Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 3449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох,

 

30,399,300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.З, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сараас эхлэн хариуцагч Д.Бт төмс, хүнсний ногоог хамгийн хямд үнээр нийлүүлж, өөрийн унаагаар үнэгүй хүргэж өгч байсан. Мөнгийг нь Хаан банкны 5029915680 дансаар төлж байхаар харилцан тохирсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлэхэд хариуцагч надад 28,399,300 төгрөгийн төлбөртэй гарсан. Уг үлдэгдэл мөнгөө 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхгүй бол сарын 10 хувийн алданги төлөхөөр бид амаар тохирсон. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 20,399,300 төгрөг төлөх ёстой. Уг мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацааны алданги 10,000,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Д нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хариуцагч Д.Бт хүнсний ногоо нийлүүлсэн. Нийтдээ 68,228,000 төгрөгийн хүнсний ногоог хариуцагчид худалдсан. Үүнээс нэхэмжлэгч нь 41,944,990 төгрөгийг хариуцагчаас авсан. 2016 оны 4 дүгээр сард бид тооцоо нийлэхэд үлдэгдэл буюу хариуцагчийн төлөх ёстой төлбөр нь 28,399,300 төгрөг болсон байдаг. Үүнээс хойш хариуцагч 6,999,990 төгрөгийг төлсөн. Ингээд хариуцагчийн төлөх ёстой хүнсний ногооны үлдэгдэл төлбөр нь 21,399,310 төгрөг болсон. Уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу 20,399,300 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. 20,399,300 төгрөгийг хариуцагч Д.Б 2016 оны 7 дугаар сард төлөх ёстой байсан бөгөөд төлөхгүй бол надад 2,000,000 төгрөгийн алданги төлөхөөр бид амаар тохирсон байсан. Гэвч тэрээр мөнгийг төлөөгүй учраас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацааны алданги нийт 10,000,000 төгрөгийг шаардаж байна. Эдгээр үндэслэлүүдээр нийт 30,399,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Бид өөрт байсан бүхий л санхүүгийн анхан шатны баримтуудаа шүүхэд өгсөн байгаа. Бидэнд байхгүй зарим баримтуудыг хариуцагчийн зүгээс өөрсдөө өгсөн байна. Бид эдгээр баримтуудыг хооронд нь тулгаж судалсны эцэст тооцоогоо шүүхэд өгсөн байгаа юм. Хариуцагч нь зарим баримтууд дээрээ “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамга дарсан. Учир нь тэрээр “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгчээс авсан хүнсний ногоогоо цааш нь өөрийн лангуун дээрээ зардаг байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамгатай баримтуудыг нууцаар авсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид тийм боломж ч байхгүй гэжээ. 

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Н.Доос хүнсний ногоо худалдан авч, ихэнх төлбөрийг төлсөн. Одоо бага хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.   

 

Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч Н.Доос хүнсний ногоо авсан. Д.Б нь уг ногоог цааш нь худалдан борлуулаад мөнгийг нь төлдөг байсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм. Нэгэнт талууд хууль заасны дагуу бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй учир талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. 

Д.Б нь нэхэмжлэгчээс нийт 45,617,800 төгрөгийн хүнсний ногоо худалдаж авсан бөгөөд үүнээс 37,617,800 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Үүний дараа 9,672,800 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж 5,000,000 төгрөг, хүүхдийнх нь дансанд 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо хариуцагч Д.Б нь 1,672,800 төгрөгийн өртэй байгаа, энэ мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх болно. 

Хэргийн 13 дугаар хуудсанд 11-20 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 226,000 төгрөгийн баримт манайд байхгүй баримт байна. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1,597,200 төгрөгийн баримтыг бид өөрт байгаа баримттай тулгахад үнийн дүн нь 1,480,200 төгрөг байх ёстой байна. Харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр маргаангүй.

Хэргийн 14 дүгээр хуудсанд 01-10 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5,694,900 төгрөгийн баримт манайд байхгүй баримт, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1,740,100 төгрөгийн баримт нь 1,658,100 төгрөг байх ёстой. Нэхэмжлэгч үнийн дүнг нэмж бичсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,728,800 төгрөгийн баримт, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,329,000 төгрөгийн баримт, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1,100,000 төгрөгийн баримтууд бидэнд байхгүй, ийм хэмжээний ногоог нэхэмжлэгчээс аваагүй. Бусад баримтуудын үнийн дүн дээр бол маргаангүй.   

 Хэргийн 15 дугаар хуудсанд 21-30 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1,790,000 төгрөгийн баримтын үнийн дүн нь 248,700 төгрөг байх ёстой. 2015 оны 7 дугаар сарын 1,808,400 төгрөгийн баримтын үнийн дүн нь 1,766,400 төгрөг байх ёстой. 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1,780,700 төгрөгийн баримтын үнийн дүн манай өгсөн баримттай харьцуулахад өөр байна. Энэ дүн нь  258,600 төгрөг байх ёстой. Бусад баримтууд дээрх үнийн дүн дээр маргаангүй.

Хэргийн 16 дугаар хуудсанд 31-40 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсан. Эдгээр баримтуудаар нийт 9,230,4000 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлсэн талаар бид маргахгүй, бидний өгсөн баримтуудтай таарч байгаа.

Хэргийн 17 дугаар хуудсанд 41-50 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 795,700 төгрөгийн баримт, 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1,222,300 төгрөгийн баримт, 2015 оны 7 дугаар сарын 1,795,500 төгрөгийн баримтуудад бичигдсэн хэмжээний ногоог хариуцагч огт хүлээж аваагүй. Нэхэмжлэгч өөр газарт нийлүүлсэн ногоонуудын баримтуудаа шүүхэд өгсөн байна. Харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр маргахгүй.

Хэргийн 60 дугаар хуудсанд 51-54 гэж дугаарлагдсан нийт 4 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1,450,000 төгрөгийн баримтад бичигдсэн хэмжээний ногоог хариуцагч хүлээж аваагүй. Бусад баримтууд дээрх үнийн дүн дээр маргахгүй.

Хэргийн 61 дүгээр хуудсанд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2,506,900 төгрөгийн баримтын үнийн дүн 1,179,400 байх ёстой. Манайд байгаа баримтаар тэгж харагдаж байна. Бусад зүйлийг нэхэмжлэгч нэмж бичсэн байна. Нэхэмжлэгч талд байхгүй зарим нэг зарлагын баримтууд хэрэгт авагдсан байгаа. 

Хэрэгт авагдсан зарим баримтууд дээр “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамга дарагдсан байгаа нь үнэн. “Буянт бумба эрдэнэ” ХХК нь хариуцагчийн компани бөгөөд “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамгатай баримтууд нэхэмжлэгчид байсан, эсхүл манай нягтлан бодогч өмнө нь өгсөн байсан байх боломжтой. Тийм ч учраас нэхэмжлэгч манай тамгатай баримтууд дээр шууд хүнсний ногооны нэрс, үнийн дүнг шууд бичээд шүүхэд нотлох баримтаар өгсөн байх боломжтой. Ийм учраас нэхэмжлэгчийн өгсөн баримтуудыг бүгдийг нь үнэн зөв гэж үзэхгүй. Д.Б нь нэхэмжлэгч Н.Доос анх хүнсний ногоо авч үзээд боломжтой гэж үзсэний үндсэн дээр хүнсний ногоог нэхэмжлэгчээс худалдаж авахаар тохирсон тал дээр маргаан байхгүй. Уг хүнсний ногоог өөрийн компанийн лангуу, дэлгүүрээр дамжуулж зарсны эцэст мөнгийг нь нэхэмжлэгчид буцаан төлдөг байсан гэжээ.

  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д Д.Бээс 30,399,300 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...нийт 68,228,000 төгрөгийн хүнсний ногоог хариуцагчид худалдсан. 2016 оны 4 дүгээр сард тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр нь 28,399,300 төгрөг болсон байснаас хариуцагч 6,999,990 төгрөгийг төлсөн. Ингээд хариуцагчийн төлөх ёстой хүнсний ногооны үлдэгдэл төлбөр нь 21,399,310 төгрөг болсон. Уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу 20,399,300 төгрөгийг 5 сарын хугацааны алданги болох 10,000,000 төгрөг, нийт 30,399,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэжээ. 

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Тэрээр  “...2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчээс нийт 45,617,800 төгрөгийн хүнсний ногоог авснаас 43,945,000 төгрөгийг буцаан төлсөн, одоо үлдэх 1,672,800 төгрөгийг буцаан төлөхөд бэлэн” гэж өөрийн татгалзлаа тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Н.Д нь 2015 онд хариуцагч Д.Бт хүнсний ногоо нийлүүлсэн ба нийлүүлсэн хүнсний ногоог бусдад зарж борлуулсны эцэст Д.Б мөнгийг буцаан төлөхөөр тохирсон үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчид нийлүүлсэн ногооны хэмжээ, хүнсний ногоог нийлүүлж эхэлсэн хугацаа болон төлөх ёстой төлбөр дээр маргаантай байх бөгөөд талуудын өөрсдийн шаардлага, татгалзлыг нотлох үүднээс өгсөн баримтуудыг шүүхийн зүгээс дор дурдсан байдлаар үнэлж маргааныг шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзлээ.

 

1. Хэргийн 13 дугаар хуудсанд 11-20 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 226,000 төгрөгийн баримт /№14/-ыг хариуцагч “...манайд байхгүй баримт” гэж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1,597,200 төгрөгийн баримт /№18/-ыг хариуцагч “...1,480,200 төгрөг байх ёстой” гэж тус тус маргасан, харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр маргаагүй.

 

а/ 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 226,000 төгрөгийн баримт дээр “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамга дарагдсан. “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн захирлаар ажилладаг гэсэн хариуцагч Д.Бийн тайлбараас үзэхэд тэрээр 226,000 төгрөгийн хүнсний ногоог хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

б/ 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1,597,200 төгрөгийн баримт /№18/-ыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримттай харьцуулан үзэж үнийн дүнг 1,480,200 төгрөг гэж тооцов. 

 

Хэргийн 13 дугаар хуудсанд байгаа баримтууд дээрх нийт үнийн дүн 8,968,200 төгрөг. 1,597,200 төгрөг болон 1,480,200 төгрөгийн зөрүү 117,000 төгрөгийг уг үнийн дүнгээс хасахад 8,851,200 төгрөгийн хэмжээний хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлжээ.

 

2. Хэргийн 14 дүгээр хуудсанд 01-10 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5,694,900 төгрөгийн баримт /№01/-ыг хариуцагч “...манайд байхгүй баримт” гэж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1,740,100 төгрөгийн баримт /№4/-ыг хариуцагч “...1,658,100 төгрөг байх ёстой” гэж, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,728,800 төгрөгийн баримт /№7/, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,329,000 төгрөгийн баримт /№8/, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1,100,000 төгрөгийн баримт /№10/-уудыг хариуцагч “...ийм хэмжээний ногоо аваагүй” гэж тус тус маргасан, харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр талууд маргаангүй.

а/  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5,694,900 төгрөгийн баримт /№01/ дээр “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамга дарагдсан тул 5,694,900 төгрөгийн хүнсний ногоог хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

б/ 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1,740,100 төгрөгийн баримт /№4/-ыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримттай харьцуулан үзэж үнийн дүнг 1,658,100 төгрөг гэж тооцов.  

в/ 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,728,800 төгрөгийн баримт /№7/, мөн өдрийн 1,329,000 төгрөгийн баримт /№8/, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1,100,000 төгрөгийн баримт /№10/-ыг судлан үзэхэд хариуцагч Д.Б баримтад дурдсан хэмжээний ногоог хүлээн авсан нь тогтоогдохгүй байна.  

    

Хэргийн 14 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нийт 14,516,820 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлжээ. 

 

3. Хэргийн 15 дугаар хуудсанд 21-30 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1,790,000 төгрөгийн баримт /№21/-ыг хариуцагч “...248,700 төгрөгийн ногоо хүлээж авсан” гэж, 2015 оны 7 дугаар сарын 1,808,400 төгрөгийн баримт /№23/-ыг хариуцагч “...1,766,400 төгрөг байх ёстой” гэж, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1,780,700 төгрөгийн баримт /№24/-ыг хариуцагч “...258,600 төгрөг байх ёстой” гэж тус тус маргасан, харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр талууд маргаангүй.

 

а/ Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх зарлагын баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр  2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1,790,000 төгрөгийн баримт /№21/ дээрх үнийн дүнг 248,700 төгрөг,  2015 оны 7 дугаар сарын 1,808,400 төгрөгийн баримт /№23/ дээрх үнийн дүнг 1,766,400 төгрөг,  2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1,780,700 төгрөгийн баримт /№24/ дээрх үнийн дүнг 258,600 төгрөг байна гэж шүүхээс үзлээ. 

 

Хэргийн 15 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нийт 7,413,280 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлжээ. 

 

4. Хэргийн 16 дугаар хуудсанд 31-40 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсан. Эдгээр баримтуудаар нийт 9,230,4000 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлсэн талаар зохигчид маргаагүй.

 

5. Хэргийн 17 дугаар хуудсанд 41-50 гэж дугаарлагдсан нийт 10 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 795,700 төгрөгийн баримт /№42/, 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1,222,300 төгрөгийн баримт /№50/, 2015 оны 7 дугаар сарын 1,795,500 төгрөгийн баримт /№41/-уудыг хариуцагч “...ийм хэмжээний ногоо хүлээж аваагүй” гэж тус тус маргасан, харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр талууд маргаангүй байна. 

 

а/ 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 795,700 төгрөгийн баримт /№42/ дээр “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн тамга дарагдсан тул 795,700 төгрөгийн хүнсний ногоог хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. 

 

б/ 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1,222,300 төгрөгийн баримт /№50/, 2015 оны 7 дугаар сарын 1,795,500 төгрөгийн баримт /№41/-уудыг судлан үзэхэд хариуцагч Д.Б баримтад дурдсан хэмжээний ногоог хүлээн авсан нь тогтоогдохгүй байна.  

 

Хэргийн 17 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нийт 7,093,900 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлжээ. 

 

6. Хэргийн 60 дугаар хуудсанд 51-54 гэж дугаарлагдсан нийт 4 хуудас баримтууд авагдсанаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1,450,000 төгрөгийн баримт /№52/-ыг хариуцагч “...ийм хэмжээний ногоо хүлээж аваагүй” гэж маргаж, харин бусад баримтууд дээрх үнийн дүн дээр талууд маргаангүй байна. 

 

а/ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1,450,000 төгрөгийн баримт /№52/-ыг  судлан үзэхэд хариуцагч Д.Б баримтад дурдсан хэмжээний ногоог хүлээн авсан нь тогтоогдохгүй байна.   

 

Хэргийн 60 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нийт 1,832,300 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлжээ гэж шүүх үзлээ. 

 

7. Хэргийн 61 дүгээр хуудсанд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2,506,900 төгрөгийн баримтыг хариуцагч “...үнийн дүн 1,179,400 байх ёстой” гэж маргасан.  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх зарлагын баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр үнийн дүнг 1,179,400 төгрөг байна гэж үзлээ.

 

8. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд байхгүй дараах зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

а/ 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1,179,400 төгрөгийн,

б/ 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 250,700 төгрөгийн

в/ 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 737,730 төгрөгийн

г/ 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1,146,400 төгрөгийн буюу нийт 3,314,230 төгрөгийн баримтууд. 3,314,230 төгрөгийн хэмжээний хүнсний ногоог хариуцагч хүлээн авсан талаараа маргаагүй.

 

Дээрх хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Н.Д хариуцагч Д.Бт нийтдээ 53,431,530 төгрөгийн хүнсний ногоог нийлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Бийг нийт 41,944,990 төгрөгийг төлсөн гэж, харин хариуцагчийн зүгээс 43,945,000 төгрөгийг төлсөн гэж тус тус маргасан.

 

Хэрэгт авагдсан дансны хуулгуудаас үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 945,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 999,990 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 999,990 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 42,944,980 төгрөг нэхэмжлэгч Н.Дийн дансанд орсон болох нь нотлогдож байх тул хариуцагч Д.Бийг Н.Доос авсан хүнсний ногооны үнэд 42,944,980 төгрөг төлсөн гэж үзнэ. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч Н.Д хариуцагч Д.Бт нийлүүлсэн хүнсний ногооны үнийн үлдэгдэл 10,486,550 /53,431,530-42,944,980/ төгрөгийг шаардах эрхтэй.

 

Алдангийн хувьд:

 

Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулиар зохицуулсан.

 

“...бид алдангийн талаар амаар тохирсон” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж 10,000,000 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацааны алдангид 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангах боломжгүй.  

 

Хэрэгт “Буянт бумба эрдэнэ” ХХК-ийн данснаас нэхэмжлэгч Н.Дид мөнгө шилжүүлсэн хуулга, зарим зарлагын баримтуудад уг компанийн тамга дарагдсан байх хэдий ч нэхэмжлэгч Н.Д болон хариуцагч Д.Б нар харилцан тохирч хүнсний ногоо худалдаж худалдан авч байсан үйл баримт дээр маргаагүй тул гэрээний үүргийг Д.Бт хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт харшлахгүй гэж шүүх үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 10,486,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,912,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 182,735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ