Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/257

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч А.Б өмгөөлөгч Э.Билэгсайхан,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Б, Б.Э нарт холбогдох 1806065881866 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Мудар овгийн А-ийн Б, 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, "Эрчим" хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Боржигон овгийн Б-ийн Эс, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эрчим" хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Чулуутын 7-226 тоот хашаанд байх иргэн Ц.М-ын монгол гэрт нэвтрэн орж, "Коника" загварын 32 инчийн зурагт хулгайлж, 300.000  төгрөгийн  хохирол  учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б, Б.Э нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б, Б.Э нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 57 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 8 хоног цагдан хоригдсон хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Э Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч танилцаад, эс хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт " ... Өөрөөр хэлбэл Б.Э “... Би хэрэггүй гэж хэлсэн, ...тэгээд гэрээс нь хувцсыг нь авчирахаар яваад иртэл, ... даавуунд ороосон зурагт над руу өгөөд, үүнийг авчих гэхээр нь би аваад хашааны буланд аваачиж тавьсан. ...” гэж байгаа хэдий ч “... Уг зурагтыг хашаагаар давуулан авч, ломбарданд тавьж, мөнгийг нь хуваан хэрэглэж байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ. ..." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

            1. Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг нотлох баримтыг тал бүрээс судалж, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

            Б.Э мэдүүлэгтээ: “... А.Б хоёулаа зурагтыг нь аваад гаръя. ...” гэхэд нь би “... яах гээд байгаа юм бэ, дараа нь цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно. ...” гэж хэлсэн, тэгтэл “... та тэгвэл гэрт ороод миний цүнхийг аваад ир. ...” гэсэн. А.Б-ийн гэрт очоод, цүнхтэй хувцсыг нь аваад гарч ирэхэд А.Б цагаан юманд ороосон зурагт аваад гараад ирсэн. ...” /хх 22, гэрчээр өгсөн мэдүүлэг, хх 67, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/ гэж мэдүүлж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх явцад хэргийн газарт байгаагүй бөгөөд зурагтыг гэрээс хулгайлсны дараа зурагтыг хашааны гаднаас авч газар тавьсан. Ломбарданд тавьж, 40.000 төгрөг хэрэглэсэн /хулгайн эд хөрөнгө завшсан/ нөхцөл байдал хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгээгүй нөхцөлийг баталж, гэрч, яллагдагчийн эрх, үүрэгтэй өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйг харгалзан, Б.Э-т хамаарах хэсгийг “хэргийг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэх үндэслэл бий эсэхийг шалган тодруулж өгнө үү.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх явцад бэхжүүлсэн мэдүүлэг зөрүүтэй, хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй баримтыг шүүхийн дүгнэлт болгосон.

            А.Б-ийн мэдүүлэгт “2018 оны 8 дугаар сард, өдрийг нь сайн санахгүй байна, тэр өдөр гэрийн цоожийг эвдээд хар өнгийн телевизор авч гарсан. Б.Э хашааны гадна байсан, дэлгүүрийн үүдээр гарч явсан” /хх 24, гэрчээр өгсөн мэдүүлэг/, “Б.Э хашааны үүд рүү очоод хүн харсан” /хх 47, сэжигтнээр өгсөн мэдүүлэг/, “тэгтэл Б.Э хашааны гадаа гарсан /хх 63, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/, Б.Э хэрэгт хамааралгүй /Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/ гэсэн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

            Дээрх нөхцөл байдлыг харгалзан Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон хэргийг шийдвэрлэж өгнө үү.

            3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “нүүрэлдүүлэн мэдүүлэг авах” журмыг яллагдагчийн эрх, үүргийг эдлүүлэхээс өмнө хэрэглээгүй, дэлгүүрийн камерийн бичлэгийг хэрэг гарсан цаг хугацаа, орон зайн хамаарлыг бүрэн тооцон бэхжүүлж чадаагүй.

            Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “иймд дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй учраас Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр зүйлчлэхэд тохирсон байна” гэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг.

            Энэ нөхцөл байдлаас харахад, орон байранд нэвтэрсэн үйлдэл нь хаана төгсөж байгаа нь тухайн зурагтыг гэрээс авч байгаа үйлдлээр хэрэг төгсөж байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүгдэгч нар “нэг нь тухайн үед байгаагүй” гэдэг. Нөгөө талаар нэг нь гэмт хэргийн санал тавьж байсан, нөгөө нь татгалзсан нөхцөл байдал харагддаг. Тэгэхээр энэ гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байхгүй байна.

            Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ, яг хэргийн нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай хувьд нь хөдөлбөргүй, нэг хандлагатай байдлаар мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэд хэдэн газраа зөрүүтэй байгаа. Тухайн зурагтыг авч байхад хүн хараад хашааны гадаа байж байсан, нэг бол хүн харуулахын тулд хашаа нь дотор үүдэнд очоод байж байсан, нэг бол зурагтыг гадна талаас нь авсан гэх байдлаар хоорондоо эргэлзээ бүхий байгаа учраас яллагдагч Б.Э-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж гомдол гаргасан.

            Мөн авсан мэдүүлгээ Б.Эр-т уншиж, танилцуулсан гэх тэмдэглэл байдаггүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татаж мэдүүлэг аваад тухайн мэдүүлэгт дурдсан зүйлийг үнэн зөв эсэхийг өөрөөр нь уншиж сонсгон, өөрөөс нь санал аваагүй байдаг.

            Б.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Мэдүүлгийг дуусгаж өөрөөр нь уншуулахад ... бичигдсэн байна гэснээр мэдүүлгийг 21 цаг 10 минутад дуусгав.” гэжээ. Дээрх "..." хэсэгт Б.Э-ийн мэдүүлгээ уншиж "үнэн зөв" эсэх тэмдэглэгээ хийлгээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хулгай гарч байхад би байгаагүй ба хашааны гадаа хүн харж байсан зүйл байгаагүй. Анх “...энэ айлын зурагтыг ороод авчихъя. ...” гэж хэлэхэд нь би “...цагдаа, сэргийлэх гээд бөөн юм болно, яах гэсэн юм. ...” гэж хэлсэн. Дэлгүүрийн үүдэнд сууж байхад миний цүнхтэй хувцсыг аваад ир гээд явуулсан бөгөөд тэр хооронд зурагтыг аваад гарсан байсан. Миний хувьд гомдолтой байгаа бөгөөд хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суумааргүй байна.” гэв.

            Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан “тус шүүх хуралдаанд гаргах санал байхгүй.” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 31 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ийн өгсөн “...боль гэж хэлсэн, хэрэггүй юм биш үү. ...” гэх мэдүүлэг байдаг. Мөн шүүгдэгч А.Б “...Б.Э намайг чи цоожийг нь эвдчих, би хүн харж байя гэж хэлсэн. ...” гэх хоёр ч мэдүүлэг байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э өөрөө “...цонх авах гээд гэр лүү нь явсан, асуудал хулгай болсноос хойшоо гарсан. ...” гэж хэргээ хүлээн зөвшөөрсөн. Уг мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрт 1 жилийн хорих ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татахад ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Б, Б.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Чулуутын 7-226 тоот хашаанд байх иргэн Ц.М-ын монгол гэрт нэвтрэн орж, "Коника" загварын 32 инчийн зурагт хулгайлж, 300.000  төгрөгийн  хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.М-ын “...2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр автобусанд явж байтал хажуу айлын Галаа гэх залуу залгаад “гэр чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна” гэж хэлсэн. Манай урд талд байдаг "Мянган булаг" дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүхэд 17 цаг 50 минутаас 18 цаг 10 минутын хооронд манай зурагтыг А.Б, Б.Э нар аваад гарч байгаа бичлэгийг олж үзээд тэд нарыг авсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

гэрч М.М-ийн “...хөрш айл руу ортол хаалга нь онгорхой, шагайгаад хартал зурагт нь байхгүй байсан. ...Тэгээд нөхөр лүүгээ яриад манай хөрш айлд хүн байхгүй байна. Хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

гэрч Э.Г-ын “...манай эхнэр над руу яриад хажуу айл руу ороод хартал хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай, зурагт нь байхгүй байна гэж ярьсан. Тэгээд би цагдаа руу “хажуу айлд хулгай орсон байна” гэж утсаар ярьж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21/,

гэрч А.А-ын “...Тэр өдөр би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хар дэвтэр дээр 8 дугаар сарын 9-ний өдөр 32 инчийн зурагтыг А.Б гэдэг хүн тавьсан бүртгэл байна. 8 дугаар сарын 18-ны өдөр буцааж авсан байна...” гэх мэдүүлэг /хх 29/,

шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... Манай гудамжинд байдаг нутгийн Ц.М гэдэг эгчийнд орох санаатай хашаанд нь орсон. Тэгтэл гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Гэр нь цоожтой байхаар би Э-т “... хоёулаа эдний зурагтыг нь авчихъя. ...” гэж хэлсэн. Тэгтэл Б.Э “... би хашааны гадаа хүн харж байя, чи авчих. ...” гэж хэлээд хашааны гадаа гарсан. Би хашаан дотроос бөөрөнхий төмөр олоод, гэрийн цоожийг хөшиж эвдээд, гэрт нь ороод гэрийн баруун хойно тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг авч гараад хашаанд нь байсан цагаан даавуунд ороогоод, хашаа давуулж Э-т өгсөн. ... Тэгээд бид 2 зурагтаа ээлжилж тэврээд, хойшоо Чулуун овооны зам руу гараад, таксинд суугаад Сансар орж зурагтыг нь ломбарданд аваачиж тавьсан. Б.Э бид 2 тэр зурагтыг миний бичиг баримтаар 100.000 төгрөгөнд тавьсан. Б. бид 2 тавь тавин мянгаар хувааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 63/,

шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...А.Б-ийн гэр рүү явж байхад А.Б надад энд Ц-аа эгчийн гэр байдаг юм, гэрт нь хүн байхгүй, хоёулаа зурагтыг нь аваад ломбарданд тавья. ...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "... Яах юм бэ, наадах чинь лай болно. ..." гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Б намайг "... Тэгвэл чи манайх руу очоод солих хувцас аваад ир. ..." гэсэн. Би Б-ийн гэр рүү нь ороод хувцсыг нь улаан өнгийн цүнхэнд хийгээд аваад гараад иртэл А.Б Ц-аа эгчийн хашаан дээгүүр цагаан даавуунд ороосон зурагт над руу өгөөд энийг авчих гэхээр нь би аваад хашааны буланд аваачиж тавьсан. А.Б Ц-аа эгчийн хашааны хаалгаар нь гарч ирээд зурагт аваад хойшоо зам руу явсан. Төв зам дээр гараад бид 2 таксинд суугаад Сансар орсон. Сансарт очоод “Вэйст-1” гэдэг ломбард ороод телевизороо А.Б-ийн бичиг баримтаар 100.000 төгрөгөөр тавьсан. Зурагт тавьж олсон мөнгөнөөс би 40.000 төгрөгийг авсан. А.Б 60.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-26/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11, 40-41, 70-72/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б, Б.Э нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Б, Б.Э нарын бүлэглэн айлын гэрээс 300.000 төгрөгийн үнэ бүхий зурагт хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, Б.Э нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, А.Б, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хэдийгээр, шүүгдэгч Б.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хөндөхгүй орхилоо.

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд “... Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ, яг хэргийн нөхцөл байдал, цаг хугацаа, орон зайн хувьд хөдөлбөргүй, нэг хандлагатай байдлаар мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь зөрүүтэй ба мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “Нүүрэлдүүлж мэдүүлэг авах” журмыг яллагдагчийн эрх, үүргийг эдлүүлэхээс өмнө хэрэглээгүй, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо эргэлзээтэй, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэх тэмдэглэгээ хийгээгүй зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Э-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би хулгайлах гэмт хэрэг хийгээгүй. ...” гэх мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хохирогч Ц.М-ын “... Автобусанд явж байтал хажуу айлын Галаа гэх залуу залгаад “... Гэр чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна. ...” гэж хэлсэн. Манай урд талд байдаг "Мянган булаг" дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг шүүхэд, 17 цаг 50 минутаас 18 цаг 10 минутын хооронд манай зурагтыг А.Б, Б.Э нар аваад гарч байгаа бичлэгийг олж үзээд тэд нарыг авсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 15-16/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ц.М гэдэг эгчийнд ... гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой ... байхаар нь би Б.Э-т “... Хоёулаа эдний зурагтыг нь авчихъя. ...” гэж хэлсэн. Тэгтэл Б.Э “... Би хашааны гадаа хүн харж байя, чи авчих. ...” гэж хэлээд хашааны гадаа гарсан. Би ... гэрт нь ороод гэрийн баруун хойно тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг авч гараад хашаанд нь байсан цагаан даавуунд ороогоод, хашаа давуулж Б.Э-т өгсөн. ... Бид 2 зурагтаа ээлжилж тэврээд, хойшоо Чулуун овооны зам руу гараад, таксинд суугаад Сансар орж зурагтыг нь ломбарданд аваачиж тавьсан. Б.Э бид 2 тэр зурагтыг миний бичиг баримтаар 100.000 төгрөгөнд тавьсан. Б.Э бид 2 тавь тавин мянгаар хувааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 63/ зэргээр шүүгдэгч Б.Э-ийн “... Би хулгайн хэрэг хийгээгүй. ...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.” гэж заасан бөгөөд яллагдагчийг бусад яллагдагч нартай заавал нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зохицуулалт биш бөгөөд энэ хэрэгт нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зайлшгүй ажиллагаа хийх нөхцөл байдал үүсээгүй.

Иймд шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ