Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/258

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х, Т.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Х, Т.Г нарт холбогдох 1806000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигон овгийн Д.Х, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-417Б тоотод оршин суух бүртгэлтэй,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

            2. Боржигон овгийн Т.Г, 1988 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 12 дугаар байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

            Д.Х, Т.Г нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн “Скай ворт” загварын зурагт, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга зэргийг хулгайлж, нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух А.З-ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн нэвтрэн орж, 42 инчийн зурагт хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Х, Т.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Х Т.Г нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Т.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 385 хоногийг, шүүгдэгч Д.Х-ийн цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-с 480.000 төгрөг, шүүгдэгч Т.Гээс 30.000 төгрөг гаргуулан хохирогч А.Золбаярт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Д.Баяр-Эрдэнэ, тус дүүргийн хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар нар 1806000000172 дугаартай Т.Г /РД:ТБ88013179/-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйл ангиар шалгасан билээ.

Надад холбогдох 1706036900410 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 423 дугаар ангид хоригдож байх хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс дуудагдаж очсон юм. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Х-той бүлэглэн хохирогч А.З болон Б.Н нарын гэр лүү хууль бусаар нэвтрэн орсон нь үнэн болно. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн ахлах дэслэгч Д.Соронзонболд илрүүлж, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, яллагдагчаар татсан. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор Б.Эрдэнэбаатар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Х 3 жил 8 сар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

            2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийт 4 жил хорих ялаар шийтгүүлсэн нь үнэн болно.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай, мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай тогтоолуудыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заадлах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

            Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, хохирогч нараас уйчлалт гуйж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан.

            Хулгайн гэмт хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч ахмад Б.Билгүүнд шалгагдаж, 1709012560083 дугаартай хэрэг нээж, тус дүүргийн хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар,

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч Элдэвбаярт шалгагдаж, 170602701, 170602461 дугаартай хэргүүдийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээж, прокурор н.Алтанцэцэг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар,

            Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст 170901836 дугаартай хэрэгт яллагдагчаар,

            Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч ахмад н.Билгүүтэйд шалгагдаж, 171101142 дугаартай хэрэгт яллагдагчаар тус тус татагдсан.

            Иймд дээрх хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие дээрх хэргүүдэд хэд хэдэн удаа ял авч, эрх зүйн байдал доордохоор байна. Эдгээр гэмт хэргүүд үргэлжилсэн гэмт хэрэг тул эрхэм шүүгч нар Т.Г миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцох хүсэлтэй байна.” гэв.

            Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хурал дээр мөн энэ талаар хэлж байсан боловч тухайн хэлтсүүдэд шалгагдаж буй талаар нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар хүлээн аваагүй. Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Г-т холбогдуулан эрүүгийн 1709012560083 тоот хэргийг үүсгэн, улмаар яллах дүгнэлт үйлдэж харьяалах дүүргийн шүүх рүү шилжүүлээд байна. /4 удаагийн үйлдэлтэй/

            Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүнд холбогдуулан эрүүгийн 1710006300165 тоот хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. /Прокурорын тогтоолыг хавсаргав./

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно" гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "..., эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж тус тус заасан байна.

            Миний үйлчлүүлэгч Т.Г-ийн гэмт хэргийн үйлдлүүдийн хувьд бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн болон ял хариуцлагын асуудлыг нэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

            Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т.Г-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Г болон А.Мөнхсайхан өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр 2 жилийн хорих ял шийтгэгдсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Г-ийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс яллагдагчаар татсан хэргүүд шалгагдаж байна. Энэ талаарх баримтуудыг өмгөөлөгч А.Мөнхсайхан гаргаж өгсөн. Т.Г-ийн хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг байгаа учраас тэдгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ. Иймд хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ямар нэгэн байдлаар зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа арай хүнд ял шийтгэл оногдуулсан үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн 18060000172 дугаартай Т.Г, Д.Х нарт холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол гарч шийдвэрлэгдсэн. Энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь бүрэн нотлогдсон. Шүүгдэгч Т.Г болон өмгөөлөгч Мөнхсайхан нарын гаргасан гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах боломжтой тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х, Т.Г нарыг бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн “Скай ворт” загварын зурагт, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга зэргийг хулгайлж, нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух А.З-ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн нэвтрэн орж, 42 инчийн зурагт хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч А.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлын хавсралтад дурдсанаар: Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 2306 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Од-ийн байшинд нэвтрэн орж, 42 инчийн хэмжээтэй зурагт, "Эйсер" маркийн зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерийн цэнэглэгч зэрэг эд зүйлсийг,

            2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 3-10а тоотод оршин суух иргэн М.Б-ийн байшинд нэвтэрч, "Самсунг" загварын 42 инчийн зурагт, таблет зэрэг эд зүйлсийг,

            2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 3-35 тоотод оршин суух иргэн Ш.Б-ын монгол гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг,

            2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамжны 341 тоот, иргэн Я.М-ын байшинд нэвтэрч, 2 ширхэг өргөлийн зэс аяга, шинэ цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь 1710006300165 дугаартай хэрэг дэх Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 1709012560083 дугаартай хэрэг дэх Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай яллах дүгнэлт, уг яллах дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Г нь 1709012560083 дугаартай, хулгайн гэмт хэргээс гадна Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газруудад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болох нь дээрх баримтуудаар тогтоогдов.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, 1710006300165 дугаартай хэрэг дэх Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн яллах дүгнэлт зэрэг эрхийн актуудаар шүүгдэгч Д.Х, Т.Г нарын холбогдон шийдвэрлэгдсэн болон шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд нь “бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн авсан” гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг зүйл, хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсэхээр байна.

Мөн шүүгдэгч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Т.Г-т оногдуулах ялыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

            Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

            Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

            Иймд шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х, Т.Г нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Х, Т.Г нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Д.Х, Т.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ