| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 020/2013/0361/З |
| Дугаар | 221/МА2015/0237 |
| Огноо | 2015-06-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0237
Уб төхк-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ё.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор, Уб төхк-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цо, Ё.Э, Г.Б, Х.До нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогохяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар актын тогтоох хэсгийн 1.2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг илүүтооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 1596.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 478.98 мянган төгрөгийн торгууль, 798.3 мянган төгрөгийн алданги, мөн актын тогтоох хэсгийн 1.8-д заасаннэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж тооцсон гэх зөрчилд ногдуулсан 103.320.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30.996.3 мянган төгрөгийн торгууль, 36.825.6 мянган төгрөгийн алданги, нийт 174.016.68 мянгантөгрөгийг актаар тогтоосон төлбөрөөс хасуулах" гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цо, Ё.Э болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бб нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь дээрх татварын улсын байцаагчдын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор 16.581.737.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох 255.491.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 270.896.8 мянган төгрөгийн хүү, 105.436.7 мянган төгрөгийн торгууль, 42.322.7 мянган төгрөгийн алданги, нийт 674.147.7 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 26.659.674.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох 1.418.374.8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
2008 онд элэгдлийн зардлыг санхүүгийн тайланд Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолын дагуу элэгдлийг тооцсон боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу шулуун шугамын аргаар элэгдлийг тооцох ёстой байсныг зөрчиж, тайлангаа гаргаж, элэгдлийн зардлын зөрүүг "Түр зөрүү"-ээр бүртгэж, татвар төлөхийн өмнөх ашгийг нэмэгдүүлэх залруулга хийлгүй орхигдуулсан нь Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан "Санхүүгийн болон орлогын албан татварын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам"-д зааснаар шулуун шугамын аргаар тооцоход санхүүгийн тайлангаар элэгдлийн хэмжээ буурч, татвар ногдох орлогын хэмжээг нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлэх ёстой байсан.
2008-2011 онуудад чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.6.12, 14 дүгээр зүйлийн 14.7, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбоотой харилцааг зохицуулах журам"-ын 5.1.3-д заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл төрийн өмчит хуулийн этгээд нь ашгийн төлөө ажилладаг бөгөөд эрчим хүчний өртөг буюу ашиг нь хохиролтой /алдагдалтай/ байсан учир эрчим хүчний үнийг өсгөхгүй байхын тулд УИХ, Засгийн газраас үнийг хязгаарлах талаар шийдвэр гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, борлуулалтын орлогын зөрүүг татаас хэлбэрээр нөхөж олгосон. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогын дутууг Засгийн газраас нөхөж авсан. Дээрх орлого орж ирснээр үнэ тарифийг бууруулсан байдаг. Тухайн аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч учир борлуулалтын орлогоор худалдан авсан бараа үйлчилгээнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан. Нэхэмжлэгч нь татаасаар орж ирсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй, чөлөөлөгдсөн орлого гэж тайлагнасан атлаа түүнтэй холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хассан нь орлого зарлагын уялдаатай байх олон улсын зарчимтай зөрчилдсөн.
Маргаан таслах зөвлөлөөс бусад оны элэгдлийг бууруулсан. Н.Б байцаагч бүх баримтыг тулгаж хүлээн зөвшөөрсөн. 15 сая төгрөгт ногдох 2 сая 873 мянган төгрөгийн элэгдлийг ногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 13 дугаар зүйлийн 13.1,13.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 -т заасныг баримтлан нэхэмжлэгч "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс актын тогтоох хэсгийн 1,2-т заасан 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг илүү тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нодуулсан 1,596,6 мянган төгрөгийн нөхөн татвар , 478,98 мянган төгрөгийн торгууль 798,3 мянган төгрөгийн алданги, актын тогтоох хэсгийн 1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийжтооцсон гэх зөрчилд ногдуулсан 103,320,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30:996,3 мянган төгрөгийн торгууль, 36,825,6 мянган төгрөгийн алданги, нийт 174,016,68 мянган төгрөгийн төлбөрийг хасч багасган, төлбөрийн хэмжээг 1,244,358,1 мянган төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Ё.Э давж заалдах гомдолдоо: Улаанбаатар цахилгаан тугээх сүлжээ" төрийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ё.Э, Ш.Цо нарт холбогдох нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай шийдвэр нь хариуцагч нарын шүүхэд гаргасан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 154 дугаартай шүүхийн шийдвэрт "татварын улсын байцаагчийн 210183 дугаар актны тогтоох хэсгийн 1.2 дахь хэсэгт 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцон татвар ногдох орлогын дүнг бууруулсан зөрчилд ногдуулсан 1596.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 478.98 мянган төгрөгийн торгууль, 798.3 мянган төгрөгийн алданги, мөн тус актын тогтоох хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг илүү тооцож төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулсан зөрчилд ногдуулсан 103.320.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 30,996.3 мянган төгрөгийн торгууль, 36,825.6 мянган төгрөгийн алданги буюу нийт 174,016.68 мянган төгрөгийн төлбөрийг хасуулахаар нэхэмжилсэн" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргааан Таслах Зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэртой холбогдуулан Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байцаагч нар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь гомдлыг гаргаж байна.
154 дугаартай уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д "... Хариуцагч татварын улсын байцаагч нараас 2008 онд ямар, ямар үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцсон талаарх тооцоолол, хобогдох нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэлийг илүү тооцсон гэх үндэслэл нь хэрэгт автагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус аж ахуйн нэгж нь санхүүгийн болон татварын тайлангийн зөрүүг зохицуулах тайлан гаргаагүйгээс үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг бууруулсан зөрчил нь татварын хяналт шалгалтын явцад анхан шатны баримт бүртгэл тооцооллоор нотлогдсон бөгөөд үүнийг ТЕГ-ын дэргэдэх Маргаан Таслах Зөвлөлийн магадлагч байцаагч нар нягталж шалгаж тогтоолоор нотлогдсон хэмээн баталгаажуулсан байсныг анхан шатны шүүх "нотлогдоогүй" гэж үзсэнийг үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
154 дугаартай уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т заасан "..Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит үйлдвэрийн газарт 2010 онд Засгийн газраас олгосон 900 сая төгрөгийг "...чөлөөлөгдөх борлуулалт гэж дүгнэсэн нь хууль бус болжээ." гээд Засгийн газрын тусгай зориулалтын сангийн мөнгөн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу үйлчилгээ биш гэж үзсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ё.Э гомдолдоо ... 2008 онд татварын тайлангийн зөрүүг зохицуулах тайлан гаргаагүйгээс үндсэн хөрөнгийн элэгдлийг илүү тооцоолж татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг бууруулсан зөрчлийг ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагч нар нягталж шалган тогтоосон байхад шүүх нотлогдоогүй гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн ... гэжээ.
Нэхэмжлэгч Уб төхк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2008 оны үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлын зөрчилд холбогдуулсан төлбөрийг хасч тооцоогүйг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул тус зөвлөлийн тогтоолоор зөрчил гаргасан нь нотлогдсон гэж шүүх дүгнэх боломжгүй.
Хариуцагч тайлбартаа 2008 оны элэгдлийн зардлыг Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд заасан шулуун шугамын арга-аар тооцоогүй, Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар баталсан Санхүүгийн болон орлогын албан татварын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам-ын дагуу Түр зөрүү-гээр бүртгэж, татвар төлөхийн өмнөх ашгийн нэмэгдүүлэх залруулга хийгээгүй... гэх боловч тухайн журам нь 2008 онд батлагдаагүй байсан тул нэхэмжлэгчийг уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагч нар чухам аль үндсэн хөрөнгийн элэгдлийг буруу тооцсон гэж үзсэн талаарх тооцооллоо ирүүлээгүй, шүүхээс цуглуулсан нэхэмжлэгч байгууллагын 2008 оны санхүүгийн болон татварын тайлан, баланс, холбогдох баримтаас дээрх зөрчлийг нотлох баримтыг зааж тайлбар үндэслэлээ гаргаагүй, мөн шүүхээс томилсон шинжээчийн ... 2008 оны санхүүгийн тайлангаар нийт 1966.327,6 мянган төгрөгийн, ААНОАТ-ын тайланд 1.852.359,9 мянган төгрөгийн элэгдлийн зардлыг тооцсон 15965.2 мянган төгрөгийн зөрчил үндэслэлгүй... гэж дүгнэснийг үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, 2008 оны санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн актаар тогтоосон төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
2. Хариуцагч давж заалдах гомдолдоо ... 2010 онд Засгийн газраас олгосон 900 сая төгрөгийг ... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, бараа, үйлчилгээ биш гэж үзсэнийг зөвшөөрөхгүй ... гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар тогтоол, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 327 дугаар тушаалаар эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулах зорилгоор Уб төхк-д 900.0 сая төгрөгийн татаас олгосон байх бөгөөд уг татаас буюу Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ биш байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасан тус татвараас чөлөөлөгдөх төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ё.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ