| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03051/И |
| Дугаар | 3168 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 3168
| 2017 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/03168 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Х.Энхзаяа, А.Сарантуяа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:П.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б.Б,
Хариуцагч:С.Э нарт холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1 148 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2017 оны 6 сарын 01-ний өглөөний 10:20 цагийн үед өөрийн өмчлөлийн Т.Приус маркийн 11-79 УНД улсын дугаартай суудлын авто машинаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны 112 дугаар сургуулийн буудлын орчим зүүнээс баруун чиглэлд явж байтал цагаан өнгийн Т.Ланд круйзер 105 маркийн суудлын авто машин араас мөргөсөн.Би буугаад очтол тухайн машины жолооч согтуурсан биеэ хянах чадваргүй байсан.Тэр дор нь 102-т дуудлага өгсөн.Ослын газарт цагдаагийн албан хаагч нар ирж, хэмжилт хийж, согтуурсан жолоочийг саатуулан, машиныг ачаад явсан.Би ослын улмаас өөрийн автомашинд хойд буфер 300 000 төгрөг, багажны хаалга 300 000 төгрөг, буферын зам 40.000 төгрөг, хойд гэрэл 180.000 төгрөгөөр тус тус худалдан авч, Вьетнам засварчдад ажлын хөлс 800.000 төгрөг төлж засвар хийлгэсэн.Арвижих- Эстимэйт ХХКомпаниар автомашин, техникийн үнэлгээний тайлан хийлгэхэд хохиролын үнэлгээ 1 105 000 төгрөг болсон.Тухайн компанид үнэлгээний төлбөрт 43.000 төгрөг төлсөн.Би тухайн зам тээврийн ослын улмаас 1.663.000 төгрөгийн бодит хохирол хүлээж, өөрийн ажил хөдөлмөр эрхэлж, ашиг орлого олох цаг, боломжоороо хохирсон.Осол гаргасан даруйдаа Б.Б нь ...таны хохиролыг төлнө, байраа барьцаанд тавиад 1.000.000 төгрөг өгөөд эвлэрье, ажиллаж байсан уурхайгаас цалингаа аваад өгье... гэх зэрэг тайлбар хэлдэг байсан.Сүүлдээ утсаар нь залгахад утсаа авахгүй, салгаад надтай холбогдохоо больсон.Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хохиролоо иргэний шүүхийн журмаар гаргуулах тухай мэдэгдэлийг өгсөн.Би үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бөгөөд болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэлээр захиргааны журам зөрчиж хохирол учруулсан буруутай этгээдүүдээс хуулийн дагуу хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасныг үндэслэн Б.Бд 30 хоног баривчлах шийтгэл хүлээлгэж, захиргааны журам зөрчсөн гэм буруутай нь тогтоогдсон болно.Иймд Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1-т 3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг үндэслэн өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон 1 105 000 төгрөгөөр тооцон Тоёото Ланд круйзер 105 маркийн, 56-66 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшин, ашиглаж замын хөдөлгөөнд оролцож явсан этгээд Б.Б, тухайн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч этгээд С.Э нараас нэхэмжилж байна.Дээрхи үндэслэлээр Б.Б, С.Э нараас хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 1.105.000 төгрөг, Арвижих-Эстимэйт ХХКомпаниар хийлгэсэн автомашин, техникийн үнэлгээний төлбөр 43 000 төгрөг нийт 1 148 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б хариуцагч Б.Б, С.Э нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлын болон бусад зардлын 1 148 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Эг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Хариуцагч Б.Б 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Тоёота ланд круйзер 105 маркийн 56-66 УБУ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа П.Бгийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 11-79 УНД улсын дугаартай авто машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Сонгиохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийн шинжтэй зам тээврийн ослын хянан шалгаж шийдвэрлэсэн материалд авагдсан захиргааны зөрчлийн шинжтэй зам тээврийн ослыг хянан шалгах тухай тэмдэглэл, гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Б.Бг асуусан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч зураг болон зам орчны байдлын тэмдэглэлд “Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 10 цаг 26 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 105 дугаар сургуулийн хойд зам дээр Тоёота ланд круйзер 105 маркийн 56-66 УБУ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.11 гэсэн заалтуудыг зөрчиж Тоёота Приус маркийн 11-79 УНД улсын дугаартай, П.Б жолоочтой авто машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан байна” гэжээ.
Энэхүү ослын улмаас П.Бгийн эд хөрөнгөд 1 105 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Арвижах-Эстимейт ХХКомпанийн 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
П.Б нь өөрийн авто машинд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхэд Арвижах-Эстимейт ХХКомпанид 43 000 төгрөг төлсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.
Иймд Б.Бгаас хохирлын 1 105 000 төгрөг, үнэлгээний төлбөрийн 43 000 төгрөг нийт 1 148 000 төгрөгийг гаргуулан П.Бд олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагч Б.Бд нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гардуулж, улмаар түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн бөгөөд Б.Б тайлбараа шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан байна.
Мөн шүүх Б.Бд шүүх хуралдааныг товыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч П.Б өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч П.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 32 110 төгрөгийг гаргуулан П.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Б.Б-с 1 148 000 /нэг сая нэг зуун дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулан П.Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар П.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 32 110 /гучин хоёр мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
ШҮҮГЧИД Х.ЭНХЗАЯА
А.САРАНТУЯА