Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.А /РД:/-ы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Ж.А /РД:/, 

 

Хариуцагч: Ө.Д холбогдох,

    

15,476,895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Ж.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ө.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн найз гэх Ж.А, түүний эхнэр Ө.Д нарт 2013 оны 11 дүгээр сард Япон улсаас оруулж ирсэн гаалийн бичигтэй, 2005 оны 180 кузовтой “Тоёота кровн” маркын автомашин болон 2,100 ам доллар өгсөн. Ж.А нь тухайн үед хэлэхдээ “машин авах хүн олчихлоо, би зараад өгье” гэхээр нь 10,500,000 төгрөгөөр бодоод өгсөн. Тухайн үед Ж.А нь талбайн хойно ирээд машин авч явсан ба улмаар нотариат орж түүний нэр лүү шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.А, Ө.Д нар нь машиныг минь зараад мөнгийг өгөөгүй. Мөн дээрээс нь 2,100 ам доллар нэмж авсан. Тэрээр хэлэхдээ “Англи явна очиж байгаад 3 сарын дотор мөнгийг чинь өгнө, би чамд баримт болгоод үлдэж байгаагаар нь эхнэртээ бичиг үйлд” гээд эхнэр Ө.Д нь мөнгө авсан гэж өөрийн гарын үсэгтэй бичиг бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Ж.А, Ө.Д нар нь нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм. Иймд машины үнэ 10,500,000 төгрөг болон 2,100 ам долларыг Ө.Дгаас гаргуулж авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч Ө.Дгаас 10,500,000 төгрөг болон 2,100 ам доллар буюу Монгол банкны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ханшаар /1 ам доллар – 2369.95 төгрөг/ 4,976,895 төгрөг, нийт 15,476,895 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн найз гэх Ж.Аын эхнэр Ө.Дгаас 15,476,895 төгрөгийг шаардаж анх шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хамтран хариуцагчаар Ж.Аыг татан оролцуулсан.

Нэхэмжлэгч Ц.А болон Ж.А нар найз нөхдийн холбоотой улсууд юм. Ц.А Япон улсаас автомашин оруулж ирээд зарж борлуулдаг. Түүний оруулж ирсэн “Тоёота кроун” маркын автомашиныг Ж.А “би зарж борлуулаад мөнгийг нь өгье” гэж хэлээд авч явсан. Ц.А “10,500,000 төгрөгөөр зарна, илүү зарсан бол ашгаа аваарай” гэж хэлээд өгсөн. Улмаар Ж.Аын зарсан хүн рүү автомашиныг шилжүүлсэн. Гэвч Ж.А автомашиныг зарсан атлаа мөнгийг огт буцааж өгөөгүй тул түүнээс 10,500,000 төгрөгийг шаардах эрхтэй. Ц.А зарагдсан автомашины нэрийг нь бол авсан хүн рүү нь шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ мөнгийг нь Ж.Ааас аваагүй юм. 2,100 ам долларын хувьд Ж.А “би Англи улс руу явж ажил хийгээд буцааж өгнө” гэж нэхэмжлэгчтэй тохироогүй. Тэрээр Ж.Аыг Англи улс руу явахад нь харин ч найз нөхөд гэдэг утгаараа туслаад өөрөөс нь гарсан зардал болох 2,100 ам долларыг “...Англи улсад очоод боломжоороо төлөөд дуусгаарай” гэж л хэлсэн. 10,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн зарим хэсгийг хасаад тооцоход татгалзаад байх зүйлгүй. Хэрэгт хамгийн гол баримт болох Ө.Дгийн тодорхойлолт байгаа. Ж.Аын эхнэр болох тэрээр “...би мөнгийг өгөх нь үнэн...” гэж бичсэн байгаа. Үүнээс үзэхэд тэрээр нөхрийхөө авсан мөнгийг төлнө, авсан нь үнэн гэсэн санаа л байгаа юм. Иймд хариуцагч Ө.Дгаас нийт 15,476,895 төгрөгийг гаргуулах ёстой. Гэхдээ Ж.А зарим хэсгийг төлнө гэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгий түүнээс гаргуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Ө.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд: 1/ Хариуцагч Ө.Д нь “Тоёота кроун” маркын автомашиныг огт аваагүй. Ц.А нь уг автомашиныг өөрөө зарж борлуулан мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана.

2/ 2,100 ам долларын хувьд дараах үйл явдал болсон байдаг. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ө.Дгийн нөхөр Ж.А Англи улс руу явсан байдаг. Ц.А нь Ж.Аыг Англи улс руу явахын тулд бичиг баримт хөөцөлдөх гэх мэт ажилд нь тусалж 2,100 ам долларыг өгсөн юм. Ж.А нь уг 2,100 ам долларыг Англи улсад очиж ажил хийгээд буцаан төлөхөөр Ц.Атай харилцан тохирсон. Гэвч Ж.А нь очоод тэр дороо баригдаж, улмаар ажил хийж чадалгүй 2014 оны 5 дугаар сард  буцаж ирсэн. Түүнийг буцаж ирсний дараа Ц.А энэ болсон явдлыг шалгах гэж өөрөө Англи улс руу хүртэл явсан байдаг.

Ө.Дгийн хувьд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Өлзийбаяр овогтой Дүзиймаа миний бие Цолмон овогтой Амарсайхан-д 10,500,000 төгрөг, 2,100 ам доллар өгөх нь үнэн болно” гэж бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ уг бичгийн агуулгаас харвал Ө.Д нь “...өгөх нь үнэн” гэж бичиж өгсөн болохоос “...авсан нь үнэн” гэж бичээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.А нэхээд байгаа 2,100 ам доллар болон 10,500,000 төгрөгийг Ө.Дд өгснөө нотлоогүй байна гэж манай зүгээс үзэж байна.

Ж.А өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар бусдад өр төлбөр төлөхөөр ял авсан. Уг хэрэгт нь миний бие өмгөөлөгчөөр оролцож байсан. Ж.А уг хэрэгт гэм буруугүй боловч төлбөрийг төлөхийн тулд Ц.Ааас 7,000,000 төгрөгийг зээлж авч байсныг нь бол мэднэ. Гэхдээ буцааж төлсөн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Нэгэнт Ө.Д нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч байгаа. Дараах тайлбарыг гаргаж байна. Ц.А нь өөрийн Япон улсаас оруулж ирсэн “Тоёота кроун” маркын автомашиныг н.Өлзийжаргал гэж хүнд 9,500,000 төгрөгөөр зараад мөнгийг өөрөө авсан. Түүнээс биш Ж.Ааар заруулаагүй. Харин уг мөнгөнөөс Ж.А 7,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг Ж.А эрүүгийн журмаар төлөх ёстой төлбөрөө төлөх гэж зээлж авсан. 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 450,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийг Ж.А Ц.Ад буцаан төлсөн. Үлдсэн 5,400,000 төгрөгийг Ж.А буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 2,100 ам долларыг бол Ж.А аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Ц.А Ж.Аыг Англи улс руу явахад тусалж 2,100 ам долларын зардал гаргасан. Уг  2,100 ам долларыг Ж.А Англи улс руу очиж ажил хийгээд буцаан өгөхөөр тохирсон мөнгө. Гэвч Англи улсад очоод ажил хийж чадалгүй баригдсан. Нэгэнт ажил хийж чадаагүй учраас буцааж өгөөгүй. Иймд 5,400,000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Ө.Д болон Ж.А нарт холбогдуулж 10,500,000 төгрөг, 2,100 ам доллар буюу нийт 15,476,895 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч 10,500,000 төгрөг болон 2,100 ам доллар гаргуулах тухай өөрийн шаардлагын үндэслэлийг “...Ц.А нь өөрийн Япон улсаас оруулж ирсэн Тоёота кроун маркын автомашиныг 10,500,000 төгрөгөөр заруулахаар Ж.Ат өгсөн. Ж.А уг автомашиныг бусдад худалдан борлуулсан хэдий ч Ц.Ад мөнгийг нь өгөөгүй”,  “түүнчлэн Ж.Аыг Англи улс руу явахад нь тусалж 2,100 ам долларыг өгсөн, эдгээр мөнгийг түүний эхнэр Ө.Д өгөхөөр бичгээр баталгаа гаргасан тул Ө.Д төлбөрийг буцаан төлөх ёстой, гэхдээ Ж.А өөрөө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцна гэж байгаа бол татгалзахгүй” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч Ө.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Ө.Д мөнгийг өгөх нь үнэн гэсэн болохоос авсан гэж бичээгүй, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгснөө нотлоогүй, мөн Тоёота кроун автомашиныг нэхэмжлэгч Ц.А өөрөө зарж мөнгийг нь авсан тул 2,100 ам доллар болон 10,500,000 төгрөгийг Ө.Д хариуцахгүй” гэж,

хариуцагч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Тоёота кроун автомашиныг нэхэмжлэгч Ц.А өөрөө зарж мөнгийг нь авсан. Уг мөнгөнөөс  Ж.А 7,000,000 төгрөгийг зээлж авсан ба нийт 1,600,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 5,400,000 төгрөгийг Ж.А буцааж төлнө”, “...Ц.А Ж.Аыг Англи улс руу явахад тусалж 2,100 ам долларын зардал гаргасан. Уг  2,100 ам долларыг Ж.А Англи улс руу очиж ажил хийгээд буцаан өгөхөөр тохирсон мөнгө. Гэвч Англи улсад очоод ажил хийж чадалгүй баригдсан. Нэгэнт ажил хийж чадаагүй учраас буцааж өгөхгүй” гэсэн тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргаж байна.  

 

Харин хариуцагч Ө.Д 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Өлзийбаяр овогтой Дүзиймаа миний бие Цолмон овогтой Амарсайхан-д 10,500,000 төгрөг, 2,100 ам доллар өгөх нь үнэн болно” гэж бичсэн эсэх болон хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч Ц.Ааас тодорхой хэмжээний мөнгө авсан боловч буцааж бүрэн төлөөгүй байгаа тал дээр талууд маргаагүй.

 

Зохигчийн тайлбарууд болон хариуцагч Ө.Дгийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бичсэн бичгийн баримтуудаас дүгнэхэд Ө.Д болон нэхэмжлэгч Ц.А нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Тодруулбал, нэг этгээдийн үүргийг нөгөө хүн төлж барагдуулахыг баталгаа гаргаж бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд тухайн хүний үүргийг хариуцахаар хууль заасан.

 

Нэгэнт хариуцагч Ж.А нь Ц.Ааас тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан, буцаан төлөөгүй байгаа үйл баримт дээр маргахгүй байгаа учраас нэхэмжлэгч Ц.А нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасны дагуу 10,500,000 төгрөг болон 2,100 ам долларыг Ө.Дгаас шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.

 

Харин хариуцагч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...5,400,000 төгрөгийг Ж.А нэхэмжлэгчид буцаан төлөх ёстой” гэсэн тайлбарыг үндэслэж Ж.Ааас 5,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Үлдэх 4,900,000 төгрөгөөс Ц.Ад 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойш буцаан төлөгдсөн буюу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөгдсөн 200,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлөгдсөн 250,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлөгдсөн 500,000 төгрөг, нийт 950,000 төгрөгийг хасч 3,950,000 төгрөг, 2,100 ам доллар буюу 4,976,895 төгрөгийг тус тус Ө.Дгаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

                

Нэхэмжлэгч 2,100 ам долларыг шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Дгаас 8,926,895 төгрөгийг, хариуцагч Ж.Ааас 5,400,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1,150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Дгаас 157,780 төгрөг, хариуцагч Ж.Ааас 101,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.Х