Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгч Г.Төрбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Төрбатад холбогдох 2132000040005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1975 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын № 44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан - 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Гомбосүрэнгийн Төрбат. /РД:МБ75012412/

Шүүгдэгч Г.Төрбат нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Сэвсүүл гэх газарт байрлах өөрийн ээжийнхээ гэрт 13 нас 09 сартай С.Энххүслэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Төрбатын өгсөн …. ... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.Энххүслэн бид хоёр хөдөө Сэвсүүлд байх ээжийн гэрт малаа харж үлдсэн юм. Тэгээд би дүү Энххүслэнг хониндоо яв гэсэн чинь явахгүй гэрт зурагт үзээд өдөржингөө байсан. Орой 19 цагийн үед дүүг галаа түл гэж хэлсэн чинь түлэхгүй байгаад байхаар нь уур хүрээд нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан чинь нүднийх нь доод зовхи халцарсан байсан. Би дүү Энххүслэнг өшиглөж унагаагаад боогоогүй. Дүү Энххүслэн тухайн үед мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэдгээ надад хэлсэн. Би маш их харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Бага насны хохирогч С.Энххүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед хонь харангаа гэртээ зурагт үзээд сууж байхад манай ах Төрбат гадаа мод хагалаад зогсож байсан. Хэсэг зурагт үзэж байгаад гэрээс гарч хонио харахад холдсон байхаар нь хонио гэр лүүгээ дөхүүлж авч ирээд гэртээ ороход манай ах эмээгийн цүнхийг ухаж байгаад монгол архи гаргаж ирсэн. Тэгээд намайг яваад Доржжанцан ахыгаа дуудаад ир гэхээр нь би гарч явсан. Тэгээд Доржжанцан ахын гэрт очиж Төрбат ах таныг дуудаад байна гэхэд хамт явъя гэж хэлээд хамт манай гэр лүү явсан гэрийн гадаа очиход манай тугал ирсэн байхаар нь би тугал нийлчих байх гэж бодоод тугалаа хашиж орхичихоод хажуу гэрт орж гал түлчихээд байж байтал манай ах Төрбат намайг дуудахаар нь гэрт ороход Доржжанцан ах явсан байна. Тэгээд Төрбат ах намайг миний хажууд суу гэхээр нь суухад намайг пиздаа гичий гэж байн байн хараагаад байсан. Тэгээд миний цээж рүү өшиглөж унагаагаад миний хоолойг боосон. Тэгэхээр нь би айгаад гал түлий гэж хэлээд босоход миний баруун талын нүд рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би гарч зугатаагаад Доржжанцан ахын гэрт очоод утсаа өгч бай би ээжтэй ярьчихаад өгье гэхэд надад утсаа өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гарч яваад урд талд байсан айл руу орж утсаар нь ээжтэйгээ ярьж манай ээж Цагдаагийн байгууллагад хандсан.... Ямар нэгэн гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Б.Доржжанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд манай гэрт дүү Энххүслэн орж ирээд Төрбат ах таныг хамт жаахан юм ууж сууя гэж дуудуулж байна гэхээр нь би тэгье гэж хэлээд Энххүслэнтэй хамт Төрбатын гэр лүү явж очиход Энххүслэн гэрийн гадаа үлдээд тугалаа хашиж янзална гэж хэлсэн. Би гэрт ороход Төрбат хамт ууя гээд 1 литр хэмжээтэй ундааны саванд хийсэн монгол архи гаргаж ирсэн. Тэгээд архийг хувааж ууж дуусчихаад би Төрбатыг чи манайд очиж унтаж амар гэхэд үгүй би гэртээ унтаж амарна гэхээр нь үлдээгээд явсан. Тэгээд 20 цаг болж байхад дүү Энххүслэн Төрбат ах намайг зодоод байна гэж манай гэрт ирээд агаа та утсаа өгөөч би утсаар чинь яриад өгье гэхээр нь миний утас нэгжгүй байгаа чи түр хүлээж бай гэхэд гараад гүйсэн гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 09 ...... Дүгнэлт: 1.С.Энххүслэнгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 26-27 дугаар хуудас/

Г.Төрбатын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 49 дүгээр хуудас/

Г.Төрбат нь Ноёдын № 44 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 50 дугаар хуудас/

Бага насны хохирогч С.Энххүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Төрбат нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Сэвсүүл гэх газарт байрлах өөрийн ээжийнхээ гэрт 13 нас 09 сартай С.Энххүслэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Төрбатын хохирогч С.Энххүслэнг цохиж зодсон үйлдэл нь галаа түлсэнгүй гэх хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба С.Энххүслэнг 14 насанд хүрээгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж цохиж зодсон, мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Төрбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 150 нэгж буюу 150000 төгрөгийг 500000 төгрөгийн торгох ялаас хасч үлдэх 350000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 87500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Бага насны хохирогч С.Энххүслэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Гомбосүрэнгийн Төрбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Төрбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Төрбатын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 150 нэгж буюу 150000 төгрөгийг 500000 төгрөгийн торгох ялаас хасч үлдэх 350000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Төрбат нь 350000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Төрбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.Төрбат нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Төрбатад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН