| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 136/2017/00389/И |
| Дугаар | 3356 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 3356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ж ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗ
ТМ-400/10 трансформаторын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт шинээр барих ажилчдын 48 нь айлын орон сууцны барилгын цахилгааны холболтын техникийн нөхцөлийг Хн албанд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 59/171 тоот захирамжаар техникийн нөхцөл олгосон. 48 айлын орон сууцны барилгын цахилгааны холболтын зөвшөөрлийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан ТМ-630/10 трансформаторыг шинээр “Б” ХХК өөрийн хөрөнгөөр авч тавьсан боловч хуучин ТП-2 дэд станц дээр байсан ТМ-400/10 трансформаторыг одоо болтол шаардахад буцааж өгөхгүй байна. Өөрийн хөрөнгөөр авч тавьсан ТМ-630/10 трансформаторыг өргөтгөж шинэчилсэн боловч хуучин байсан ТМ-400/10 трансформаторыг удаа дараа нэхсэн боловч одоо болтол өгөхгүй ТМ-400/10 трансформаторын үнэ болох 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Хилийн Мэргэжлийн хяналтын албаны ажилчдын 48 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхдээ техникийн нөхцөлийн дагуу өөрийн хөрөнгөөр ТМ-630/10 трансформаторыг өргөтгөж шинэчилсэн боловч хуучин байсан ТМ-400/10 трансформаторыг өгөхгүй байгаа тул уг трансформаторын үнэ 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүч хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэглэгчийг 0,4 кв хүчдэлийн шугамнаас холбоход уг шугамын дагуу буюу дэд өртөөний трансформаторын чадал нь хүрэлцэхгүй тохиолдолд тухайн шугам, трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардал /үнийн зөрүү, холбогдох үйлчилгээний төлбөр/-ийг хэрэглэгч хариуцах бөгөөд түгээгчийн өмчлөлд хэвээр үлдээх” гэж заасан байдаг. ХНН “УБТЗ”-ын Эрчим хүчний хоёрдугаар анги нь эрчим хүчний түгээгч тул хэрэглэгчийн хариуцах ёстой зардлыг хариуцах субьект биш болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Онар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б ХХКнь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Б ХХКнь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 48 айлын орон сууцыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн барьж ашиглалтад оруулсныг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 28/2016 тоот акт гаргасан. Анх 50 айлын орон сууц байсан боловч 48 айлын орон сууцыг барьж, хүлээлгэж өгсөн. Барилгын ажлын гэрээг хийсний дараа тог, цахилгаан татах гэж барилгын цахилгааны холболт хийх зөвшөөрлийг авахаар тухайн бүс нутагт эрчим хүч түгээх эрх бүхий этгээд Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид хандсан. Гэтэл тус ангиас цахилгааны холболтын зөвшөөрлийг өгч, цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг олгохдоо ТП-2 дэд станцын чадал хүрэлцэхгүй байгаа тул одоо байгаа ТМ-400/10 трансформаторын чадлыг өсгөж ТМ-630/10 трансформатор болгож соль гэсэн шаардлагыг тавьсан. Нэгэнт ийм шаардлага тавьсан тул Б ХХКнь ТМ-630/10 трансформаторыг 15,500,000 төгрөгөөр худалдан авч хуучин байсан ТМ-400/10 трансформаторыг сольсон. Ингэж солихдоо бид хуучин ТМ-400/10 трансформаторыг хариуцагчаас буцаан авахаар тохирсон байсан. Гэвч хариуцагч уг трансформаторыг тохирсон ёсоор буцааж өгөлгүй, үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Б ХХКнь ТМ-630/10 трансформаторыг 15,500,000 төгрөгөөр худалдан авч сольсон хэдий нэхэмжлэгчийн эрхийхээ хүрээнд тал хувь болох 8,000,000 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Бид барилгын ажил гүйцэтгэх гэрээг УБТЗ-тай байгуулаагүй нь үнэн. Гэвч нэгэнт тус байгууллагын шаардлагаар трансформаторыг сольсон учир трансформаторын үнийг шаардах бүрэн эрхтэй. ТМ-400/10 трансформатор нь одоо УБТЗ-ын эрчим хүчний 2 дугаар ангид хадгалагдаж байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Б ХХКнь 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, барилгын ажлын захиалагч нь Хилийн мэргэжлийн хяналтын алба юм. Гэтэл УБТЗ-ын эрчим хүчний 2 дугаар анги болон “Булаг жирэм” ХХК-ийн хооронд ямар нэг гэрээ байгуулаагүй. УБТЗ-ын эрчим хүчний 2 дугаар анги нь тухайн орон нутгийг эрчим хүчээр хангаж, эрчим хүчний түгээгчийн үйл ажиллагаа явуулдаг. Тус анги нь үйл ажиллагаандаа Эрчим хүчний тухай хууль болон Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан эрчим хүч хэрэглэх журмыг удирдлага болгож түгээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. “Булаг жирэм” ХХК-ийн барьсан 48 айлын орон сууцыг эрчим хүчээр тус ангиас хангах гэхэд дэд өртөөний трансформаторын хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн учраас бид барилгын гүйцэтгэгч буюу “Булаг жирэм” ХХК-д шаардлага тавьж, техникийн нөхцөлийг хүргүүлсэн. Үүний дагуу Б ХХКнь ТМ-400/10 трансформаторыг сольсон байдаг. Хэрэглэгч Хилийн цэргийн мэргэжлийн хяналтын алба буюу тэдний ажилчид, УБТЗ-ын трансформаторыг манай өмчлөлд шилжүүлж өгөөгүй, улсын комисс хүлээж авахад ч гэсэн манайхаас инженерийн шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлж авсан талаар ямар нэг акт үйлдээгүй. Манай байгууллага бол хариуцагч биш, түгээгчийн хувьд тухайн трансформаторыг ашиглаж байгаа юм.
Барилгын тухай хуулийн 4.1.1 дээр барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэсэн, мөн 4.1.23-т “бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ” гэж тухайн барилга байгууламжийн хэрэгцээг хангахад зориулан барих ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг инженерийн хангамжийн шугам сүлжээ, байгууламжийг хэлнэ”, мөн 4.1.22-т “барилгын хөрөнгө оруулагч” гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан байдаг. Барилга байгууламж нь зураг төслийнхөө дагуу баригдсан барилгыг барихад шаардагдах бүх хөрөнгийг захиалагч өөрөө хариуцах ёстой. Өмнө хэлсэнчлэн 48 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад манай инженерийн одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн техникийн нөхцөлийг өгсөн. Гэхдээ түгээгчийнхээ хувьд өгсөн техникийн нөхцөл болохоос захилагчийн хувьд юм уу, шинээр суулгах трансформаторын өмчлөгч болох үүднээс өгөөгүй. Тэгээд ч ТМ-400/10 трансформатор нь манай байгууллагад байхгүй, уг ТМ-400/10 трансформаторыг бид хүлээж авсан талаарх акт, баримт байхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Б” ХХК нь Хилийн мэргэжлийн хяналтын албатай орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу Б ХХКнь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 48 айлын орон сууцыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн барьж ашиглалтад оруулсныг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 28/2016 тоот акт гаргажээ.
Хилийн мэргэжлийн хяналтын албаны 48 айлын орон сууцыг Б ХХКбарих явцад Замын үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас барилгын цахилгааны холболт хийх зөвшөөрлийг авахаар тухайн бүс нутагт эрчим хүч түгээх эрх бүхий этгээд болох Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид хандсан ба тус ангиас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 59/171 тоот албан бичгээр “...цахилгааны холболтын зөвшөөрлийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот шийдвэрээр олгосон”-ыг мэдэгджээ.
Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт шинээр баригдах Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилчдын орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг олгохдоо “...ТП-2 дэд станцын чадал хүрэлцэхгүй байгаа тул одоо байгаа ТМ-400/10 трансформаторын чадлыг өсгөж ТМ-630/10 трансформатор болгож солих” шаардлагыг Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангиас тавьсан байна.
Дээрх шаардлагын дагуу барилгын гүйцэтгэгч буюу Б ХХКнь 48 айлын орон сууцанд ашиглагдаж байсан ТМ-400/10 трансформаторыг өөрийн хөрөнгөөр ТМ-630/10 трансформатор болгон сольсон бөгөөд хариуцагч УБТнь тохирсон ёсоороо хуучин ТМ-400/10 трансформаторыг буцаан өгөөгүй гэсэн үндэслэлээр ТМ-400/10 трансформаторын үнэ 8,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс “...ТМ-400/10 трансформаторыг бид 15,500,000 төгрөгөөр худалдан авсан ба өөрийн эрхийн хүрээнд үнийн тал хувь буюу 8,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна”, “...бид Улаанбаатар төмөр замтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй хэдий ч тус байгууллагын шаардлагаар трансформаторыг сольсон. Гэтэл хуучин трансформаторыг хариуцагч байгууллага буцааж өгөхгүй, үндэслэлгүй хөрөнгөжиж байна” гэсэн тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.
Гэтэл нэхэмжлэлд дурдагдсан ТМ-400/10 трансформатор нь хариуцагч УБТбуюу Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид байгаа эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаасТМ-400/10 трансформаторын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас ТМ-400/10 трансформаторын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Х