| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05016/и |
| Дугаар | 3007 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 3007
| 2017 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/03007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б.Д
Хариуцагч:Б.Я
Хариуцагч:Б.Х нарт холбогдох
Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгох, тухайн газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-н 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, Б.Дийн өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Х, Б.Д нарын Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 м2 талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б.Дийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах газраас албадан нүүлгэх тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 1980 онд МУИС-д суралцаж байхад эцэг эх маань хөдөөнөөс шилжин ирж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот 333,88 метр квадрат талбай бүхий газрыг худалдан авч суурьшсан, уг хашааг худалдан авахад аав ээж мөнгөний боломжгүй байсан тул би нагац ах Дамдинсүрэндээ хадгалуулж байсан мөнгөөрөө хашааг худалдан авсан.Би 1983 онд гэр бүлтэй болж нөхөр Ганбаатар бид хоёр өөрсдөө хөрөнгөө гаргаж уг газар дээр 13х7 хэмжээтэй 3 өрөө хувийн сууц барьж 1990 он хүртэл эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад нөхөр маань Эрдэнэт хотод түр хугацаагаар томилолтоор ажиллахаар болж улмаар нөхрийн хамт 1990-2004 онуудад Эрдэнэт хотод ажиллаж амьдарсан.Энэ хугацаанд газар өмчлөл явагдаж миний хойд эцэг болох П.Базар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот 333,88 метр квадрат талбай бүхий газрыг өмчлөн авахдаа тухайн үед амьдарч байсан хүмүүс буюу хоёр бага дүү, ээж болон өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байсан.Түүнчлэн тухайн үед Хэрэглээ Импекс ХКомпаниас 2 өрөө орон сууц авсан байх бөгөөд биднийг эзгүй хойгуур байрандаа амьдарч байжээ.Ингээд биднийг Эрдэнэт хотоос ирэхэд хүн амьдрах боломжгүй, хаалга цонх нь эвдэрсэн, байшин маань их муудсан байсан тул банкнаас зээл авч засвар хийж амьдарсан.Ээж аав хоёрыг нас барахаас өмнө буюу 2010 онд уг газартай холбоотойгоор өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож хамтран эзэмшигчээр нэрээ оруулах гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул сонинд зар өгч зарлуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000019585 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.Ээж аав хоёр маань дахин гэрчилгээ авахдаа миний нэрийг оруулна гэсэн тул би итгээд дахин энэ тухай яриагүй, гэтэл ээж 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барж, аав 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан бөгөөд энэ үед манайх өөрийн хашаа байшиндаа амьдарч байсан бөгөөд хоёр хөгшин байрандаа амьдарч байгаад нас барсан.Би анхнаасаа худалдан авсан хашаагаа болон өөрийн хөрөнгөөр босгосон байшин, агуулах, граж, бохирын цооног зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлтээ гаргасан боловч газар бусдын өмчлөлд байгаа тул өмчлөх боломжгүй гэсэн тул аав, ээжтэй ярилцаж газрын гэрчилгээнд нэрээ оруулах, дүү нарыг гэрчилгээнээс хасуулахаар ярилцаж үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах үйлдлийг хийсэн.Гэвч гэрчилгээг дахин авч амжилгүй 2 хөгшин жил дараалан бурхан болсон тул энэ талаар дүү Б.Д, Б.Х нартай ярилцахаар Өвөрхангай аймаг руу очиж уулзан улмаар дүү Б.Х хотод ирж 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр надад эцэг, эхийн өвийг өөрийн нэрийн өмнөөс өвлөх өргөдөл гаргах, өвийн гэрчилгээ авах, холбогдох асуудалд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205018283 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны өмчлөгчөөр П.Базар, Д.Цээпил нар байсныг анх мэдсэн.Хэдийгээр би уг хашааг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан боловч монгол хүний ёс заншлын дагуу гэр бүлийн хамтаар эзэмшиж байсан ч бүрэлдээ миний хөрөнгө гэж ойлгож байсан.Учир нь би гэр бүлийн хүний хамтаар өвөл зуны сууц, агуулах, граж, бохирын цооног зэргийг барьж эзэмшин 34 жил амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийг эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулахад хэн ч хориг тавиагүй, хэн ч хөрөнгө мөнөөр туслаагүй, тэрч байтугай уг хашаа байшинд 2004 оноос хойш хэн ч байгаагүй болно.Иймд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот 333,88 метр квадрат талбай бүхий газрыг миний өмчлөлийн эд хөрөнгө гэж үздэг.Иймд намайг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот 333,88 метр квадрат талбай бүхий газрын өмчлөгч болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоотод байршилтай 333,88 метр квадрат талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний ээж Цээпил нь аав Базартай суухдаа гурван дагавар хүүхэдтэй байсан, гэрлэснээсээ хойш 15 жил болоход ээжээс хүүхэд гараагүй учраас ааваас салаад Улаанбаатар хотод нүүж ирээд гэр түрээсэлж айлын хашаанд буусан ба Улаанбаатар хотод ирэхдээ ээж жирэмсэн болсон байсан, аав өвөл нь ирсэн, би тухайн үед нь амьдралын хүнд хэцүү давааг туулсан.Нутгийн ахаас тусламж гуйж 2 айлын хашааны завсар буюу 0,33 га газар одоогийн Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот газрыг олж өгсөн.Би тэр үед онц сурч степент авч тэр мөнгөө нагац ах Дамдинсүрэндээ хадгалуулсан байсан.Ахтайгаа хамт очиж газрыг үзэж, айлтай нь уулзсан.Тэгээд ахтай үнээ тохирч надад тухайн газрыг худалдаж авч өгсөн.Ах бурхан болохоосоо өмнө гэрчийн мэдүүлэг бичиж өгсөн.Энэ нь ч хэрэгт байгаа. Ингээд бид хашааны газартай болж, аав хөдөөнөөс нүүж ирсэн, ээж төрж Хуягбаатар гарсан, би энэ газрыг хариуцагч нараас өмнө өөрийн мөнгөөр худалдаж авсан.Дараа нь би нөхөртэй болж энэ газар дээрээ гэр барьж суусан. Манай нөхөр Ганбаатар бид 2 багшийн ажил хийдэг байсан, цалингаасаа илүүчилж 13*7 харьцаатай 3 өрөө өвлийн сууц барьсан, манай нөхрийн барьсан 1 өрөөнд нь ээж, аав дүү нараа суулгадаг байсан, 1990 оноос манай нөхрийг Эрдэнэт хот руу ажиллуулах томилолт өгч бид Эрдэнэт очиж амьдарч байгаад 2005 онд буцаж ирэхэд аав хэрэглээ импексийн 2 өөрөө байр аваад тэндээ амьдардаг байсан.Бид хашаа, байшингаа харж хандаж байгаарай гээд хөрш Чулуунаагийндаа захисан байсан.Улаанбаатарт буцаж ирэхэд хашаа байшин маань балгас болсон байсан.Ингээд бид 2007-2010 он хүртэл Хас банкнаас зээл авч байшингаа засаж сэлбэсэн.Граш, склад барьсан, маш их хөрөнгө хүч зарж, хүн амьдрах дайтай болсон.Энэ талаар манай хөршүүд болох Дээмээ, Чулуунаа нар гэрчээр мэдүүлэг өгсөн, 2005 онд газраа өмчилж авах гэтэл аав маань аль хэдийн хувьчилж авсан байсан.Гэтэл өөрийн төрсөн хүүхдүүдийг хамтран эзэмшигчээр оруулсан байсан.Үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмчлөл хийгээгүй байсан.Ингээд би газрын алба дээр очиход газар өөр хүний нэр дээр байгаа учраас та нар эхлээд өөрсдөө ярилц гэсэн.Ингээд бидний хооронд маргаан үүссэн.Тухайн үед газар хувьчилж авсан гэрчилгээ алга болсон гэж аав, ээж хоёр хэлсэн.Дараа нь бид олон дахин ярилцаад гэрчилгээг зарлуулж, лавлагааг гаргуулж өгсөн.Газрын албанаас газар эзэмшх гэрчилгээг нөхөж олгож өгөв гэсэн шийдвэр гарсан.Үүний дараа дахиж материалаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн.Газрын гэрчилгээ аавын чинь нэр дээр хуучнаараа гарна гэж надад хэлсэн.Тухайн үед 2010 оноос хойш манай нөхрийн ах харваж бид Өвөрхангай аймагт очиж ахыгаа сахидаг байсан, ингээд ээжийг минь бие муудсан, аав нас барж, дахин ахын бие муудаж, бид нааш цаашаа маш их явсан, 2010-2014 он хүртэл газрын асуудлаа хөөцөлдөх боломжгүй байсан.Ингээд дүү нараасаа зөвшөөрөл авах гэж очиход Хуягбаатар бол зөвшөөрсөн, надад итгэмжлэл олгосон, гэтэл Дагийсүрэн би мэдэхгүй Янжинханд эгч мэднэ.Би сайн мэдэхгүй энэ асуудалд чинь оролцохгүй гэсэн.Янжинхандтай уулзахад асуудлаа шүүхээр шийдүүлье гэсэн.Хуягбаатарын олгосон итгэмжпэлийн дагуу би хэрэглээ импексийн байр 4 хүний өмчлөлд байдгийг мэдсэн.Ингээд өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагатай юм байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.Би дээрх газрыг Хуягбаатар, Дагийсүрэн нараас ч өмнө өмчилж авсан.Хариуцагч нараас тухайн газар, газар дээр баригдсан объектыг барихад ганц ч төгрөг ороогүй, аав л тэднийг хамтран эзэшигчээр л нэрийг нь оруулсан байдаг.Тийм учраас хариуцагч нарын нэр газрын гэрчилгээн дээр байх ёсгүй.Хэрэглээ импексийн 2 өрөө байрны хувьд би аав, ээжийнхээ нэр дээр байгаа учраас өөрийн хэсгийг авмаар байна, 2014 онд энэ талаар мэдсэн.Би өөрийгөө өвлөх эрхтэй гэж үзэж байна.Өв залгамжпах хугацаандаа би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.Ахыгаа сахиж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг маань сэргээж өгнө үү, энэ хэрэгт Дагийсүрэнг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байгаа гэв.
Хариуцагч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Д 1980 онд одоогийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот хаягт байрлах газрыг худалдаж аваагүй, манай эцэг эх 1980 онд Говь-Алтай аймгаас шилжиж ирэхдээ газрыг эзэмшиж хашаа, байшин барьсан, 1980 онд газар худалдаж байгаагүй, 1983 онд Б.Д нөхөр хүүхэдтэй болж сургуулиа төгстөл амьдарч байгаад 1990 онд Эрдэнэт хот руу нүүж өрх тусгаарлан гарсан.Миний эх Д.Цээпил 2011 оны 8 дугаар сард, эцэг П.Базар 2012 онд нар барсан.Тэр үед эцэг эхийг өвчтэй байхад Б.Д сахиж байгаагүй болох нь эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байгаа, 2004 онд газар өмчлөх хүсэлтийг өгч эцэг П.Базар, эх Д.Цээпил, дүү Б.Д болон Б.Х бид нар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.Тэр үед эгч Б.Д бидэнтэй хамт амьдарч байгаагүй, одоо ч энэ газрыг эзэмшдэггүй, амьдардаггүй. Б.Хыг энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байхад нь 2014 оны 8 дугаар сард Б.Д улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад итгэмжлэл өгөхийг гуйхаар нь итгэмжлэл өгсөн.Гэтэл Б.Д шүүхэд дүү нараас орон сууц хашаа байшин авах гэж нэхэмжлэл гаргахдаа эцэг эхийн ясыг өндөлзүүлж муулж бичсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн өвлөх эрхийг татгалзсан итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан.Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлөх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хэрэглээ Импекс ХК-ийн 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч болох Б.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35-475 тоот хаягт байрлах газрын хууль ёсны өвлөгч болох нь нотлох баримт байхгүй, мөн өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооногийг Б.Д барьсан баримт байхгүй, Б.Дийн өмч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэнжийн газар нь 2004 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авагдсан, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар биш, өөрийнхөө хөрөнгөөр тухайн газрыг худалдаж авч, байшин барьсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.Тухайн хаяг дээр эцэг Базар, эх Цээпил, Дагийсүрэн, Хуягбаатар нар амьдарч байсан.Баянгол дүүргийн, Хэрэглээ импексийн 29 айлын орон сууцны 23 тоотын байрны өвлөгч болохыг тогтоож өгнө үү гэж байна.Б.Д нь уг орон сууцны өвлөгч байх эрхээ алдсан.Эцэг Базар нь 2012 онд, эх Цээпил нь 2011 онд нас барсан, түүнээс хойш өвлөх хүсэлтээ гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан, өвлөх эрхгүй гэж үзэж байна.Үүрэг хүлээн авахаа мэдээгүй байсан гэж байна.Хүндэтгэн үзэх шалгаантай байсан болох нь тогтоогдохгүй байна.Хадам ахыгаа сахиж байсан гэсэн нотлох баримт байхгүй. Зөвхөн эмнэлгийн бичиг л авчирсан.Эцэг, эхийгээ өвчтэй байхад нь сахиж байгаагүй хүн хадам ахыгаа очиж сахисан гэдэг нь утгагүй юм.Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй.Хариуцагч нар нь төрсөн ах, эгч дүү нар юм.Б.Д нь ээж дүү нарын хамт 1980 онд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн, 1983 онд Ганбаатартай гэр бүл болж, 1990 онд Эрдэнэт хот руу өрх тусгаарлаж амьдрахаар явсан, тусдаа хашаа байшинд амьдарч байсан гэсэн нотлох баримт байхгүй. Эцэг, эхээ амьд байхад нь газрын өмчлөх эрхийн талаар шаардлага тавьж байгаагүй, эцэг, эхийгээ газрын өмчлөгч байсныг мэдэж байсан, газрын гэрчилгээг ч алга болсон гэдгийг мэдэж байсан.Тухайн газар болон орон сууцыг өмчлөх эрхийн талаар шаардлага гаргаж байгаагүй.Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.Газрын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгуулна гэж байна.Нийслэлийн засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч Улсын бүртгэлд бүртгүүлсэн.Нэхэмжлэгч хууль бус шаардлага гаргаж байна.Газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Д.Хуягбаатар 1980 онд, Б.Д 1982 онд хотод төрж, эцэг П.Базар, эх Д.Цээпил нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 метр квадрат талбай бүхий газрыг эзэмшин амьдарч байгаад 2004 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн Г-2202000765 дугаартай гэрчилгээ авч эцэг П.Базар, эх Д.Цээпил, Б.Х, Б.Д нар газрын өмчлөгч болсон ба 2004 онд орон сууцанд орсон боловч зун дээрх газарт барьсан байшиндаа амьдарч байгаад 2011 онд эх Д.Цээпил, 2012 онд эцэг П.Базар нар нас барж, мөн 2011 онд Б.Д, 2012 онд Хуягбаатар нар Өвөрхангай аймагт томилолтоор түр ажиллаж амьдрахаар явцгаасан.Б.Д нь 2004 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах газрыг эзэмшин амьдарч байсан гэдэг нь худлаа, 2011 оноос зун цагт түр амьдарч байх хугацаандаа иргэний үнэмлэхийг тус хаягаар бүртгүүлэн газар дээр барьсан байшингийн өмчлөх гэрчилгээгүй байдлыг далимдуулж одоо газар, байшин зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болгон толгоолгох нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.Иймд Б.Х, Б.Д нарын 1980-2011 он хүртэл амьдарсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах газрын хууль ёсны өмчлөгч ба тус газар дээр баригдсан байшин, зоорь, граж, бохирын цооног зэргийг эцэг эх барьж хамтран амьдарч байсан тул өмчлөгч болохыг тогтоож өгнө үү, Б.Д дээрх байшин, зоорь, граж, бохирын цооног зэргийг бариагүй, хуулийн дагуу Б.Дт газар өмчлөх эрх олгогдоогүй байхад хууль бусаар эзэмшиж байгаа тул Б.Х, Б.Д нарын өмчлөлийн газраас Б.Дийг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Чингэлтэй дүүргийн, 10 дугаар хороо, Дэнжийн 475 тоот хаягт байрлах 333,88 мкв газар дээр баригдсан эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Наранцэцэгийн хууль бус эзэмшилд байгаа дээрх газраас албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.Хариуцагч нар нь эцэг, эхийнхээ хамт дээрх хаяг дээр амьдарч байгаад 2002 онд Улсын бүртгэлд газраа бүртгүүлж Г2202765 дугаартай гэрчилгээг авсан, 2004 онд хэрэглээ импексийн байранд орсон боловч дээрх газартаа зуны цагт байшин барьж амьдарч байсан. Дагийсүрэн, Хуягбаатар нар нь ажлын шаардлагаар Өвөрхангай аймагт руу явж амьдарсан.Б.Д нь үндэслэлүй ярьж байна, хариуцагч нар нь 1980-2011 он хүртэл уг хаяг дээр эцэг, эхийн хамт амьдарч байсан учир хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү, Б.Дт хуулийн дагуу, гэрээний дагуу эрх олгогдоогүй байхад хууль бусаар газар эзэмшиж байна, тиймээс Б.Дийг хариуцагч нарын өмчлөлийн газраас албадан нүүлгэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.Би 1980 онд МУИС-д суралцаж байхад эцэг, эх хөдөөнөөс шилжиж ирээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35-475 тоот 333,88 метр квадрат талбай бүхий газрыг худалдан авч суурьшсан, уг хашааг худалдан авахад аав ээж мөнгөний боломжгүй байсан тул би нагац ах Дамдинсүрэндээ хадгалуулж байсан мөнгөөрөө уг хашааг худалдаж авсан.Би 1983 онд гэр бүлтэй болж нөхөр Ганбаатар бид өөрсдөө хөрөнгө гаргаад уг газар дээр 13х7 хэмжээтэй 3 өрөө хувийн сууц барьж 1990 он хүртэл эцэг, эх, дүү нарын хамт амьдарч байгаад нөхрийн хамт Эрдэнэт хотод 1990-2004 онд ажиллаж амьдарсан.Энэ хугацаанд газар газар өмчлөл явагдаж миний хойд эцэг болох П.Базар дээрх газрыг өмчлөн авахдаа тухайн үед амьдарч байсан хүмүүс буюу хоёр бага дүү, ээж болон өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.Мөн тухайн үед Хэрэглээ Импекс ХК-иас 2 өрөө орон сууц авсан байх бөгөөд биднийг эзгүй хойгуур байрандаа амьдарч байсан.Ингээд биднийг Эрдэнэт хотоос ирэхэд байшинд хүн амьдрах боломжгүй, хүнгүй байсны улмаас хаалга, цонх нь эвдэрсэн байсан тул банкнаас зээл авч засвар хийж амьдарсан.Аав ээж хоёрыг нас барахаас өмнө буюу 2010 онд уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, хамтран эзэмшигчээр нэрээ оруулах гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул сонинд зар өгч зарлуулсан.Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000019585 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.Ээж аав хоёр дахин гэрчилгээ авахдаа чиний нэрийг оруулна гэсэн тул би итгээд дахин энэ тухай яриагүй, гэтэл ээж 2011 оны 8 дугаар сарын 24-ны өдөр, аав 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан бөгөөд уг газрын гэрчилгээтэй холбоотой асуудлыг ярих боломж байгаагүй.Би анхнаасаа худалдан авсан хашаа болон өөрийн хөрөнгөөр босгосон байшин, зоорь, граж, бохирын цооног зэрэг үл хөдлөх хөрөнгөө өмчлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлтээ гаргасан боловч газар бусдын өмчлөлд байгаа тул өмчлөх боломжгүй гэсэн тул аав ээжтэй ярилцаж газрын гэрчилгээнд нэрээ оруулах, дүү нарыг гэрчилгээнээс хасуулахаар ярилцаж үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах үйлдлийг хийсэн.Гэвч гэрчилгээг дахин авч амжилгүй хоёр хөгшин бурхан болсон.Энэ талаар дүү Б.Д, Б.Х нартай ярилцахаар очиж уулзахад Б.Х хотод ирж 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр надад эцэг эхийн өвийг өөрийн нэрийн өмнөөс өвлөх өргөдөл гаргах, өвийн гэрчилгээ авах, холбогдох лавлагааг авах эрхийг олгосон итгэмжлэл болон өв залгамжлалтай холбоотой асуудалд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг тус тус 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205018283 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс 29 айлын орон сууцны 23 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Базар, Д.Цээпил нар байсныг анх мэдсэн.Би уг хашааг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан боловч монгол хүний ёс заншлын дагуу гэр бүлийн хамтаар эзэмшиж байсан, гэхдээ бүхэлдээ миний хөрөнгө гэж ойлгож байсан.Учир нь би гэр бүлийн хүний хамтаар өвөл зуны сууц, агуулах, граж, бохирын цооног зэргийг барьж эзэмшин, 34 жил амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийг эдгээр үл хөдлөх хөрөнүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулахад хэн ч хориг саад тавиагүй, хэн ч хөрөнгө мөнгөөр туслаагүй, уг хашаанд 2004 оноос хойш хэн ч ирж байгааүй.Иймд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 метр квадрат талбай бүхий газар нь миний өмчлөлийн эд хөрөнгө гэж би үздэг.Манай аав ээж дүү нар өөрсдийн гэсэн гэр оронтой, миний өмчлөлийн эд хөрөнгөтэй маргах шалтгаан байхгүй. Харин Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс 29 айлын орон сууцны 23 тоот орон сууц эцэг эхийн нэр дээр байдагийг 2014 онд анх мэдсэн бөгөөд энэ үеэс шүүхэд өвлөх эрхтэй болохоо тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд , нас барагчийн төрүүлсөн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэсний дагуу би уг орон сууцны өвлөгч мөн.Иймд би Б.Д, Б.Х нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нотлох баримт ч байхгүй байна.Миний нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой харагдаж байгаа.Тухайн үед байшинг аав, ээж бариагүй, өндөр настай болсон байсан.Хуягбаатар, Дагийсүрэн нар гэр бүл зохиогоод тусдаа гарсан байсан.Мөн хариуцагч нарын хувьд тэр газар дээр өссөн төрсөн гэдэг утгаараа өмчлөх эрхтэй гэж байна.Гэтэл би ч гэсэн хариуцагч нараас өмнө энэ газрыг өмчилж авсан.Би хариуцагч нарыг багаас нь өсгөсөн хүн. Би Хуягбаатар, Дагийсүрэн нарт маш их гомдож байгаа, нөхөр бид хоёр өөрсдөө барьсан, Эрдэнэтээс бид буцаж ирээд Хас банкнаас зээл авч байшингаа сэргээн зассан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал газрын өмчлөгчөөр хариуцагч нар санаандгүй байдлаар нэрээ бичүүлчхээд өнөөдөр газар, газар дээр баригдсан байшингийнх нь өмчлөгчөөр тогтоолгоно гэдэг асуудал байж болохгүй.Эцэг, эх нь тухайн хөрөнгийг барьсан болохыг нотлох баримт байхгүй, эдгээр эд хөрөнгийг Ганбаатар, Наранцэцэг нар өөрсдийнхөө хөрөнгөөр, өөрсдийн гараар барьсан.Тиймээс сөрөг нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй.Б.Д газар эзэмших эрхийг 1980 онд олж авсан, харин уг газар дээр түүний эцэг эх нь өмч хувьчлал явагдаж байх үед өмчлөгчөөр бичүүлсэн байдаг.Эцэг, эхийнхээ амьдарч байсан газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн үндэслэл байхгүй.Түүнчлэн хавтаст хэрэгт байгаа хүчинтэй гэж үзэж байгаа гэрчилгээ нь хүчингүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тухай баримт хэрэгт байгаа.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэл нь үндэслэлгүй.Нэхэмжлэгчийг эцэг, эх, дүү нараа гомдоосон эсэхийг нотолсон зүйл хэрэгт байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Б.Д, Б.Х, Б.Янжинханд нарт холбогдуулан Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгох, тухайн газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-н 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Янжинхандыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Хариуцагч Б.Х, Б.Д нар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 м2 талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б.Дийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах газраас албадан нүүлгэх тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Х, Б.Д нарын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 333, 88 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар П.Базарт өмчлүүлэн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн газар өмчлүүлэх тухай 0045069 дугаар шийдвэрийг олгосон байна.
Улмаар дээрх газрыг П.Базар, Д.Цээпил, Б.Х, Б.Д нарт өмчлүүлэн 2004 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202000765 дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн 000019585 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд энэхүү бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 848 дугаар баримтаар нотлогдож байна.
Энэхүү газарт 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанаас нэгж талбарын 18641313911074 дугаар олгож, тухайн газрын кадастрын зургийг гаргасан байна.
Б.Д 2006 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос шилжиж явсан, 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 23 тоотод шилжиж ирж бүртгэгдсэн болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 591 дугаартай баримтаар нотлогдож байна.
Улмаар Б.Х, Б.Д нар 2012 оноос хойш хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гэж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Б.Д 2004 онд Эрдэнэтээс ирээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоотод одоо хүртэл амьдарч байгаа гэх үйл баримтыг хариуцагч нар баримтаар нотолж үгүйсгээгүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр лавлагаа авах хүсэлтийг П.Базар, Б.Д нар гаргасан байх бөгөөд энэ үед П.Базар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7-А байрны 23 тоотод амьдарч байсан болох нь түүний иргэний үнэмлэхээр нотлогдож байна.
Өнөөдөр сонины 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаарын зарлал хэсэгт “П.Базарын улсын бүртгэлийн 2202000765 дугаартай, 000019585 регистр бүхий газар эзэмших гэрчилгээг хүчингүйд тооцов” гэсэн байна.
П.Базарт 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 0045069 дугаартай газар өмчлүүлэх шийдвэрийг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн олгосон байгааг надад үүнийг газрын албанаас өгсөн боловч баримтаа бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандаагүй гэж Б.Д тайлбарлаж байна.
Мөн Б.Д гэр бүлийнхнээсээ түрүүлж Улаанбаатар хотод ирж амьдарсан, улмаар дээрх газрыг анх товлож авсан, түүнийг Эрдэнэ хотоос 2004 онд ирэхэд хашаа, байшинг нь эзэнгүй орхиод явсан гэх нөхцөл байдлаас үзэхэд тухайн газрыг Б.Д өмчлөх эрхтэй байна.
-Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоотод байршилтай 333, 88 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар дээр байгаа 91 метр квадрат талбайтай өвлийн сууц, 24 метр квадрат талбайтай агуулах, 21 метр квадрат талбайтай граж, 18 метр квадрат бүхий бохирын цооног зэрэг хөрөнгийг Б.Д өөрийнхөө хөрөнгөөр барьсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү шаардлагаа нотолж С.Дэлгэрзаяа, Г.Ганбаатар нарыг гэрчээр асуулгасан байна.
Хариуцагч нар нь дээрх хөрөнгүүдийг манай аав ээж хоёр бий болгосон гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ эдгээр хөрөнгийг тэд эзэмшиж, ашиглаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Б.Д нь дээрх үл хөдлөх хөрөнгө болон түүн дээрх хөрөнгүүдийг хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд улмаар тухайн хөрөнгүүдийг эзэмших эрхтэй байна гэж үзэхээр байна.
Нөгөө талаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 метр квадрат талбай бүхий газар болон тухайн газар дээрх өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэргийг Б.Д, Б.Х нарын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал Б.Д, Б.Х нар эдгээр хөрөнгийг хэзээ барьж байгуулсан, үүнийгээ хэзээнээс эзэмшиж байгаа, эсхүл яагаад эзэмшихгүй байгаа гэх үйл баримтыг нотлоогүй байна.
Хариуцагч нар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоотод бага насаа өнгөрүүлсэн, тодорхой хугацаагаар амьдарч, энэхүү хаягт бүртгэлтэй байснаар тэднийг дээрх хөрөнгийг өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.
Харин ч Б.Д нь Эрдэнэт хотоос ирснээсээ хойш гэр бүлийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоотод амьдарч, хөрөнгөө засан сайжруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэстэй байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар дээрх хөрөнгүүдийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч байна.
Иймд П.Базар, Д.Цээпил, Б.Х, Б.Д нарт өмчлүүлэн 2004 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000019585 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Б.Дийг тухайн газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэв.
-Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-н 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Базар, Д.Цээпил, Б.Д, Б.Х нар бүртгэлтэй байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Д, Б.Х нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1943 дугаартай баримтаар нотлогдож байна.
Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч тал ч уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Д нь талийгч Д.Цээпилийн төрсөн охин тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу өвлүүлэгчийн хөрөнгөөс өвлөх эрхтэй байсан боловч тэрээр өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т “Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ” гэж заасан байна.
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан байна.
Гэтэл Б.Д өв нээгдсэнээс хойш өвдөгдөх эд хөрөнгийг хүлээн авах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.
Иймд Б.Дийг Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-н 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.
Мөн Б.Д нэхэмжлэлдээ “Б.Х хотод ирж 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр надад эцэг, эхийн өвийг өөрийн нэрийн өмнөөс өвлөх өргөдөл гаргах, өвийн гэрчилгээ авах, холбогдох асуудалд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205018283 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны өмчлөгчөөр П.Базар, Д.Цээпил нар байсныг анх мэдсэн” гэж бичсэн атлаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “би нөхөртэйгөө 1990 онд Эрдэнэт рүү томилолтоор яваад 2004 онд буцаж ирэхэд аав маань Хэрэглээ Импекс ХК-д ажилладаг байсан, ажлын газраас нь 2 өрөө байр өгсөн байсан, биднийг буцаж ирэхэд аав ээж маань энэ 2 өрөө байрандаа амьдарч байсан” гэж зөрүүтэй тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны өмчлөгчөөр П.Базар, Д.Цээпил нар байсан гэдгийг 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн, эсхүл 2004 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн зохигчдын эх Д.Цээпил нь 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, эцэг П.Базар нь 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан байхад өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлдээ дөрвөн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 210 200 төгрөг төлсөн, хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ хоёр шаардлага гаргасан байх боловч 70 200 төгрөг төлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” улсын тэмдэгтийн хураамж төлөх заалтыг зөрчсөн байх тул Б.Дээс 70 600 төгрөг, хариуцагч Б.Х, Б.Д нараас 70 200 төгрөг тус тус нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар П.Б, Д.Ц, Б.Х, Б.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202000765 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18641313911074 дугаартай, 333,88 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийн 000019585 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Б.Дийг өмчлөгчөөр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж, Б.Дийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 м2 талбай бүхий газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333,88 м2 талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б.Дийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах газраас албадан нүүлгэх тухай Б.Д, Б.Х нарын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар Б.Дийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-н 29 айлын орон сууцны 23 тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.Дийн төлсөн 210 200 төгрөг, хариуцагч нар төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Дээс 70 600 төгрөгийг, Б.Х, Б.Д нараас 70 200 төгрөг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод, Б.Х, Б.Д нараас 140 400 төгрөгийг гаргуулан Б.Дт тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН