Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 3232

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03232

                      Улаанбаатар хот

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж  шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.МХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө.Э.Б.ЭХХКомпанид  холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг болон алдангид 7 238 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.МХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Ө.Э.Б.ЭХХКомпаний хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тулгуур төмөр түрээслэх гэрээгээр сапуд V2 600 ширхэг, нэг бүрийн үнэ 80 төгрөг, 30 хоногийн хугацаатай, үнэ 1 440 000 төгрөг, сапуд 600 ширхэг, нэг бүрийн үнэ 80 төгрөг, 60 хоногинй хугацаатай, үнэ 2 880 000 төгрөг, сапуд 600 ширхэг, 9 хоног, нэг бүрийн үнэ 80 төгрөг, үнэ 258 720 төгрөг, түрээсийн үлдэгдэл төлбөр нийт 4 825 920 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Манайх бараа материал түрээслэх гэрээний төлбөрийг удаа дараа шаардахад 1 800 000 төгрөгийг өгсөн.Одоо тулгуур төмөр түрээслэх гэрээний үнэ 4 825 920 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийн алдангид 2 412 960 төгрөг нийт 7 238 880 төгрөгийг Ө.Э.Б.ЭХХКомпаниас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 825 920 төгрөг, алданги 2 412 960 төгрөг нийт 7 238 880 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан боловч хариуцагч байгууллагаас 4 125 382 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл төлбөр 700 538 төгрөг, алданги 2 412 960 төгрөг нийт 3 113 498 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ө.Э.Б.ЭХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Гүүд Мису” ХХК-тай “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал С.Одбаатар гэж хүний гарын үсэг бүхий Тулгуур төмөр түрээслүүлэх гэрээг 2015.05.06-ны өдрөөс 2 сарын хугацаатай байгуулж, уг гэрээний 1.2-т зааснаар 2.400.000 төгрөг төлөхөөр тохирч энэхүү төлбөрийг “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал би 2015.05.07-ны өдөр 1.440.000 төгрөгийг Б.Ариунболдын Хаан банкин дахь данс руу төлсөн байна.Интернэтээр төлсөн баримтын хуулбарыг хавсаргав.Энэхүү баримтыг банкаас нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулах хүсэлтэй байна.Мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015.06.29-ний өдөр 1.440.000 төгрөгийг би 600 ширхэг сапудын түрээсийн төлбөр гэж мөн Б.Ариунболдын Хаан банкны данс руу төлсөн байна.Баримтын эх хувийг хавсаргав. Ийнхүү дээрх гэрээний төлбөрийг бүрэн төлж нийт 2.880.000 төгрөг төлсөн болно. Хамгийн сүүлд мөн тус компанийн захиралын Хаан банкны данс руу манай компанийн нягтлангаас 4.125.382 төгрөгийг 2017.10.30-ны өдөр төлсөн байна.Нийт сапуд түрээс нь 7.705.920 төгрөг болсноос 7.005.382 төгрөгийг тус компанийн захирлын дансанд шилжүүлсэн болно.Учир нь дээрх компаниас түрээсээр авсан нийт сапудын дүнд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн НӨАТ ногдох бараа үйлчилгээний 7.1.4-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ тооцно гэсэн заалтын дагуу нийт төлөх дүнгээс НӨАТ-ын дүн болох 700.538 төгрөгийг хассан болно.Учир нь дээрх компани нь НӨАТ өгөхөөс татгалзсан учир манай компанийн зүгээс НӨАТ хассан дүнг шилжүүлсэн ба НӨАТ-ын шивэлт хийснээр суутгасан мөнгөн дүнг шилжүүлэх болохоо амаар мэдэгдсэн болно. Мөнгө хүлээн авагч нь иргэн бус компани байгаа учир компанийн дансаар авах байсанг хувийн данс өгч удаа дараа байнга мөнгө өгөхийг шаарддаг байсан.Бидний зүгээс компанийн дансаа өгөхгүй байсан учир хувийн дансруу НӨАТ хассан дүнг хийсэн болно.Хууль зүйн үндэслэлгүйгээр алданги нэхсэн байна.Ер нь дээрх гэрээнд би гарын үсэг зураагүй, тухайн үед ажиллаж байсан одоо ажиллаагүй Одбаатар гэж хүний гарын үсэг бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна.Би тус компанийн захирал байтал надаас зөвшөөрөл авалгүйгээр, итгэмжлэлгүйгээр компани тамга тэмдэгийг ашиглан гэрээ байгуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөн нэхэмжлэгч компаний данс руу манай компаний зүгээс өнөөдрийн байдлаар 7 сая гаруй төгрөгийг төлсөн байтал үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхдаваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна.Нэхэмжлэгч байгууллагатай 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний үүргийг 100 хувь биелүүлсэн, гэрээг сунгаагүй байдаг, алдангийг зөвшөөрөхгүй, үлдэгдэл 700 000 төгрөг л өгөх ёстой гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.МХХКомпани хариуцагч Ө.Э.Б.ЭХХКомпанид холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4 825 920 төгрөг, алданги 2 412 960 төгрөг нийт 7 238 880 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 125 382 төгрөг төлсний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа 3 113 498 төгрөг болгон багасгаж байна.

Нэхэмжлэгч Г.МХХКомпани нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Ө.Э.Б.ЭХХКомпанитай 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тулгуур төмөр түрээслүүлэх гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусахад талууд уг гэрээний хугацаа сунгаагүй байна.

Талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ямар байдлаар тооцох талаар тохиролцоогүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг хасч тооцох боломжгүй байна.

Хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан эд зүйлсийг үргэлжлүүлэн хэрэглэж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ хугацааны төлбөрийг нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр гэж, алдангийн хамт шаардаж байгаа үндэслэлгүй байна.

Харин талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш уг гэрээг зохигчид тохиролцож сунгаагүй, өөр төрлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч хариуцагч байгууллагын хэрэглэж байгаа эд зүйлийн төлбөрийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх хэлцэл гэж үзэх үндэстэй байна.

Тиймээс нэхэмжлэгч байгууллага нь алданги шаардах эрхгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь хэрэглэж байсан эд зүйлсийн төлбөрийн үлдэгдэл 700 538 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан Ө.Э.Б.ЭХХКомпаниас 700 538 /долоон зуун мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулан Г.МХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 412 960 /хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун жаран/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө.Э.Б.ЭХХКомпаниас 21 363 /хорин нэгэн мянга гурван зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулан Г.МХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН