Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0405 |
Огноо | 2014-10-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2014/0405
2014 оны 10 сарын 15 өдөр Дугаар 405 Улаанбаатар хот
К банкны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Г.Ч, Х.И, Б.А, хариуцагч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, К банкны нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, С.Энхбат нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банкны гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын байцаагчийн 210013 тоот актын тогтоох хэсгийн 2-т хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүү хэмжээний зээл /хоёрдогч өглөгийн гэрээ/ авч, түүнд ногдох 100.195.9 мянган төгрөгийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэж 13.746.8 мянган төгрөгийн татвар, хүү, торгууль оногдуулан акт тавьсныг зөвшөөрөхгүй... 2007-2009 оны хооронд зээлдэгч “Э” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Т” ХХК, Б.Б, Ш.Т нарын зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр, зээлдэгчийн худалдан борлуулж, төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс төлүүлж, зээлийн үйлчилгээг дуусгавар болгосон байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.5-д заасны дагуу аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд борлуулалт хийж, нэмүү өртгийг үүсгэсэн гэж 137.973.800.0 төгрөгийн нөхөн татвар, 69.431.800.0 төгрөгийн хүү, торгууль
ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
...“М” ХХК, “Т” ХХК-ийн түрээсийн төлбөр урьдчилан төлснийг, мөн эмэгтэй формны төлбөр илүү төлснийг тус тус буцаан авсныг татварын байцаагчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.5-д заасны дагуу аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд борлуулалт хийж, нэмүү өртгийг үүсгэсэн гэж 722.700.00 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль оногдуулсныг, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр түрээслүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас тус банкинд учруулсан гэм хорыг нөхөн төлүүлснийг ...аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд борлуулалт хийж, нэмүү өртгийг үүсгэсэн хэмээн 178.900.00 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль оногдуулсныг тус тус үндэслэлгүй хэмээн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ...К банк үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн, банкинд учирсан гэм хорыг нөхөн төлүүлсэн болон урьдчилж төлсөн зардлаа буцаан авсан зэрэг зөрчилд актаар ногдуулсан нийт 23.544.6 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч С.Энхбат, Ч.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...К банк" ХХК-ийн 2007-2009 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 4.862.369.4 мянган төгрөгийн зөрчил илэрч, 293.082.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан... Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцээд нийт төлбөрөөс 31.466.1 мянган төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг төлүүлэхээр 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргасан. Тус банкны дүрмийн сангийн 4.62 хувь буюу 370.000.0 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг бөгөөд К банктай 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09/79 тоот “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”-г жилийн 15 хувийн хүүтэй байгуулж, 3.000.000.0 мянган төгрөгийг олгосон.
К банк 2009 онд хоёрдогч өглөгийн зээлийн хүүд 159.041.1 мянган төгрөгтөлөхөөр тооцож, татвар ногдох орлогоос хассан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн тул хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүү хэмжээний зээл авч, түүнд ногдох 100.195.9 мянган төгрөгийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан зөрчилд төлбөр ногдуулсан. Мөн үндсэн хөрөнгө, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг худалдсан, түрээсэлсний нийт 1.552.541.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.4.4 дэх заалтыг зөрчсөн тул төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д заасныг баримтлан К банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210013 тоот актын Тогтоох хэсгийн 2-ын “...Татвар ногдох орлогоос хассан зээлийн хүүгийн 100195.9 мянган төгрөгийн зөрчил”-д 10019.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3005.8 мянган төгрөгийн торгууль, 721.4 мянган төгрөгийн алданги буюу 13.746.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг, мөн хэсгийн 3-ын “...2007-2009 онд ...Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг худалдсан 1.329.210.0 мянган төгрөгийн орлого”-д 132.921.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 66.460.5 мянган төгрөгийн торгууль буюу 199.780.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгож, нийт 213527.1 мянган төгрөгөөр татварын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан К банк үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн, банкинд учирсан гэм хорыг нөхөн төлүүлсэн болон урьдчилж төлсөн зардлаа буцаан авсан зэрэг зөрчилд актаар ногдуулсан нийт 23.544.6 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зээлдэгчийн барьцаалсан, К банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “зээл төлүүлэх” зорилгоор худалдан борлуулсныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэдэгт хамруулан үзэж, борлуулалтын орлогод НӨАТ ногдуулсан нь хууль бус болно...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Учир нь, дээрх хөрөнгүүд нь барьцаа хөрөнгүүд биш бөгөөд К банкны өмч болсон ба барьцаа хөрөнгө биш гэдэг нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр /зээлийн харилцааг дуусгаж, үл хөдлөх хөрөнгүүдийг банкны өмчлөлд
шилжүүлсэн/ тогтоогдсон. Өнөөдөр шүүхээс зээлийн харилцааг дуусгаж, барьцааны хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн бөгөөд банк өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөндөө “өмчлөх бусад хөрөнгө” хэмээн нэр өгч түүнийгээ худалдан борлуулсныг нь барьцаа хөрөнгө худалдан борлуулсан гэж үзэх боломжгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”-нд гэж заасны дагуу К банк борлуулсан үл хөдлөх хөрөнгөндөө нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөхөөр байна.
Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээний хүүгийн зардлын тухайд: Уг зөрчлийг товчхон тайлбарлахад К банк Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваагүй, өөрийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн гэж үзвэл өөрийн хөрөнгөндөө хүү төлнө гэсэн ойлголт байхгүй. Татварын алба татвар төлөгчдийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, уг зардлыг хүүгийн зардалд оруулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасны дагуу хасагдах зардалд оруулан тооцож мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хязгаарлалт тогтоосон. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “...банкны өмчлөх бус үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “зээл төлүүлэх” зорилгоор худалдан борлуулахад Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёсгүй” гэж, хариуцагч нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэдэпг хамруулан үзэж борлуулалтын орлогод НӨАТ ногдуулах ёстой” гэж тус тус маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын зорилго нь нэмүү өртөг бий болгоход чиглэгдсэн байдаг бөгөөд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь бараа борлуулсан, ажил, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт бий болсон нэмүү өртгийн хэмжээгээр ногдох татварыг төлдөг. К банк өөрийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг “зээл төлүүлэх” зорилгоор худалдан борлуулж байгаа нь ашиг олох зорилгоор буюу өөрөөр хэлбэл, нэмүү өртөг бий болгож худалдан борлуулж байгаа бус, харин зээл төлүүлэхэд чиглэгдсэн байна.
Аливаа үйл ажиллагааг хэлбэрийн хувьд дүгнэхээс гадна агуулга, зорилгыг харгалзан үзэх ёстой. Хариуцагч К банкны өмчлөх бус эд хөрөнгийг худалдан борлуулсныг “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэдэг ойлголтонд хамаарна гэж үзэж “бараа борлуулж байгаа” үйлдэл мөн гэж тайлбарлаж
байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд “К банкны тухайд зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа нь хэлбэрийн хувьд бараа борлуулж байгаа мэт боловч мөн чанартаа олгосон зээл, зээлийн хүү, алдангийг нөхөн төлүүлэхийн тулд хийгдсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, зээлийг мөнгөн хэлбэрээр банкинд буцаан төлөх үед тухайн “орлого”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаггүй атлаа барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах байдлаар зээлийг нөхөн төлүүлөх тохиолдолд “бараа борлуулсан” гэж үзэн тухайн “орлого”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа нь буруу” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн хариуцагч “банкны зээл олгох үйл ажиллагаа л нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, өмнө нь үйлчилж байсан болон одоогийн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...банк зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа эрхэлж болох”-оор, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар “зээл олгох болон эргэн төлүүлэх” ажиллагааг бүхэлд нь зохицуулсан байгаагаас үзэхэд зээлийг эргэн төлүүлэх ажиллагаа ч нэгэн адил зээлийн үйл ажиллагаанд хамаарч байна.
К банк нь Худалдаа Хөгжлийн банктай 2009 оны 08 дугаар сарын 24- ний өдөр 09/79 тоот “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээний агуулгаас дүгнэвэл К банк нь гурван тэрбум төгрөгийг хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч холбогдох журмын дагуу тайлан блансад бүртгэн авах, гэрээний хугацаа дуусмагц тухайн мөнгийг хувьцаанд хөрвүүлж, банкны дүрмийн санд оруулах, ингэснээр Худалдаа хөгжлийн банкны эзэмших хувь хэмжээ нэмэгдэхээр байна. Дээрх агуулга бүхий гэрээний үндсэн дээр авсан мөнгөн хөрөнгийг “хөрөнгө оруулагчаас олгосон зээл” гэж үзэж, татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
Энэ талаар анхан шатны шүүх “Уг гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас
“зээлсэн” 3.0 тэрбум төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээл” бус харин Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасан банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан “хөрөнгө оруулалт” гэж дүгнэх үндэслэлтэй.
Учир нь, зээл урт, богино хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй байхад хариуцагчийн “хөрөнгө оруулагчаас олгосон зээл” гэж үзэж буй 3.0 тэрбум төгрөг эргэн төлөгдөх бус, харин тодорхой хугацааны дараа хувьцаанд хөрвөх үр дагавартай байхаар талууд харилцан тохиролцжээ.
Хэдийгээр дээрх гэрээг “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ” гэж нэрлэсэн ч энэ нь ирээдүйд бий болох үр дагаврын хувьд зээлийн шинжийг агуулахгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.