Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Д.Батболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүгдэгч Ю.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юүвээгийн Гантулгад холбогдох эрүүгийн 201706000082 дугаартай, 132/2017/0076/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Юүвээгийн Гантулга /РД:ГИ75031512/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ю.Гантулга нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Арцат" гэх газар найз Д.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ю.Гантулгын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Батболдын өгсөн: Бид сайн дураараа эвлэрсэн тул надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй гэх мэдүүлэг, 201706000082 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Шүүгдэгч Ю.Гантулгын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 13- ны өдөр манай найз Батболд нь манайд шинэ хийж ирсэн ба хоол унд идээд нэг шил архи уугаад манайхаас шөнө 00 цагийн үед явахаар болсон. Би Батболдыг гаргаж өгөх санаатай гараад Батболдын гэрт нь очсон юмаа. Батболдынд очиход шөний 02 цаг орчим болж байсан. Батболдын эхнэр Одонпүрэв ганцаараа унтаж байгаад босоод хоол унд хийгээд бид нар хоол унд идээд нэг шил архи гаргаж өгөхөөр нь уусан. Дахин нэг шил архи гаргаж ирсэн. Би хоёр дахь шил архийг тал хүртэл нь ууж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон гэдгийг нь санахгүй байна. Тэгээд өглөө сэрсэн чинь намайг орон дээр унтуулсан байсан. Өглөө нь миний толгой өвдөөд шартсан юм шиг байдалтай байсан. Миний дээд уруул хавдаад дотор талдаа язарсан байсан. Батболд бас миний хажууд орон дээр хэвтэж байсан ба бид хоорондоо босоод нэг тал шил архи байсан хайгаад олоогүй гэж байсан. Намайг муудах үед Батболд намайг бодвол арай ухаантай байсан гэхдээ нэлээн халсан байсан. Би Батболдтой юунаас болоод яагаад зодолдох болсон гэдгээ санахгүй байна. Батболд 03 дугаар сарын 15-ны өглөө хоёулаа яагаад зодолдчихвоо гэж байсан. Тэр өглөө миний толгой өвдөөд хоол унд идэж чадахгүй байсан. Мөн миний дээл бөөлжис болсон байсан. Батболдын толгойноос цус гарсан байх шиг байсан. Цус нь хатсан байдалтай байсан. Батболд надад чи миний толгой руу сандлаар цохиод миний толгойноос цус гарахад би чамтай дээр доороо ороод зодолдоод байсан гэж хэлсэн. Би тэр үйлдлээ санахгүй байгаа. Бид хоёр хоорондоо зодолдсон юм шиг байсан. Юунаас болоод зодолдсон гэдгээ санахгүй байна. Бид хоёр хамт архи ууж байхдаа ойр зуурын нутаг орноо ярьсан маргалдахаар зүйл яриагүй санагдаж байна. Батболд бид хоёр олон жил найзалж байгаа сайн найзууд гэр бүлийн найзууд гэх мэдүүлэг /хх 93 тал/,

Хохирогч Д.Батболдын өгсөн: "...Гантулга бид хоёр гэрт үлдээд байж байхад Гантулга надтай маргалдаад миний толгой руу шууд сандлаар цохих шиг болсон. Миний толгойноос цус гараад би уурлаад бид хоёр харилцан зодолдож эхэлсэн. ..Манай ширээ авдар хоёрын дунд цус болсон байсан. Миний толгойноос гарсан цус шалан дээр дуссан байх гэж бодож байна. ..Бид хоёр хамт байхдаа ахуй амьдрал гээд ойр зуурын юм ярьж байсан. Маргалдахаар зүйл яриагүй байж байгаад бухан бяруунаас болоод маргалдсан санагдаж байна. Миний толгой өвдөөд байсан, нуруу гар нил хөндүүр болсон. Толгойн орой хэсэг хагараад цус гараад хатсан байсан. Миний зүүн гарын булчин хэсгээр хөхөрсөн бие нэлэнхийдээ хөндүүртэй байсан. Бас миний баруун гарын шуу хэсэгт хазсан шүдний ором орсон байсан. ..Гантулга ямар ч байсан сандлаар миний толгой руу нэг удаа цохисон гэдгийг санаж байгаа юмаа. Би Гантулгыг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байх шиг байсан бүдэг бадаг салаад байгаа юм. Дээр доороо ороод л зодолдоод байсан. Миний баруун хавирганы цаад хэсгээр гэдсэн дотор хөндүүрлээд өвдөөд байгаа. ...баруун гарын бугуй хэсгээс хазсан. Зүүн гарын булчин хэсгээр хэхөрсөн байсан. Өөр бусад хэсгээр гайгүй байсан. Одоо биеийн байдал гайгүй болсон. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг хүлээн зөвшөөрч байна. Би Ю.Гантулгатай маргалдаж намайг сандлаар цохиж зодолдох явцад үүссэн гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх 32-33 тал/,

Гэрч Б.Одонпүрэвийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед бригад орж хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд Гантулга гэдэг найзтайгаа 02 цаг 30 минутын үед морьтой ирсэн. Ирээд хоол идээд нэг шил Соёрхол нэртэй архи гаргаж өгөхөд өглөө болтол ууж суусан. Өглөө нь манай нөхөр нэг шил архи гаргасан. Би гадуур ажил хийсээр байгаад орой 16 цагийн үед үхэртээ явахад тэр хоёр архи уугаад үлдсэн. Тэгээд 1 цагийн дараа ирэхэд манай нөхөр нүүр нь цус болсон урдаас ирсэн. Би яасан бэ гэтэл Гантулга намайг цохьчихлоо гэсэн. Тэгээд бид 2 гэртээ ортол Гантулга гоожуурны хажууд доошоо хараад хашгираад хэвтэж байсан. Бид 2 гутал хувцасыг нь тайлаад орон дээр хэвтүүлсэн. Тэгээд 3 дугаар сарын 14-ний шөнө босч ирээд бөөлжчихөөд эргээд унтсан. Толгой өвдөөд байна эм байна уу гэхээр нь цай хийж өгчихөөд эм өгсөн гэх мэдүүлэг /хх 34-35 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 89 тоот: 1. Д.Батболдын биед толгойн оройн хэсгийн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 57, 58 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 03-06 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 07-10 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11-12 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 107-108 тал/ шүүгдэгчийн хувийн байдлын талаах баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ю.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Арцат" гэх газар найз Д.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Батболд, гэрч Б.Одонпүрэв нарын мэдүүлэг зэрэг өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн тоот дүгнэлт, шүүгдэгч Ю.Гантулгын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Иймд шүүгдэгч Ю.Гантулгад бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ю.Гантулга, хохирогч Д.Батболд нар нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжууд овогт Юүвээгийн Гантулгыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ю.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Соёрхол нэртэй архины шил, 1 ширхэг “Донна италий” нэртэй виноны шил, 2 ширхэг Сэнгүр нэртэй пивоны лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөх өнгийн модон сандлыг хохирогч Д.Батболдод буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Гантулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ