| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0116/З |
| Дугаар | 128/ШШ2020/0603 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2020/0603
2020 оны 9 сарын 22-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүгч Д.Х, шүүгч Х.Н, иргэдийн төлөөлөгч С.Эрдэнэсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулан “С р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “С р” ХХК.
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын “С Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С Р” ХХК-ийн төлөөлөгч Б.Гр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...“С Р” ХХК нь Байгаль орчин, ачлал жуулчлалын сайдын 2016 оны 6 сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.01 га газар ашиглах эрх олгогдсон.
Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалаар уг газар эзэмших эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Газар хагалах ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн, Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, Дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
“С р” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 дугаар албан хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхтэй 2.0 га газартаа үйл ажиллагаа эрхлүүлэх зөвшөөрөл хүссэн.
Гэвч Богдхан уулын дархан цаазат газрын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 991 дүгээр хариу албан бичигт “С р” ХХК-д олгосон Дархан цаазат газарт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай дурдсан байсан.
Өмнө нь Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг гэрчилгээг цуцлах тухай огт мэдэгдэж байгаагүй бөгөөд анх уг мэдэгдлийн дагуу бид газар ашиглах эрхийг цуцалсныг олж мэдсэн. Захиргааны байгууллага уг акттай холбоотой мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, зөвшилцөх боломжоор хангалгүйгээр захиргааны акт гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь манай байгууллагын газар ашиглах эрхэнд хууль бусаар халдсан гэж үзэж байна.
Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй 2.01 га газартаа газар хагалан, ухсан, тэсэлгээ хийсэн, ашигт малтмал хайсан, олборлосон, элс хайрга чулуу авсан, мод зэгс, шагшуурга сэлтгэсэн, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавьсан зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй.
Хүүшийн аманд ашиглах эрхтэй 2.01 га газрын ойр орчимд голын бургас, голын эх бүрэлдэх сав газар, ямар нэгэн гол байхгүй бөгөөд тус газар нь уулын энгэр бэлд байрлах мод зүлэггүй газар.
Манай компани нь байгалийн унаган төрхийг алдагдуулсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж байсан тохиолдол байхгүй болно.
Тушаалын хавсралтад тухайн газрын 2017, 2018 оны төлбөрийг төлөөгүй гэх
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх байсан ч уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байсан ба 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 527 дугаар тогтоолоор уг актыг түдгэлзүүлсэн байдаг ба анх газрыг эзэмших болсноос хойш 2016 оны сүүлийн улирлаас эхлэн газрын төлбөрийг тогтоох эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр итгэлцүүрийн тоон утгыг тогтоох шийдвэр байхгүй байсантай холбогдуулан газрын төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэний улмаас тухайн төлбөрийг төлөөгүй байдаг. Учир нь Захиргааны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэр үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүргэсэн үр дагавар нь манай байгууллагын газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй юм.
Бид аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 2.0 га газарт Аялал жуулчлалын бизнес төсөл боловсруулан төрийн эрх бүхий байгууллагуудаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн байдаг ч өдийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байдаг.
Мөн бид тухайн газрыг ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагааны төслүүдийг боловсруулж, холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр барилгын зураг төсөл боловсруулж, төслийн дагуу баригдах барилгын ажлын санхүүжилт эдийн засгийн байдлаас шалтгаалан удааширсан нөхцөл байдалтай байсан.
Мөн газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх бүхий гэрчилгээтэй этгээд тухайн газарт заавал үл хөдлөх эд хөрөнгө барих, бариагүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болох тухай зохицуулалт байхгүй юм.
Газар ашиглах эрхийг цуцалсан тухай шийдвэрийг мөн мэдэгдээгүй зэрэг үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас Хүүшийн аманд байрлах 2.01 га газрын ашиглах эрх цуцлагдаж одоогоор газраа ашиглах эрхгүй болоход хүрээд байна.
“С рХХК нь 2015 оноос хойш тус газарт зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаал гарснаар газар ашиглах эрх маань зөрчигдөж, 2015 оноос хойш явуулж ирсэн үйл ажиллагааны санхүүгийн зардлын хохирол амсахад хүрээд байна.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын “С р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Манай байгууллага нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1802 дугаар хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд ашиглах эрх бүхий 2 га газартаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газар нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 991 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ “С р” ХХК-д олгосон дархан цаазат газарт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар дурдсан байдаг. Өмнө Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах тухай огт мэдэгдэж байгаагүй бөгөөд уг мэдэгдлийн дагуу анх удаа газар ашиглах эрхийг цуцлагдсаныг олж мэдсэн тус тушаалын үндэслэл нь уул нуурааж тухайн байгалийн унагасан төрхийг алдагдуулан , дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 аж, ахуй нэгжид газар ашиглах эрхийг хавсралт ёсоор дуусгавар болгосугай гэсэн тушаал байдаг. Хууль бус тушаал гарсан учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн газар ашиглах эрх дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын “С р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц..Др шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “С р” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Богдхан уулын тодорхой хэсэг газар ашиглах эрх олж авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг тухайн компани хугацааны хувьд 2016 оны наадмын дараа буюу 7 дугаар сарын 20-ны өдөр очиж тушаалаа баталгаажуулж өөрийн болгож авсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарснаар газар ашиглах ажиллагаа бүрдэж үйл ажиллагаа явуулах боломжгүй албан ёсоор гэрээ байгуулан, төлбөр төлнө. Гэрээг байгуулахдаа харьяалагдаж буй нутаг дэвсгэрийн Газрын албанд дээр очиж байгуулдаг. 8 сар гаргаад Хан-Уул дүүргийн Газрын албанд очсон гэж ярьдаг. Газрын албанд очихоос өмнө фейсбүүк гэсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр н.Ц гэдэг захиралтай хүмүүсийн бичсэн мэдээллээр газрын төлбөр өндөр болсон буюу асуудалтай байна гэдэг мэдээлэл авсан. Газрын албанд очиж уулзахад газрын төлбөр төлж байсан тухайн үеийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журам дээр маргаан үүссэн гэдгийг газрын албаны ажилтан хэлсэн гэдэг. Маргаан үүсээд шийдэгдэх хүртэл энэ журмыг бариад төлбөр төлөх боломжгүй гээд газрын төлбөр төлөх нь хойшлогдсон. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсээд хэлэлцэгдэж явсаар 2017 оны сүүлээр Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар тухайн төлбөр төлсөн актыг өөрчлөх шинээр гаргах хүртэл хугацаанд актын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ хооронд нэхэмжлэгч компани газрыг төлбөрийг төлөх боломжгүй байсан. 2017 онд нэхэмжлэгч нь газраа ашиглаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барихаар газрын нэгэн компанид газрын зургаа зуруулах ажил дөнгөж эхлэн, зургийн төлбөртэй холбоотой асуудал гараад эцэслэн шийдвэрлэгдээгүй, зураг гараагүй. Ингээд 2018 он гарсны дараа газрын төлбөр төлөгдөөгүй байсан учир аж ахуй нэгж газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын үндэслэх хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 250 дугаар саналыг үндэслэн тушаал гардаг. Санал дээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь “С р” ХХК нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байхгүй, газрын төлбөрийг 2017, 2018 онуудад төлөөгүй гэсэн үндэслэл тавьсан. Энэ үндэслэлийг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 2 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалтай газар нутгийн горимыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлд багтаасан байх гэж таамаглаж байна. Учир нь уг тушаал гарахдаа зөрчил гарсан болохыг тогтоосон, баримтыг цуглуулаагүй, үүнийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл байхгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хувийн хэрэг байгаагүй. Иймд бид нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх боломжгүй. Зөвхөн тусгай хамгаалалтай газрын саналыг үндэслэн тушаал гарсан болов уу гэж үзэж байна. Тухайн санал дээр байгаа газрын төлбөр төлөгдөөгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болж чадахгүй. Тухайн үед төлбөр төлөөгүй байсан ч газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барьсан бол энэ тушаалд орохгүй эсвэл өөр үндэслэл гарч ирэх байсан байна. Газрыг чөлөөлөх үндэслэл болох ноцтой буюу удаа дараа зөрчсөн гэдэг ойлголтод төлбөр төлөөгүй гэдэг асуудал орж ирж байна. Гэтэл энэ нь төлбөр нь төлөх боломжгүй маргаан үүссэн байсныг Байгаль орчин аялал жуулчлалын сайд тушаал гаргахдаа анхаараагүй учир маргаан бүхий тушаал үндэслэлгүй. Иймд хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцалсан. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн тушаал болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани 2017 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан боловч үүнээс хойш газрын төлбөрөө төлөөгүй гэдгийг Хан-Уулын дүүргийн Газрын алба, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа нотолсон. Газрын тухай хуульд төлбөрийг тогтоосон хугацаанд нь улирал бүр Газрын албанд төлнө гэх заалт байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй. Мөн 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан. Энэ хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж байна. Бид тушаал гаргахаас өмнө 3 дугаар сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгч компанид ямар үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаа тухай мэдэгдсэн. Хуулиараа төлбөрөө цаг тухайд нь төлөх ёстой, гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Ингээд газар ашиглах эрхийг бид газрын төлбөрийг хугацаанд төлнө, гэрээ байгуулан төсөл эхлүүлээд Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулна гэдгээ нотолж 2016 онд 2 жилийн хугацаатай Хүүшийн аманд газар эзэмших эрх авсан. Түүнээс хойш хууль журмын дагуу үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч тайлбартаа Газрын төлбөрийн тухай хуулиараа сум дүүрэг газрын төлбөрөө тогтоодог, Хан-Уул дүүрэг төлбөрийн хэмжээг мөн тогтоосон. Үүнтэй холбоотой 4, 5 компани шүүхэд хандсан гэхдээ төлбөрийн хэмжээ дээр биш Хан-Уул дүүргийн 2015 оны төлбөр тогтоосон тогтоол нь нийтээр дагаж мөрдөх журам Legalinfo-д бүртгэлгүй байна гэдэг байдлаар шүүхэд хандсан. Газрын төлбөртэй холбогдуулан маргаан үүсгээгүй. Энэ маргаан нь газар ашиглах эрх авснаас хойш үүссэн. Шүүх төлбөртэй холбоогүйгээр Хууль зүйн яаманд бүртгүүлэх байдлаар шийдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Анх газар олгохдоо газрыг нь судлахгүйгээр олгосон. Явцын дунд газрын хэлбэр алдагдана гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд хандан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын “С Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг тус тус үндэслэн “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй” гэж хариуцагчаас үзэж, нийт 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралт ёсоор дуусгавар болгосон ба уг хавсралтын 14 дүгээрт нэхэмжлэгч “С Р” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Хүүшийн аманд байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай 2,01 га газрын ашиглах эрхийг “тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй, газрын төлбөрийг 2017, 2018 онуудад төлөөгүй” гэсэн тайлбартайгаар гаргаж дуусгавар болгожээ.
Үүний дараа /нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа/ хариуцагч Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалаар дээрх маргаан бүхий тушаалын үндэслэл хэсэгт газрын төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалтыг заасан хуулийн заалтыг бичиж холбогдох нэмэлтийг оруулж мөн өөрчлөн найруулсан байна.
Нэхэмжлэгч “С р” ХХК нь дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ мэтгэлцэхдээ, “... манай компани холбогдох хуулийг зөрчөөгүй, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газартаа газар хагалсан, ухсан ... зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй, ... дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн тохиолдол гаргаагүй, ...захиргааны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас газрын төлбөрийг төлөөгүй байсан. Захиргааны байгууллага нь газар ашиглах эрхийг цуцлах талаар сонсох ажиллагаа явуулаагүй, ... тодорхой үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” хэмээн маргасан бол, хариуцагчийн зүгээс “... тус компани нь газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, ...аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2,0 га газар нь тусгай хамгаалалтын унаган төрхийг алдагдуулах, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, ...маргаан бүхий тушаал холбогдох хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байв.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нутаг дэвсгэр дээр газар ашиглах 2016/354 дүгээр гэрчилгээний үндсэн дээр 2017/014 дүгээр газар ашиглах гэрээ байгуулан, аялал жуулчлалын зориулалттайгаар газар ашиглах эрхтэй байсан байна.
Хэрэгт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” 326 дугаар албан бичгээр “С р” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газар нь Тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулах, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулах эрсдэлтэй хэмээгээд Хүүшийн аманд ашиглахаар авсан 2.01 га газрын эрхийг нь цуцлах болсныг мэдэгдсэн,
Үүний зэрэгцээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны 250 дугаар албан бичгээр /санал/ Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандан “Монгол Улсын Засгийн газрын ... хуралдааны тэмдэглэл гаргуулж 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалын хэрэгжилт, Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газар байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 37 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн ба уг хавсралтын 22 дугаарт “С Р” ХХК-ийн 2.01 га газар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, газрын төлбөр төлж байгаагүй, газар дээрээ хоосон гэх тайлбартайгаар бичигдсэн,
Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16/331 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан “аж ахуйн нэг байгууллагын газрын төлбөр төлөлтийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар гаргаж жагсаалтаар хүргүүлсний 9 дүгээрт нэхэмжлэгч “С Р” ХХК мэдээлэл байх ба гэрээгүй, газрын төлбөр төлөөгүй гэж бичигдсэн баримтууд тус тус авагдсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн Газрын албанд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “газар ашиглах гуравласан гэрээ байгуулаагүй” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “гэрээ байгуулахаар, төлбөрөө төлөхөөр Газрын албанд очиж уулзахад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрын төлбөрийн итгэлцүүр хэрэглэх, төлбөр тогтоосон тогтоолтой холбоотой маргаан шүүх дээр үүссэн байсан, ингэснээр нэхэмжлэгч компанийн зүгээс газрын төлбөрийг төлөх боломжгүй болсон, үүнийг тушаал гаргахдаа анхаараагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “С Р” ХХК нь газар ашигласны 2017, 2018 оны төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан газар ашиглах гэрээ, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16/1345 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын талаар өөр бусад компаниудаас шүүхэд маргаан үүсгэсэн нь нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө төлөхгүй байх урьдчилсан нөхцөл болохгүй, газрын төлбөрийг төлөхгүй байх, төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Үүгээрээ нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болох, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар газар ашиглагч нь газар ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болох хуулийн зохицуулалтыг хангаж хэрэгжүүлээгүй байна.
Харин хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий 2018 оны А/76 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд: “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д: “Дархан цаазат газарт газар хагалах, ухах, ...элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-д: “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасан үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д: “газар ашиглагч нь энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасан зохицуулалтыг хангуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд нийцүүлж гаргасан, үүгээрээ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд: “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ“, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д: “энэ хуулийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барихыг хориглоно” гэж, мөн хууль, зүйлийн 33 дугаар зүйлийн 1-д: “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагт Хүүшийн аманд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Газрыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй, хашаалсан зүйлгүй байгаа болох нь” тогтоогдож тусгагджээ.
Хууль тогтоогчийн баталсан дээрх хууль, тогтоомжийн агуулгаас үзэхэд дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон, нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрыг ашигласнаас хойш газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг шүүх буруутгах буюу маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс явуулж, нэхэмжлэгч “С Р” ХХК-аас тухайн газраа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн эсэх, энэ талаар баримт байгаа эсэхийг удаа дараа тодруулж нэхэмжлэгчид өөрт нь болон хариуцагч захиргааны байгууллагаас шаардахад холбогдох баримт ирүүлээгүйг тэмдэглэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглахаар авсан газар нь байгаль орчинд нөлөөлөх байдлаараа хэрхэн үнэлэгдсэн гэдгийг шүүх дүгнэх боломжгүй болгосон байна.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 10 минутад хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлд “... Сайд тушаал гаргахдаа хурал хийдэггүй. Ямар нэгэн тэмдэглэл байхгүй” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулах үүрэгтэй байна. Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй юм. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3: “...өргөдөл гомдлыг ханган шийдвэрлэж байгаа бол” сонсох ажиллагаа хийхгүй байх зохицуулалтын хүрээнд хариуцагч нь өөрийн харьяа газрын олж тогтоосон санал, баримтыг дүгнэж шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 45 дугаар зүйлийн 45.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Р” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С Р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б
ШҮҮГЧ Д.Х
ШҮҮГЧ Х.Н