Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 3087

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03087

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Э.М холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 975 770  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, гэрч Б.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 64 тоотод оршин суугч Э.М сар тутам төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалт, хэрэглээний 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны зардлын 1 975 770 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 2 022 332 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Э.М дундын өмчлөлийн тухай хуульд заасан зардлыг төлөхгүй байгаа тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалт, хэрэглээний 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны зардлыг нэхэмжилж байна.Э.М 2013 оны 47 806 төгрөг, 2014 оны 542 12 төгрөг, 2015 оны 519 672 төгрөг, 2016 оны 519 672 төгрөг, 2017 оны 346 448 төгрөгийг төлөөгүй байна.Манай сууц өмчлөгчдийн холбоо нэг айлаас сард 43 310 төгрөгийн зардлын мөнгө авдаг.Бид Э.Мд мэдэгдэл өгдөг, уулздаг, тааралдах болгондоо хэлдэг, ванны өрөө цантаад байна гэхээр нь барилгыг барьсан компанид нь хэл гэж хэлсэн гэв.

 

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа:Би Н.Д хотхоны 37-64 тоот хаягт анх 2012.04 сараас оршин суугч болсон бөгөөд манайх  11 давхар барилгын 11 давхарт байрладаг.Тухайн үед манайх СӨХ-ийн төлбөрөө тогтмол цагт нь төлдөг байсан, СӨХ-ийн төлбөр 25’000 төгрөг байсан, 2013 гараад СӨХ-ийн дарга солигдож төлбөр 30’000 болсон, 2013.10 сараас 47 800 төгрөг болж дээр нь гражийн дулаан 9’844 төгрөг нэмэгдсэн.Манай байрны унтлагын өрөөний тааз болон гадна тагтнаас зундаа дусаал шүүрч гоождог байсан, яваандаа их гоождог болж хувин сав тосдог байдалтай байсан, бид зун зусландаа гарчихдаг байсан учраас байхгүй үед таазнаас гоожсон их ус шалны завсраар орсноос паркетан шал нь пөмбийж, дээш товойсон, үүнийг СӨХ-д мэдэгдсний дараа өөрсдөө дотроос нь эмульсдэж зассан боловч нэмэр байгаагүй, дараа нь дахиад л бүр ихээр гоожсоор байсан.Байшингийн дээврийг засахаас нааш хэвийн болохооргүй байсан, 2013 оны зун үүнийгээ засуулах хүсэлтэй байна гэхэд бид хариуцахгүй гээд засч өгөөгүй.Ингээд удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээн авахгүй мөртлөө сөх-ийн төлбөрөө нэмсэн, төлөөрэй гэдэг шаардлага тавьдаг байсан. Тиймээс бид ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, ямар хүн хариуцдаг нь тодорхойгүй сөх-ийн төлбөрийг засвараа хийлгэхээс нааш төлөхгүй гэдгээ мэдэгдсэн.Дараа нь 2013-2014 оны өвөл их сэрүүхэн хүйтэн өвөлжсөн, бид өглөө ажилдаа яваад орой ирдэг байсан тул байр хүйтэн байсныг тэгж их анзаараагүй, 2014 оны 7 сард одоогийн дарга С.Мөнхцэцэг сөх-ийг хариуцан авч манайд 2014 оны 11 сард орж ирж уулзсан.Энэ үед бид байрныхаа байр байдлыг танилцуулж, яагаад сөх-ийн төлбөрөө төлөхгүй байгаагаа хэлсэн. Ингэхэд бид энэ байрыг хүлээж аваагүй, бид засах боломжгүй, байрыг барьсан газарт бид хэлж засуулая. Та нар төлбөрөө төлөө гэсэн.Ингээд бид СӨХ-дөө 2014.11.22-нд 115,020 төгрөг төлсөн боловч манай засварыг хийгээгүйн дээр бидний төлсөн мөнгийг банкинд нэхэмжилсэн сөх-ийн төлбөрөөс хасалт хийгээгүй л байсан. Мөн одоо нэхэж байгаа мөнгөнөөсөө ч хасаагүй байна.Энэ нь 2014 оны 11 сарын 22-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдоно.Ингээд бид 2014-2015 оны өвөл их хүйтэн хүнд өвөлжсөн, зун дахиад л дусаал нь гоожсон хэвээр байсан.Энэ тухай сөх-д мэдэгдэхэд дарга, удирдах зөвлөлийн дарга Тогоо нар орж ирж үзээд засуулна л гээд байгаа” гэж хариу өгсөн.Улмаар 2015 оны зун дусаал гоожиж, таазны шохойнууд нурж унан бидэнд хохрол учирсан. Ингээд СӨХ-өөс удаа дараа шаардлага тавихад засаж өгөхгүй болохоор өөрсдөө аргагүйн эрхэнд засаж янзалсан, 2015-2016 оны өвөл болоход манай байр маш хүйтэн, унтлагын өрөөний тааз, коридорын тааз, хана, орцруу гарсан хана мөөгөнцөрдөж харлан, шохойнууд нь товойж гарч ирж унасан.Манайх жаахан хүүхэдтэй учир тэнд өвөлжих аргагүй бопоод эхнэр хүүхэд маань хадам болоод манай эцэг эхийн гэрээр ээлжлэн өвөлжсөн, би ажил гэрийн хооронд явдаг тул гэртээ ганцаараа оройдоо ирдэг байсан ба дээрх байдлыг СӨХ-д бас мэдэгдсэн.СӨХ-ны удирдлагууд өөрсдөө орж ирж мөөгөнцөрдсөн тааз, ханыг харж байр байдалтай танилцсан боловч бас л засаж янзлаагүй учир өөрсдөө бас л аргагүйн эрхэнд 2016 оны хавар засвар хийсэн.Тухайн үеийн байрны байдлыг харуулсан гэрэл зурагууд ч байгаа.Тухайн нөхцөл байдал нь биднийг орон гэртээ тав тухтай, эрүүл аюулгуй орчинд амьдрах эрхийг маань маш их зөрчсөн.Засвар хийсний дараа байрны дээврийг мөн л засаагүй учраас зундаа таазнаас дахин ус гоожиж, 2016 оны өвөл нь бид өвөлжих гэтэл байрны таазнаас цана цохиод дулаан алдалт ихтэй учир маш хүйтэн, коридорын тааз дахин мөөгөнцөрдөж, угаалгын өрөөний тааз мөөгөнцөрдсөн, тааз, хана нь дээгүүрээ маш их онгорхой зайнуудтай, хананы плита нь чийгнээс болж нурж ойчсон, хананы цементүүд нь сийрэг, чийгнээс үүдээд өрөөнүүдийн бүх хаалганууд гажиж, паркетан шал маш их зай засвартай болсон.Мөн тавилганууд арзайж пөмбийсөн байдалтай болсон.Ингээд бид СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Тогоод мэдэгдэн, дуудан ирүүлж, байрны ямар байдалтай байгааг дахин харуулсан.Тогоо нь бидний байдлыг үзээд үнэхээр хэцүү байсан юм байна. Би даргад хэлж, ярилцая гэж хэлж байсан.Ийм байдлаас болоод хүүхдүүд маань удаа дараа их өвдөж /эмчлүүлээд гарч ирээд удалгүй дахиад л өвдөөд эмнэлэгт хэвсэн, үргэлж эмнэлгээр явж байгаагаа хэлсэн.Ийм байранд бид сүрьеэ өвчин тусах магадлал маш ойрхон байна, бид үргэлж өвдөж, эмнэлгээр яваад сүүлдээ ийм байдалтай гэртээ амьдарч чадалгүй, орон гэргуй хүний адил 2 талын эцэг эхийндээ очиж амьдарч байгаагаа СӨХ-д мэдэгдсэн.Үүнийгээ засч өгөөч гэж бид дахин хүсэлт тавьсан.Тэгээд СӨХ-аас “та нар өөрсдөө засаад гарсан төлбөр мөнгөө СӨХ-н төлбөрт суутгаж хасая, тэгж л арга хэмжээ авъя” гэж хариу өгсөн.Ингээд бид 2016 оны өвөл тэр их хүйт ордог угаалгын өрөөний том зайнуудыг хөөсөөр таглаж орхиод гэртээ амьдраагүй.Бид 4 жил дараалан хүсэлт тавьж байхад дусаалын асуудлыг шийдээгүй, 2017 оны зун таазнаас дахин дусаал гоожсон, Сөх-д мэдэгдсэн боловч 2017 оны 9 дүгээр сард засаж өгсөн.Бид 2016 онд өөрсдөө зардал гаргаж гэрээ засуулахад 597 600 төгрөг, 2017 онд засуулахад 1 393 500 төгрөгийн зардал гарсан.Мөн 2016-2017 оны өвөл байрны хүйтэй, мөөгөнцөртэй байдлаас болж 2 хүүхэд байнга өвдөж байсан, 2 нас 5 сартай хүүхэд маань 3 удаа уушигны хатгалаа өвчин тусаж эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн, 6 сартай бага хүүхэд маань хэд хэдэн удаа дээрх байдлаас болж ханиад хүрч, хүндэрснээс дунд чихний идээт үрэвсэл гэх оноштойгоор 6 сартайдаа гурван гал эмнэлэгт чихний хагалгаанд орсон.Одоо зүүн чих нь сонсгол муутай болсон.Мөн энэ хүүхдийн хагалгааны төлбөр, эмнэлгийн төлбөр, эмчийн үзлэг, шарлага, гадуур эмчилгээ, хэрэглэсэн эм тарианы зардлууд маш их болсон.Зөвхөн 2 хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчийн үзлэг, хагалгааны төлбөр нийлээд 2 сая төгрөг болсон.Дээр хэрэглэсэн эм тариа, гадуур эмчлүүлсэн зардлууд нэмэгдвэл 3 сая шахам төлбөр болж байна.Хүүхдүүдийн өвдсөн, хэвтэн эмчлүүлсэн, хэрэглэсэн эм тарианы тухай эмчийн бичсэн магадлагаа нь эрүүл мэндийн дэвтэрт нь тэмдэглээстэй байгаа. Одоо манай гэрийнхэн бүгдээрээ чийг бам, мөөгөнцөрийн харшил өвчтэй, байнгын харшлын ханиадтай, ханиалгаж байдаг, том хүүхэд маань байнга цэртэй ханиалгадаг уушгины багтраа өвчний 1-р зэрэгтэй гэж оношлогдоод байна.Бид 2013, 2014, 2015, 2016 онуудад удаа дараа “Н.Д” СӨХ-д мэдэгдэж дусаал гоождог асуудлаа шийдүүлье, хүйтэн болоод хөгц мөөгөнцөрийн асуудлыг шийдүүлье гэж хүсэлт тавьж мэдэгдээд ажил хийгдээгүй, 2015, 2016 онуудад бид гэртээ амьдарч чадаагүй. “Н.Д” СӨХ энэ чийг, хүйтний эсрэг засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, зарлагадсан мөнгө, сэтгэл санаагаараа бид ингэж хохироод байна.Бид дээрх тайлбартаа зөвхөн засвар хийсэн зардлаа гаргасан. Бяцхан хүүхдүүдийнхээ болоод өөрсдийн эрүүл мэндээрээ хохирч, зарлагадсан зардлуудаа илэрхийлээгүй байгаа болно.СӨХ нь ийнхүү орон сууцны дээвэр болох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хийх үүргээ удаа дараа зөрчиж бидэнд олон жил хохирол учруулсан учир энэ хохиролыг арилгах үүрэгтэй гэж бодож байна.Мөн СӨХ-ны засвар үйлчилгээ хийх энэ үүргээ зөрчсөнөөс болж бидэнд учирсан “шалны пөмбийж хуурч унасан, зай завсар гарсан, өрөөнүүдийн хаалга гажсан зэрэг” хохирлыг засварлаж чадахгүй өдийг хүрч байна, тиймээс “Н.Д” СӨХ-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх 2013 оны 12 дугаар сарын төлбөрийг 2014 оны 1 сард 30 000 төгрөг төлсөн, 2014 оны 11 дүгээр сарын 22-нд 115 000 төгрөг бэлнээр санхүүгийн ажилтанд өгсөн, үүнээс хойш төлбөрөө төлөөгүй.СӨХолбоо дээврийн засвар, подвол, сантехник, цахилгааны засварыг засах үүрэгтэй, 2013 онд дээврээс ус туссаныг Бармааш компаниа засвар хийсэн, СӨХ-д 30 000 төгрөг нэхээд байсан байж одоо болохоор 47 000 төгрөгийг нэхээд байна.Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтанд А.Ариунзаяагийн төлсөн мөнгийг төлөөгүй гэж нэхсэн байна, бид мөнгө төлсөн баримтаа харахын тулд санхүүгийн баримтыг нь  үзэхийг хүссэн СӨХ-ны өмнөх дарга Чин-Өлзий Э.Мөнх-Эрдэнийнд орж дээврээс ус дусаж байгаа нь хараад бид нар засаад өгье гэж хэлж байсан.Бид үнэн бодит байдлыг харуулах гэж шүүхэд зургийг гаргаж байна.Тухайн үед СӨХолбоо оршин суугчдын тав тухыг хангаагүй.Бид мөнгөө өгч байсан, 2014.7 сард СӨХ-ны дарга С.Мөнхцэцэг ажлаа хүлээж авсан.Намайг эхний мөнгөө төлчих бид засна гэж хэлээд авсан.А.Ариунзаяа бэлнээр 115 000 төгрөг төлсөн.СӨХ-ны төлбөрөө төл гэсэн шаардлага гаргаж байхад А.Ариунзаяа төлсөн гэдгээ хэлээд санхүүгийн албанаас асуухад нэхэмжлэх бичиж өгсөн, 2016 онд хажуу айлын дээврээс ус орж цахилгаанд гэмтэл гарсан учраас СӨХолбоо бага зэрэг зассан, дээврээс ус нэвчсэн, ванны өрөөнд цан цохидог учраас гэр мөөгөнцөрдөөд хүүхдүүдийн бие муудсан.Бид байраа хэд хэдэн удаа зассан, үүнтэй холоботой СӨХ-н үйл ажиллагааг засуулсан, манай байр шинэ учраас үүд, кордор, хүүхдийн тоглоомын талбай шинэ байгаа учраас завсарын мөнгө авах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ СӨХолбоо мөнгөө нэхэх юм бол бид хүүхдэд учирсан хохирлыг гаргуулж сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Э.Мд холбогдуулан 2013 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 975 770 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 46 562 төгрөгийн хамт нийт 2 022 332 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай гэрийн таазнаас ус дусаж байгаа засаж өгөөгүйг улмаас мөөгөнцөр үүссэн, үүний улмаас хүүхдүүд удаа дараа өвдөж эмчлүүлж, манайх байраа засварлаж их хэмжээний зардал гаргасан тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлын 1 975 770 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Э.М нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 64 тоот орон сууцны өмчлөгч гэж байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2013 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 975 770 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон Төрийн банкны баримтаар нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.

 

Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан байхад Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагчаас 2013 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан байх бөгөөд мөн хуульд зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ гэж заасан байна.

 

Тиймээс Н.Д Сууц өмчлөгчдийн Холбоо нь сууц өмчлөгчийг 2013 оны 12 дугаар сараас хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа төлөөгүй болохыг 2017 оны 9 дүгээр сард мэдсэн байх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзнэ.

 

Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар сууц өмчлөгчдөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалт, арчлалт, хамгаалалтанд зарцуулах зардлын хэмжээг 43 310 төгрөгөөр тогтоож баталсан байна.

 

Иймд Э.Мэс 2014 оны 9 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 36 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 559 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 416 610 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрийн таазнаас ус дусдаг, ванны өрөө цантдаг, хүйтэн байдлаас болж гэртээ олон удаа засвар хийсэн, үүний улмаас мөөгөнцөр үүсэж хүүхдүүдийн бие өвдөж удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж зардал гаргасан гэх тайлбар нь сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын зардлыг нэхэмжилсэн шаардлагатай хамааралгүй байна.

 

Хариуцагч Э.М нь Н.Д сууц өмчлөгчлийн буруутай үйл ажиллагааны улмаас өөртөө хохирол учирсан гэж үзэж байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Э.Мэс 1 559 160 /нэг сая таван зуун тавин есөн мянга нэг зуун жаран/ төгрөгийг гаргуулан Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 416 610 /дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун арван/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  46 562 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс 39 896 /гучин есөн мянга найман зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН