| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/03784/И |
| Дугаар | 265 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
900,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Ц нь 2017 оны зун “М” ХХК-ийн “Гүнж” жуулчны баазад гэрийн үйлчлэгчээр ажилласан билээ. Миний бие оюутан учраас зуны амралтаараа буюу 3 сарын турш сард 450,000 төгрөгийн цалинтай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж 2017 оны 6 дугаар сарын 05-наас ажилдаа орж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уг баазад эгч, хүргэн ахын хамт насанд хүрээгүй байхдаа ажилласан билээ. Гэтэл тус компани нь 70 гаруй хоног ажиллаж байхад надад нэг ч төгрөгийн цалин өгөөгүй. Цалин хөлс өгөхгүй ажиллуулаад байхаар нь би арга буюу 2017 оны 7 дугаар сарын 31-нд эгч, хүргэн ахын хамт ажлаа орхиж хот руу харьсан. Үүнээс хойш өдий болтол ажилласан хугацааныхаа цалингаа нэхэж байгаа боловч өгсөнгүй. Иймд ажилласан хугацааны цалингаа энэ компаниас гаргуулж авах, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж авахыг хүсэж байна. Дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ “Монгол хаан трэйвел” ХХК-иас миний 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид баазын гэрийн үйлчлэгчээр ажилласан хугацааны дутуу авсан цалин 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2/ Тус компанид 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “М” ХХК-ийн “Гүнж” жуулчны баазад гэрийн үйлчлэгчээр ажилласан. Гэрийн үйлчлэгч нь байнгын ажлын байр бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг сарын цалинг 450,000 төгрөгөөр тогтсон байдаг. Хамгийн анх намайг ажилд ороход хариуцагч байгууллагын зүгээс цалинг сар бүр олгохоор надтай тохирсон. Гэвч ажилласан цагаас эхлээд ажилласан хугацааны цалинг огт өгөхгүй байсан. Ингээд удаа дараа нэхээд өгөхгүй болохоор миний бие 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орой нь өөрийн ах, эгч нарын хамт ажлаа орхиод явсан. Үүнээс хойш өөрийн цалинг авахаар хариуцагч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч миний цалинг огт өгөөгүй учраас шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан. Иймд “М” ХХК-иас миний 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид баазын гэрийн үйлчлэгчээр ажилласан хугацааны цалин 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тус компанид 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс “М” ХХК-ийн “Гүнж” жуулчны баазад сургалтанд хамрагдаж, баазын үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэдэггүй, ажлаас хойш суух, мөн жуулчны баазын бусад ажилтнуудыг ажил хаях хууль бус үйлдэлд уруу татах зэрэг дутагдлууд гарч байсан хэдий ч компанийн удирдлагын зүгээс удаа дараа харж үзсэн. Гэвч ажилтны зүгээс удирдлагад мэдэгдэлгүйгээр хамт ажиллаж байсан өөрийн эгч болон түүний нөхөрийн хамт 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хариуцсан ажлаа хаяж явсан төдийгүй жуулчны баазын орлого болох 352,000 төгрөгийг аваад явсан. Ажил хаяж явснаас ажиллах хүнгүй болж жуулчны баазын үйл ажиллагаа доголдож, тодорхой хэмжээний хохирол амссан бөгөөд хохирлын тооцоог нарийн гаргасны үндсэн дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэх болохыг хэлэхийг хүсч байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4-т “шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, мөн ажлын байрыг орхин явсан тохиолдолд цалинг 100% олгохгүй” байхаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “М” ХХК-ийн “Гүнж” жуулчны баазад гэрийн үйлчлэгчээр ажилласан. Гэрийн үйлчлэгч нь манай баазын хувьд байнгын ажлын байр бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг сарын цалинг 450,000 төгрөгөөр тогтсон. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй муу ажиллаж байсан. Бид нэхэмжлэгчид зуны турш ажиллаад дуусахаар нь цалинг өгөхөөр тохирсон байсан. Гэвч тэрээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орой нь хэнд ч хэлэлгүй шууд ажлын байраа хаяад яваад өгсөн. Ажлаа хаяж явснаас хойш нэг ч удаа яриагүй байж байгаад шууд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч цалин болон бусад асуудлаар шүүхэд хандах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ц 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу “М” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчид “Мо” ХХК-ийн “Гүнж” жуулчны баазын үйлчлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх тал дээр маргаагүй.
Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хариуцагч компанийн жуулчны баазад гэрийн үйлчлэгчээр ажилласан хугацааны цалин 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөхийг даалгуулах тухай шаардлагуудыг гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч надтай тохирсон ёсоор сар бүр цалин өгөхгүй байсан учир миний бие 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж явсан. Үүнээс хойш өөрийн цалинг авахаар хариуцагч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч миний цалинг огт өгөөгүй учраас шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан” гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлыг “...Н.Ц бидэнд мэдэгдэлгүй шууд ажлаа хаяж явсан, тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгасан ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн эсхүл ажилтны санаачилгаар цуцлах боломжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заажээ. Тодруулбал өөрийн хүч, хөдөлмөрийг аливаа байгууллагад үнэлэн ажиллаж буй ажилтанд өөрийн хүсэл, сонирхлын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ санаачилгаараа цуцлах эрхийг хуулиар олгосон байна.
Зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлын байраа орхиж явсан байх бөгөөд тэрээр өөрийн энэхүү үйлдлээрээ хариуцагч “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ өөрийн санаачилгаар цуцалсан гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь цалин 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан дээрх хугацааны дотор шүүхэд гаргаагүй байна.
Хуулиар тусгайлан тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч Н.Цын хувьд түүний үүрэгт ажлаа орхин явсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч “М” ХХК-д холбогдуулан цалин 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Н.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан цалин 900,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Х