| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0026/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/28 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/28
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Хишигсүрэн
Шүүгдэгч: Б.Батулга, М.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчмэнд овгийн Батмөнхийн Баттулга, Хоньчмэнд овгийн Мөнхжаргалын Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 1827001680016 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хоньчмэнд овгийн Батмөнхийн Баттулга /РД: ЙЕ99090112/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хоньчмэнд овгийн Мөнхжаргалын Мөнхбат /РД: ЙЕ99031117/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Цогжаргалын 4 тооны хонийг яллагдагч М.Мөнхбатын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч хохирогч Ж.Цогжаргалд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Б.Баттулга нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М.Мөнхбат бид хоёр Батцэнгэл гэдэг айлын хониноос 4 тооны хонь авсан. М.Мөнхбат бид 2 таньдаг хүнээ гуйгаад орой нь Хөөврийн гуанзанд Цолмон гэдэг айлынд 2 хонь, Энхбаяр гэдэг айлд 2 хонь өгсөн гэв.
Шүүгдэгч М.Мөнхбат нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Батцэнгэл гэдэг айлын хониноос 4 тооны хонь авсан. Авсан хонио Хөөврийн гуанзанд аваачиж өгсөн” гэв.
Хохирогч Ж.Цогжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө манайх хонио бүртгэсэн чинь тоогоор 4 хонь дутсан. Нөхөр бид хоёр мотоциклтой ойр хавийн айлуудаар хонио шүүгээд олоогүй. Бид хоёр тухайн өдөр хонио хайж яваад мотоциклийн шатахуун дуусах гээд байхаар нь Хөөврийн гуанз орж Цолмон гэж айлаас шатахуун авах гээд очиход тэдний малын саравчин дотор манай эм, тэмдэгтэй хоёр хонь байсан. Мөн тус газарт байдаг Энхбаяр гэж айлын урд хэсэг нь онгорхой амбаар дотор манай 1 тооны хонь байсан. Нөхөр бид хоёр тухайн айлаас энэ хонь яагаад танай хоёрынд байгаа юм хэзээ, хэн авч ирсэн юм гэхэд өчигдөр шөнө Мөнхбат, Баттулга, Банданлхам, мөн нэг танихгүй залуу дөрвүүлээ мотоциклтой авч ирж зарсан гэж хэлсэн. Тэд манай хониноос 4 тооны хонь хулгайлж Цолмон гэдэг айлд шар халзан зүстэй нас гүйцсэн эр хонь, хар халзан зүстэй шүдлэн эр хонь, Энхбаяр гэдэг айлд шар зүстэй эр төлөг, хар нүдэн зүстэй эр төлөг зэргийг хоёр хоёроор нь зарсан байсан. Энхбаяр гэж айл нөхөр бид хоёрыг очиход хар нүдэн төлөгийг нь гаргачихсан байсан. Нөхөр бид хоёр тухайн өдрөө 3 тооны хонио аваагүй сумынхаа цагдаад мэдэгдээд 2-3 хоногийн дараа манай нөхөр Батцэнгэл, Мөнхбат, түүний аав Мөнхжаргал, Баттулга, Банданлхам бид нарын хамт Хөөврийн гуанз орж Цолмонгийнхоос 2 тооны хонь, Энхбаярынхаас 1 тооны хонио авсан. Сүүлд нь Баттулгын ээж, ааваас нь Энхбаяр гэж айлын гаргаад хэрэглэсэн байсан 1 тооны хониныхоо орны хонийг авсан. Тэд манай хонийг бэлчээр дээр эзэнгүй байхад нь хулгайлсан байсан. Манайх алдсан 4 хониноосоо 3-г нь амьдаар нь олж авсан, гаргачихсан байсан 1 хониныхоо оронд нэг хонь Баттулгын аав, ээжээс авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 40-42/
Гэрч Ч.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн хоёр айлаас энэ хонь яагаад танай хоёрынд байгаа юм хэзээ, хэн авч ирсэн юм гэхэд өчигдөр шөнө Мөнхбат, Баттулга, Банданлхам нар нэг танихгүй залуутай дөрвүүлээ мотоциклтой авч ирж зарсан гэж хэлсэн. Тэд манай 4 хонийг Энхбаяр, Цолмон гэж Хөөвөр гэх газар гуанз ажиллуулдаг айлд хоёр хоёроор нь зарсан байсан. Намайг очиход Энхбаяр гэх айл нь хоёр хонины хар нүдэн зүстэй эр төлгийг гаргасан байсан. Тухайн өдрөө хонинуудаа тэр хоёр айлаас аваагүй. Сумынхаа Цагдаад мэдэгдсэн. ...Манайх мал дээрээ бүлгүй зав муутай байдаг учраас хэрэгт манай эхнэр Ж.Цогжаргал хохирогчоор оролцоно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч С.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 16-17-ны үеэр намайг гэртээ байхад орой харанхуй болсон хойно мотоциклтой хоёр залуу ирээд хонь авах уу гэсэн. Би юун хонь юм гэсэн чинь маргааш хадланд гарах гээд хонь зарах гэсэн юм гэсэн. Тэр хоёр залуу мотоцикл дээрээ хоёр хонь дүүрсэн байсан. Тэр хоёр залуугаас хоёр хонийг нэгийг нь 70.000 төгрөгөөр нийт 140.000 төгрөгөөр авсан. Манайх Бүрд сумын Хөөвөр гэх газар гэрээрээ гуанз ажиллуулдаг юм. Тэр хоёр залууг 2 хонь зарна гээд байхаар нь махыг нь гуанзандаа хэрэглэх зорилгоор авсан. ...Батцэнгэл та энэ хонийг битгий идэж уугаарай манай хонь байна гэсэн. Түүнээс ганц хоёр хоногийн дараа Батцэнгэл эхнэртэйгээ, мөн надад хонь зарсан 2 залуу өөр танихгүй ганц нэг хүнтэй ирж манайхаас 2 хонь аваад явсан. Тэр үед би хонь худалдаж авсан 140.000 төгрөгөө надад хонь зарсан хоёр залуугийн эцэг эхчүүдээс авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,
Гэрч Х.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 16-17-ны үед намайг гэртээ ганцаараа байхад ногоон өнгийн мотоциклтой 2 залуу мотоцикл дээрээ хоёр хонь дүүрчихсэн ирээд хонь авах уу гэхээр нь би тухайн хоёр хонийг гуанзандаа хэрэглэх гээд авсан. Би нэгийг нь 60.000 төгрөгөөр, нөгөөг нь 70.000 төгрөгөөр авсан. Худалдаж авсан хоёр хониныхоо нэгийг нь маргааш нь гаргасан. Нэгийг нь малын саравчин дотор уячихсан байхад Батцэнгэл гэж хонио алдсан хүн ирж үзсэн байсан. ...Тэр хоёр залуу надад хонь зарахдаа хулгайнх гэж хэлээгүй. Би тэднийг манайхаас ирж нэг хонио авахад 1 хонины худалдаж авсан мөнгийг надад хонь зарсан залуугаас авсан. Нэг хонийг нь би гаргачихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Шүүгдэгч М.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн “Даюун” мотоциклийн битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 26- 30/
Шүүгдэгч Б.Батулга, М.Мөнхбат нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92,103/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Цогжаргалын 4 тооны хонийг М.Мөнхбатын эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч хохирогч Ж.Цогжаргалд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Баттулга, М.Мөнхбат нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй,
шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулах болохыг,
шүүгдэгч М.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгож тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хоньчмэнд овгийн Мөнхжаргалын Мөнхбат, Хоньчмэнд овгийн Батмөнхийн Баттулга нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хоньчмэнд овгийн Мөнхжаргалын Мөнхбат, Хоньчмэнд овгийн Батмөнхийн Баттулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мөнхбат, Б.Баттулга нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН