Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч, шүүгдэгч Г.Энхбат,  түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа,

хохирогч, шүүгдэгч Н.Мөнхдорж

шүүгдэгч Б.Доржрагчаа нарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан

шүүгдэгч Б.Батбилгүүний өмгөөлөгч Г.Хандсүрэн

гэрч Б.Дашжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт,

Б.Батбилгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт,

Г.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021328 дугаартай  хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт одоогоор Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13б байрны 131 тоотыг түрээслэж амьдарч байгаа, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын в-3 дугаар гудамжны 365 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УУ92011034/, Боржигон овогт Нямдаваагийн Мөнхдорж. 

  

2.Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй “Холчжинчин” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 7 дугаар гудамжны 68 тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж биеэр 1 жил 3 сар 12 хоног эдэлж,

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар  үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан  /РД:КЮ89062373/, Баяндуут овогт  Батсайханы Доржрагчаа.

 

3.Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 17-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 30 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягтаа байдаггүй, одоогоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 38а байрны 60 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЙР89041732/, Цагаан бөө овогт Батбаярын Батбилгүүн.

 

4.Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 9-нд Дархан уул аймгийн Хонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Шилмэл Буйдан” ХХК-д мужаанаар ажиллагдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжны 25-194 тоотод түр оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11а тоотод албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ТК90070930/, Боржигон овогт Ганхуягийн Энхбат.   

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Мөнхдорж нь 2016 оны 4 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ажлын
байрны хажууд “эхнэр Б.Дашжаргалыг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар
Б.Батбилгүүн, Б.Доржрагчаа нартай бүлэглэн иргэн Г.Энхбаттай хувийн
таарамжгүй харьцаа үүсгэж улмаар Н.Мөнхдорж нь Г.Энхбатын нүүр, толгой, цээж
өгзөг зэрэг газарт нь өшиглөж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай
учруулсан,

Б.Доржрагчаа нь 2016 оны 4 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ажлын
байрны хажууд найз Н.Мөнхдоржийн эхнэр Б.Дашжаргалыг “бөгс рүү нь цохиод
явах уу чи янхан биз дээ харваас явдаг л охин байна ш дээ” гэж хэлж
доромжиллоо гэх шалтгаанаар Н.Мөнхдорж, Б.Батбилгүүн нартай бүлэглэн иргэн
Г.Энхбаттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Б.Доржрагчаа нь
Г.Энхбатын нүүр, цээж зэрэг газар нь өшиглөж чирэх зэргээр зодож бие махбодид нь
хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.Батбилгүүн нь 2016 оны 04 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ажлын
байрны хажууд найз Н.Мөнхдоржийн эхнэр Б.Дашжаргалыг “бөгс рүү нь цохиод
явах уу чи янхан биз дээ харваас явдаг л охин байна ш дээ” гэж хэлж
доромжиллоо гэх шалтгаанаар Н.Мөнхдорж, Б.Батбилгүүн нартай бүлэглэн иргэн
Г.Энхбаттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар Б.Доржрагчаа нь
Г.Энхбатын нүүр, цээж зэрэг газар нь өшиглөж зодох үед Г.Энхбатын мөрнөөс
татаж босгох зэргээр учрах саадыг арилгах зорилгоор дэмжлэг үзүүлэн бие
махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Г.Энхбат нь 2016 оны 04 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ажлын
байрны хажууд Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа, Б.Батбилгүүн нартай хувийн
таарамжгүй харьцааны улмаас зодолдох үед Г.Энхбат нь Н.Мөнхдоржийн толгойн
тус газарт нь цохих зэргээр зодож Н.Мөнхдоржийн бие махбодид хөнгөн
гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
 

Н.Мөнхдорж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Н.Мөнхдорж хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт: Энхбаттай харилцан зодолдоход миний толгой хагарсан байсан. Энхбатад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энхбаттай эвлэрэх хүсэлт гаргасан гэв.  

шүүгдэгч Б.Доржрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би хоёр хүүхэдтэй эцэг хүн учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

шүүгдэгч Б.Батбилгүүн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой би найз Мөнхдорж, Доржрагчаа хоёртой хамт Мөнхдоржийн эхнэр Дашжаргалыг хүлээгээд байж байсан юм. Тэгтэл Дашжаргал утсаар “автобусны буудал дээр байна, хурдан ирээч, намайг явдаг хүүхэн байна гээд хүүхдүүд пальтоноос татаж чангаагаад байна” гээд уйлаад ярьсан.  Тэгэхээр нь Мөнхдорж, Доржрагчаа бид гурав Зурагтын эцэс рүү очиход тэнд байсан хүмүүс “эхнэрийг чинь татаж чангаагаад байсан хүмүүс доошоо яваад баруун тийш эргэсэн” гэж хэлээд  хорооны ар тал руу заасан. Тэгэхээр нь Мөнхдорж, Доржрагчаа, бид 3 Дашжаргалыг аваад доош явж байхад 3 залуу зогсож байсан. Тэднийг хараад Дашжаргал “татаж чангаагаад байсан нь энэ байна”  гээд Энхбатыг заахад Мөнхдорж очоод Энхбаттай зодолдсон. Араас нь Доржрагчаа бид 2 бууж очиход нэг нь цаашаа зугатсан. Мөнхдорж, Энхбаттай бие биенээ цохилцож байхад Энхбат арагшаа замын боржур дээр унасан. Энхбатыг босохгүй байхаар нь би “чи яах гэж манай найзын эхнэрийг явдаг л хүүхэн байна ш дээ гэж доромжилсон юм бэ” гэж хэлээд 2 мөрнөөс нь татаж босгох гэж байхад Доржрагчаа ирээд Энхбатын нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Мөнхдорж ирээд Энхбатын гутлыг тайлж шидсэн. Миний хувьд Энхбатыг цохиж зодсон зүйл байхгүй. Зодох байсан бол надад тийм боломж байсан гэв.

Г.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр:  Мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд архи хэтрүүлээд хэрэглэчихсэн байсан учир хэргийн талаар юу ч санахгүй байгаа гэв.

Г.Энхбат хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт: Миний буруугаас болж гэмт хэрэг гарсан байна лээ. Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Миний эмчилгээний зардалд Мөнхдорж 250000 төгрөг, Доржрагчаа 200000 төгрөг, Батбилгүүн 200000 төгрөг нийтдээ 650000 төгрөг надад төлсөн. Би одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

гэрч Б.Дашжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 сарын 19-ний орой найзтайгаа уулзчихаад машинд дайгдаад замын хажуугийн тод гэрэлтэй газар буугаад нөхөр Мөнхдорж руу би ирчихлээ гээд залгасан. Тэгээд нөхрийгөө ирэхийг хүлээгээд байж байтал 3 хүүхэд ирээд бөгс руу цохиод “явах уу, харваас явдаг л хүүхэн байна ш дээ” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэхэд пальтоны энгэрээс зулгаахаар нь би гарыг нь тавиулаад арагшаа ухарсан чинь  Энхбат чам дээр ямар залуучууд ирдэгийг нь харья гээд байсан. Тэгэхэд нь цаанаас таксины жолооч “та нар эмэгтэй хүнийг болиоч” гэхэд тэд нар таксины жолоочтой бас маргалдаж байсан гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор хавтаст хэргээс:

Н.Мөнхдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/, ял шалгах хуудас /хх-ийн 95/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 96/,

Б.Доржрагчаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98/, ял шалгах хуудас /хх-ийн 99/, дипломын хуулбар /хх-ийн 164-166/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-103/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 104/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 105/,

Б.Батбилгүүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107/, ял шалгах хуудас /хх-ийн 108/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 160/,

Г.Энхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111/, оршин суух хорооны тодорхойлолт /112/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 113/, ял шалгах хуудас /хх-ийн 114/, ниймгийн даатгалын дэвтэр /хх-ийн 116-117/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 118/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 119-120/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 121/, өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 122-123/, эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 124-132/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

   ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 4 сарын дүгээр 19-нөөс 20-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ажлын
байрны хажууд Н.Мөнхдоржийн эхнэр Б.Дашжаргалыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэж шүүгдэгч Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар бүлэглэн Г.Энхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.Батбилгүүн нь Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар Г.Энхбатын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан:  

хохирогчоор Г.Энхбатын:..”2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг найз Хашбаатар, Билгүүн нартай хамт ажлынхаа байрны ард том савтай пиво 2 савыг авч уучихаад дараа нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батос” дэлгүүрээс 0,75 литрийн Сархад нэртэй архи аваад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны хуучин ажлын байрны гадна очиж архиа хуваан ууж дуусаад зурагтын хуучин эцсийн замын зүүн талын автобусны буудлын түцнээс тамхи авчихаад буцаад хорооны байр руу явж байтал цагаан маркийг нь мэдэхгүй машин хорооны байрны ертөнцийн зүгээр урд талд нь зогсоод машинаас 3-4 танихгүй залуучууд бууж ирээд шалтгаангүйгээр Хашбаатар бид хоёрыг зодож эхэлсэн. Нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Машинтай залуучууд ирээд машинаасаа буухад нь Билгүүн хараад зугтаачихсан. ...Би ухаанаа алдтал согтчихсон байсан. Хашбаатар, Билгүүн нар ч гэсэн согтсон байсан. Доржрагчаа, Батбилгүүн, Мөнхдорж нар ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би зодуулахаасаа өмнөх зүйлийг санахгүй байна. Манай найз Хашбаатар хэрэг гарснаас 2 хоногийн дараа намайг автобусны буудал дээр эмэгтэй хүнтэй маргалдаад байсан гэж хэлсэн. Гэхдээ би их согтчихсон байсан учраас энэ талаар ямар нэг зүйл санахгүй байна. Би зодуулсандаа гомдолтой байна...Доржрагчаа, Мөнхдорж, Батбилгүүн нарыг урьд өмнө нь харж байгаагүй ээ...” /хх-ийн 12-13/

“...Мөнхдорж, Доржрагчаа, Батбилгүүн нар намайг бүлэглэж зодсоны улмаас
шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтэл нь миний биед учирсан.
Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”  /хх-ийн 16/,

 

гэрчээр Б.Хашбаатарын:..” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад “Шилмэл буйдан” ХХК-д надтай хамт
ажилладаг найзууд болох Билгүүн, Энхбат нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын хуучин эцсийн автобусны буудлын
ойролцоо том савтай пиво 2-3 савыг гурвуулаа хувааж уугаад дуусаад 0,75
литрийн савлагаатай архи 1 шилийг, 0,5 литрийн савлагаатай архи тус тус нэг
шилийг хувааж уугаад бид гурав гэр гэр рүүгээ харих санаатай 23 цаг өнгөрч
байхад зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр очоод түцнээс тамхи
авчихаад би утсаар яриад байж байтал Энхбат, Билгүүн нар автобусны буудал
дээр танихгүй эмэгтэй хүнтэй маргалдаж байсан. Би Энхбат Билгүүн нараас 6-7
орчим метрийн хол зайтай зогсож байсан. Яг юу яриад маргалдаж байсан талаар
нь би мэдэхгүй байна. Тэгээд бид нар зурагтын хуучин эцсийн буудал хий дэмий
эргэлдэж байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны ажлын байрны ойролцоо
байж байтал цайвар өнгийн “Тоёота приус” маркийн машинаас 3-4 хүн бууж ирээд намайг 2 эрэгтэй хүн барьж аваад миний зүүн талын хөмсөг рүү гараараа
нэг удаа цохиод нуруу руу нэг удаа өшиглөөд хүзүүнээс уургалж бариад доош нь
дараад байсан. Энхбат, Билгүүн нарыг яасан талаар би хараагүй ээ. Тэгээд тэр
залуучууд намайг нүүрээ дараад газар хэвтэхэд цаашаа дуу нь холдоод явчихсан
ба би яван явтал өшөө зодуулчихвий гэж айгаад толгойгоо бариад
хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Ойр орчимд ямар нэг чимээ гарахаа болиод машин
асаад явахаар нь би дээшээ өндийж харахад миний ойр орчимд ямар нэг хүн
байхгүй байсан ба 7 орчим метрийн зайнаас нэг согтуу хүний хөөе гэх чимээ
гарахаар нь би тэр зүг рүү явж очиход миний найз Г.Энхбат Баянгол дүүргийн 11
дүгээр хорооны хуучин ажлын байрны ертөнцийн зүгээр баруун хойд талд нүүр нь нил цус болсон байдалтай өмсөж явсан 2 пүүз нь байхгүй хамарнаасаа цусаа
гоожуулсан байдалтай хөлөө нугалаад сууж байсан. Энэ үед Билгүүн хаашаа ч юм
зугатаад алга болсон байсан ба дахиж ирээгүй ээ. Тэгээд би цагдаа болон
эмнэлгийн түргэн тусламж дуудсан.

...над руу 2 эрэгтэй хүн ирээд хүзүүнээс уургалж авахад нь би гараараа
нүүрээ таглачихсан юм. Г.Энхбат нь хэн нэгэнд зодуулах болон зодолдохыг би
хараагүй ээ. Миний биед ямар нэг бэртэл гэмтэл, өвчин зовиур, шарх сорви
байхгүй ээ. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх
зүйл байхгүй байна. /хх-ийн 24-25/ гэсэн,

гэрчээр Б.Дашжаргалын:..” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би ангийнхантайгаа уулзаад 23 цаг өнгөрч байхад тараад 23 цаг 30 минутын үед зурагтын хуучин эцсийн ертөнцийн зүгээр баруун талын буудалд очоод нөхөр Мөнхдоржийн гар утасруу залгаж би зурагтын хуучин эцсийн буудал дээр ирчихлээ чи хүрээд ирэх үү” гэж хэлэхэд манай нөхөр за одоо
очлоо гэж хэлсэн. Утсаар ярьж дөнгөж дуусахад араас нэг эрэгтэй хүн хөөе явах уу
гэж хэлэхээр нь би арагшаа харахад миний ард үл таних 3 эрэгтэй хүн байсан ба
юу ч дуугараагүй эргээд хараад байж байтал миний араас дахин нэг эрэгтэй хүн
хөөе янхан минь чамайг хэлээд байна гэж хэлээд цэнхэр өнгийн жинсэн яак
жинсэн өмдтэй эрэгтэй хүн миний араас ирээд “чи явдаг л янхан байна шүү дээ”
гэж хэлээд өгзөг рүү нэг удаа цохиод базсан. Тэгэхээр нь би эргэж хараад болиоч
гэж хэлээд гар руу нь цохиход тэр залуу миний пальтоны энгэрээс зулгаагаад өөр
рүүгээ татахаар нь гарыг нь дахиж гараараа цохиод цээж рүү нь түлхээд яах гээд
байгаа юм бэ гэж хэлээд арагшаа ухрахад тэр залуу яах нь уу үгүй юу харах уу муу
янхан минь чи хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ, чи яадаг яадаг алтай ч гэнэ үү
намайг элдвээр хэлээд байхаар нь би энэ үед нөхөр рүүгээ залгаж уйлж
хашгираад “чи хурдлаач дээ энд гурван бацаан миний бөгс рүү цохиод хувцаснаас зулгаагаад чирээд байна шүү дээ” гэж хэлсэн. Энэ автобусны буудал дээр зогсож
байсан таксины жолооч тэр залуучууд руу та нар болиоч гэж хэлэхэд тэр 3 залуу
таксины жолоочийн хаалгыг нь онгойлгоод элдвийн хэл амаар доромжилж дайрч
байсан. Удаагүй 5 минут орчим хугацааны дараа манай нөхөр Мөнхдорж найз
Амарбилэгийн эзэмшлийн 10-90 УНЦ улсын дугаартай машиныг унаад найз
Батбилгүүн, Доржрагчаа нарын хамт ирээд надаас юу болсон талаар асуухад
таксины жолооч эхнэртэй чинь муудалцаад байсан залуучууд баруун тийшээ
булан тойроод явсан гэж хэлсэн. Бид нар машиндаа суугаад тэр 3 залуугийн араас
явахад тэр 3 залуу хорооны байрны гадна зогсож байсан ба манай нөхөр жинсэн
яак өмд өмссөн залуутай маргалдаж харилцан зодолдсон. Араас нь Доржрагчаа,
Батбилгүүн нар очиж зодоонд оролцсон. Удаагүй 10 минут хүрэхгүй хугацааны
дараа бид нар машиндаа суугаад явцгаасан. Машинд суугаад явж байхад манай
нөхөр Мөнхдоржийн толгойных нь зүүн дээд хэсгээс цус урссан байсан. Манай нөхөр,  Доржрагчаа нар намайг өмөөрөөд Энхбаттай маргалдаж зодолдсон. Энхбат
намайг зодож цохьсон зүйл байхгүй ээ. Намайг зүгээр байхад гудамжинд олон
нийтийн газар гичий янхан, ал гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр хэлсэнд би гомдолтой байна...Батбилгүүн Энхбатыг бариад зулгаагаад байх шиг байсан. Бусдыг зодож
цохихыг нь хараагүй ээ. /хх-ийн 28-29/ гэсэн,

 

гэрчээр Б.Баярбатын:...” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний 23 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын хуучин эцсийн ертөнцийн зүгээр замын баруун талын автобусны буудал дээр хүнээс юм авах санаатай өөрийн эзэмшлийн 43-72 УНЯ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн авто машинтай хүлээгээд зогсож байтал 10-90 УНЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркийн автомашин автобусны буудлаас ертөнцийн зүгээр урагш гэрлэн дохио дээр аваарын гэрлээ асаачихсан 2, 3 удаа эргэлдсэнээ автобусны буудал дээр миний урд ирээд зогсчихсон. Тэгээд машинаас 3 эрэгтэй хүн, 1 эмэгтэй бууж ирээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны ажлын байрны ертөнцийн зүгээр хойд талын зогсоол руу гүйж очоод хүмүүс пижигнэлдээд зодолдоод эхэлсэн. Би зодооныг нарийн сайн харж чадаагүй ээ. Ямар ч байсан хүмүүс хашгиралдаад зодолдоод байсан. 10-90 УНЦ улсын дугаартай машин дотроос гарч ирсэн залуучуудын нэг нь 190 см орчим өндөр нуруутай, нөгөө хоёр нь 168 см орчим өндөр нуруутай туранхай залуу байсан. Эмэгтэй нь өндөр туранхайдуу байсан. Би тэр хүмүүсийг одоо хараад танихгүй ээ. Өмссөн хувцас, онцлог содон шинж тэмдгийнх нь талаар хэлж мэдэхгүй ээ. /хх-ийн 22/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5432 дугаартай: Энхбатын биед хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхи, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чихний дэлбэн, баруун чамархай, зүүн нүдний зовхи, зүүн алганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна. 

 

Мөн эдгээр нотлох баримтуудаар Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа, Б.Батбилгүүн нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

сэжигтнээр Н.Мөнхдоржийн:..” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр Дашжаргал ажлынхантайгаа уулзаад оройтно гэхээр нь эхнэрээ хүлээх зуураа найз Амарбилэгийн эзэмшлийн 10-90 УНЦ улсын дугаартай “Тоёота приус” маркийн машинтай явж байгаад 21 цагийн үед найз Батбилгүүн, Доржрагчаа, Батбаатар нартай уулзаад явж байгаад 23 цагийн үед Батбаатарыг зурагтын шинэ эцэст байрлах гэрт нь буулгаад явж байтал манай эхнэр Дашжаргал миний гар утас руу залгаад “Би зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр ирчихсэн байна, ирэх болж байна уу” гэж хэлэхээр нь би “одоо очлоо чи байж бай” гэж хэлээд эхнэр рүүгээ явж байтал 5 орчим минутын дараа манай эхнэр дахин миний гар утас руу залгаад “3 залуу намайг явах уу чи янхан биз дээ харваас явдаг л охин байна шүү дээ чи яачихваа” гэж хэлээд хашгираад уйлах шиг болохоор нь би тэр даруй 10 минут хүрэхгүй хугацааны дараа зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр очиход манай эхнэр Дашжаргал айчихсан байдалтай ганцаараа зогсож байхаар нь би буугаад эхнэрээсээ юу болсон талаар асуухад “танихгүй 3 залуу намайг татаж чангаагаад жинсэн яактай залуу миний бөгс рүү цохих гээд явах уу чи янхан биз дээ харваас явдаг л охин байна шүү дээ гэж хэлсэн хаашаа явсныг нь харсангүй ээ” гэж хэлсэн. Энэ үед хажууд байсан танихгүй таксины жолооч надад “наад охиныг чинь
оролдоод байсан 3 залуу баруун эргээд явсан” гэж хэлэхээр нь би Амарбилэгийн
машиныг бариад найз Батбилгүүн, Доржрагчаа эхнэр Дашжаргал нарын хамт тэр 3
залуугийн явсан гэх зүг рүү явахад гурвуулаа Баянгол дүүргийн хорооны байрны
гадна зогсож байхаар нь би эхлээд машинаас ганцаараа буугаад жинсэн яак
жинсэн өмд өмссөн залуу руу очоод “чи яагаад эхнэр доромжлоод байгаа юм бэ”.
гэж хэлээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон тэр залуу
зөрүүлээд намайг цохиод бид хоёр харилцан зодолдоход хамт явж байсан нэг эрэгтэй нь зугтаачихсан. Тэгээд би зугтаасан залуугийн араас гүйгээд олоогүй ба
буцаад ирэхэд Энхбат буюу жинсэн яак өмссөн залуугийн мөрнөөс Батбилгүүн
өргөчихсөн бос гээд байх шиг байсан ба би ч уурандаа хэд хэдэн удаа нүүр толгой
руу өшиглөсөн. Намайг зугтаасан залуугийн араас явсаны дараа Доржрагчаа
Энхбатыг мөн зодсон юм шиг байна лээ. Ингээд бид нар яваад өгсөн. Манай эхнэр
Дашжаргалыг хоргоож хэл амаар доромжилсноос болж би эхнэрээ өмөөрч
уурандаа Энхбаттай зодолдсон. Манай найз Доржрагчаа ч гэсэн манай эхнэрийг
өмөөрч Энхбатыг зодсон...Энхбат бид хоёр харилцан зодолдсон. Энхбат миний
толгой руу цохиж хагалсан. Машиндаа ороод суусны дараа миний зүүн шанаа
хэсгийг дагаад цус урсаж байсан. Харахад хагарчихсан байх шиг байсан. Толгой
дээрээ оёдол тавиулсан зүйл байхгүй ээ...Батбилгүүн Энхбатыг өргөж зулгаагаад чи яагаад найзын эхнэр доромжлоод байгаа юм бэ гэж хэлж байсан. Би Энхбаттай хамт явж байсан гэх Хашбаатарын нуруу руу нь 1 билүү 2 удаа гараараа цохьсон...хэрэг гардаг өдөр л манай эхнэрийг оролдоод хэл амаар доромжлоод байхаар нь би Энхбаттай маргалдсан юм аа...Миний толгойны зүүн дээд хэсэгт хагарсан. /хх-ийн 74-75/

Би тухайн үед эхнэрээ өмөөрсөн уурандаа л Энхбатын пүүзийг тайлаад
харанхуй гудамж руу шидчихсэн шиг санаж байна. Тэрнээс биш Энхбатын пүүзийг
авч зугатаасан эсвэл Энхбатыг гуталгүй болгочихъё гэсэн санаа зорилго байгаагүй
ээ. Энхбат хэрэг гарсан өдөр бид нарыг явсаны дараа пүүзээ олоод өмссөн гэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 77/,

 

сэжигтнээр Б.Доржрагчаагийн:..” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би найз Батбилгүүн, Мөнхдорж, Батбаатар нартай
уулзсан ба энэ өдөр Мөнхдорж найз Амарбилэгийн эзэмшлийн 10-90 УНЦ улсын
дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан.
Бид нар Амарбилэгийн машинтай гадуур явж байтал 23 цаг өнгөрч байхад
Мөнхдоржийн эхнэр Дашжаргал миний гар утас руу залгаад Мөнхдоржтой яриад
 “хаана байгаа юм бэ, хүрээд ир” гээд байх шиг байсан. Энэ үед бид нар найз
Батбаатарыг гэрт нь буюу зурагтын шинэ эцэст хүргэж өгчихөөд явж байсан. Дахин
10 орчим минутын дараа байхаа Дашжаргал дахин миний гар утас руу залгаад
надтай яриад “яасан бэ хурдлаач ээ, энд намайг гурван залуу хоргоогоод авч явах
гээд байна аа” гэж хэлээд хашхираад уйлаад байсан ба бид нар шууд 5 орчим
минутын дараа Дашжаргалын байгаа гэх зурагтын хуучин эцсийн буудал дээр
очиход Дашжаргал уйлчихсан нэлээд айж сандарсан байдалтай ганцаараа байж
байсан. Энэ үед Мөнхдорж эхнэр Дашжаргалаас юу болсон талаар асуухад 3
залуу намайг хоргоож байгаад явлаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Мөн автобусны
буудал дээр байсан марк дугаарыг нь мэдэхгүй таксины жолооч 3 согтуу залуу
 наад охиныг чинь хоргоож байгаад урагшаа булан эргээд явсан гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ машиндаа суугаад тэр 3 залуугийн явсан гэх зүг рүү явахад
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны ажлын байрны хажууд 3 согтуу залуу зогсож
байсан ба Мөнхдорж бууж очоод тэр 3 залуу дээр очоод намхан нуруутай жинсэн
яак өмссөн залуутай зодолдсон ба Батбилгүүн бид хоёр араас нь очиход Энхбат
гэх жинсэн яак өмссөн залуутай хамт явж байсан нэг залуу нь харанхуй гудамж руу
зугтаагаад явчихсан араас нь Мөнхдорж хөөсөн. Мөнхдорж удалгүй ганцаараа
хүрч ирээд Энхбаттай “манай эхнэрийг оролдлоо” гэж маргалдах хооронд Энхбат
Мөнхдоржийн толгой хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Энхбатын
гарт нь тамхины асаагуур шиг хэмжээтэй жижигхэн л зүйл байсан. Тэгээд би
Энхбат Мөнхдорж нарыг салгах гэтэл Энхбат намайг цохих гэхээр нь би бултаад
уурандаа Энхбатыг барьж аваад дэгээдэж унагаагаад 2-3 удаа хөл, бөгс хэсэг рүү
өшиглөсөн. Тэгээд бид нар машиндаа суусан...Энхбат болон түүнтэй хамт явж
байсан 2 залуу Мөнхдоржийн эхнэр Дашжаргалыг олон нийтийн газарт хэл амаар
доромжилж биед нь халдсанд Дашжаргалыг өмөөрч Энхбатыг зодсон. Бид нарын
хэн ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Энхбат намайг цохих гэсэн боловч би бултаад цохиулаагүй ээ. Миний биед
ямар нэг бэртэл гэмтэл, өвчин зовиур, шарх сорви байхгүй байна.
/хх-ийн 79-80/,

Би Г.Энхбатын гарт нь ямар нэг зүйл байсан эсэх талаар мэдэхгүй байна.
Мөнхдоржийн толгойны зүүн дээд хэсэгт нь багахан хэмжээтэй язарчихсан цус
гарч байсан. Гадаа тухайн үед ямар нэг гэрэлтүүлэггүй харанхуй байсан би Энхбатын гарт ямар нэгэн зүйл байна гэж харах шиг болсон гэхдээ би яг гарт нь ямар нэгэн зүйл байсан талаар баталж хэлж мэдэхгүй /хх-ийн 82/ гэсэн,

сэжигтнээр Б.Батбилгүүний:..”2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр...бид нар хамт машинтай гадуур явж байтал 23 цаг өнгөрч байхад
Мөнхдоржийн эхнэр Дашжаргал Доржрагчаагийн гар утас руу залгаад “утсаар
яриад явъя харъя, би хаана байж байх вэ” гэж асуухаар нь Мөнхдорж эхнэртээ
хандаж “чи наад автобусны буудал дээрээ буучих” гэж хэлээд байх шиг байсан.
Тэгээд бид нар найз Батбаатарыг зурагтын шинэ эцэст байрлах гэрт нь буулгаж
өгчихөөд Батбаатарын гэрийн үүднээс хөдлөх гэхэд Мөнхдоржийн эхнэр
Дашжаргал дахин Доржрагчаагийн гар утас руу залгаад “ гурван юм зүгээр байлгахгүй татаж чирээд байна, хурдлаачээ яачихваа гээд хашгираад уйлаад байсан ба бид нар яараад зурагтын хуучин эцсийн автобусны буудал руу 5 орчим минутын дараа явж очсон. Энэ үед автобусны буудал дээр Мөнхдоржийн эхнэр Дашжаргал
нэлээд айж сандарсан байдалтай байсан ба “3 залуу намайг зүгээр байлгахгүй
пальтоноос татаад бөгс рүү алгадаад намайг гичий нохой гээд хэл амаар
доромжлоод явсан” гэж хэлсэн. Энэ үед бид нар зам дээр зогсож байсан танихгүй
таксины жолооч нарыг юм болов уу гэж бодоод тэд нар руу очиход нэг ах “би
бишээ танай эхнэрийг татаж чангаагаад байсан 3 залуу баруун тийшээ явчихсан гээд баруун тийш заасан ба бид нар тэр зүг рүү араас нь очиход ямар нэг хүн
харагдахгүй байхаар нь одоо хаанаас олохов дээ гээд машиндаа суугаад тамхи
татаад байж байтал Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны ажлын байрны хажууд 3
залуу зогсож байсан ба Дашжаргал жинсэн өмд, цамц өмссөн Энхбатыг заагаад
“энэ жинсэн яак, жинсэн өмд өмссөн залуу намайг явдаг янхан гээд пальтоноос
зулгааж чирээд бөгс рүү алгадсан хүн мөн байна” гэж хэлэхээр нь Мөнхдорж
түрүүлж машинаас буугаад Энхбат руу очоод юу юугүй Энхбаттай зодолдоод
эхэлсэн. Тэгээд Доржрагчаа бид хоёр Энхбат, Мөнхдорж хоёр руу очиход
Энхбаттай хамт явж байсан 2 залуугийн нэг нь шууд ертөнцийн зүгээр баруун
тийш харанхуй гудамж руу зугтаасан ба Мөнхдорж тэр залуугийн араас нь хөөсөн.
Энэ үед Энхбат газарт уначихсан байхаар нь би Энхбатын 2 мөрнөөс нь татаад чи
яагаад эмэгтэй хүн зүгээр байлгадаггүй юм гэж хэлээд байж байтал Доржрагчаа
ирээд Энхбатын толгой руу нь өшиглөөд байсан ба Энхбат гараараа нүүрээ
хаагаад байсан. Энэ үедээ Мөнхдорж Энхбатын өмсөж явсан нэг хөлийнх нь
пүүзийг тайлж хашаа давуулж шидсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад
явцгаасан...Энхбат болон түүнтэй хамт явж байсан 2 залуу Мөнхдоржийн эхнэр
Дашжаргалыг олон нийтийн газарт хэл амаар доромжилж биед нь халдаж бөгс рүү алгадсаны улмаар Дашжаргалыг өмөөрч Энхбатыг зодсон.  /хх-ийн 84-85/

Эхлээд Энхбат, Мөнхдорж нар зодолдоод Энхбат Мөнхдоржид цохиулаад
замын боржуранд бүдрээд хойшоо газарт уначихаар нь би Энхбатыг уначихаар нь
санаа зовоод Энхбат руу очоод түүнийг мөрнөөс дээш нь татаж босгоод “чи яагаад
найзын эхнэр зүгээр байлгахгүй байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл асуухад Энхбат
нүүрээ дарчихаад юу ч хэлээгүй ээ. Энэ үед Доржрагчаа хажуунаас Дашжаргалыг
өмөөрсөн юм байлгүй Энхбатын нүүр билүү цээж хэсэг рүү жийж өшиглөөд байсан.
Боль гэж хэлэхийн завдалгүй л Доржрагчаа Энхбатыг 2-3 удаа өшиглөчихсөн.
Тэрнээс биш би Энхбатыг зодъё гэж бодсон бол надад түүнийг зодох боломж
байсан. Би Энхбатыг газарт хэвтчихсэн байхад нь санаа зовоод босгочихъё л гэж
бодсон юм аа...Энхбатын пүүзийг Мөнхдорж тайлж харанхуй гудамж руу шидсэн.
Мөнхдорж уурандаа л Энхбатын нэг пүүзийг тайлж шидсэн байх аа. Хэрэг болсоны
дараа Энхбат пүүзээ олоод өмссөн гэсэн. Мөнхдорж, Доржрагчаа бид нарын хувьд
Энхбатын пүүзийг авч явах санаа зорилго байхгүй ээ. Ямар пүүз байсныг нь ч
мэдэхгүй байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-ийн 87/
 гэсэн  мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон болно.

      

Шүүгдэгч Г.Энхбат нь Н.Мөнхдоржтой харилцан зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Н.Мөнхдоржийн:..”Энхбат нь манай эхнэр Дашжаргалыг олон нийтийн газар хоргоож хэл амаар доромжилж айлгаснаас болж би эхнэрээ өмөөрч уурандаа Энхбаттай зодолдсон. Манай найз Доржрагчаа ч гэсэн манай эхнэрийг өмөөрч Энхбатыг зодсон. Хэн ч эхнэрийг нь янхан гичий гэж хэл амаар доромжлоход зүгээр байхгүй шүү дээ. Тухайн үед миний эхнэрийг элдвээр хэлсэн гэхээр нь их уур хүрсэн...Энхбат бид хоёр харилцан зодолдсон. Энхбат миний толгой руу цохиж миний толгойг хагалсан. Машиндаа ороод суусны дараа миний зүүн шанаа хэсгийг
дагаад цус урсаж байсан ба толгойны зүүн дээд хэсэгт хагарчихсан байх шиг
байсан. Батбилгүүн Энхбатыг өргөж зулгаагаад чи яагаад найзын эхнэр
доромжлоод байгаа юм бэ л гэж хэлж байсан...Би Энхбаттай зодолдсоны дараа түүнтэй хамт явж байсан Хашбаатар гэх
залуугийн нуруун тус газарт нь 2 удаа гараараа цохисон...Хэрэг гардаг өдөр л
Энхбат нь хамт явж байсан 2 найзтайгаа эхнэрийг оролдоод хэл амаар
доромжлоод байхаар нь би Энхбаттай маргалдаж зодолдсон. Миний толгойны
зүүн дээд хэсэг хагарсан./хх-ийн 19-20/ гэсэн,

 

гэрчээр Б.Дашжаргалын:...машинд суугаад явж байхад манай
нөхөр Мөнхдоржийн толгойных нь зүүн дээд хэсгээс цус урссан байсан. Манай нөхөр,  Доржрагчаа нар намайг өмөөрөөд Энхбаттай маргалдаж зодолдсон.../хх-ийн 28-29/,

 

сэжигтнээр Б.Доржрагчаагийн:...Мөнхдорж удалгүй ганцаараа
хүрч ирээд Энхбаттай “манай эхнэрийг оролдлоо” гэж маргалдах хооронд Энхбат
Мөнхдоржийн толгой хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон /хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6497 дугаартай шинжээчийн: Н.Мөнхдоржийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 / зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

Шүүгдэгч Б.Батбилгүүний өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс...”Батбилгүүн энэ хэрэгт оролцсон нь нотлогдохгүй байна, харин ч зодооныг салгах гэсэн байна.  Түүнд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон камерийн бичлэгийг шинжлэн судлахад...” Батбилгүүн, Г.Энхбатыг 2 мөр хэсгээс нь өргөж, зулгааж чирч байгаа харагдах бөгөөд энэ үйл явцад шүүгдэгч Доржрагчаа баруун хөлөөрөө хохирогч Г.Энхбатын нүүрэн тус газарт 3 удаа, зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөж,  шүүгдэгч Н.Мөнхдорж хохирогч Н.Энхбатын толгой, нүүр, нуруу руу нь хөлөөрөө 6 удаа дэвсэж өшиглөж, дахин хохирогч Г.Энхбатруу ирж түүнийг 6 удаа өшиглөж 1 удаа гараараа цохисон” үйлдлүүд бичигдсэн байх бөгөөд  Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарын хууль бус үйлдлээс шүүгдэгч Б.Батбилгүүн нь хохирогч Н.Энхбатыг хамгаалсан гэх байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Батбилгүүн нь шүүгдэгч Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар бүлэглэж хохирогч Г.Энхбатын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь байцаан шийтгэх ажиллагааны үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан

хохирогчоор Г.Энхбатын...”Мөнхдорж, Доржрагчаа, Батбилгүүн нар намайг бүлэглэж зодсоны улмаас шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтэл нь миний биед учирсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”  /хх-ийн 16/

 

гэрчБ.Дашжаргалын...”Араас нь Доржрагчаа, Батбилгүүн нар очиж зодоонд оролцсон...Батбилгүүн Энхбатыг бариад зулгаагаад байх шиг байсан” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

гэрч Б.Баярбатын...”Тэгээд машинаас 3 эрэгтэй хүн, 1 эмэгтэй бууж ирээд
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны ажлын байрны ертөнцийн зүгээр хойд талын
зогсоол руу гүйж очоод хүмүүс пижигнэлдээд зодолдоод эхэлсэн” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарын үйлдэл нь тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан бүлэглэж гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй юм.

 

Шүүх, Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа Б.Батбилгүүн,  Г.Энхбат нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар бүлэглэн Г.Энхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б.Батбилгүүн нь Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар Г.Энхбатын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Г.Энхбат нь Н.Мөнхдоржийн бие махбодид хөнгөн гэмтэл
санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар,

Б.Батбилгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Доржрагчаа       2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 168 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж биеэр 1 жил 3 сар 12 хоног эдэлж,

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар  үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан  байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан түүний ялтай байдлын эрх зүйн үр дагавар арилаагүй байна.

 

Б.Доржрагчаагийн ялтай энэ байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүний бусадтай бүлэглэн Г.Энхбатын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 Шүүхээс шүүгдэгч Б.Батбилгүүн, Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан,  Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдлыг харгалзаж албадан ажил хийлгэх ял оногдуулав.

Мөн Б.Батбилгүүн, Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Г.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй боловч түүнд  холбогдох хэргийн хохирогч Н.Мөнхдорж шүүх хуралдаан дээр “...миний бие Г.Энхбаттай  сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт шүүхэд гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Г.Энхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Нямдаваагийн Мөнхдорж,  Баяндуут овогт  Батсайханы Доржрагчаа, Цагаан бөө овогт Батбаярын Батбилгүүн  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Боржигон овогт Ганхуягийн Энхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон  Г.Энхбатын эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар  Б.Доржрагчаагийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Шүүгдэгч Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус бүр 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Батбилгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

 

5.Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа, Б.Батбилгүүн нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар баривчлах ялаар тооцож сольж болох учрыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Мөнхдорж, Б.Доржрагчаа, Б.Батбилгүүн, Г.Энхбат нарт урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус хэвээр үлдээсүгэй.   

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ