Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 41

 

   *******ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: ***************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

  Даргалагч,

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

  Шүүгчид                             С.Оюунцэцэг

                                             Г.Давааренчин

Оролцогчид

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар  оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-ний Сэлэнгэ салбарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох” гомдол бүхий  иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:   

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Би “******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт” харилцааны ахлах менежерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, улмаар 2017 оны 03 дугаар 28-ны өдрийн 235 тоот шүүхийн шийдвэрээр намайг ажилд эргүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш намайг ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар нь ажилд авахгүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот Салбарын захирлын тушаалыг гаргаж, хуучин эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилон, хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

         Ингээд ажлаа хэвийн үргэлжлүүлж байтал гэнэт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа очиход, хуралд дуудсан, уг хуралд оролцоход “Ажил хүлээлцэх комисс” байгуулчихсан тооцооны төв хариуцсан менежер******* “таны орон тоо хасагдсан одоо ажлаа хүлээлгэж өг” гэж хэлээд надад хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал, шийдвэр танилцуулалгүйгээр миний ажлыг комисс нь хүлээн авч намайг үндэслэлгүйгээр дахин ажлаас халсан. Миний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага:

1. ******* миний биеийг ямар ч үндэслэлгүйгээр, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал, шийдвэргүйгээр ажлаас халсан тул эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

             2.Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,                                                                      

       3. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх,

        4. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажилд орсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.004.545 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гаргах хүртэл  цалинг ******* *******ны Сэлэнгэ салбараас гаргуулж өгнө үү.”  гэжээ. 

Хариуцагч: ******* ******* ХХК-ний Сэлэнгэ салбар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот шийдвэрийн дагуу Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байранд эгүүлэн томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/137 тоот тушаалаар тус *******ны Сэлэнгэ салбарын Харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоо хасагдаж тогтоогдсон. Иймд “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1, /хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн тэгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална/ гэж тайлбарласны дагуу хасагдаж тогтоогдсон ажлын байранд ажилаж байсан *******т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Тухайн мэдэгдлийн нэг сарын хугацаа дууссан тул 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 118 тоот тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Банк *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгосон. Банкны зүгээс тэтгэмж олгохдоо *******т нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, мэдэгдлийн 30 хоногийн хугацааны цалинтай хамт нийт 2.818.000 төгрөг тооцож олгосон болно. Иймд *******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 485 дугаартай шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийг ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбараас 5.921.089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт оршин байх ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. 2017 оны 08 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаар шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна./ 26.3 /Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.../ дахь заалтад заасны дагуу этгээд гэдэг нь иргэн, хуулийн этгээдийг ойлгох бөгөөд шүүхийн хэрэг маргаанд гагцхүү хуулийн этгээдийн эрхтэй хууль, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг хариуцагчаар тодорхойлон иргэний хэрэг маргаан үүсгэдэг. Гэтэл Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ./ 29.5 /Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна./ 29.6 /Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна./ гэсэн байдаг бөгөөд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 /“*******ны нэгж” гэж *******ны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг./ гэсэн байдаг.

“******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбар нь Иргэний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ./, 26 дугаар зүйлийн 26.1 /Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч.../ дэх заалтын дагуу шүүхэд дангаараа хуулийн этгээдийн эрх эдэлж үүрэг хүлээх бүрэн чадамжтай биш бөгөөд тусдаа хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар 26.3 /Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.../-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 /Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана./ дэх заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан болно. Гэвч ингэж шийдээгүй нь хуулийн дээрх зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болно.  

2. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1171 дүгээр захирамжийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн иргэний хэрэг маргаандаа “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарыг хариуцагчаар тогтоон мэдэгдэх хуудас хүргүүлэхэд салбарын захирал 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 466 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн нь хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байна. Тус албан бичигт дурдсанаар *******ийг шүүхэд төлөөлөх эрхийг төв *******наас томилж итгэмжлэл олгодог тухай дурдаад итгэмжлэл ирээгүй учир мэдэгдэх хуудастай танилцах боломжгүй байгааг тайлбарласан байна. Гэвч шүүх энэхүү тайлбар, мэдээллийг мэдсээр байж хэргийн хариуцагч нь Сэлэнгэ салбар гэж тодорхойлон хэргийг шийдсэн байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн тухайн иргэний хэрэг  маргааны хариуцагч нь “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбар мөн гэж үзэж байсан юм бол шүүх хурлын тов, шүүхийн хавтаст хэргийн материал зэргийг “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарт мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн нөлөөллийн мэдүүлэг, шүүх хуралдааныг товлосон тов мэдэгдэх тухай албан бичиг зэргээр нотлогдож байна.

3. “******* *******” ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжийн хувьд Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 /Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна./ гэсний дагуу Гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр “******* *******” ХХК-г төлөөлөх эрхтэй байдаг бөгөөд шүүхэд төлөөлөх эрхийг ******* *******ны Гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон шүүхэд “******* *******” ХХК-г төлөөлөн оролцдог. Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан*******д олгосон итгэмжлэл нь “******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан хэлбэртэй байх хэдий ч “******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Б.Цэндсүрэн мөн гэх баталгаа хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн шүүх хариуцагчаар “******* *******” ХХК эсхүл “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарыг татсан бол тухайн хариуцагчаар татагдсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн  чадамжтай эсэхийг нэн тэргүүнд тодруулан тодорхойлдог байх ёстой. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт болох аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байна. Энэ нь хэргийн оролцогч хариуцагч нь  иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэх, түүнийг хэний итгэмжлэлээр хэн төлөөлөх эсэх нь эргэлзээтэй тодорхойгүй байхад “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарыг хүчээр хариуцагч болгон хэргийг шийдэж байгаа нь хуульд үл нийцсэн үйлдэл болсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт “..ажил олгогч тухайн ажлын байрыг үгүй болох талаар урьдчилан мэдэх боломжтой бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан...”ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах” үүрэгтэй...” гэжээ. Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгч ******* нь ******* *******ны Сэлэнгэ салбарын захирал ын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот тушаалаар үндсэн   ажилтнаар томилогдон ажилласан байна. Энэ тушаалын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Сэлэнгэ салбарын захирал той хугацаагүйгээр байгуулан ажиллаж эхэлсэн.Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ салбарын Харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоог хассан тухай ******* *******ны Гүйцэтгэх захирлын А/137 дугаар тушаал гарсан. Энэ байдлаас үзвэл ******* *******ны Сэлэнгэ салбарын захирал нь тухайн ажилтны орон тоог батлах эрх бүхий албан тушаалтан биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Тодруулвал төв Банк нь салбар, нэгжийн бүтэц орон тоог батлахтай холбоотой аливаа шийдвэр гарахтай холбоотой мэдээ мэдээллийг салбарын захирлуудад урьдчилан  мэдээлдэггүй болно.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоог хасах тухай ******* *******ны гүцэтгэх захирлын А/137 дугаар тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.5 дахь хэсгийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******т мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдлийн хуульд заасан нэг сарын хугацаа дууссанаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирлын санаачилгаар цуцалсан болно. Тухайн үед “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарт ижил албан тушаал буюу харилцааны ахлах менежер гэх орон тоо цорын ганц орон тоо байсан нь нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан орон тоо байсан бөгөөд өөр бусад ойролцоо албан тушаалын орон тоонд хугацаатай болон түр орон тооны ажилтан байхгүй байсан болно.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар 36.2 дахь хэсэгт заасныг үндэслэн өөр орон тоонд нэхэмжлэгч *******ийг ажиллуулах тохиолдолд сул ажлын орон тоо байхгүй байсан буюу салбарын хэмжээнд ажлын бүх орон тоон дээр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан аль нэг ажилтанг ажлаас нь чөлөөлж улмаар тухай ажлын байранд *******ийг ажиллуулахад хүрэх байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.1.1 /Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална./ дэх заалтын дагуу зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 /энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах./ дах заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   ******* *******ны Сэлэнгэ салбар нь  миний үйлчлүүлэгчийг удаа дараа ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа. Урьд нь ажлаас нь үндэслэлгүй халсан учраас шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон. Ингэж тогтоосныхоо дараа буюу 9 хоногийн дараа ажил хүлээлцэх тухай комисс байгуулан ажлаас  нь чөлөөлсөн байдаг.

 Хариуцагчийн төлөөлөгч  анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон урьд хэрэг шийдвэрлэж байхад салбар хариуцагч биш гэж огт яриагүй байж давж заалдах шатны шүүхэд ийнхүү тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                 

Үндэслэх нь:

    Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн нь зөв  боловч зохигчдын маргаан хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд дүгнэлт  хийгээгүй байх  тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4–д давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу  зохигчдын  хооронд үүссэн маргаан болон хэрэгт авагдсан нотлох баримтад  зохих хууль зүйн дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатгы шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

   Нэхэмжлэгч ******* нь “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор  гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “******* *******” ХХК-ний Сэлэнгэ салбар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

    Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь 2014 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирлын 09 дугаартай тушаалаар харилцааны ахлах менежрээр томилогдон ажиллаж байсан бөгөөд  тус  салбарын захирлын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 239 дугаартай тушаалаар түүнийг  харилцааны ахлах менежерийн ажлаас нь чөлөөлж, өөр ажилд  шилжүүлсэн байна.

    Тухайн үүрэгт ажлаас нь шилжүүлсэн тухай захирлын тушаал нь хууль зөрчсөн тухай гомдлоо  ******* нь  шүүхэд гаргасан бөгөөд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 235 дугаартай шийдвэрээр түүнийг ажилд нь эргүүлэн тогтоосны дагуу *******ийг “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирлын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 84 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар  Сэлэнгэ салбарын Харилцааны ахлах менежрийн ажилд эргүүлэн томилж, түүнтэй Хөдөлмөрийн гэрээг  хугацаагүй байгуулжээ.

    Гэтэл 2017 оны 04 сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл”-ийг *******т гардуулан өгч улмаар  “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирлын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 94 дугаартай “ажил хүлээлцэх, ажлын хэсэгт томилон ажиллуулах тухай” тушаалын дагуу түүний ажлыг өөр ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

   Ийнхүү ажил олгогч нь түүний ажлыг хүлээн авснаар  ******* нь ажил эрхлэх боломжгүй болсон тул  2017 оны 05 сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тухай  гомдлоо шүүхэд гаргажээ.

   Хариуцагчийн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “******* *******” ХХК-ий захирлын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн А/137 дугаартай “ Орон тоо хасах тухай”  тушаалын дагуу  *******ийн албан тушаал буюу Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоог  хассан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д  заасны дагуу буюу “ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр  ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан байна.

    Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт байдаг. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлийн дагуу  хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай  ажилтанд  нэг сарын  өмнө мэдэгдэх ёстой.  

    Ажил олгогч нь  ажлын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр түүнд 2017 оны 04 сарын 28-ны өдөр ажилтанд ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл гардуулж улмаар тухайн өдрөө  “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирлын 94 дугаартай “ажил хүлээлцэх, ажлын хэсэг томилон ажиллуулах тухай” тушаалын дагуу түүний ажлыг өөр ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

   Ийнхүү ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаагүй атлаа  ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас  халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан тул *******ийн ажлыг ажил олгогчийн шийдвэрээр хүлээн авсан буюу 2017 оны 04 сарын 28-ны өдөр түүний ажлаас халагдсан гэж үзэхээр байна.

    Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж сарын дараа ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 04 сарын 28-ны өдөр ажилтны ажлыг хүлээн авсныг ажлаас чөлөөлсөн гэж үзэх бөгөөд энэхүү үндэслэлээр ажилтан шүүхэд гомдол гаргасны дараа  буюу 2017 оны 05 сарын        29-ний өдрийн 118 дугаартай “******* *******” ХХК-ны Сэлэнгэ салбарын захирлын “Ажлаас чөлөөлөх тухайтушаал гарсан нь ажлаас нэгэнт чөлөөлөгдсөн ажилтны хувьд эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул Салбарын захирлын тушаал  хуулийн хүчин чадалгүй акт гэж үзлээ.

   Иймд ажил олгогч нь ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй, ажилтныг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  түүнийг урьд эрхлэж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болжээ.

     Нэхэмжлэгч *******ийг 2017 оны 03 сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоогдсоны дагуу  ажил олгогч нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр ажилд томилсон бөгөөд энэ хугацааны буюу 17 хоногт олгогдох цалин 1.004.545 төгрөг, мөн 2017 оны 04 сарын 28-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүртэл тооцон гаргуулах шаардлагыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  тус тус хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй.

    Ажилтныг буруу халсан үеийн олговрыг  гаргуулахдаа *******ийн сарын үндсэн цалинг 1.300.000 төгрөгөөр тооцон  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 235 дугаартай шийдвэрээр *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосны дагуу  түүнийг  ажилд эргүүлэн тогтоох хүртэл 17 хоногийн хугацааны  цалин /1.300.000/22х17/ 1.004.545 төгрөг, 2017 оны 04 сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны 3 сар 17 хоногийн цалин 4.916.544 төгрөг, нийт 5.921.089 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

         Түүнчлэн ажил олгогч “******* *******” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирлын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 118 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэлээ ******* *******ны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн А/137 тоот “Орон тоо хасах тухай”  тушаалыг үндэслэл болгосон гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч ******* нь ажлаас халах үндэслэл болгосон А/137 тоот гүйцэтгэх захирлын тушаал нь  хууль бус гэж тайлбарладаг ба энэхүү  хариуцагчийн ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх  үндэслэл болгосон гэх ******* *******ны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн А/137 дугаартай  “Орон тоо хасах тухай” тушаалыг судлан үзэхэд хуулийн дагуу үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

          Учир нь: хэргийн 50 дугаар талд авагдсан  ******* *******ны  гүйцэтгэх захирлын А/137 дугаартай орон тоо хасах тухай тушаалын үндэслэл нь  ******* *******ны Хүний нөөцийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн нэр бүхий салбаруудын харилцааны ахлах менежрийн ажлын байрны орон тоог хасахаар шийдвэрлэжээ.

         Хэргийн 107-127 дугаарт авагдсан нотлох баримт болох ******* *******ны захирлын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/284 тоот тушаалаар батлагдсан   Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2-т “Банкны орон тоо, цалингийн сангийн хэмжээг ТУЗ тогтоох ба газар, хэлтэс, нэгжийн захирал, ажилтны үндсэн цалинг  цалингийн нийт сангийн хэмжээнд багтаан гүйцэтгэх үүрэг, албан тушаал, ажлын ур чадвар, туршлага, үр дүн, чиг үүргийг үндэслэн хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэж гүйцэтгэх захирлын тушаалаар тогтооно.” гэж заажээ.

         Хөдөлмөрийн дотоод журамд орон тоог Төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор заасан байхад  хүний нөөцийн хороо нь ямар үндэслэлээр   ТУЗ-ын эрх хэмжээг эдэлж *******ны орон тоо хасах тухай хэлэлцсэн, улмаар гүйцэтгэх захирал тушаал гаргасан болох нь тодорхойгүй, энэ  талаар  холбогдох  ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг  ажилтныг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлоогүй, хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв.  

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын талаар:

   Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ “******* *******” ХХК-ны Сэлэнгэ салбар нь  хууль зүйн бүрэн чадамжгүй  хуулийн этгээдийн эрхгүй байгууллага  бөгөөд  тус хэргийн хариуцагч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзах байтал хуулийн эрхгүй этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

         Хэрэгт авагдсан  ******* *******ны захирлын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/284 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд  Ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох цуцлах тухай зохицуулалтыг тусгасан байх  бөгөөд дотоод журмын  5.4 “орон нутгийн нэгжийн захирал ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулна...”, 5.10.3 “орон нутгийн нэгжийн ажилтныг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэнэ...”, 5.16.3 “орон нутгийн ажилтны асуудлыг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба Салбарын захирлын тушаалаар баталгаажуулна” гэж тус тус заажээ.

          Дээрхи нотлох баримтаас үзвэл Орон нутагт ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох цуцлах эрхийг төв *******наас өөрийн салбарууддаа олгосон гэж үзэж болохоор байх ба “******* *******” ХХК-ний Сэлэнгэ салбар нь хуулийн этгээдийн эрхгүй боловч  хуулийн этгээдээс  олгосон  энэхүү бүрэн эрхийнхээ дагуу  Салбарын захирал нь  нэхэмжлэгч *******тэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа  үүсгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар Салбарын зөвлөлийн хурлаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хэлэлцэж, салбарын захирлын тушаал гарган баталгаажуулсан  болох нь хэргийн 12, 17, 19-25, 44-47, 48, 51 талд авагдсан, салбарын захирлын ажилтныг ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, Сэлэнгэ салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

         Иймд хариуцагчийн  давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 179.887 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН