэ нарын 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот хууль бус гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ш.Сэлэнгэ нь шүүгчийн 1639 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Баянцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Баянцэцэг миний бие хайрт хүү Р.Барбаатарыгаа алдан сэтгэл санааны гүн гүнзгий хямралтай, өндөр настай хөгшин хүн хуулийг хүндэтгэн шүүх хуралд өөрийн биеэр ирсэн боловч намайг үл ойшоон шүүх бүрэлдэхүүнээс “гэрлэлтийн асуудал таньд хамаагүй” гэж хүртэл хэлсэн. Би Ш.Сэлэнгийг хүүгийнхээ эхнэр гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Яагаад гэвэл миний хүү Р.Барбаатар нь Ш.Сэлэнгэтэй түр хугацаагаар хамтран амьдарч байхдаа байнгын зөрчилтэй, байнгын дарамтанд амьдарч байснаар үл барам байнга хөөгдөж хүүхдээ тэврэн үргэлж гэртээ ирдэг байсан. Тэр ч бүү хэл Ш.Сэлэнгэ нь миний эрх чөлөөнд халдаж, зодож байлаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан гэрлэлтийг хууль зөрчиж бүртгэсэн учир гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин Ш.Сэлэнгэтэй хамтран амьдралтай байсан, хоёр хүүхэдтэй болохоо үгүйсгэх гэж мөн гэрлэхэд харшлах шалтгаан байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаагүй. Миний хүү талийгаач Р.Барбаатар нь амьд сэрүүн байхдаа Ш.Сэлэнгэтэй гэрлэлтээ бүртгүүлэхээр харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлээгүй учир энэ тухай тогтоолгохоор шүүхэд төрсөн эхийн хувьд нэхэмжлэл гаргасан. Учир нь Иргэний бүртгэлийн ажилтан Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрлэлт бүртгэсэн байхад шүүх харгалзан үзсэнгүй. Р.Барбаатар нь гэрлэлтээ бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад биечлэн очоогүй гэдгийг тогтоолгохын тулд Шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээчийн дүгнэлтээр “Р.Барбаатарын гарын үсэг тохирохгүй байна” гэж тогтоосон боловч шүүхээс хамт амьдарч байсан, дундаас нь хоёр хүүхэд гарсан байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэрлэлтийн бүртгэлийг  хуулиар тогтоосон журмын пагуу гүйцэтгэнэ” гэж заасан байх тул гэрлэгчдийг биечлэн байлцуулахгүйгээр гэрлэлтийг бүртгэсэн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм. Талийгаач Р.Барбаатар, Ш.Сэлэнгэ нарын гэрлэлт хууль журмын дагуу бүртгэгдээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ” гэсэн заалтын дагуу Ш.Сэлэнгийн өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй болно. Өнгөрсөн хугацаанд талийгаач Р.Барбаатар нь төрсөн хоёр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс зайлсхийх оролдлого хийж байгаагүй. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаас хүүхэд төрж, үр хүүхэд тэжээн тэтгэж байсан нь гэр бүлийн баталгаа хүчинтэй гэдгийг нотлохгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 510 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

                                              

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч М.Мөнхмаа бүртгэлийн ажлыг хуульд зааснаар хийгээгүй гэж нэхэмжлэл гарагсан. Анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн Гэр бүлийн тухай хуулийн 9-д зааснаар гэрлэлт цуцлах боломжгүй гэсэн. Энэ нь бүртгэлийн маргаантай холбоотой шийдвэр гараагүй, тухайн гэрлэлтийг цуцлах шалтгаан байхгүй гэсэн үндэслэлээр шийдсэн. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийг байлцуулж бүртгэх ёстой байсан. Мөн гарын үсгийг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахад гарын үсэг нь биш гэж гарсан. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Сэлэнгэ тайлбартаа:

Бид 2003 онд гэр бүл болж 2004 онд том хүү Батгүн 2010 онд бага хүү Батбулган нар төрсөн. 2015 оны 11 сарын 15-ны өдөр талийгаач нас барсан. Энэ хүн Тавантолгойд ажиллаж байхдаа 100 тонны шаланз машинтай болсон. Энэ машинаа аваад орон гэртэй болох ёстой гэж хөдөлмөрлөсөн. Бид нар Улаанбаатарт байр түрээсэлж амьдардаг байсан. …Миний хоёр хүү аавыгаа нас барнаас хойш ганц ч төгрөг аваагүй. Сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй. Маргааш олон улсын тэмцээнд явах ёстой байтал төлбөрөө төлж чадахгүй, эмээгээсээ миний төлбөрийг төлөөд өгөөч гээд горьдоод бүлтэгнээд гадаа сууж байна. Ганцхан мөнгөн дээр маргалдаад байна. Энэ хоёр хүүхдийн эрүүл мэнд, орох оронтой байна уу, сурах орчин байна уу гэдгийг бодохгүйгээр эмээ нь 40.000.000 төгргийг авахын тулд, энэ мөнгөтэй үлдэхийн тулд энэ эмээ  хоёр хүүхдээ гудманд байлгахын тулд нас барсан хүний ясыг өндөлзүүлж эмээ нь өнөөдөр шүүхэд дахин дахин гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн хурлаас эхэлж өмгөөлөгчөөр орж байна. Хэргийн материалтай танилцахад Баянцэцэг гуай 40.000.000 төгрөг өгөхгүй гээд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргалдаад байгаа юм байна. Иргэний хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хоёр хүн хууль ёсны гэр бүл байсан байна. Дундаас нь хоёр хүү төрсөн нь нотлогдож байна. Мөн талийгаач Өмнөговьд ажиллаж байхдаа гэр бүл рүүгээ 61.900.000 төгрөгийг нас барах хүртлээ явуулж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд  заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл нь нас бартлаа хүчин төгөлдөр байсан байна гэж хэлмээр байна. …Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотолсон байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн. Мөн энэ хүн нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн үү гэхэд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй этгээд биш. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар гэрлэхэд харшлах шалтгаан байгаагүй. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа учраас шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. …Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгоны иргэний бүртгэлийн ажилтан М.Мөнхмаад холбогдуулан иргэн Р.Барбаатар, Ш.Сэлэнгэ нарын  гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт Ш.Сэлэнгэ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус хэргийн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны  дагуу хэргийг судлан үзвэл:

Иргэн Р.Барбаатар, Ш.Сэлэнгэ нарын  2003 оны 06 сарын 20-ны өдөр гэр бүл болсныг Улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 02 сарын 07-ны өдөр бүртгүүлж, улмаар гэрлэгчдийн дундаас 2004 онд хүү Б.Батгүн, 2010 онд хүү Б.Батбулган нар төрсөн бөгөөд иргэн Р.Барбаатар нь өвчний улмаас 2015 оны 11 сарын 11-ний өдөр нас барсан байна.

 

    Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох  үндэслэл, түүний үр дагварын талаар зохицуулжээ.

 

         Тус хуулийн 16.1-д  “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд хэн нэгний эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг  хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэжээ.

 

          Гэр бүл болох зорилогогүйгээр бүртгүүлсэн  гэдэгт “тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших, хуульд заасан хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих ба оршин суух зөвшөөрөл авах зэргээр гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй  эрхийг эдлэх эсхүл хүлээх ёстой үүргээсээ зайлсхийхийн тулд  гэрлэлтийг ашиглах зорилгоор  бүртгүүлэхийг” ойлгоно.

 

    Гэтэл иргэн Р.Барбаатар, Ш.Сэлэнгэ нарын гэрлэлт бүртгүүлсэн нь дээрхи ойлголтонд хамаарахгүй ба гэрлэгчид нь 2003 онд гэр бүл болсноо 2006 онд улсын бүртгэлд бүртүүлснээр баталгаажсан нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

    Нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь  талийгаач Р.Барбаатарын ээж  бөгөөд  шүүхэд гаргасан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ш.Сэлэнгэ нь  Р.Барбаатартай хамтын амьдралтай байхдаа түүний эзгүйд  Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчин бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь хууль зөрчсөн гэж  тайлбарлажээ.

 

    Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд Иргэний бүртгэлийн байгууллага нь гэрлэгчдийн хүсэлтээр тэдгээрийг байлцуулахгүйгээр бүртгэл хийсэн нь мөн хуулийн  16 дугаар зүйлийн 1-д заасан гэрлэлт хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

 

   Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь онцгой ажиллагааны журмаар  хийгддэг, өөрөөр хэлбэл эрх зүйн ямар нэгэн маргаангүй, хэн нэгэн этгээдэд  хандаж гаргасан шаардлага биш, зөвхөн сонирхогч этгээдийн иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бий болгодог ач холбогдолтой.

 

  Гэтэл нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа  Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгоны иргэний бүртгэлийн ажилтан М.Мөнхмаад холбогдуулан гаргасан байх ба энэ талаар анхан шатны шүүх зохих дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.   

  Иргэний бүртгэлийн байгууллагын гэрлэлт бүртгэх журмыг зөрчсөнөөр буюу иргэн Ш.Сэлэнгэ Р.Барбаатар нарын гэрлэлт хүчин төгөлдөр байснаараа  гэрлэгчдийн болон нэхэмжлэгч Х.Баянцэцэгийн  хууль ёсны ямар эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, энэхүү гэрлэлт нь түүний хуулиар олгосон ямар эрхийг хэрхэн зөрчсөн, ямар шалтгаан нөхцлийн улмаас тэдгээрийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

   Мөн нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь талийгаач Р.Барбаатарын төрсөн эх боловч хүүгийнхээ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш  тул түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

    Нэхэмжлэгч Х.Баянцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар шүүхэд төрсөн хүүгээ хуулиар төлөөлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зохицуулалт нь эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай иргэний хувьд эцэг, эх  шүүхэд төлөөлөх эрхийг зохицуулсан байгааг тайлбарлах нь зүйтэй байна.

 

   Харин талийгаач Р.Барбаатарын эд хөрөнгийг өвлөх талаарх асуудал нь гэрлэлт хүчин төгөлдөр эсэхтэй холбоогүй бөгөөд  Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу жич шийдвэрлэгдэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.

 

   Анхан шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч Х.Баянцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд  хууль зүйн  дүгнэлт  хийгээгүй байна.

   Иймд  давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн шаардлагад зохих хууль зүйн дүгнэлт хийж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 510 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Баянцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН