Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Т.Баянжаргал, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн За хэсгийн 133 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УЗ94120154/ Боржигон овогт Түмэнжаргалын Баянжаргалд холбогдох 201626020954 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Баянжаргал  2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн автобусны буудал дээрээс иргэн Ү.Сайнбаярын халааснаас Эл жи загварын гар утыг хулгайлж, 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлэгийн автобусны буудал дээрээс автобусанд сууж явахдаа иргэн О.Үүрцайхын цүнхнээс монетон ээмэг, монетон гинж бүхий түрийвчийг хулгайлж 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 32 дугаар сургуулийн автобусны буудал дээр автобуснаас буух үедээ иргэн Г.Жавхлангийн I Phone 6 загварын гар утсыг хулгайлж 935.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ плаза төвийн орчимд явж байсан иргэн Б.Энгүүний Apple брэндийн I pad-ийг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Миний бүх үйлдсэн хэрэг үнэн зөв байна. Маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Т.Баянжаргалын ял шалгах хуудас / хх-ийн  174/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/ хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Баянжаргал 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн автобусны буудал дээрээс иргэн Ү.Сайнбаярын халааснаас LG загварын гар утсыг хулгайлж 200.000 төгрөгийн,

2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлэгийн автобусны буудал дээрээс автобусанд сууж явахдаа иргэн О.Үүрцайхын цүнхнээс монетон ээмэг, монетон гинж бүхий түрийвчийг хулгайлж 200.000 төгрөгийн,

2016 оны 6дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 32 дугаар сургуулийн автобусны буудал дээр автобуснаас буух үедээ иргэн Г.Жавхлангийн I Phone 6 загварын гар утсыг хулгайлж 935.000 төгрөгийн,  

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ плаза төвийн орчимд явж байсан иргэн Б.Энгүүний Apple брэндийн I pad-ийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн давтан үйлдлээр нийт  1835000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Ү.Сайнбаярын:..”би 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва Их дэлгүүрийн автобусны буудал дээр буухдаа халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Миний утас LG GX маркын гар утас байсан. Шилэн наалттай, хар өнгийн гэртэй байгаа. Гар утсаа баруун талын куртехнийхаа халаасанд хийсэн байсан. Өөр зүйл алдаагүй. Би алдагдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан надад одоо нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 13-14/ гэсэн,

Эд зүйлийн үнэлгээ 200.000 төгрөг /хх-ийн 10/

 

хохирогчоор О.Үүрцайхын:..”2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 8цаг 20 минутад гэрээсээ гараад зурагт – яармаг чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлэгийн автобусны буудал дээр буугаад ахиад автобусанд суусан тэр чиглэлийн автобусаа санахгүй байна. тэгээд ажил дээрээ очоод  цүнхнээсээ түрийвчээ гаргах гэхэд миний түрийвч алга болсон байсан. Улаан хүрэн эрээн өнгийн түрийвч байгаа дотор нь монетон гинж 1 ширхэг, хаан банкны, төрийн банкны виза карт гээд нийт 4 ширхэг байсан. Виза карт монетон ээмэг 1 ширхэг өрөөсөн болохоор би үнэлээгүй юм. Надад одоо нэхэмжлэх зүйл  болон санал хүсэлт байхгүй /хх-ийн 45-46/ гэсэн,

Эд зүйлийн үнэлгээ 200.000 төгрөг /хх-ийн 43/,

 

гэрч УБХЦГ-ийн Дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Б.Жадамбын:..”2016 оны 5 сарын 6-ны өдрийн 9 цагийн орчимд би ажил үүргээ гүйцэтгээд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр зогсож байхад манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг Т.Баянжаргал нь автобуснаас буугаад ирэхээр нь би уулзаж биед нь үзлэг хийхэд Баянжаргалаас эмэгтэй хүний түрийвч гарч ирсэн. Баянжаргалаас уг түрийвчийн талаар асуухад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Үүрцайх хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан /хх-ийн 48/ гэсэн,

 

хохирогчоор Г.Жавхлангийн:..”2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15:30-15:45 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн баруун талын автобусны буудал дээр Дэнжийн 1000, Зайсан чиглэлийн автобуснаас буух үедээ баруун талын өмдний халааснаас I Phone 6  маркийн гар утсаа алдсан. Тухайн үедээ би утаснаасаа дуу сонсоод явж байсан тэгээд автобуснаа буух үед дуу нь явахгүй болохоор нь халаасаа үзтэл утас байхгүй байсан. ...замын эсрэг талруу явж байхад автобусны буудлын сандал дээр сууж байсан нэг эмэгтэй над дээр гүйж ирээд чи утсаа алдсан уу гэж асуусан тэгэхээр нь би тэгсэн гэхэд сая чиний нэгжсэн хоёр залуу утсыг чинь дотор талын халаасандаа хийгээд Ганхийц, Зайсан гэсэн автобусанд суугаад явчихлаа гэсэн. Миний утас нь саарал өнгийн I Phone 6 маркийн дэлгэцний наалт нь дээд хэсгээрээ хагархай хар саарал өнгийн гэртэй утас байсан. Би утсаа Зайсан Скуэрын Мобикомын салбараас 2015 оны 10 сард 1500.000 төгрөгөөр авч байсан. Одоо би 1100.000 төгрөгөөр үнэлж байна. /хх-ийн 163/

Эд зүйлийн үнэлгээ 935.000 төгрөг /хх-ийн 177/,

 

гэрчээр Б.Азжаргалын:..”2016 оны 6 сарын 2-ны өдөр ...автобуснаас нэг залуу бууж ирээд нэг том саарал өнгийн утас халаасандаа хийж байсан тэгсэн тэр залуугийн ардаас цагаан цамцтай 40-45 орчим насны эрэгтэй хүн буусан тэгэхэд нэг залуу утсаа алдсан байна гээд эхлээд гарч ирсэн залуугийн халаасыг үзээд чихэвч гарч ирэхээр нь буцааж хийгээд дараа нь гарч ирсэн ахын  ар талаас явсаны дараа эхний залуу өөр Ган хийц гэсэн автобусанд суугаад дээшээ явсан. ...сая чиний халаасыг нь нэгждэг залуу автобуснаас буухдаа том саарал өнгийн утас гартаа бариад бууж байсан тэгээд нуугаад нэг тийшээгээ хийгээд өөр автобусанд суугаад явчихлаа гэж хэлсэн. /хх-ийн 165/ гэсэн,

 

насанд хүрээгүй хохирогч Б.Энгүүний:..”2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн гэрээсээ гараад явж байгаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо хөгжим бүжгийн коллежийн хажуугаар явж байгаад уулзвар гарах үед араас 2 охин хөөе чи тэр эрэгтэйдээ хамт явж байгаа юмуу гэхээр нь би үгүй гэсэн чинь чиний цүнхнээс нэг зүйл авчихлаа гэхээр нь би нөгөө банди дээр очоод миний юмыг өг гэсэн чинь би аваагүй гэсэн тэгэхээр нь би тэр бандийн мөрнөөс дүүжилсэн торыг үзсэн чинь миний I Pad  байгаагүй тэгээд нөгөө 2 охиноос асуухад эхлээд наад банди чинь юм авсан гэж байснаа дараагаар нь мэдэхгүй гээд яваад өгсөн. Тэндээсээ би хажууд нь байсан паб руу ороод би юм алдчихлаа хяналтын камер байдаг уу гэж хэлээд үзсэн чинь харагдахгүй байсан. 2014 онд Америкаас 1000 доллараар авч байсан. Хар даавуун цүнхээ баруун мөрнөөс дүүжилсэн байдалтай барьж явсан ба тэр цүнхэндээ хийсэн байсан. /хх-ийн 128/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон  эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /хх-ийн 125/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 161/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр нотлох баримтуудаар Т.Баянжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:...”2016 оны 3 сарын 11-ний өдөр 14 цагийн орчим би гадуур дэмий тэнээд явж байсан ба миний сууж явсан автобус Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва рестораны автобусны буудал дээр зогссон ба автобусан дотор миний урд талд нэг залуу зогсож байсан. Уг залуугын куртикных нь баруун талын гадна халаасанд гар утас харагдахаар нь би уг гар утсыг аваад москва рестораны автобусны буудал дээр буугаад гар утсаа хартал LG-ийн GX маркийн мэдрэгчтэй утас байсан. Би уг залуугийн ар талд нь зогсож байхад халаасанд нь гар утас нь харагдахаар нь авсан.

...”2016 оны 5 дугаар сарын 6-ны өглөө 8 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн яармагийн 1 дүгээр автобусны буудлаас Зурагт яармаг чиглэлийн автобусанд суусан ба нэг танихгүй эмэгтэйгийн цүнхнээс нь улаан хүрэн өнгийн түрийвч хулгайлж аваад Баянгол дүүргийн 3 дугаар эмнэлэгийн автобусны буудал дээр буугаад дахиад Орбит-тэнгис чиглэлийн автобусанд суучихаад 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр буугаад явж байтал цагдаагийн албан хаагч хүрч ирээд намайг цагдаагийн газарруу авч явсан. Улаан хүрэн өнгөтэй түрийвч эмэгтэй хүний түрийвч байсан. Түрийвч дотор хаан банкны виза карт 3 ширхэг, төрийн банкны виза карт 1 ширхэг, монетон нарийн гинж 1 ширхэг монетон ээмэг өрөөсөн 1 ширхэг эд зүйлс байсан.

 

Тухайн эмэгтэй гар цүнхээ ардаа үүрчихсэн байсан учраас цүнхийг нь онгойлгоод түрийвчийг нь авсан. Би хулгай хийх үедээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. /хх-ийн 203-205/

...”2016 оны 6 сарын 2-ны өдөөр би ганцаараа Зайсан дэнжийн 1000 чиглэлийн автобусанд Баянбүрдийн автобусны буудлаас суугаад явж байгаад Хөдөө аж ахуйн сургуулийн орчимд дотроос нэг эрэгтэй хүний I Phone 6  маркийн гар утсыг баруун талын халааснаас нь хулгай хийж авсан. Тэгээд тэр гар утсыг аваад автобуснаас буугаад такси бариад Монтел төврүү явсан. Тухайн гар утсыг 120.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед хоёр найзтайгаа явж байсан. Тэр хоёр энэ хэрэгт хамаагүй. /хх-ийн 191/

...”2016 оны 6 сарын дундуур Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын баруун талд Сэлбэ плаза талдаа явган хүний замаар явж байсан шар өнгийн шүхэр барьсан, үүргэвч үүрсэн, 18 гаран насны эмэгтэйн араас тухайн үедээ би хар биеийн тамрын өмд, цагаан өнгийн подволк, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн кет өмссөн байсан ба тэр эмэгтэйн араас дагаж байгаад үүргэвчнээс нь саарал өнгийн I Pad –г аваад монтел худалдааны төв рүү очиж гадна зогсдог эрэгтэй ченжид уг I Pad-г 20.000 төгрөгөөр зараад уг мөнгөөрөө 11 дүгээр хорооллын фокус биллардны газарт 3 цаг гаран цагийн 5000 төгрөгөөр тоглож цагаа дуусгаад харьсан. /хх-ийн 143/ гэсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон тул яллагдах үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын Баянжаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Баянжаргалд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохиролын хэр хэмжээг харгалзан баривчлах ял оногдуулав.

 

Шүүгдэгч Т.Баянжаргал  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн давтан үйлдлээр нийт 1835000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ү.Сайнбаярын 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий LG GX маркийн гар утас, хохирогч О.Үүрцайхын 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий түрийвч болон түрийвч дотор байсан монетон гинж, хаан банк болон төрийн банкны виза карт, монетон ээмэг /өрөөсөн/ зэрэг эд зүйл биет байдлаар буцаан төлөгдсөн байна.

 

Хохирогч Г.Жавхлангийн I Phone 6 маркийн гар утасны үнэ 935.000 төгрөг, хохирогч Б.Энгүүний I Pad-ын үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Баянжаргалаас гаргуулах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын Баянжаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.  

 

2.Т.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар  баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Т.Баянжаргалд оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Т.Баянжаргалын 66 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Баянжаргалаас нийт 1.435.000 төгрөг гаргуулж хохирогч  /РД:ТЕ94051013/ Г.Жавхланд 935.000 төгрөг, хохирогч /РД:УЧ00272207/ Б.Энгүүнд  500.000 төгрөг тус тус олгосугай. 

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Баянжаргалд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ