Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2924

 

 

 

 

 

     2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/02924

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Т.П нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:С.О,

 

Хариуцагч:Г.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 40 700 000 төгрөг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагч С.О, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.О, Г.А нар өрөнд ороод хүнд байна туслаач гэж гуйгаад байхаар нь Худалдаа хөгжлийн банкинд байдаг хадгаламжид байсан Япон улсад ажиллаж, амьдардаг эгч Т.Золзаяагийнхаа хадгалуулсан 30 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцаанд нь Баянгол дүүргийн Богд-Ар хороолол 21-А байрны 33 тоот сууцыг тавьсан.Гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохирсон боловч зээлдэгч тал үүргээ биелүүлэхгүй байна.Нийт 47 700 000 төгрөг төлөхөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 40 700 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлдэгч С.О, Г.А нар 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Т.Птэй зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусахад хэрэв зээлдэгч нар төлбөрийг төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үнийн дунгийн 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлүүлэхээр талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан.Зээлийн гэрээний хугацаа дуусахад  нэхэмжлэгч удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй байдаг. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн Богд Ар хорооллын 21-А байрны 33 тоот байршилтай, 4 өрөө байрыг барьцаанд тавьж гэрээ хийсэн.Зээлийн төлбөрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байдаг.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг Т.Пд өгсөн гэсэн байдаг.Гэтэл Т.Пгийн дансанд мөнгө орж ирээгүй харин эгч Бямбасүрэн нь надтай ирж уулзсан 5.000.000 төгрөг авсан гэж хэлээд өгөөчээ гэж хэлсэн.Тэр мөнгө шилжүүлсэн баримт С.О Бямбасүрэн хоёрын хооронд хийгдсэн болохоос Т.Птэй хийгдээгүй.Мөн Бямбасүрэн энэ гэрээний тал биш учир энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй.Гэрээнд 6 сарын хугацаанд сарын 300.000 төгрөгийн хүү болох 1.800.000 төгрөг төлөх ёстой байсан.Энэ төлбөрөө төлөөгүй болохоор алданги нэхсэн байгаа.Нийт 47.700.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 7.000.000 төгрөгийг хасаж, үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, алданги 15 900 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг нийт 40 700 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэхэмжилж байна гэв.

 

             Хариуцагч С.О, Г.А нар шүүхэд гаргасан тайлбартаа:Бид

2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ хийж 30 000 000 төгрөг авсан нь үнэн, тухайн үед бид туслаач гэж гуйгаагүй, найдвартай хүнд зээлдүүлж хадгалмаар байна гэж ярьж байсан.Би Т.Пд туслаж хаана ч хадгалж чадахгүй байсан мөнгийг нь 1 хувийн хүүтэй авч түр хэрэглэж байгаад буцааж өгөхөөр тохирсон.Т.П зөвшөөрч 30 000 000 төгрөгийг надад авчирч өгөхдөө баримттай байя гээд зээлийн гэрээг бичсэн, 6 сарын дараа та цааш нь 1 жил, 2 жил зээлсэн ч болно, энэ мөнгийг би ойрын хугацаанд хэрэглэхгүй гэж хэлж байсан.Яг 6 сарын дараа буцааж өг, хугацаатай зээлдүүлж байна гэж хатуу тохироогүй, 2016 оны хавараас эдийн засгийн хямрал үүсч энэ нь бидний амьдралд хүндээр тусч өдөр тутамын орлого багасаж одоо байрныхаа ашиглалтын зардлыг л олж байна.Зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дууссан боловч 2 тал гэрээг цааш үргэлжилж байгаа гэсэн ойлголттой байсан.Энэ хугацаанд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 12 000 0000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг энэ ондоо багтаан төлье гэж гуйсан боловч надад итгэхгүй шүүхэд өгсөн байна.Үлдэгдэл мөнгийг яаралтай олж өгнө, алдангийн 15 900 000 төгрөгийг төлөх боломжгүй.Мөнгийг нь авч хэрэглэсэн хугацаанд би Т.Пгээс нүүр буруулж зугтаагүй, харин ч олон удаа янз бүрийн тусламж үзүүлж байсан гэжээ.

 

             Хариуцагч С.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Т.Пгээс 30 000 000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан боловч Т.П намайг 1-2 жилийн хугацаатай хадгалж байгаад өгөөрэй гэсэн.Би Т.Пд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг буцаан төлсөн, мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг эгч  нийт 12 000 0000 төгрөгийг эгч Бямбасүрэн нь Т.Пд аваачиж өгнө гээд авсан.Одоо үлдсэн 18 000 000 төгрөгийг, хүүний 18 000 000 төгрөгийн хамт төлнө, алдангийг би төлөхгүй, анхнаасаа алданги төлнө гэж тохироогүй гэв.

 

             Хариуцагч Г.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй ээжтэй хамтарч зээлсэн, 12.000.000 төгрөгийг буцаан төлсөн, одоо үлдэгдэл 18 000 000 төгрөгийг, 1 хувийн хүү 1 800 000 төгрөгийн хамт төлнө, алданги төлөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.П хариуцагч С.О, Г.А нарт холбогдуулан үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, алданги 15 900 000 төгрөг нийт 47.700.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 7.000.000 төгрөгийг хасаад нийт 40 700 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нар зээлийн төлбөрөөс 12 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдсэн 18 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг нийт 19 800 000 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч С.О, Г.А нар 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Т.Пгээс 30 000 000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Дээрх гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж талууд тохирсон байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээний төлбөрөөс 7 000 000 төгрөгийг Т.Пд төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Харин хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн гэх 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргаж байгаа нь үндэстэй байна гэж үзэхээр байна.

 

Хариуцагч С.О 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Пгийн эгч Бямбасүрэнд хүлээн өгсөн гэж тайлбарлан, шүүхэд баримт ирүүлсэн байх боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэхүү баримтаар С.О нь Т.Пгийн зээлийн төлбөрөөр 5 000 000 төгрөгийг төлсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж байдаг тул хариуцагч нарын төлсөн 7 000 000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн нийт дүнгээс хасаж тооцсон байгаа нь буруу болжээ.

 

Иймд үндсэн зээл, зээлийн хүүгийн дүн болох 31 800 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7 000 000 төгрөгийг хасч, үлдсэн 24 800 000 төгрөгөөс алданги 12 400 000 төгрөгөөр тооцож нийт 37 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан С.О, Г.А нараас 37 200 000 /гучин долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан Т.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 343 950 /гурван зуун дөчин гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН