Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0492

 

Ай Ай Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбадаш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Гомбосүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ай Ай Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ай Ай Эн ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Ай Ай Эн ХХК нь дээрх хуулийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөлд заасны дагуу 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай Тусгай зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эхэлсэн ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/1S/03 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч, хууль ёсны дагуу Ай Пи Тв үйлчилгээ эрхэлж, 400.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлж байна.

Гэтэл орон нутагт буюу Дархан-Уул аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй Юнивишн ХХК нь Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээгээ эхлүүлж, өөрийн зах зээлд монопол /давуу/ байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсэн. Энэ нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна, 5.4-д Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д гэрээнд үйлчлэх нутаг дэвсгэр тусгана, 25 дугаар зүйлийн 25.2.9-д хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүргийг биелүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах гэж заасныг зөрчсөн.

Иймээс манай компанийн эрх ашиг зөрчигдсөн үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргасны хариуд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 тоот мэдэгдлийг Юнивишн ХХК-д хүргүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг мэдэгдэж байна гэсэн нь Юнивишн ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага оногдуулж чадаагүй хэт хөнгөдсөн шийдвэр болсон.

Юнивишн ХХК нь тусгай зөвшөөрөлд заагаагүй хамрах хүрээнд буюу Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа биш харин бидний мэдэж байгаагаар дор хаяж 266 айлд холболт хийж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байгаа болно. Дархан-Уул аймагт буюу тусгай зөвшөөрөлд заагаагүй нутагдэвсгэр дээр үйл ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл юм.

Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасныг зөрчсөн бол Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байхад зөвхөн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэж байна гэж мэдэгдэлд заасан нь хуульд нийцээгүй байна.

Уг мэдэгдлийг хүргүүлснээс хойш Юнивишн ХХК нь өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү.

2. Юнивишн ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан Юнивишн ХХК-д хуульд заасан хариуцлага тооцохын оронд хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан зөрчлийг гаргасан тул 15 дугаар зүйлийн 15.1-д заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой байтал харин эсрэгээр тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон нь илт хууль бус байна. Ингэж нөхөн олгохдоо тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр өгөх ёстой атал Ай Ай Эн ХХК нь дөнгөж үйл ажиллагаа явуулж, хөлөө олох гэж байхад зах зээлийг хамгаалах талаар арга хэмжээ аваагүй.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны журмын 10 дугаар зүйлд үнэлгээ хийлгэх талаар тодорхой заасан. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.9-д зааснаар ...өргөдөл хавсралт маягтыг шалгаж, мэргэжилтэнд шилжүүлнэ.. гэж заасан байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2013 оны 09 дүгээр сард хийсэн үнэлгээ шалгалтад жилийн дараа буюу 2014 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөл олгосон нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударгаөрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чигүүрэгтэйХарилцаа холбооны зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ ажиллана гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд Юнивишн ХХК-ийн телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670 /Б/ IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нь өргөтгөж Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах эрх олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай тогтоолын 4 дэх хэсгийн Юнивишн ХХК-д Дархан-Уул аймагт эрх олгосонтой холбоотой хэсгээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ай Ай Эн ХХК нь тус хорооноос 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Телевиз радиогиин олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Дархан суманд интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр авсан. Гэвч тус хорооны 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/142 тоот тушаалаар томилогдсон Дархан-Уул аймагт ажилласан шалгалтын баг Ай Ай Эн ХХК нь тусгай зөвшөөрөл анх авахдаа бүрдүүлж өгсөн төлөвлөлтийн дагуу бус Скаймедиа корпораци ХХК-тай түрээсийн гэрээ хийж бүх тоног төхөөрөмж, дэд бүтэц сүлжээг ашиглан Дархан Ай Пи ТВ нэртэйгээр Скаймедиа корпораци ХХК-ийн интернетэд суурилсан телевизийн үйлчилгээг хүргэж байгааг илрүүлсэн байна.

Ай Ай Эн ХХК-ийн эрхэлж буй одоогийн түрээсийн үйл ажиллагаа нь видео сангүй, телевизийн нэвтрүүлгийг шууд үзэх боломжгүй Улаанбаатар хотын сувгуудыг дамжуулах сүлжээ ашиглан дахин дамжуулдаг, төрөл бүрийн интерактив үйлчилгээгүй зэргийг харахад дээр дурдсан тодорхойлолтын дагуу Ай Пи Тв-ийн үйлчилгээ эрхлээгүй гэж үзэхээр байна.

Мөн уг түрээсийн гэрээний 2.5-д Гэрээнд заасан үйлчилгээтэй холбоотой гарч байгаа бүх төрлийн нийт зардлаас түрээслүүлэгч тал 80%-ийг нь, түрээслэгч тал нь 20%-ийг нь хариуцна гэж заасан байтал 400.000.000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь бодит бус байна.

Учир нь тус хорооны ажлын хэсэг газар дээр нь шалгалтаар очиход тус компанийн зохион байгуулсан сүлжээ гэж байхгүй үйлчилгээний үндсэн тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотод түрээслэгчийн эзэмшилд байдаг үүнээс "Скайнэтворкс" ХХК-ийн дамжуулах сүлжээг ашиглан Дархан-Уул аймгийн Шинэ Дархан, хээтэй хорооллын зүүн хэсгийн 9 дүгээр байранд хүргэсэн нь нотлогдсон.

Юнивишн ХХК-ийн хувьд 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод Ай Пи Тв, өндөр хурдны интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулсан ба тус компаниас хөдөө орон нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг бизнес төлөвлөгөөний хамт тус хороонд ирүүлсэн.

Тус хороо 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн Ай Пи Тв-ийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Гэвч Юнивишн ХХК тус хороонд мэдэгдэлгүйгээр Дархан-Уул аймгийн Дархан суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэн хэрэглэгчдийг холбосон тухай гомдол Ай Ай Эн ХХК-аас ирүүлсний дагуу Юнивишн ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 тоот мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ хэрвээ гомдолд дурдсан үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээг болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгааг мэдэгдээд хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг сануулсан сануулга өгсөн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тус хорооны бүрэн эрхэд халдах гэсэн хууль бус үйлдэл юм.

2. Телевиз радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхэлдэг Скаймедиа ХХК болон Юнивишн ХХК-иудын үйл ажиллагаа явуулах хамрах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байсныг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Юнивишн ХХК-д Дархан-Уул, Орхон аймгуудад, Скаймедиа ХХК-д Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад үйлчилгээ хүргэх нэмэлтийг хийсэн.

Тус хороо нь дээрх компаниудын удаа дараа ирүүлсэн тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт болон хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийнхээ дагуу дээрх компаниудын хамрах хүрээнд нэмэлт хийсэн бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Юнивишн ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Бид 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн IРТV үйлчилгээг орон нутагт, тэр дундаа Дархан, Орхон аймгуудад хүргэхээр бизнес төлөвлөгөө гарган өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа бөгөөд Дархан-Уул аймагт туршилтын байдлаар цөөн тооны өрхийг холбож IPTVсуурин утас, өндөр хурдны интернэтийн гурвалсан үйлчилгээ нь стандарт хэмжээнд,тасалдалгүй ажиллаж болох эсэхийг шалгаж туршсан.

Энэ асуудал дээр Харилцаа, холбооны зохицуулах хорооноос манайд 2014 оны 07 дугаар сарын 02-ныөдрөөр огноолсон 01/819 тоот албан бичгээр уг туршилтын арга хэмжээг зогсоох талаар үүрэг даалгавар өгч, сануулга өгсөн тул бид туршилтын ажлаа зогсоосон болно.

2. Юнивишн ХХК нь IPTV үйлчилгээг Дархан-Уул, Орхон аймгуудад нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бизнес төлөвлөгөөгөө 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 тоот тогтоолоор Юнивишн ХХК-ийн эзэмшдэг 670/Б/IPTV02 тоот Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд Дархан-Уул, Орхон аймгуудыг нэмэх шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийг үндэслэн бид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороотой Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж тусгай зөвшөөрөл авсан бөгөөд холбогдох хууль журамд нийцсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг тус тус баримтлан Юнивишн ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Юнивишн ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670 /Б/ IPTV02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг баримтланХарилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай тогтоолын 4 дэх хэсгийн Юнивишн ХХК-д Дархан-Уул аймагт эрх олгосонтой холбоотой хэсгээр, уг тогтоолын 4 дүгээр хавсралтын Юнивишн ХХК-д Дархан-Уул аймагт эрх олгосонтой холбоотой хэсгээр тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо: Юнивишн ХХК-д хууль бус ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон тухай сануулах албан тоот илгээх, хэлбэрийн төдий хяналт шалгалт явуулснаас өөр арга хэмжээ аваагүй, зөрчлийг таслан зогсоогоогүй Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх болон зах зээлд үр ашигтай шударгаар өрсөлдөх эрх ашиг хөндөгдөж байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоос бус Юнивишн ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг анхан шатны шүүх ялгаж салгаж ойлгохгүйгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдож байна.

Дээрх Юнивишн ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл нь уг зөрчилд тохирсон хариуцлага хүлээлгэх үр дагаврыг бий болгож байгаа юм. Хариуцлага тооцох этгээд нь Харилцаа холбооны зохицуулах хороо тул түүнд Юнивишн ХХК-ийн гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон хариуцлага болох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох буюу захиргааны зохих акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн шаардлага юм.

Гэтэл анхан шатны шүүх Юнившн ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрээнд заагаагүй өөр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан нь ямар хариуцлага оногдуулж болох зөрчил буюу зөрчлийн шинж байдлын талаар дүгнэлт хийгээгүй байж, энэ зөрчлийг таслан зогсоож чадаагүй Харилцаа холбооны зохицуулах хорооны хууль бус эс үйлдэхүй байгаа эсэх талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага-ын 13.1.1-д энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөрчлөөс хамааруулан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан эдийн засгийн хариуцлага хүлээлгэх эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар өгөх, 13.1.5-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай сануулах гэх мэт шаардлагатай арга хэмжээг Зохицуулах хороо авахаар заасан байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөрчлийн шинж байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг арга хэмжээнүүдээс сонгон хэрэглэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал буюу өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал ба Юнивишн ХХК-ийн тусгай зөвшөөрлийг заавал хүчингүй болгох ёстой гэсэн агуулгаар маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэрэг маргаанд бодитой тайлбар өгч чадаагүй, нэг талыг барьсан дүгнэлт болсон.

Учир нь Юнивишн ХХК-ийн гаргасан зөрчил нь Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 15.1.4-д хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан бол Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан ноцтой зөрчил байсан ба уг зөрчлийн шинж байдалд тохироогүй, хуулинд байхгүй сануулах төдий хэт хөнгөдсөн арга хэмжээ авснаар хязгаарлаж, уг зөрчлийг таслан зогсоож чадаагүй Харилцаа холбооны зохицуулах хорооны ажиллагаа хууль бус эс үйлдэхүй болох нь тодорхой байхад нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Юнивишн ХХК-д Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосноор Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д Хөрөнгө оруулалт, түүний эргэн төлөгдөх хугацаа өндөртэй үйлчилгээг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох эсхүл олголтыг тодорхой хугацаагаар зогсоож болно, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах журмын 1.2 дахь хэсэгт Харилцаа холбооны хороо ... зах зээлд үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зарчмыг баримтална гэж хууль, тогтоомжоор хамгаалагдсан нэхэмжлэгчийн зах зээлд үр ашигтай шударга өрсөлдөх, зах зээлийн хамгаалуулах эрх зөрчигдсөн.

Харилцаа холбооны тухай хуулийн 14.3-д нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ
үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэж заасныг зөрчин Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээ хийх эрхийг Скаймедиа" ХХК болон Юнивишн ХХК гэсэн хоёр компанид зэрэг олгосон.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2009 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан Монгол улсад интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах чиглэлийн 3 дахь хэсэг интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан интернэт протоколд суурилсан телевиз IРТV-ийн сүлжээ байгуулах, 3.1.2-т тухайн хот суурин газарт интернэт протоколд суурилсан телевизийн сүлжээг байгуулах гэж хоёр ангилаад 4.4-д энэхүү баримт бичгийн 3.1.2-т заасан эрхийг хоёр буюу түүнээс дээш өргөдөл гаргасан тохиолдолд уралдаант шалгаруулалтын аргаар үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулна гэснээс үзэхэд Улаанбаатар хотоос өөр газар тухайлбал Дархан-Уул аймагт сүлжээ байгуулахад сонгон шалгаруулалт явуулах үндэслэлтэй байна.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Юнивишн ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б/ IРТV 02 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Ай Пи ТВ телевизийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай шийдвэрээр Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6-д заасан харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зорилгоор .... хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монопол үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ... Улаанбаатар хотод олгохгүй байхаар тогтов гэж шийдвэрлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Юнивишн ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалах зорилгоор Монгол улсын хамгийн том зах зээл болох Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх шийдвэрийг уг тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 4 жилийн дараа гаргаж байжээ. Энэ шийдвэрээс үзэхэд тусгай зөвшөөрөл авсан компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, хөл дээрээ зогсох, хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл 3 жилээс багагүй хугацаа шаардлагатай байдаг тул зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрийн дэмжлэг үзүүлж, зах зээлийг нь тодорхой хугацаагаар хамгаалсан шийдвэр гаргаж байна.

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дархан-Уул аймаг дахь Ай Ай Эн ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд зах зээлийг нь хамгаалах арга хэмжээ авч Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6-д заасан харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх үүргээ биелүүлэхийн оронд эсрэгээр том компани оруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөний улмаас Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх журмын 14.2-т зохицуулах хороо энэхүү журмын 14.1-д заасан нөхцлөөр хязгаарлалт тогтоох бол дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 14.2.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өрсөлдүүлэн шалгаруулах гэж заасныг зөрчиж тэгш бус хандсан.

Анхан шатны шүүх Харилцаа холбооны зохицуулах хороо 2013 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам- ын 10.1, 10.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулахад сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй бөгөөд сонгон шалгаруулалт явуулах талаар тус журамд заагаагүй байна гэж уг журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь журмын 10.1, 10.2 болон 10.2 дахь заалтад иш татсан 3.9 дэх заалтууд нь зөвхөн өргөдөл гаргах, өргөдлийг хүлээж авч, үнэлгээ дүгнэлт гаргах процессыг зохицуулсан байдаг ба 3.9 дэх заалт нь анх удаа тусгай зөвшөөрөл олгох болон тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэгдэл өөрчлөлт оруулах, сонгон шалгаруулалт явуулах болон явуулахгүй бүх тохиолдолд хэрэглэгдэх заалт юм.

Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулах асуудлыг журмаар зохицуулдаггүй, харин Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 18 тоот тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам-аар зохицуулагддаг.

Уг журмын 1.3 дахь хэсэгт нэвтрүүлэхээр зорьж буй үйлчилгээ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж байгаа бол өрсөлдүүлэн шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг ба телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг талаар хэргийн оролцогчдын хэн аль нь ч маргадаггүй ба энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 3.9 дэх хэсэгт заасан өргөдөлд үнэлгээ, дүгнэлт хийх журмыг зөрчсөн талаар үнэлгээ хийхдээ энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг үнэлгээнд дутуу оруулсан.

Тухайлбал Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 4.3.1-д зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн өргөдөлд үнэлгээ хийхэд дараах үзүүлэлтийг харгалзаж үзнэ, 4.3.2-в Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй, татвар хураамжийн өргүй, алдаа зөрчил гаргаагүй, гэмт хэрэгт холбогдоогүй байдал /Үүнд: харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бол тухайн үйл ажиллагаатай холбоотойгоор арга хэмжээ авагдаж байгаа зэргийг хамааруулна. Төлбөрийн өр, нөхцөл шаардлагын зөрчил г.м үнэлгээний шалгуурт оруулах/ 4.7.3-д зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн энэхүү журмын 4.2-т заасан үнэлгээний дүнг нэгтгэн тусгай зөвшөөрөл олгох эсэх санал дүгнэлтийг бэлтгэж, тухайн албаны дарга хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэж заасныг зөрчсөнөөс гадна 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтийг ашиглан жил гарангийн дараа 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Юнивишн ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулсан зэрэг ноцтой зөрчлийг гаргасан.

Дүгнэлт гаргаснаас хойш тусгай зөвшөөрөл олгох хүртэл хугацаанд өргөдөл гаргагчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гаргасан байхад энэ талаар дүгнэлтэд огт оруулалгүйгээр тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт оруулсан нь ноцтой зөрчил байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэлбүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

1. Юнивишн ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Юнивишн ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670 /Б/ IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ай Ай Эн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 06 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай тусгай зөвшөөрлийн Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг авч, Ай Пи Тв үйлчилгээ явуулж эхэлсэн байна.

Харин Юнивишн ХХК нь Дархан-Уул аймагт дээрх Ай Пи Тв үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээрбайхдаа тус аймгийн иргэдэд тус үйлчилгээг үзүүлсэн нь тогтоогдсон учир Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлөөр олгосон эрх хэмжээг хэтрүүлж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлд заасан хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй зөрчил гаргасан тул дахин зөрчил гаргаж, тусгай шаардлагын нөхцөлийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдэх талаар мэдэгджээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд Юнивишн ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх нь Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээний асуудал юм.

Нөгөөтэйгүүр Юнивишн ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх учир хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь буруу гэх гомдол үндэслэлгүй.

2. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай тогтоолын 4 дэх хэсгээр Юнивишн ХХК-ийн телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670 /Б/ IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нь өргөтгөж Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах эрх олгожээ. Гуравдагч этгээд нь тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг өргөтгөх хүсэлтээ 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд өгч байжээ.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд дээрх зөвшөөрлийг олгохдоо Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэж заасныг зөрчсөн гэжээ.

Харин тухайн тохиолдолд гуравдагч этгээд Юнивишн ХХК-ийг Дархан-Уул аймагт тусгай зөвшөөрлийнхөө хамрах хүрээг өргөтгөхөөс өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ай Ай Эн ХХК нь тус нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авсан байсан учир дээрх хуулийн заалтад зааснаар тусгай зөвшөөрөл явуулах шаардлагагүй юм.

Нөгөөтэйгээр маргаан бүхий 2014 оны 42 дугаар тогтоолоор Дархан-Уул аймагт гуравдагч этгээдээс гадна Скаймедиа ХХК-д нэхэмжлэгчийн маргаж буй тусгай зөвшөөрлийг олгосон, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй атлаа зөвхөн гуравдагч этгээдэд сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 10.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн ангилалд багтаан сүлжээ, үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт оруулах бол техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын болон сүлжээ, үйлчилгээг өргөтгөх төлөвлөлтийг,... баримт бичгийг бүрдүүлж Зохицуулах хороонд ирүүлнэ10.2-т Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын 3.9-д заасны дагуу хүлээн авч, үнэлгээ дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээдийн тухайд нэгэнт өмнө нь телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул дээрх журамд заасны дагуу тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай тогтоолын 4 дэх хэсгийн Юнивишн ХХК-д Дархан-Уул аймагт эрх олгосонтой холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН