| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03209/И |
| Дугаар | 3143 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 3143
|
2017 оны 11 сарын 22 өдөр |
Дугаар 102/ШШ2017/03143 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:М.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.О ХХКХХКомпани
Хариуцагч:А.М нарт холбогдох
Өмгөөллийн үйлчилгээний үлдэгдэл хөлс 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Өмгөөлөгч М.М 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Т.О ХХК-тай өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Т.О ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайнаас чөлөөлөгдсөн 15195х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах талбайг нэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллах, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хэргийг эцэслэж дуустал хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон.Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр А.Мтой өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн нийт хөлсийг 8 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа хөлс 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор, явцын төлбөр 2 000 000 төгрөгийг захиргааны хэрэг үүсгэсний дараа урьдчилсан хэлэлцүүлэгийн өмнө, захиргаанй хэргийн шүүхээс хэргийг үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн тохиолдолд 4 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.Мөн шүүхэд хандахаас өмнө болон хэргийг шийдвэрлэсний дараа ч нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж идэвхтэй ажиллаж байсан.Энэ нь гэрээнд заагдаагүй ажил байсан тул нэмж 500 000 төгрөгийг өмгөөлөгчид төлөхийг үйлчлүүлэгч зөвшөөрсөн боловч шүүх хуралдаан болсоноос хойш хариуцагч нар өмгөөллийн хөлсийг өгөхгүй байна.Иймд өмгөөлөлийн үйлчилгээний үлдэгдэл хөлс 6 000 000 төгрөгийг А.Моос, 500 000 төгрөгийг Т.О ХХКомпаниас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 11 дүгээр сарын 2-ны өдөр 2 000 000 төгрөг өгсөн, мөн Т.О ХХКомпани 500 000 төгрөгийг өгсөн тул Т.О ХХКомпанитай тооцоо байхгүй, Т.О ХХК-д холбогдох 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, А.Моос үлдэгдэл 4 000 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М хариуцагч Т.О ХХКомпаниас 500 000 төгрөг, А.Моос 6 000 000 төгрөгийн өмгөөлөлийн үйлчилгээний үлдэгдэл хөлс 6 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.О ХХКомпаниас 500 000 төгрөг, А.Моос 2 000 000 төгрөг төлсөн тул одоо зөвхөн хариуцагч А.Моос 4 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
М.М 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр А.Мтой өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ MJL-16073-C1-01 тоот гэрээг, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Т.О ХХКомпанийн захирал А.Мөнх-Оргилтой өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх 17/01 тоот гэрээг тус тус байгуулсан байна.
Дээрх гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.2.1-т Т.О ХХК-ийн эзэмшлийн хуучнаар 15195 /ХҮ-020536/ дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн орон нутгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн орсон байсан талбайнаас чөлөөлөндсөн талбайг эзэмшихтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэг, маргааныг бүх шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нхэмэжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллах, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хэргийг эцэслэн шийдвэрлэж дуустал үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0379 дугаартай магадлалаар Т.О ХХКомпанийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд М.М нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгөөр оролцсон байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Т.О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Т.О ХХК-ийн эзэмшиж байгаа ХҮ-020536 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 03/09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан Т.О ХХК-ийн эзэмшиж байсан 15195Х дугаартай ашигт малтмалын тусгай зөөвшөөрлын талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг талбайг нэхэмжлэгч Т.О ХХК-д нэмж олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.О ХХКомпанийн захирал А.Мөнх-Оргил шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, тайлбараа шүүхэд 14 хоногийн дотор өгөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч А.М шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, тайлбараа 14 хоногийн дотор шүүхэд өгөх үүрэг хүлээсэн байна.
Гэвч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Т.О ХХКомпани 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч А.Моос гэрээний үүргийн үлдэлдэл 4 000 000 төгрөгийг гаргуулан М.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байна.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3”т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн магадлагаа ирсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О ХХКомпаниас 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хурамж болох 15 650 төгрөгийн 50 хувь 7825 төгрөгийг, хариуцагч А.Моос 4 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 78 950 төгрөгийг тус тус гаргуулан М.Мд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2,1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар А.Моос 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан М.Мд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Т.О ХХКомпани 500 000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.О ХХКомпаниас 7825 /долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг, А.Моос 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан М.Мд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН