Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, хохирогч Д.Б*******, шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох 132/2017/0158/Э индекстэй, эрүүгийн 1715001230060 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Бугат сумын ** дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Б******* Б******* 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б******* нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат сумын * дугаар багийн нутаг “Модон давааны ар” гэх газарт иргэн Д.Б*******г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өвс хадах гээд талбай дээрээ аав, эхнэр, ахын хамт очиход БатӨлзий манай талбайгаас өвс хадаж байсан. Тэгээд наадах чинь манай талбай учраас бид өвсөө хадна гэж хэлчихээд буцаж яваад ирэхэд дахиад нэмээд өвс хадсан байсан. Тэр хадсан өвсийг нь би пад пад трактор авчраад ачсан. Тэгээд Б*******тэй маргалдахад Б******* намайг цохьсон. Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Тэгээд 2 тийшээ салаад явсан. Сэрээгээр цохьсон асуудал огт байхгүй. Орой нь манай ээж үхрээ саагаад сууж байтал Б*******, дүү Р хамт ирээд ээжид агсам тавиад байхаар цагдаа дуудсан байсан гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б*******гийн өгсөн: Би дүүтэйгээ хамт хадлангийн газар 2 хоног өвс хадсан. Хадуур эвдрээд гэртээ харьчихаад буцаж ирээд дахин өвс хадаж байтал Б******* ирээд шууд урдаас салаавч гаргаад 2 эрүү рүү түлхсэн. Аав нь битгий хуц гэж хэлсэн. Тэгээд манай хадсан өвсийг портер дээр шууд ачаад явсан. Б******* зүүн талын шанаа руу цохиж, сэрээний ишээр хөл рүү 2,3 удаа цохьсон. Аймгийн засаг дарга өвсөө хаанаас ч хадаж болно гэж хэлсэн байсан юм. Тэгээд уг газраас хадсан. Одоо хадсан өвсний үнэ болон өвс хадсан түлшний үнэ, ажиллаж байсан хугацааны мөнгөө нэхэмжилж байна. Б*******гийн ээж нь манай аавыг танай аав балай Дашбалжир гээд байсан. Цохиулаад 2 хоногийн дараа миний эрүү өвдөөд, дээшээ хавдсан. 65000 төгрөгөөр эм тариа авч хэрэглэсэн. Энэ мөнгөө болон 3 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

1715001230060 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Д.Б*******гийн өгсөн: Манай төрсөн дүү Р Булган аймгийн Бугат сумын Зуун мод гэдэг газар хөдөө мал малладаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Р “өвс хадах хэрэгтэй байна, манайхаас хойш даваад олон жил хадаагүй өвстэй газар байна, та хадаад өгөөч” гэхээр нь “тэгье” гээд би очоод нөгөө газар нь дүүгийн хадуур трактороор өвс хадсан юм. Тэгээд нэг портер шахуу өвс хадаад байж байтал нэг залуу явган хүрч ирээд “яагаад хүний газар хадаж байгаа юм” гээд над руу уурлахаар нь би “олон жил хадаагүй газраас хадаж байна, манай дүү хад гэсэн юм” гэсэн чинь миний үгийг хүлээж авахгүй намайг шанаадаж цохисон, бас нэг ах нь сэрээгээр миний гуя руу хатгаж намайг дээрэлхсэн. Тэр хоёрт би учирлаж хэлсэн боловч миний үгийг хүлээж авахгүй, над руу салаавч гаргасан. Тэгээд миний хадсан өвсийг ачаад явсан. Б******* миний зүүн шанаа руу цохисоноос болоод миний зүүн шанаа хавдаж, толгой өвдөөд байсан. Манай дүү урьд өмнө тэр газраас биш өөр газраас өвсөө бэлддэг байсан. Энэ жил өвс муу гарсанаас болоод өвс бэлдэх газар олдохгүй тэр газраас хүмүүс бэлдэхгүй байсан болохоор сонгож бэлдсэн юм. Тэр газраас олон жил өвс бэлдээгүй гэдгийг би болон манай дүү мэдээд бэлтгэсэн юмаа. Б******* хадлан хадах эрхийн бичиг байгаа гэж хэлсэн боловч үзүүлээгүй, би хадлангийн талбайг өмчилж өгдөггүй гэж хэлж байсан. Миний мэдэхээр хүн хаанаас ч өвсөө бэлдэж болно гэж бодож хэрэлдсэн. Тухайн газраас 3 портер өвс гарахаар байсан би нэг машин өвс хадсан тэр хүмүүс миний бэлдсэн өвсийг ачаад аваад явсан, эргэж одоо болтол миний бэлтгэсэн өвсийг өгөөгүй. Би эм тариа их хэрэглэсэн ба эмчилгээний дэвтэр дээр бичигдсэн. Бас өвс хадахад тодорхой хэмжээний зардал гарсан учраас Б*******гээс 3 сая төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардалд 50000 орчим төгрөг гарсан байх, миний бэлдсэн өвс болон тэндээс гарахаар байсан 3 машин өвсөө бас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-9-16 тал/,

Гэрч Д.Ргийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 02-ны орой намайг адуундаа явчихаад гэртээ ирсэн чинь манай төрсөн ах Д.Б******* трактортойгоо манай гэрт ирсэн байсан. Би юу болсон талаар асуусан чинь “4 хүн хүрч ирээд намайг зодоод өвсийг маань ачаад аваад явсан. Миний шанаа руу цохиж, гуя руу сэрээгээр хатгасан” гэхээр нь би шанаа руу нь хартал шанаа нь хавдсан байсан. Бас хөл рүү нь хартал сэрээгээр хатгаад хөхөрсөн байсан. Тэгээд тэр орой би ахыгаа дагуулаад уулзахаар очсон чинь Б*******гийн ээж нь үнээгээ сааж байснаа бид хоёрыг загнаад “яв зайл, танайх энд байх ёсгүй, танайх балай айл, танай аав чинь багш байсан гэл үү, танай аав чинь балай” гэхээр нь би “та нар аймгийн Засаг даргын захирамж гарчихаад байхад өвсөө зохицоод авах ёстой биздээ. Та нар хүний өвсийг булаах эрх байхгүй” гэж хэлсэн чинь “тэр хамаагүй Бугат сумын 2-р багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Эрдэнээ булааж ав гэсэн” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Ш.Д өгсөн: Миний хүү болох Д.Б******* нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат сумын “Модон давааны ар” гэх газар өвс хадаад байж байтал үл таних 2 залуу, 1 эмэгтэй хүн хүрч ирээд миний 3 хүүг “чи яагаад манай өвс хаддаг газраас өвс хадаад байгаа юм” гэж хэлээд өвс сэрээддэг сэрээгээр гуя руу нь хатгасан байсан. Миний хүүгийн хадсан өвсийг машин дээр ачих гэхээр нь эсэргүүцсэн гэсэн. Тэгтэл тэр хүмүүсийн нэг өвсний сэрээгээр хөл рүү хатгачихсан гэсэн гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Д.Б******* өгсөн: Манайх Булган аймгийн Бугат сумын 2-р баг “Модон давааны ар” гэх газраас сүүлийн 20-иод жил хадлан хадаж байгаа юм. 2017 оны 9- р сарын 02-ны өдөр уг газраас хадлангаа хадах гээд очтол үл таних нэг залуу пад пад трактортой манай хадлангийн талбайгаас өвс хадаж байсан. Тухайн үед манай хоёр хүү болох Б, Б*******, манай бэр болох Б*******гийн эхнэрийн хамтаар очсон юм. Бид нар очоод манай газраас яагаад өвс хадаад байгаа юм бэ? гэтэл энэ газар хуучин газар байна хадахад яадаг юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл манай хүү болох Б******* уурлаад тэр залуутай барьцалдаж аваад цохилцоод байх шиг байсан. Тэгэхээр нь би “та хоёр боль” гээд салгасан яг зодолдож байгааг нь ойроос хараагүй холоос харж байгаад хүрч ирээд салгасан, тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/,

Гэрч Б.М өгсөн: Манай хадам аавынх Булган аймгийн Бугат сумын 2-р багт оршин суудаг. Тэднийх жил бүр Булган аймгийн Бугат сумын 2-р баг “Модон давааны ар” гэх газраас хадлангаа хаддаг юм. 2017 оны 9-р сарын 02- ны өдрийн үдээс хойш буюу 15 цагийн үед манай нөхөр хадлан хаддаг газартаа өвсөө хадаад явж байтал ойрхон дээхэн талд нь трактортой хүн өвс хадаад байх шиг тракторын чимээ гарсан гэсэн. Тэгээд очоод хартал нэг эрэгтэй хүн трактортой өвс хадаад байж байхаар нь манай нөхөр Б******* “та манай өвс хаддаг газраас өвс хадаад байна, одоо боль таны хадсан өвсийг бид нар авна” гэж хэлчихээд доохон талд өвс бухалдаад байж байсан бид нар дээр хүрч ирээд “манай өвсийг хүн хадаад байна, хадсан өвсийг маань авч явахаас өмнө очиж авъя” гэж хэлсэн.

Тэрнээс өмнө Б******* аавдаа очоод “манай өвсийг хүн хадаад байна, та очоод болохгүй гэдгийг нь хэлээд байж бай” гэсэн юм билээ. Би нөхөр Б******* болон түүний ах Бын хамтаар машин аваад нөгөө хүн дээр очих гэж явахдаа багийн дарга гэх хүнтэй таараад “манай өвс хаддаг газраас танихгүй хүн өвс хадаад байна одоо яах вэ” гэж асуутал тэр хүн “тэр хадсан өвсийг нь зүгээр л та нар ачаад авчих” гэж хэлсэн. Бид гурав машинтайгаа нөгөө хүний өвс хадаж байгаа газар очтол манай хадам аав Баттулга ирчихсэн тэр хүнтэй юм яриад сууж байсан. Бид гурав тэнд очоод тэр хүнтэй ямар нэг зүйл ярилгүй хадчихсан байсан өвсийг нь машин дээр ачаад эхэлтэл нөгөө хүн босч ирээд өвсийг ачуулахгүй гэж хэлсэн. Бид гурав тэр үгийг нь тоолгүй машин дээр ачтал тэр хүн эсэргүүцээд машин дээрээс өвсөө буулгах гээд байсан. Би тэгэхээр нь тэр хүнийг түлхээд “та хүний олон жил өвс хадсан газраас өвс хадаж байж өгөхгүй гэх шалтгаан байхгүй шдээ” гэтэл тэр хүн та нар өөрсдөө хадахгүй л байсан шдээ гэсэн. Бид нар хүн хүч муутай байсан учраас хадаагүй, одоо хадаж байна гэж хэлтэл тэр хүн машинаас өвс буулгах гээд зүтгээд байсан.

Тухайн үед манай нөхөр хүрч ирээд түүнийг түлхсэн тэгээд л тэр хоёр заамдалцаад, зууралдаад хоорондоо цохилцоод зодоон хийсэн. Хэн нь түрүүлж цохисоныг би мэдэхгүй байна. Миний харсанаар манай нөхөр түүний эрүү хэсэгт цохиж, тэр хүн манай нөхрийн дух руу цохисон.

Тэгэхээр нь хадам аав бид хоёр тэр хоёрыг салгаж, тэнд байгаа өвсийг машин дээрээ ачаад явсан. Бид нарыг өвс ачиж байхад тэр хүн бид нарыг дагаад хэрэлдээд байсан. Тухайн хэрэг болоход цаг ойролцоогоор 15-16 цаг болж байсан байх. Орой нь буюу 19 цагийн үед нөгөө өвс хадсан эрэгтэй хүн дахиад нэг эрэгтэй хүнтэй мотоцикль дээр сундалдаад манайд хүрч ирээд хадам ээж рүү “та нар яагаад манай хадсан өвсийг авч явж байгаа юм бэ” гээд л дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэр хоёр тухайн үед согтуу архи үнэртэж байсан. Удалгүй манай нөхөр гэртээ хүрч ирээд шууд цагдаа дуудсан. Тэгтэл цагдаагийн машинтай 3 цагдаа ирж тэр хоёр хүнээс та хоёр согтуу мотоцикль унаад ирсэн юм уу гэж 4 асуутал үгүй гэж худлаа хэлсэн. Цагдаа нар манай нөхөр болон манай гэрт ирсэн 2 хүнийг аваад цагдаа руу явсан. Цагдаа дээр очоод манай нөхөр болон өвс хадаж байсан хүнээс юм асуугаад байсан тэгээд ямар нэг тэмдэглэл үйлдэлгүй манай нөхрийн жолооны үнэмлэхийг хурааж аваад манай нөхрийг явуулсан юм.Тухайн маргаанаас болж манай нөхрийн дух хавдсан байсан энэ тухай цагдаад хэлэхэд авч хэлэлцээгүй. Мөн энэ асуудлын талаар орой дуудлагаар очсон цагдаа нар шүүх эмнэлэг дээр очиж үзүүлж харуулж болно гэсэн зөвлөгөө өгөхийн оронд загнаж байгаад явуулсан гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Ц.О өгсөн: Манайх Булган аймгийн Бугат сумын 2-р баг “Модон давааны ар” гэх газраас хадлан хаддаг юм. 2017 оны 9-р сарын 02-ны өдөр манай хүү Б*******, Б, бэр Мөнхтуяа нар хадлангаа хадаад явж байсан чинь манай хадлан хаддаг газраас үл таних эрэгтэй хүн өвс хадаад явж байсан гэсэн. Тухайн үед нь манай хүү Б******* тэр хүн дээр очоод энэ газраас манайх өвс хаддаг юм та хадаж болохгүй гэж хэлчихээд аавдаа хүрч ирээд манай талбайгаас танихгүй хүн өвс хадаад байна та очоод хэлж бай би эндээс машин авч очоод хадсан өвсийг нь аваад ирье гэж хэлээд машинтайгаа уг газар руу очсон юм. Удалгүй манай нөхөр Баттулга, хүү Б*******, Б, бэр Мөнхтуяа нар тэр хүний хадсан гэх өвсийг машин дээрээ ачаад гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад тэр хүнтэй хэрүүл хийчихээд хүрээд ирлээ тэр хүн өвсөө ачуулахгүй эсэргүүцсэн гэж хэлж байсан. Тэр орой 18 цагийн үед мотоцикльтой 2 хүн намайг үнээ сааж байхад хүрч ирээд та нар яагаад миний хадсан өвсийг авчихваа Аймгийн засаг даргын захирамж гарсан байхад та нар миний өвсийг авлаа гэхээр нь хүний өвс хаддаг газраас өвсөө бэлд гэсэн захирамж юу гэж гарах билээ дээ гэж хэлтэл тэр хүмүүс та нар надад өвс хадсан бензиний 30000 төгрөгийг өг гээд дайраад байсан. Би тэгэхээр нь та нарт 5 литр бензиний мөнгө л өгөе гэж хэлтэл та нар зүгээр цагдаагаа дууд гээд байсан. Тэгээд л цагдаа дуудсан юм. Тэр Р гэх залуу нь намайг та сэтгэцийн эмгэгтэй хүн байна, танайд эрүүл саруул хүн байна уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэр залуу тухайн үед согтуу байсан. Р хэлэхдээ танай хоёр хүү томоотой байсан байна лээ түүнээс бол манай ах танай хоёр хүүхдийг зодчих байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Шүүгдэгч Б.Б*******гийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 02- ны өдөр хадлангаа хадаж байгаад газар руу очсон чинь танихгүй хүн хадлан хадаж байсан. Тэгэхээр нь би наадах чинь манай хадлан хаддаг газар яагаад хадаад байгаа юм бэ гэсэн чинь энэ газар олон жил хадаагүй газар байхаар нь хадаж байна гэхээр нь үгүй ээ наадах чинь манайх жил болгон хаддаг газар гэтэл хэрүүл хийгээд над руу дайрахаар нь би шанаанд нь нэг удаа гараа цохисон. Тэгээд хоёр тийш нь салаад тэр залуугийн хадсан байсан өвсийг нь өөрийнхөө портероор ачаад авчихсан юмаа. Тэр өвсийг өвөлжөөн дээрээ буулгаад гэртэй харихад БатӨлзий гэдэг залуу зүүгийнхээ хамт манайд ирцэн ээжтэй хэрүүл хийгээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ¹273 тоот: 1. Д.Б*******гийн биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 31 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, Монгол Улсын иргэний 5 газар эзэмших гэрээний хуулбар /хх-43 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37, 47 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-48-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Б******* нь өөрийн хадам эцэг Б.Ц эзэмшлийн Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Модон давааны ар” гэх хадлангийн зориулалттай талбайгаас “хадлан бэлтгэлээ” гэх шалтгаанаар Д.Б*******тэй маргаж, түүний уг талбайгаас хадсан өвсийг ачих явцдаа Д.Б*******г зүүн шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хохирогч Д.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгээд манай хадсан өвсийг портер дээр шууд ачаад явсан. Б******* зүүн талын шанаа руу цохиж, сэрээний ишээр хөл рүү 2,3 удаа цохьсон” гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “манайхаас хойш даваад олон жил хадаагүй өвстэй газар байна, та хадаад өгөөч” гэхээр нь “тэгье” гээд би очоод нөгөө газар нь дүүгийн хадуур, трактороор өвс хадсан юм. Тэгээд нэг портер шахуу өвс хадаад байж байтал нэг залуу явган хүрч ирээд “яагаад хүний газар хадаж байгаа юм” гээд над руу уурлахаар нь би “олон жил хадаагүй газраас хадаж байна, манай дүү хад гэсэн юм” гэсэн чинь миний үгийг хүлээж авахгүй намайг шанаадаж цохисон, бас нэг ах нь сэрээгээр миний гуя руу хатгаж намайг дээрэлхсэн. Тэр хоёрт би учирлаж хэлсэн боловч миний үгийг хүлээж авахгүй, над руу салаавч гаргасан. Тэгээд миний хадсан өвсийг ачаад явсан. Б******* миний зүүн шанаа руу цохисоноос болоод миний зүүн шанаа хавдаж, толгой өвдөөд байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ргийн өгсөн “…би юу болсон талаар асуусан чинь 4 хүн хүрч ирээд намайг зодоод өвсийг маань ачаад аваад явсан. Миний шанаа руу цохиж, гуя руу сэрээгээр хатгасан” гэхээр нь би шанаа руу нь хартал шанаа нь хавдсан байсан. Бас хөл рүү нь хартал сэрээгээр хатгаад хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Д өгсөн “...Модон давааны ар” гэх газар өвс хадаад байж байтал үл таних 2 залуу, 1 эмэгтэй хүн хүрч ирээд миний хүүг “чи яагаад манай өвс хаддаг газраас өвс хадаад байгаа юм” гэж хэлээд өвс сэрээддэг сэрээгээр гуя руу нь хатгасан байсан. Миний хүүгийн хадсан өвсийг машин дээр ачих гэхээр нь эсэргүүцсэн гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Б******* өгсөн “...бид нар очоод манай газраас яагаад өвс хадаад байгаа юм бэ? гэтэл энэ газар хуучин газар байна хадахад яадаг юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл манай хүү болох Б******* уурлаад тэр залуутай барьцалдаж аваад цохилцоод байх шиг байсан. Тэгэхээр нь би “та хоёр боль” гээд салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.М өгсөн “...бид гурав тэр үгийг нь тоолгүй машин дээр ачтал тэр хүн эсэргүүцээд машин дээрээс өвсөө буулгах гээд байсан. Би тэгэхээр нь тэр хүнийг түлхээд “та хүний олон жил өвс хадсан газраас өвс хадаж байж өгөхгүй гэх шалтгаан байхгүй шдээ” гэтэл тэр хүн та нар өөрсдөө хадахгүй л байсан шдээ гэсэн. Бид нар хүн хүч муутай байсан учраас хадаагүй, одоо хадаж байна гэж хэлтэл тэр хүн машинаас өвс буулгах гээд зүтгээд байсан. Тухайн үед манай нөхөр хүрч ирээд түүнийг түлхсэн тэгээд л тэр хоёр заамдалцаад, зууралдаад хоорондоо цохилцоод зодоон хийсэн. Хэн нь түрүүлж цохисоныг би мэдэхгүй байна. Миний харсанаар манай нөхөр түүний эрүү хэсэгт цохиж, тэр хүн манай нөхрийн дух руу цохисон. Тэгэхээр нь хадам аав бид хоёр тэр хоёрыг салгаж, тэнд байгаа өвсийг машин дээрээ ачаад явсан. Бид нарыг өвс ачиж байхад тэр хүн бид нарыг дагаад хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.О өгсөн “...2017 оны 9-р сарын 02-ны өдөр манай хүү Б*******, Б, бэр Мөнхтуяа нар хадлангаа хадаад явж байсан чинь манай хадлан хаддаг газраас үл таних эрэгтэй хүн өвс хадаад явж байсан гэсэн. Тухайн 6 үед нь манай хүү Б******* тэр хүн дээр очоод энэ газраас манайх өвс хаддаг юм, та хадаж болохгүй гэж хэлчихээд аавдаа хүрч ирээд “манай талбайгаас танихгүй хүн өвс хадаад байна, та очоод хэлж бай. Би эндээс машин авч очоод хадсан өвсийг нь аваад ирье гэж хэлээд машинтайгаа уг газар руу очсон юм...” гэх мэдүүлэг, Д.Б*******гийн биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 273 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна. Хэргийн сэдэлт шалтгааны хувьд Б.Б, Б.Б*******, Б.Мөнхтуяа нар нь хадлангийн зориулалт бүхий эзэмшлийн талбайгаас зөвшөөрөлгүй хадлан хадахаа зогсоо, уг талбайгаас “хадсан өвсийг авна” гэж, Д.Б******* нь олон жил хадаагүй газраас өвс хадаж байна, манай дүү хад гэсэн, “хадсан өвсөө өгөхгүй” гэснээс үүдэлтэй маргааны явцад шүүгдэгч Б.Б******* хохирогч Д.Б*******гийн биед дээрхи гэмтлийг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх ба шүүгдэгч Б.Б*******гийн энэ үйлдэлд Б.Б, Б.Мөнхтуяа нарын санаатай нэгдсэн үйлдэл, оролцоо хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээч хохирогч Д.Б*******г биеэр үзэж, түүний “зүүн шанаанд 3х2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдар, эмзэглэл ихтэй” гэмтэл байгааг илрүүлж гэмтлийн зэргийг тогтоосон байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд шүүгдэгч Б.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.БатӨлзийгийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 65550 төгрөгийг /хх-42 тал/ нотлох баримтын дагуу нэхэмжилсэн байна. Харин өвс бэлтгэхтэй холбогдож гарсан шатахууны үнэ, ажлын хөлс, өвсний үнэ болон бусад хохиролд 3000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б******* хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 65550 төгрөгийг төлж, бусад хохирлыг нотлох баримтын дагуу төлөхөө илэрхийлсэн байх тул хохирогч Д.Б******* нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын дагуу төлж, гэм хорыг арилгахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болно. 7

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х******* овогт Б******* Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б*******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх буюу 500000 /таван зуун манга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч Д.БатӨлзий нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД