| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0130/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/134 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002360153 дугаартай, 163/2019/0130/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х******* овогт Б******* Г*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагатай" гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.8384 м3 шинэс төрлийн модыг ..... ОРО улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******* өгсөн мэдүүлэгтээ: Ажилд орох болчихоод, хадмын гадаа байсан гишүүнээс нь ачиж Орхон аймаг явсан. Хадам ааваас “гэрийн гадаа байгаа гишүүнээс чинь авъя, түлээгүй байгаа” гэхэд “тэг, тэг” гэсэн. Би гарал үүслийн гэрчилгээ авах ёстойг мэдэхгүйн улмаас энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.
1915002360153 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Б******* өгсөн: “... Би Б аймгийн Бугат сумын байгаль хамгаалагчаар 2007 оноос хойш 13 дахь жилдээ ажиллаж байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг би олгодог. Манай багийн Х.М******* нь ойн нөхөрлөлийн гишүүн надаас байнга модны бичиг авч ойн цэвэрлэгээгээ болон түлээний модоо бэлтгэдэг. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт оршин суудаг Б.Г******* гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Гэрч Х.М*******ийн өгсөн: “... Би Б аймгийн Бугат сумын 3-р багийн “Дарь эхт” гэх газрын нөхөрлөлийн гишүүн байгаа юм. Би 2019 оны 3-р сарын сүүлээр тусгаарлалт хийсэн нөхөрлөлийн газраас ойн цэвэрлэгээ хийхээр багийнхаа байгаль хамгаалагч Б******* мод бэлтгэх эрхийн бичиг авч ойн цэвэрлэгээний түлшний гишүү түүж аваад хаваржааныхаа гадаа буулгасан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын эхээр байх би яг өдрийг нь сайн санахгүй байна орой манай хүргэн Б.Г******* хүрч ирээд “аав түлээгүй болчихлоо, гэрийн гадаа байгаа гишүүг аваад явчих уу” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн .... ОРО улсын дугаартай “Кia Fronter” загварын тээврийн хэрэгсэлд гишүүг ачиж өгөөд явуулсан. Орой 23 цагийн үед хүргэн Г******* миний гар утас руу өөрийн гар утаснаасаа залгаад “цагдаад баригдчихлаа, танд модны зөвшөөрөл нь байгаа юу” гэж асуухаар нь би “байгаа, машины урд талын хайрцганд байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Гэрч М.Э******* өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 09-ний 19 цагийн үед би нөхөр болон аав, ээж, 2 хүүхдийн хамтаар Б аймгийн Бугат суманд байдаг аавындаа очсон. Орой 22 цагийн үед нөхөр аавын гэрийн гадаа байсан гишүүнүүдийг аавын машин дээр ачиж Орхон аймагт байдаг гэр лүү авч явсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаад баригдсан гэж надад нөхөр утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд:
..... ОРО улсын дугаартай автомашинд ачсан шинэс төрлийн хэрэглээний хуурай мод /бөөрөнхий мод/ 0.9784 м3' шинэс төрлийн хэрэглээний хуурай мод /түлээ/ 2.86 м3, нийт 3.8384 м3 , нийт хохирол 277267.2 төгрөг гэх \хх-н 22-23 тал\,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, Орхон аймгийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагийн дэслэгч Ж.М******* илтгэх хуудас /хх-7 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-12-13 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-26-28, тал/, нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-36 тал/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх 46/ тээврийн хэрэгслийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-30-35 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2 тал/, шүүгдэгч Б.Г*******ийн цахим мэдээллийн талаарх баримтууд /хх-49 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх- 48 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г******* нь эрх бүхий байгууллагаас мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагатай" гэх газраас 3.8384 м3 шинэс төрлийн модыг ..... ОРО улсын дугаартай “Кia Fronter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Ч.Б-Э, гэрч Х.М*******, М.Эцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн шүүгдэгч Б.Г*******ийн дээрхи үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх учир түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хөрөнгө, орлого зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г*******ийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, прокурорын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/08 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 3.8384 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж, ...... ОРО улсын дугаартай “Кia Fronter” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнийг өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Б******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Г*******эд оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 24-ний 5/08 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 3.8384 м3 шинэс төрлийн модыг хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, ..... ОРО улсын дугаартай “Кia Fronter” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч Орхон аймгийн Баян-Өндөр .... тоотод оршин суух Х.М*******д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г*******ийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД